Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2015/0841/З |
Дугаар | 221/МА2016/0202 |
Огноо | 2016-03-30 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2016/0202
П.Бгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Амарбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дэлгэрмаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 54 дүгээр шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу П.Бгийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...П.Б миний бие 2015 оны 06 дугаар сард Төрийн албаны шалгалт өгч төрийн албан хаагчийн шалгаруулалтад тэнцэж нөөцөд бүртгэгдсэн. Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр томилогдож, үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байгаад даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 09 сарын 03-ны өдрийн 61 дүгээр тушаал гарган намайг ажлаас чөлөөлсөн. Намайг ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө бичээд өгчих гэж шахалт үзүүлэн татгалзахад ажлаас халсан хууль бус тушаалаа гаргасан. Ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэх хэсэгт заасан эрх зүйн актууд нь үндэслэл муутай буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг үндэслэсэн ба намайг мэргэжил, ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй тухай ямар нэгэн дүгнэлт гараагүй. Мөн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл нь Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах тухай зохицуулсан болохоос ажилтан халах тухай зохицуулаагүй.
Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 61 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Гэтэл Б нь Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд сумын татварын асуудал хариуцсан байцаагчийн ажлын байранд шалгалт өгч нөөцөд бүртгүүлсэн мөртлөө төрийн албаны шалгалт өгсөн нэрийн дор энэ ажилд томилуулсан байдаг. Түүнчлэн түүнийг томилсон ажлын байрны тодорхойлолтод заагдсан мэргэжлийн, мэргэшлийн, туршлагын зэрэг шаардлагуудыг хангаагүй ийм хүнийг ямар нэг зөрчилгүй ажлаа гүйцэтгэж байсан хүнийг тухайн ажлын байрнаас зориудаар чөлөөлж байгаад Бг томилсон нь хууль бус шийдвэр байсан тул хариуцагч уг шийдвэрийг хууль бус гэж үзэн Бг төрийн албаны хууль, Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журмыг зөрчин томилсон гэж үзэн ажлаас чөлөөлсөн болно. Түүний өмнө ажиллаж байсан Г нь тус ажлын байрны тодорхойлолт заагдсан шаардлагыг бүрэн хангасан, тус ажлын байранд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байсан. Ийм хуулийг илтэд гуйвуулан зөрчилгүй ажлаас гүйцэтгэж байгаа хүмүүсийг дарамт шахалт үзүүлэн ажлын байрыг нь чөлөөлж танил тал, найз нөхдөө томилсон нь хуулийг уландаа гишгэсэн үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.4, 17.6, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан иргэн П.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 61 дүгээр тушаалыг хүчингүй болгож, П.Бг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилохыг Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгаж,
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан П.Бгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор зохих журмын дагуу тооцон олгохыг Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Миний бие шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 54 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст Ажилд зуучлал, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан П.Бг 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 61 дүгээр тушаалаас ажлаас чөлөөлөхдөө анх түүнийг ажилд авсан үндэслэл нь илт буруу хууль бус тушаал байх тул тушаалыг хүчингүй болгосон.
Түүнийг анх ажилд авахдаа Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө, 17.3. ... Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ, 17.4. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина гэх заалтуудыг тус тус зөрчиж П.Бг шууд томилсон ба шүүх хурал дээр П.Бд асуулт тавихад гудамжнаас сураг сонсоод ирсэн гэх хариултыг өгсөн.
Мөн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралт төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 5 дугаар зүйлийн 5.2. Төрийн байгууллага дор дурдсан нөхцөл байдал үүссэн үед нөөцийн сангаас тухайн сул орон тоог нөхөх тухай захиалгаа холбогдох Зөвлөлд ирүүлнэ: 5.2.1. "холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн албан тушаалд ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлсөн, халсан". Маргаж буй ажлын байран дээр урьд өмнө нь ажиллаж байсан мэргэжилтэн Ч.Гийг 2015 онд түүнтэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй байж 2015 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй дүгнүүлсэн гэдэг үндэслэлээр албан тушаал бууруулж түүний ажлын байрыг зориуд сул болгоод маргааш өдөр нь буюу 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр П.Бг Ч.Гийн ажлын байранд хууль бусаар шууд томилсон.
