Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 299

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Болдбаатарын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2016/01463 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Болдбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Ууганбаярт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагчийн нэр дээр бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамжны 106б байрны 20 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, нэхэмжлэгчийг орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Б.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Мөнхцэцэг

Хариуцагч : Б.Ууганбаяр

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Батбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Болдбаатар нь 2015 оны 8 дугаар сард В.Уянгын Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр гудамжны 106б байр, 20 тоот, 58.68 м.кв хоёр өрөө орон сууцыг зээлийн барьцаа болгох зорилгоор харилцан тохиролцож, өөрийн нэр дээр шилжүүлэн авч зээл хөөцөлдөж эхэлсэн. Уг байрыг В.Уянга 2015 оны 6 дугаар сард “Хөрш заанууд” ХХК-иас 144 964 000 төгрөгөөр худалдан авсан, төлбөр нь бүрэн төлөгдсөн байр юм. Ингээд Ц.Болдбаатар нь 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Б.Ууганбаяраас 60 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлсэн, энэхүү гэрээгээр анз тооцохгүй гэж тохиролцсон. Гэрээний 3.6-д барьцаа болгож орон сууцыг Б.Ууганбаярын нэр дээр шилжүүлэн өгөх, гэрээний үүрэг хангагдсан тохиолдолд үл маргах журмаар буцаан шилжүүлэхээр заасан. Мөн тэр өдрөө буюу 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ц.Болдбаатар, Б.Ууганбаяр нар худалдах, худалдан авах тухай гэрээг давхар байгуулан Б.Ууганбаяр нь дээрхи орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч гэрчилгээг гаргуулан авсан байна. Үүнээс хойш зээлийн гэрээгээр авсан 60 000 000 төгрөг, 2 сарын хүүний хамт 69 600 000 төгрөг болсон ба өнөөдрийн байдлаар 31 000 000 төгрөг төлөгдөж, 38 600 000 төгрөгний зээл төлөгдөөгүй байна. Үүнийг төлж барагдуулна. Гэтэл зээлдүүлэгч Б.Ууганбаяр нь зээлийн хугацаа дууссанаас хойш миний байрыг суллаж өг гэж удаа дараа айлган сүрдүүлж, цоожны гол солих зэргээр дарамталж эхэлсэн. Ц.Болдбаатар, Б.Ууганбаяр нар нь хоорондоо зээлийн гэрээ байгуулан үүнийхээ барьцаа болгож дээрхи орон сууцыг шилжүүлсэн болохоос биш худалдаагүй, эд хөрөнгө өмчлөх эрхийг бүрэн шилжүүлээгүй, зөвхөн зээлийн гэрээ хийсэн юм. Иймд Ц.Болдбаатар, Б.Ууганбаяр нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагчийн нэр дээр бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамжны 106б байрны 20 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Ууганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийг гаргах, түүнд гарын үсэг зурах зэрэг эрхийг тусгайлан олгоогүй этгээд гаргасан, миний оршин суудаггүй газрын шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэлийг хүлэн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Уг маргаан бүхий байранд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх В.Уянга амьдарч байгаа бөгөөд өөрт тохиолдсон явдлаа нэхэмжлэгчид тохиолдсон мэтээр бичсэн байна. Үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор миний бие Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт байх үйлдлийг гаргаж В.Уянгыг байрнаас гаргах үйлдэл хийсэн боловч дураар аашлан хариуцагчийн өмчлөлд буй байранд орж суун Ц.Болдбаатар бидний хооронд хийгдсэн гэрээг өөрийнхөөрөө тайлбарлан хууль бусаар түрээсийн зардал төлөлгүйгээр удаан хугацаанд амьдарч байна. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан хууль бус гэж нэрлээд байгаа гэрээ нь үүрэг хүлээгчээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хийсэн хуулийн шаардлага хангасан фидуцийн гэрээ байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Ц.Болдбаатар нь 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс бэлнээр авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийнг хангуулах зорилгоор Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6, 235 дугаар зүйлийн 235.1, 235.5 дахь хэсгүүдийг баримтлан хариуцагчийн өмчлөлд байсан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамжны 106б байрны 20 тоот орон сууцын нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн.

Зээлдүүлэгч зээлийн гэрээний 2.2, 2.3 дах хэсэгт заасныг биелүүлснээр зээлдэгч 3.1, 3.12, 3.13, 3.14, 3.15 дахь хэсэгт заасан маргааны зүйл болсон орон сууцыг суллаж өгсөн. Хэд хоногийн дараа байрыг очиж үзэхэд Ц.Болдбаатар нь В.Уянга гэгчийг байранд оруулан суулгасан ба зээлийн хүүгээ өгөхгүй утсаа салган алга болсон тул В.Уянгыг байраа чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч эсэргүүцэл үзүүлж хэл амаар доромжлох болсноор 2016 оны 6 дугаар сараас үл ойлголцол үүссэн. Энэ байр нь миний хууль ёсны эзэмшилд байгаа бөгөөд эдгээр этгээдүүийг байрнаас албадан чөлөөлүүлэх шаардлагатай байгаа ба Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасантай нийцэж байгаа тул орон сууцыг өмчлөх эрхтэй байна. Иймд уг орон сууцыг нэхэмжлэгчийн хууль ёсны хөрөнгө мөн  болохыг тогтоож, уг байранд амьдарч байгаа В.Уянгыг албадан гаргаж, байрыг чөлөөлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан тайлбартаа: “Манай нэхэмжлэлийн үндсэн шаардлага бол Б.Ууганбаярт өмчлөх эрхийг шилжүүлэх үндэслэл болсон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөдөр бус хэлцэлд тооцуулах тухай юм. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр, байрыг барьцаанд авах зорилгоор хийсэн, зээлийн гэрээний дагуу Ц.Болдбаатар нь Б.Ууганбаярт төлбөр төлж байсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардахааас биш орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхгүй юм. Б.Ууганбаяр нь хууль ёсны өмчлөгч биш учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Болдбаатар, Б.Ууганбаяр нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042152 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамжны 106б байрны 20 тоот орон сууцны 000434700 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Болдбаатарын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, хариуцагчийн гаргасан орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, В.Уянгыг орон сууцнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 460 000 төгрөг, хариуцагчийн төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457 950 гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 76 000 төгрөг, хариуцагчийн илүү төлсөн 70 200 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Улаанбаатар хотын банк дах 2601025961 тоот данснаас тус тус гаргуулан буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар давж заалдах гомдолдоо: “Шүүх маргаж буй орон сууцны эзэмших эрх шилжсэн харин өмчлөл шилжээгүй байгаад дүгнэлт хийж чадаагүй.

            Шүүх “...Талууд нэг цаг хугацаанд өөр өөр агуулга бүхий хоёр гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээнүүдийн агуулга, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, зээлийг буцаан төлж байсан гэх баримт зэргээс дүгнэхэд талуудын хүсэлт зориг зээлийн гэрээ байгуулахад чиглэсэн, харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь тогтоогдож байна.” гэж дүгнэсэн боловч Зээлийн гэрээний 3.6-д: “...барьцаа болгон иргэн Ц.Болдбаатарын өмчлөлийн ... орон сууцыг ...зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэн өгсөн...” гэдэгт дүгнэлт хйигээгүй байна.    Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3.6-д “...Гэрээний үүрэг хангагдсан тохиолдолд үл маргах журмаар буцааж Ц.Болдбаатарт шилжүүлнэ...” гэж мөн заасан. Эндээс үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Б.Ууганбаярт бүрэн шилжээгүй, зээлийн гэрээний үүрэг дуусгавар бий болсон тохиолдолд орон сууцыг Ц. Болдбаатарт шилжүүлэх тохиролцоо байна. Харин зээлдэгч Ц.Болдбаатар нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэж  үзэх үндэслэл бий болсон. Ингэснээр 222 дугаар зүйлийн 222.4, 222.5-д заасан үр дагаварыг арилгах үүрэг Ц.Болдбаатар, 222.7-д зааснаар дээрх үр дагаварыг арилгуулахыг шаардах эрх Б.Ууганбаярт үүсэн нөхцөл байдлыг шүүх анзаарч үзсэнгүй.

            Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талууд хуулиар хориглоогүй буюу хуульд  шууд заагаагүй эрх үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно гэсний дагуу мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн үндсэн Ц.Болдбаатар, Б.Ууганбаяр нар зээлийн гэрээ байгуулж зээл төлөгдөж дуусах хүртэл орон сууцыг Б.Ууганбаярын нэр дээр бүртгэлтэй байлгахаар өөрсдийн хүсэлт зоригоо илэрхийлж гэрээг байгуулж шилжүүлсэн. Одоо зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үүрэг гүйцэтгэгч Ц.Болдбаатар биелүүлээгүйгээс зээлийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болоогүй байгаа учраас үл маргах журмаар орон сууцыг Ц.Болдбаатарт шилжүүлэх тухай мөн гэрээний 3.6-д заасан заалтыг хэрэгжүүлэх үүрэг Б.Ууганбаярт үүсээгүй байгааг шүүх анхаараагүй байна.

            Мөн шүүх Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т заасан хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн тул хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэсэн боловч ямар хэлцэл хийх гэж байгааг яаж төөрөгдсөн юм. Энэ нь ямар үр дагавраараа ноцтой тооцогдож байгааг шүүхийн шийдвэрт бичээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг зөрчсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэжээ. Хэрвээ үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй бол шийдвэрлэхгүй гэсэн үг. Гэтэл шүүх сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлд буюу нэхэмжлэгчид хамааруулахгүй гэсэн дүгнэлт хийсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дах хэсгийг удирдлага болгон хэргийг шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үүнд төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлого болголоо. Хэрвээ үндсэн нэхэмжлэлтэй тооцогдоохгүй бол шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсхүл хэргийг тусгаарлах зэрэг хуулинд заасан ажиллагааг хийх үүргээ гүйцэтгэсэнгүй.

Ийнхүү шүүх түүнийг эцэслэн шийдвэрлэж шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэг зөрчилдөж хуулийн дээрх заалтыг болон Б.Ууганбаярын шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг ноцтой зөрчлөө.

Иймээс худалдах худалдан гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг Б.Ууганбаярын нэр дээр бүртгүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл байхгүй, нэхэмжлэгч өөрийн ямар эрх ашиг хэрхэн зөрчигдөөд байгааг тодорхойлоогүй байхад нэхэмжлэлийг хангаж, мөн сөрөг нэмэмжлэлийг хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасанаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарны 18-ны өдрийн 184/ШШ2016/01463 дугаар бүхий шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1-т заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Ц.Болдбаатар нь хариуцагч Б.Ууганбаярт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг В.Уянгын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 60 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч нь төлбөрийг хугацаанд нь төлөх, алданги тооцохгүй байхаар харилцан тохирсон, гэрээний 3.6 дахь заалтад үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаа болгож Ц.Болдбаатарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 106б байрны 20 тоот 2 өрөө орон сууцыг зээлдүүлэгч Б.Ууганбаярын нэр дээр шилжүүлэн өгсөн ба гэрээний үүрэг хангагдсан тохиолдолд үл маргах журмаар иргэн Ц.Болдбаатарт буцаан шилжүүлэн өгөхөөр талууд тохиролцсон талаар тусгажээ. /хх 5/

            Гэрээний дээрх заалтын дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа болгож, мөн өдөр зохигчид “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр Ц.Болдбаатарын орон сууцны өмчлөх эрхийг Б.Ууганбаярт шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх 6, 41, 56-59/

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...худалдах, худалдан авах гэрээ нь агуулгын хувьд төөрөгдсөн, өмнөх гэрээнд заасны дагуу барьцаалж байна гэж ойлгосон” гэж тодорхойлон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ буруу тодорхойлсон буюу ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хэлцэл хийсэн этгээд хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн хэлцэл гэж үзэж Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1-т заасныг хэрэглэсэн нь буруу байх ба Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дахь хэсгийг анхаараагүй байна.

 

            Талууд хэн аль нь орон сууц худалдах, худалдан авах хүсэл зориггүй, худалдагч нь худалдсан орон сууцы бодит эзэмшлийг худалдан авагчид шилжүүлээгүй, худалдан авагч үнийг төлөөгүй байсан ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн, мөн хөдлөх хөрөнгийн хувьд хийх боломжтой фидуцийн гэрээг худалдах, худалдан авах гэрээгээр дүр үзүүлэн хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Зохигчид барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн нь хууль зөрчих тул орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж үзэхээр байна.

 

            Иймд зохигчдын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх ёстой болно.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндсэндээ зөв боловч хууль хэрэглээний хувьд оновчтой бус болсон байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага, хариуцагч биш В.Уянгад холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2016/01463 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Болдбаатар, Б.Ууганбаяр нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 106б байрны 20 тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч Ц.Ууганбаярын өмчлөлөөс нэхэмжлэгч Ц.Болдбаатарын өмчлөлд шилжүүлж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, орон сууцыг В.Уянгын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ууганбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Н.БАТЗОРИГ

 

                            ШҮҮГЧИД                                                  Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН