Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 700

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч, “Б К ТМЗ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.С, нэхэмжлэгч “Б К ТМЗ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуулийн зөвлөх Ц.Ч, хариуцагч НДЕГД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус газрын Хуулийн хэлтсийн дарга Б.М нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: “Б К ТМЗ” ХХК

Хариуцагч: НДЕГД.    

Нэхэмжлэлийн шаардлага: “... НДЕГД-ын 2018 оны 10 сарын 30-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/187 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай”  захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Б К ТМЗ ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

            “... НДЕГД-ын 2018 оны 10 сарын 30-ны өдрийн А/187 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д тус тус заасан “утга агуулгын илэрхий алдаатай, хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан, иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” хэмээн үзэж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, тус хуулийн талаарх хууль тогтоогчийн албан тайлбарт тус тус нийцсэн шинээр хэм хэмжээ тогтоогоогүй, харин Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоол, 1998 оны 92 дугаар тогтоолуудаас Захиргааны байгууллага сонгох боломжоо хэрэгжүүлэн хууль дээдлэх зарчмын дагуу шийдвэр гаргасан нь Нийгмийн даатгалын даргын 2015 оны 6 сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаал болно.

Гэтэл А/84 дүгээр тушаалыг “... Монгол Улсын Засгийн газарт хууль тогтоомжоор олгогдсон захиргааны хэм хэмжээний акт батлан гаргах эрх хэмжээнд халдаж, эрх хэмжээгээ хэтрүүлэн, хуулиар тусгайлан эрх олгогдоогүй байхад өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар хууль зөрчиж ... илт хууль бус тушаал гаргасан ..." гэх гол үндэслэлээр А/187 дугаар тушаалаар бүхэлд нь хүчингүй болгосон.

Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 хэсэгт заасны дагуу “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д А/187 дугаар тушаал нийтлэгдэх учиртай ч нийтлэгдээгүй, хүчин төгөлдөр бус болно. Мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2  дахь хэсэгт заасанчлан хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэх учиртай. Мөн хуулийн 67 дугаар зүйлийг 67.3 хэсэгт заасны дагуу маргаж буй А/187 дугаар тушаал нь эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй байна.

Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад хуульчилсан "... эрх зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах нотлох баримтыг шалгуулах ...” үндсэн эрхээ шүүхээр хамгаалуулах зайлшгүй шаардлагатай болсон.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 1 сарын 25-ны өдрийн 1/20 тоот “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 хэсэгт заасан хуулийн үзэл баримтлал, агуулга, зорилго, хүрээг хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч Монгол Улсын Их Хурлын албан ёсны байр суурийг илэрхийлсэн.

А/84 дүгээр тушаал нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 хэсгийн үзэл баримтлалд нийцсэн Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4 хэсэгт болон бусад хуульд нийцсэн хууль ёсны тушаал юм.

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 4 сарын 16-ны өдрийн 80 дугаар тогтоолын 2 дахь хэсэг нь 2015 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн агуулга, зорилгын хүрээнд нийцэхгүй болсон тул Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4-т заасны дагуу тус тогтоолыг баримтлан хэрэгжүүлэх боломжгүй болсон байна.

Харин Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 6 сарын 10-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 92 дугаар тогтоолд заасныг 2015 оны 7 сарын 1-ний өдрөөс Засгийн газар шинэчлэн тогтоох хүртэл баримтлан хэрэгжүүлэх нь хуульд нийцэхээр байсан тул Монгол Улсын Засгийн газрын баталсан Захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх талаар зааварчилсан хууль ёсны тушаал нь А/84 болно.

Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад А/84 дүгээр тушаалыг хүчингүй болгож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2 хэсэгт заасан "... нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй ...” хэмээн тодорхой заасныг зөрчсөн үйлдэл болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удаа дараагийн албан бичгүүдээр процесс ойлгогдоно.

Түүнчлэн А/84 дүгээр тушаал нь Захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулсан гэж үзэж хариуцагч хүчингүй болгосон бол Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 хэсэгт заасны дагуу “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д А/187 дугаар тушаал нийтлэгдэх учиртай ч нийтлэгдээгүй, хүчин төгөлдөр бус юм.

Хариуцагчийн мөрдүүлсэн А/187 дугаар тушаал хэмээх илт хууль бус, хүчин төгөлдөр бус захиргааны актын улмаас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.1,6.1.2, 16 дугаар зүйлийн 16.1.4-т тус тус заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол маань зөрчигдөж ирсэн нь цаашид ч үргэлжилсээр байхаар байна.

Илт хууль бус болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 хэсгийн 1.1 заалтад тодорхой хуульчилсан "... хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх ...” үйл ажиллагааг нэхэмжлэгч өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн үйлчлүүлэгчиддээ зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх субъектив эрх сэргэх учиртай юм.

Захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа, хуульд нийцсэн байх ёстой байтал хуульд нийцээгүй шийдвэр, үйл ажиллагааг явуулж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг удаа дараалан зөрчиж байна. Гүйцэтгэх эрх мэдлийн захиргааны байгууллага, албан тушаалтан болох хариуцагчийн хууль тогтоох эрх мэдэлд халдсан, эрх мэдлээ хууль бусаар хэтрүүлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан үйл ажиллагаанаас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, хөндөгдсөн эрхээ эдлэхийн тулд шүүхэд хандаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“...2019 оны 1 сарын 25-ны өдөр Улсын Их Хурлаас тайлбар хүргүүлэх тухай 1/20 гэсэн албан бичиг ирсэн. Энэхүү бичигт дурдсанаар 15.7 дахь хэсэгт байгаа хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ гэдэг зүйл зөвхөн нэг том утгатай зүйл юм гэдгийг 14 удаа тайлбарласан байдаг. Тэтгэвэр тэтгэмж тогтоолгох, ажил олгогч, даатгуулагч шимтгэл дөрвөн процесс ажиллагаанд үүнийг нэг мөр хэрэглэнэ. 1996 оны 80 дугаар тогтоолыг гаргасан Жасрай гуайн Засгийн газрын үед тэтгэвэр тогтоолгох хүмүүс асар их хэмжээний мөнгө хийж өндөр тэтгэвэр тогтоолгож шударга бус байдал үүсч байсан учир 80 мянга гэж тогтоосон байдаг. 1992 оны Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед тогтмол тоо байх нь нийгэм эдийн засгийн хөдөлгөөнтэй үед буруу байна, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин үржүүлье гэсэн утгатай байдаг. Энэ хоёр тогтоолын хувьд аль аль нь ажил олгогчийн дээд хэмжээний тухай ойлголт хуульд байгаагүй үед гарсан байдаг. 2015 онд хуульд өөрчлөлт орж ажил олгогчид дээд хэмжээ байх ёстой гэсэн ойлголтыг оруулж ирсэн. Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, ажил олгогч, даатгуулагч шимтгэл төлөх гэсэн дөрвөн ажиллагаанд энэхүү ойлголтыг нэг мөр хэрэглэнэ. Иймээс энэ нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж Үндсэн хуулийн Цэцээс тайлбар гаргасан. Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны үед Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэлийг ерөнхийд нь зөвшөөрч маргааны асуудал байхгүй болсон. А/84 тушаалын хувьд 92 дугаар тогтоолын дагуу л хэрэгжиж байгаа. Засгийн газрын 119 дүгээр тогтоолд хуульд өөрчлөлт орвол хэм хэмжээ тогтоосон актууд мөн хурдан өөрчлөгдөх ёстой гэсэн байдаг. Энэ нь агуулгын хувьд хуульд нийцэхгүй байгаа юм. Мөн процессын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар хэм хэмжээний актыг хэвлэх ёстой. Ер нь хуульд заасны дагуу энэ тушаал нь хүчин төгөлдөр бус тушаал болж байгаа.

Манай компанийн нэхэмжлэлтэй шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад А/187 дугаар тушаал гарсан. Ингэснээр нэхэмжлэгчийн субъектив эрхийг шууд хөндсөн асуудал болсон юм. Өмнө дурдагдсан 251 дүгээр тушаал бол субъектив эрхийг шууд хөндөөгүй байна. Иймээс маргааныг шүүх шийдвэрлэх шаардлагагүй байна гэж шүүхээс үзсэн. А/84 дүгээр тушаалын хувьд маш их хэмжээний асуудлыг зохицуулсан өргөн хэм хэмжээний акт юм. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасныг иш татсан байдаг ба үүнд хуулиар олгосон бүрэн эрхийн асуудлаар тушаал гаргана гэж заасан байдаг. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 47 дугаар зүйлийн 47.1.3, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.3, 48.3, 59 дугаар зүйлийн 59.1, 67 дугаар зүйлийн 67.2 заалтуудыг иш татсан байдаг. Засгийн газрын 2010 оны 5 сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоол, 2016 оны 9 сарын 14-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөн.

Энэ тогтоолд хуулиар тусгайлан эрх олгогдсон эрх бүхий этгээд дараах асуудалд нэн даруй шийдвэр гаргана. Үүнд: тухайн харилцааг зохицуулах хууль шинээр батлагдан гарсан, хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, хууль хүчингүй болсон гэсэн байдаг. Тэгэхээр А/84 дүгээр тушаал 6 сарын 18-ны өдөр гарсан 7 сарын  01-ний өдрөөс хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Засгийн газраас тогтоогүй зүйлд 92 дугаар тушаалыг баримтлан ажиллая гэсэн үг юм. Агуулга, хэлбэрийн хувьд А/187 дугаар тогтоол хүчин төгөлдөр бус юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч аж ахуй, нэгж, байгууллагууд нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийгмийн даатгалын төрөл тус бүрээр даатгуулагч болон ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь, хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.

Мөн дээрх хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтоохоор хуульчилжээ. Энэхүү заалтын дагуу зөвхөн Засгийн газар захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах эрхтэй байна.

Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоох эрх зөвхөн Засгийн газарт хадгалагдаж байна.

Засгийн газраас 1996 онд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тогтоох тухай" 80 дугаар тогтоол, 1998 онд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 92 дугаар тогтоол, 2017 онд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” 251 дүгээр тогтоолуудыг тус тус гаргажээ.

Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтад даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1996 онд баримтлах дээд хэмжээг 80.000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд уг тогтоолын 2 дахь заалтад ажил олгогчийн хувьд энэ хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоосон.

Үүний дараа Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүйд тооцож 2 дахь заалтыг хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн байна.

Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахдаа даатгуулагчийн хувьд баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоосон байна.

Засгийн газрын дээрх 1996 оны 80, 1998 оны 92 дугаар тогтоолууд нь Засгийн газрын 2017 оны “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” 251 дүгээр тогтоол гарах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ба одоо 251 дүгээр тогтоол мөрдөгдөж байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах эрх бүхий этгээд болох аймаг /нийслэл/, дүүргийн нийгмийн даатгалын /газар/ хэлтсүүд нь дээрх Засгийн газрын тогтоолуудыг тухайн цаг хугацаандаа тус тус хэрэгжүүлэн ажиллаж байсан.

Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах харилцаа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 4 сарын 26-ны өдрийн А/99 дүгээр тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах журам”-аар зохицуулагдаж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалт нь зөвхөн Засгийн газарт захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах эрх олгосон заалт юм.

Гэтэл 2015 онд Нийгмийн даатгалын ерөнхий газар нь хуулиар тусгайлан эрх олгогдоогүй байхад эрх хэмжээгээ хэтрүүлж, Засгийн газрын захиргааны хэм хэмжээний акт батлан гаргах эрх хэмжээнд халдаж, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар хууль зөрчиж 2015 оны 6 сарын 18-ны өдөр А/84 дугаартай “Заавар батлах тухай” хууль бус тушаалыг гаргасан.

Мөн энэхүү А/84 дугаартай тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “ Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Тиймээс өөрсдийн гаргасан хуульд нийцээгүй тушаалаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 47 дугаар зүйлийн 47.1 3, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.3, 48.3; 59 дүгээр зүйлийн 59.1, 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 3-2/27 дугаартай “Лавлагааны хуудас” зэргийг тус тус үндэслэн 2018 оны 10 сарын 30-ны өдрийн А/187 дугаартай тушаалаар хүчингүй болгосон юм.

Мөн хуульд нийцээгүй А/84 дугаартай тушаалыг аймаг /нийслэл/, дүүргийн /газар/ хэлтсүүд тухайн цаг хугацаанд хэрэгжүүлэн ажиллах хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасныг баримтлан Засгийн газрын 1996 оны 80, 1998 оны 92 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэн ажилласан ба одоо Засгийн газрын 2017 оны 251 дүгээр тогтоолыг баримтлан ажиллаж байна. НДЕГД-ын 2015 оны А/84 дүгээр тушаал нь хуульд нийцээгүй, илт хууль бус, алдаатай шийдвэр байтал түүнийг хууль зүйн үндэслэлтэй хүчин төгөлдөр тушаал хэмээн маргаж 2017 онд “Э Э Я ТМЗ” ХХК, “Э Э Я М А” ХХК, 2018 онд “Х А” ХХК, “Х Х Б” ХХК, “Х Б” ХХК, “П М’’ ХХК, “К М” ХХК, “П К Т ТМЗ” ХХК, “П К Э” ХХК, “П К А” ХХК зэрэг олон байгууллагуудаас шүүхэд нэхэмжлэл гаргаад олон хэрэг маргаан үүсээд байсан тул 2018 оны 10 сарын 30-ны өдөр А/187 дугаартай тушаалыг гарган холбогдох хэргүүдэд нотлох баримтаар өгсөн болно.

Үүнээс гадна 2017 онд нэхэмжлэгч ““Б К ТМЗ ХХК нь дээрх 2015 оны А/84 дүгээр тушаалд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 сарын 20-ны өдрийн 162 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2015 оны А/84 дүгээр тушаалыг Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолоор хууль бус болохыг тогтоосон байна.

Иймд хууль бус тушаалыг хүчингүй болгосон 2018 оны А/187 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн 2018 оны А/187 дугаартай тушаал нь захиргааны хэм хэмжээний актад хамаарахгүй тул түүнийг захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтлэх үндэслэлгүй юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“...Засгийн газар захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах эрхтэй байна. Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын хэмжээг тогтоох эрх зөвхөн Засгийн газарт хадгалагдаж байсан. Засгийн газар 1996 оны 80 дугаар тогтоол, 1998 оны 92 дугаар тогтоол, 2018 оны 251 дүгээр тогтоолыг гаргаж байсан. Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтад даатгуулагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ 80 мянган төгрөг байхаар тогтоосон ба уг тогтоолын 2 дахь заалтад ажил олгогчид уг хэмжээ хамаарахгүй байхаар заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахдаа даатгуулагчийн хувьд баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах хөдөлмөрийн хөлсний хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоосон байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, хүлээн авах хянан баталгаажуулах харилцаанд Нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 4 сарын 26-ны өдрийн А/99 дүгээр тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан хүлээн авах, хянан баталгаажуулах журмаар зохицуулагдаж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалт нь зөвхөн Засгийн газарт захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах эрх нь олгогдсон заалт юм. Гэтэл 2015 онд Нийгмийн даатгалын газар нь хуулиар тусгайлан эрх олгогдоогүй байхад эрх хэмжээгээ хэтрүүлж Засгийн газрын захиргааны хэм хэмжээний акт батлан гаргах эрх хэмжээнд халдаж өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар хууль зөрчиж, 2015 оны 6 сарын 18-ны өдрийн А/84 дүгээр заавар батлах тухай тушаалыг гаргасан. Энэхүү тушаал нь Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн. Иймд өөрсдийн гаргасан нийгмийн даатгалын тухай тушаалаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 47 дугаар зүйлийн 47.1.3, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.3, 48.3, 59 дугаар зүйлийн  59.1, 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Хууль зүй дотоод хэргийн яамнаас ирсэн 2/27 дугаарт лавлагааны хуудас зэргийг үндэслэн 2018 оны 10 сарын 30-ны өдөр А/87 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Мөн хуульд нийцээгүй А/84 дүгээр тушаалыг аймаг, нийслэл, дүүргийн газар хэлтсүүдэд тухайн хугацаанд нь хэрэгжүүлэн ажиллах үндэслэлгүй гэж үзэж 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын 251 дүгээр тушаалыг баримтлан ажиллаж байна.

2017 онд нэхэмжлэгч “Б К ТМЗ ХХК нь  2015 оны А/84 дүгээр тушаалд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг хэргийн хянан шийдвэрлэсэн Улсын Дээд Шүүхийн 162 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон А/84 дүгээр тушаалын Улсын Дээд шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон байдаг. Иймд хууль бус тушаалыг хүчингүй болгосон 2018 оны А/187 дугаарт тушаал хүчингүй болгох тухай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж байгаад маргаж байна. Үүнд 2018 оны А/187 дугаарт тушаал захиргааны хэм хэмжээний актад хамаарахгүй тул үүнийг захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтлэх үндэслэлгүй юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“Б К ТМЗ ХХК-ийн зүгээс НДЕГДд холбогдуулан “... НДЕГД-ын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/187 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлага өөрчлөгдөөгүй байна..

Нэхэмжлэгч нь илт хууль бус захиргааны акт гэж үзэхдээ, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д заасан агуулга болон хэлбэрийн хувьд алдаатай, хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй хэмээн маргаж, илт хууль бус болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн ... үйлчлүүлэгчиддээ зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх субъектив эрх сэргэнэ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Нийгмийн даатгалын ерөнхий газар нь хуулиар тусгайлан эрх олгогдоогүй, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар эрх хэмжээгээ хэтрүүлэн хууль зөрчиж, Засгийн газрын захиргааны хэм хэмжээний акт батлан гаргах эрх хэмжээнд халдаж 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаал гаргасан ба үүнийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр А/187 дугаар тушаал гаргаж хүчингүй болгосон нь хуульд нийцнэ” хэмээн тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, хариуцагч захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан  захиргааны акт нь илт хууль бус байх хууль зүйн зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Б К ТМЗ ХХК нь ******* дугаар бүхий регистртэй, ******* дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй, “бизнесийн зөвлөгөө эрхлэх” үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ явуулдаг хуулийн этгээд байна.

Энэ утгаараа “хуульд нийцэж гарсан тушаалыг /А84/ хүчингүй болгосноор өөрийнх нь субъектив эрх шууд хөндөгдсөн, тухайлбал, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4: “татварын тайланг хянах явцад алдаа, зөрчил илэрсэн бол түүнийг засахад нь туслах, зөвлөгөө өгөх” талаарх татварын мэргэшсэн зөвлөхийн эрх, үүрэг зөрчигдсөн, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5: “хуулийн хүчин төгөлдөр баримт бичигт үндэслэх”, 5.1.6: “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” тухай татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээнд баримтлах зарчим алдагдсан гэж үзэж байна.

Илт хууль бус болохыг шүүхээр тогтоолгохыг хүсч буй захиргааны акт[1]-ыг хариуцагч НДЕГД-ын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр огноолон гаргахдаа: “Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн газарт хууль тогтоомжоор олгогдсон захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах эрх хэмжээнд халдаж, эрх хэмжээгээ хэтрүүлэн, хуулиар тусгайлан эрх олгогдоогүй байхад өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар хууль зөрчиж 2015 онд А/84 дугаартай “3аавар батлах тухай” илт хууль бус тушаал гаргасан, мөн тушаал нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй, хүчин төгөлдөр биш байх тул хууль дээдлэх болон хуульд үндэслэх зарчмуудыг баримтлан” хэмээн дурдаад, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 47.1.3, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.3, 48.3, 59 дүгээр зүйлийн 59.1, 67 дугаар зүйлийн 67.2, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 3-2/27 дугаартай “Лавлагааны хуудас” албан бичгийг тус тус үндэслэжээ.

Харин НДЕГД-ын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Заавар батлах тухай” А/84 дүгээр тушаалын хавсралт ёсоор[2] “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар” батлагдсан, ингэхдээ Улсын Их Хурлаас 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиуд болон нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхэд зааврын зорилго оршихыг заажээ.

Нэхэмжлэгч нь энэхүү зааврын Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлэх талаар зохицуулсан 3 дугаар зүйлийн 3.9 дэх заалтыг тухайлан маргаж, энэ заалт болон Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь заалттай холбоотой маш өргөн хүрээний олон маргаан гарсныг тайлбарлан, мэтгэлцэж байна.

Энэ тохиолдолд шүүх, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож байгаа захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх, илэрхий алдаатай байх, тодруулбал, нэхэмжлэгчээс хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагаагүй байхад гаргасан гэж үзэхээр алдаатай шийдвэр /тушаал/ биш байна гэж үзлээ. Яагаад гэвэл, маргааны агуулгаас харахад, аливаа нэгэн ажил олгогчийн, эсхүл даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ, мөн түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ хэд байх талаар:

  • Засгийн газрын 1996 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 80 дугаар тогтоол;
  • Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 92 дугаар тогтоол;
  • Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 251 дүгээр тогтоолоор тус тус зохицуулагдаж ирсэн байна.

Харин дээр дурдсан Зааврын 3.9-д: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар мөрдөж эхэлнэ. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүх тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээтэй адил байна” гэж заасан байсан байна.

Энэхүү заалт бүхий зааврыг баталсан тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосон тушаал гаргахдаа хариуцагч нь хууль тогтоогчоос 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмж, 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7-д: “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж заасныг үндэслэсэн нь хууль зөрчөөгүй, илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж шүүх дүгнэлээ.

Үүнээс гадна хамгийн гол нь, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны  2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 162 дугаар тогтоолын “Хянавал” хэсгийн 30-д: “... НДЕГД дээрх хуулиудыг зөрчиж, өөрийн бүрэн эрхэд биш харин хуульд зааснаар Засгийн газрын бүрэн эрхэд хамааралтай асуудлаар шийдвэр гаргажээ. Тухайлбал, 2015 оны А/84 дүгээр тушаалыг баталж, холбогдох заавраар 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч даатгуулагчийн хувьд адил байхаар тогтоосон нь хэрэгжих боломжгүй, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж заасанд нийцээгүй ...”, 32-т: “НДЕГД-ын хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлж гаргасан тушаалаар батлагдсан заавар нь хэрэгжих үндэслэлгүй” гэхчлэн дүгнэсэн байна. Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4: “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэснээр хяналтын шатны шүүхийн дээрх тогтоолоор хариуцагчийн 2015 оны А/84 дүгээр тушаал хууль бус тушаал байсныг нэгэнт дүгнэсэн байхад шүүх дахин нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль ёсны буюу хуульд нийцсэн байжээ хэмээн дүгнэж, хариуцагчийн 2018 оны А/187 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас баталсан 2018 оны А/187 дугаар тушаал илт хууль бус байлаа гэхэд, түүний үр дагавраар мөн хариуцагчийн 2015 оны А/84 дүгээр тушаал хууль ёсны байх, хуульд нийцсэн байх боломжгүй байна.

  Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т заасны дагуу “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д А/187 дугаар тушаалыг хариуцагчийн зүгээс нийтлүүлэх байсан, ийнхүү мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т зааснаар “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэх байсан гэж нэхэмжлэгчээс маргаж байгааг шүүх мөн үндэслэлгүй гэж үзэв. Учир нь захиргааны хэм хэмжээ тогтоосон байх боломжтой, мөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, актын эмхтгэлд нийтлүүлэх гэх мэт журамтай хариуцагчийн 2015 оны А/84 дүгээр тушаал нь өөрөө хуульд нийцэхгүй гарсан, үүнийг хуульд нийцүүлж хариуцагч алдаагаа зассан, ингэснээр Захиргааны ерөнхий хуульд зохицуулсан журмыг хариуцагч заавал биелүүлэх шаардлагагүй, энэ үндэслэлээр хариуцагчийг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч “Б К ТМЗ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон буюу “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” үндэслэлээр маргах нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг, маргааны зүйлийн талаар урьд нь маргасан, энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах боломжтой гэж шүүх дүгнэсэнгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.4-д зааснаар захиргааны актыг илт хууль бус гэж үзэж шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа буолон хэдийд ч хандах боломжтой байсан гэх агуулгаар шүүх үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б К ТМЗ ХХК-ийн “... НДЕГД-ын 2018 оны 10 сарын 30-ны өдрийн А/187 дугаар “Тушаал хүчингүй болгох тухай" тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          У.БАДАМСҮРЭН

 


[1] Хавтаст хэргийн 65-р хуудас

[2] Хавтаст хэргийн 24-34-р хуудас