Нэгэнт сул ажлын байр гарсан байхад Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл мөн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралт "төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам"-ын 6 дугаар зүйлийн 6.2.2 ... нөөцийн бүртгэлд байгаа иргэдээс тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг Төрийн албаны зөвлөлийн дарга болон орон тооны гишүүд, салбар зөвлөлд түүний дарга, нарийн бичгийн дарга болон 3-аас доошгүй бусад гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хэлэлцэж, холбогдох байгууллагад захиалгынх нь дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх, 6.2.3. ... төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд байгаа иргэдээс тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа иргэдийн мөн журмын 1 буюу 2 дугаар хавсралтын дагуу гаргасан судалгааг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ. Хэрэв томилох эрх бүхий этгээд энэхүү судалгаанд орсон иргэдээс хэн нэгийг нь сонгон тухайн албан тушаалд томилох боломжтой гэж үзсэн тохиолдолд энэ тухай саналаа төрийн албаны төв байгууллага болон салбар зөвлөлд ирүүлэх бөгөөд харьяаллын дагуу Төрийн албаны зөвлөлийн дарга болон орон тооны гишүүд, салбар зөвлөлд түүний дарга, нарийн бичгийн дарга болон бусад 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хэлэлцэж нэр дэвшүүлэх, 6.2.5. иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай холбогдох Зөвлөлийн шийдвэр гармагц уг шийдвэр, "Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын хуудас"-ыг тухайн байгууллагад албан ёсоор шилжүүлэх гээд энэ харилцааг нарийвчлан зохицуулсан байхад хууль, журмыг уландаа гишгэж томилох, халах, чөлөөлөх эрх бүхий этгээд нэрийн доор тус хэлтсийн даргаар 2 сар ажилласан Ган-Эрдэнэ гэгч нь ажил авмагц нийт 11 ажилтанг хууль бус халж, чөлөөлж, 6 хүнийг хууль бусаар томилсны нэг нь нэхэмжлэл гаргасан П.Б юм.
Дээрх Төрийн жинхэнэ албан хаагчийг томилохоор зохицуулсан хууль, журмыг зөрчсөн нь анхан шатны шүүх хурал дээр П.Бгийн хэлсэнчлэн гудамжнаас Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст сул орон тоо байна гэхээр нь хүрч ирээд Хүний нөөцийн ажилтан Шижир-Эрдэнэ гэдэг хүнтэй ярилцлагад ороод ажилд орсон гэдгээр мөн тус байгууллагаас ТАСЗ-д ямар нэг хүсэлт явуулаагүй, тэр байгууллагаас мөн П.Бг ажилд томилж болох эсэх талаар хариу байхгүй байгаагаар нотлогдоно.
П. Б нь би Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд Татварын асуудал эрхэлсэн мэргэжилтний орон тоон дээр шалгалт өгч тэнцэж нөөцөд бүртгүүлсэн учир би төрийн жинхэнэ албан хаагч гэдэг. Гэтэл тэрээр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, ТАСЗ түүний шалгалтын материалыг дээр дурдсан журмын дагуу БГД-ийн Хөдөлмөрийн хэлтэст явуулаагүй учир нь хууль бусаар ажилд орсон учир түүнийг төрийн албанд ажилд орсон гэж мэдээгүй, мэдэх боломжгүй. Тийм байтал тэрээр намайг яг тангараг өргөх гэж байтал ажлаас халсан гэж тайлбарладаг. Тэрээр төрийн албаны зарчим, чиг үүрэг, хариуцлагыг ухамсарлаагүйн тод жишээ. Төрийн алба нь Төрийн албаны төв болон салбар зөвлөлийн шийдвэр, санал болгосныг үндэслэн ажилд томилж түүний дагуу тус байгууллагуудаас төрийн албанд нэр дэвшүүлж буй этгээдийн шалгалтын материалыг томилох эрхий бүхий этгээдэд явуулснаар томилогдсон этгээд ТЖАХ-ийн тангараг өргөдөг гэдгийг ойлгоогүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийн 13.1.2 дахь хэсэгт "өргөсөн тангарагтаа үнэнч байх" гэж үүрэгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тангараг өргөснөөр ТЖАХ болно.
Төрийн жинхэнэ албан тушаалтныг томилохдоо хуулийг хэрэгжүүлсэн бол маргаан бүхий ажлын байранд П.Б томилогдох ёсгүй байсан гэдэг нь түүний Ажлын байрны тодорхойлолт заасан шаардлага, туршлага зэргийг хангахгүй байгаа нь түүний диплом болон анкет, урьд ажиллаж байсан ажлын газрын лавлагаа зэргээр нотлогддог.
Анхан шатны шүүхийн шүүгч хэргийг шийдвэрлэхдээ түүнийг ажилд томилсон Ж.Ган-Эрдэнэ гэдэг дарга нь түүнийг шууд томилох эрх бүхий этгээд мөн гэжээ. Тэрээр хуульд заасан процессын дагуу томилох эрхтэй хэдий ч хууль бусаар өөрөө шууд хүн томилох эрхгүй гэдгийг Төрийн албаны хууль болон ТЖАХ-ийг нөөцөд бүртгэх журмаар тов тодорхой харагдаж байна. Мөн П.Бг ажилд томилохтой холбоотой үйл ажиллагаа хуульд нийцээгүй, мэргэшлийн түвшинг албан ёсоор үнэлээгүй атлаа мэргэшлийн хувьд албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр буруутган халсан нь үндэслэлгүй байна гэжээ.
П.Б нь хууль бусаар ажилд томилогдсон гэдэг нь төрийн албаны тухай хууль болон ТАЗ-ийн 99 тогтоолын хавсралт "ТЖАХ-ийн нөөцийг бүрдүүлэх журам"-ын заалтуудаар тов тодорхой тусгагдсан байна. Мөн түүнийг анх ажил томилохдоо АБТ-дод заасан шаардлагыг хангаагүй буюу АБТ-ын чухал шаардлагатай хэсгийн мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр түүнийг чөлөөлсөн тушаалынх нь хувьд тодорхой тусгасан байхад ажиллаж байх үед нь дээрх шалтгаанаар тэнцээгүй мэтээр шүүгч тайлбарласан нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүгч ТАТХуулийн 23, 25, 26 дугаар зүйлүүдэд төрийн албанаас халах, чөлөөлөхөөр заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байна гэжээ. Би болоод миний өмгөөлөгч түүнийг төрийн жинхэнэ албан хаагч байхад халсан, чөлөөлсөн асуудал биш анхнаасаа хууль бус тушаал гарсан нь эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй байсан, хууль зөрчин ажилд томилсон нь үндэслэлгүй байна гэж тушаал гаргасан, тушаалдаа ч дурдсан байхад шүүгч ийнхүү ТЖАХаагч байсан хүнийг халсан, чөлөөлсөн мэт тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн шүүгч ТАТХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт төрийн албанаас халахгүй байх баталгаагаар хангах заалтыг зөрчжээ гэж тус тус тайлбарласан байна.
Шүүгчийн тайлбарласнаар хууль дээдлэх нь төрийн албаны зарчим байтал П.Бг ТАТХууль, ТЖАХ-ийн нөөцийг бүрдүүлэх ТАЗ-ын журмыг илт зөрчин хууль бус тушаалаар томилсныг юу гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, мөн ТЖАХ-ийн баталгаагаар зөрчсөн гэх, гэтэл Ган-Эрдэнэ гэдэг дарга ирээд тус хэлтэст алба үүргээ гүйцэтгэж байсан ТЖАХ-гч 11 хүнийг хууль бусаар халж, чөлөөлсөн байдаг. Энэ халсан хүмүүсийн оронд нь 6 хүнийг шууд ажилд томилсон нь хууль бус байгаа юм. Эдгээр 11 ТЖАХ-ийн баталгаа, тэр дундаа П.Бг томилохын өмнө ажиллаж байсан Ч.Гийн баталгааг хэн хангах вэ? гэдэг асуулт байна.
Маргаж буй ажлын байранд П.Бгийн өмнө нь ажиллаж байсан Ч.Гийг ажлаас үндэслэлгүй чөлөөлж, энэ нь хууль бус учир Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасныг хянан шалгаж ТАСЗ нь миний биеийг эрх хэмжээнийхээ хүрээнд түүгээрээ шийд гэсний дагуу Ч.Гийг үндэслэлгүй ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож эргүүлэн томилсон. Ч.Г нь тангараг өргөсөн ТЖАХ байсан.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр П.Бг ажлаас чөлөөлсөн нь буруу бол Ч.Гийг дахиад ажлаас нь халах уу гэдэг асуудал гарч байна. Хэрэв П.Бг томилоод Ч.Гийг ажлаас халбал дахин шүүхээр асуудлаа шийдүүлээд мөн хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж гээд эргэж ажилд нь томилох шийдвэрийг шүүх гаргавал яах вэ? Ч.Г нь Хөдөлмөрийн хэлтэс байгуулагдсан цагаас одоог хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж байгаа сайн мэргэжилтнүүдийн нэг юм. 3 жил ажилласан ТЖАХ. нэг сар гаруй ажилласан мэргэжилтэн хоёрын хоорондын ялгааг харж шийдвэр гаргахгүй зүгээр шүүхэд хандсан иргэн болгоны талд шүүх зогсоод байвал энэ мэт ТЖАХ нар хохирсоор байх уу?
Төрийн албыг улс төрөөс ангид хараат байлгах зарчмыг алдагдуулж дураар авирласан хэсэг нөхдүүдээс болж төрийн алба, тэр дундаа ажлаа зүгээр гүйцэтгэж байсан төрийн жинхэнэ албан хаагчид энэ мэт мөн хохирсоор байх уу?
Төрийн жинхэнэ албан хаагчийг ажилд томилох, чөлөөлөх: төрийн албан хаагчийн баталгааг хангах талаар тусгайлан хууль баталж, түүнийг даган гарсан журмууд гарч Төрийн албаны төв болон салбар зөвлөл нь тусгайлан энэ харилцааг зохицуулах байгууллага ажиллаж байхад хуулийн дагуу ТЖАХ-ийг томилохгүй анхан шатны шүүхийн шүүгчийн дүгнэсэнчлэн Хэлтсийн дарга дур мэдэн шууд ажилтан томилох эрхтэй юм бол Хөдөлмөрийн хуулиас тусад нь хууль батлах хэрэг байна уу? Олон ажилтан цалинжуулж ажиллаж байгаа Төрийн албаны төв болон салбар зөвлөл оршин тогтнох хэрэг байна уу? гэдэгт эргэлзээ төрж байна.
Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн хууль тогтоомж хэрэгжихгүй ийм гаж буруу тогтолцоо төрийн албанд батжихаас урьдчилан сэргийлэн Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэж заасан үүргээ гүйцэт биелүүлээгүй байна.
1. Шүүх нэхэмжлэгч П.Бг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилохыг Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн байна. Гэтэл энэхүү албан тушаалд П.Бгийн өмнө ажиллаж байгаад хууль бусаар чөлөөлөгдсөн Ч.Г эгүүлэн томилогдсон ажиллаж байгаа гэж хариуцагч тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл уг албан тушаалд П.Бг эгүүлэн тогтоох түүнчлэн ажиллуулах боломжгүй болох талаар тайлбарласан байхад энэ талаарх нотлох баримтыг цуглуулаагүй байна. Тодруулбал 2016 оны 1 дүгээр сард Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тоо өөрчлөгдсөн гэж тайлбарлаж байгаа тул дээрх бүтэц. орон тоог өөрчилсөн тушаалыг хавсралтын хамт нотлох баримтаар гаргуулж авах нь зүйтэй.
Ингэх нь нэхэмжлэл хангагдсан тохиолдолд П.Бг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох эсхүл Төрийн албан тухай хуулийн 27.2.3-д заасан ... тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах, эсхүл мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан ... өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасны дагуу тэтгэлэг олгох уу гэдэг талаар бодитой дүгнэлт хийх боломжтой болно.
2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Тодруулбал 2015 оны 10 сарын 19-ны өдөр хариуцагчид холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж 7755 тоот захирамжийг гаргаснаас хойш 11 хоногийн дараа шүүх хуралдааныг товлон зарлах тухай 8145 тоот захирамжийг гаргасан байна. Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулахаар хуульчилсан байхад дээрх ажиллагааг огт явуулалгүй, шүүх хуралдааныг товлосон нь буруу болжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн үед хариуцагч нэхэмжлэлийн нэг хувийг хүлээн аваагүй, хариу тайлбараа ч гаргаж ирүүлээгүй байжээ. Энэ нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хариуцагчийн эдлэх эрх болон хүлээсэн үүргээ ч биелүүлэх боломжийг хариуцагчид олгоогүй байна. Түүнчлэн шүүх хуралдааныг товлон зарлахдаа хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэсэн үндэслэлийг заасан нь буруу. Учир нь тухайн үед хэрэгт зөвхөн нэхэмжлэл, түүнд хавсаргасан нотлох баримт л авагдсан байжээ. Гэтэл дээрх баримтыг хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн нь хариуцагчаас гаргаж ирүүлэх нотлох баримтыг урьдчилан үнэлсэн гэж ойлгогдохоор болжээ.
3. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дан ганц нэхэмжлэлийг нотлож байгаа баримтанд дүгнэлт хийгээд хариуцагчаас ирүүлсэн, хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтанд дүгнэлт хийгээгүй нь буруу байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ган-Эрдэнэ төрийн албан хаагч Ч.Гийг 2015 оны 07 сарын 07-ны өдөр Б/33 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсний дараа түүний орон тоонд П.Бг Б/35 тоот тушаалыг гаргаж ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй, шууд томилсон байна. Ийнхүү П.Бг тухайн албан тушаалд томилох үед тус газрын даргын Б/24 тоот тушаалаар баталсан Ажлын байрны тодорхойлолт хүчин төгөлдөр байжээ.
Дээрх ажлын байрны тодорхойлолт ёсоор Мэргэжил: Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эдийн засагч, эрх зүйч, статистикч гэж, Мэргэшил: Төрийн удирдлага, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээгээр мэргэшсэн байх гэж, Туршлагын тухайд: Мэргэжлээрээ 3-аас доошгүй ажилласан байх шаардлагатай тавигдпаж байжээ. Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б/36 тоот тушаалаар ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэсэн. Түүнд мэргэжлийн хувьд : бусад мэргэжлийн хүн байж болохоор оруулсан гэсэн агуулгаар мэтгэлцэж байна. Гэвч П.Бг эхлээд Б/35 тоот тушаалаар ажилд авсны дараа Б/36 тоот тушаалыг гаргасан байх тул түүнийг анх ажилд авах үедээ тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй байсан гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.
4. П.Бгийн өмнө тус албан тушаалд ажиллаж байгаад чөлөөлөгдсөн Ч.Гийг /одоо ажил үүргээ гүйцэтгэж байгаа/ энэ тохиолдолд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагатай байна гэж дүгнэв. Учир нь Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст Ажилд зуучлал, ажил хайгч, ажилгүй иргэдийн болон ажлын байрны захиалгын бүртгэл, тайлан хариуцсан мэргэжилтэн-ий орон тоо өмнө болон одоо ч 2 байгаа гэх бөгөөд 1 орон тоонд нь н.Мөнх гэдэг ажилтан ажиллаж байгаа /урьд нь ч энэ орон тоонд ажилласан байсан/ гэх тул үлдсэн 1 орон тооны тухайд П.Б эсхүл Ч.Г аль нь ажиллах талаар шүүхээс дүгнэлт хийхийн тулд Ч.Гийг гуравдагч этгээдээр татан оролцуулах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 54 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР