Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00719

 

“Б Х”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/02331 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 228 дугаар магадлалтай,

“Б Х”ХХК-ний нэхэмжлэлтэй

Т.Э, Н.Бнарт холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Н.Бын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа, хариуцагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2016 оны 10 сарын эхээр Н.Б, Т.Э нартай Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/294 тоот захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгогдсон газар доороо үйлчилгээний төв бүхий 5 давхар 20 айлын орон сууцны барилгыг гүйцээн барьж ашиглалтанд оруулж, улсын комисст хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. 2016 оны 10 сарын 21-ний өдөр “Б Х”ХХК-ийн нэр дээр барилгын ажлыг эхлүүлэх үргэжлүүлэх зөвшөөрөл гарч, улмаар 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэн Т.Э, Н.Бнартай хамтран ажиллах гэрээ байгуулж, барилга угсралтын ажлын хөлсөнд 20 000 000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 5 500 000 төгрөг авсан ба түүнээс хойш ямар нэг тооцоо хийгээгүй. 2017 оны 7 сард барилга ашиглалтанд орж, барилга байгууламжийг ашиглалтанд хүлээн авах улсын комисс хүлээн авч акт гарсан. Захиалагч нар 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр барилга угсралтын ажлын хөлсний үлдэгдэл 15 000 000 төгрөгийг олгоно гэж гэрээний 5.3-д нэмэлт оруулсан. Иймд Н.Б, Т.Э нараас 14 500 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 230 450 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 1-р хороо Замчдын гудамжинд Үйлчилгээтэй 20 айлын орон сууцны барилгыг барих ажилд захиалагч иргэн Т.Э би Цотэ менежмент ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ажиллах явцад гүйцэтгэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, хөрөнгө оруулалтгүйн улмаас ажил зогсож, барилгыг байгаа байдлаар нь актаар хүлээн авч барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгах шаардлагаар дээрх “Б Х”ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан ба хөрөнгө оруулагч тал болох Цотэ менежмент ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрт нэхэмжлэл гаргаж арбитрын маргаан үүссэн. Иймд “Б Х”ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг дээрх арбитрын ажиллагаа дуустал түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Бшүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хамтран ажиллах гэрээг байгуулахаас өмнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Дангийн 6 дугаар байрны барилгад хөрөнгө оруулалт хийх, уг орон сууцны барилгыг барих, ашиг хуваах хэлбэрээр 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Цоте менежмент ХХК, Т.Э, Н.Бнарын хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж барилгын ажлыг эхэлсэн ба гэрээнд заасан барилгын ажил дуусаагүй байхад гэрээний талуудын хооронд маргаан үүсэж, уг маргаан одоо Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх монголын олон улсын ба үндэсний арбитрт маргаан үүсэж хуульд заасан ажиллагаа явуулж байгаа ба уг маргааныг шийдвэрлэхээс өмнө ”Б Х”ХХК-ийн нэхэмжлэлтэй энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/02331 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б, Т.Э нараас 14 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б Х”ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Б Х”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б, Т.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 230 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б Х”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 228 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/02331 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Бхяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч доорх 2 үндэслэлээр гомдол гаргаж байна. 1. Шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. “Б Х”ХХК нь талуудын хооронд байгуулсан 2017 оны 02 сарын 25-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгч эхлээд гэрээний З.З., 3.4,-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлснээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй ба энэ талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгчийн “...2017 оны 7 сард барилга ашиглалтанд орж, барилга байгууламжийг ашиглалтанд хүлээн авах улсын комисс хүлээн авч акт гаргасан...” гэх нэхэмжлэгчийн тайлбар хэргийн баримтаар хангалттай тогтоогдоогүй байхад шүүгч энэ талаар зохигч маргаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Учир нь шүүхэд анх хариуцагч миний зүгээс тайлбар гаргахдаа нэхэмжлэлд дурдсан барилгын ажил дуусаагүй, нэхэмжлэгч барилгын ажлаа дуусгаж улсын комисст хүлээлгэж өгөөгүй байхад гэрээний талуудын хооронд маргаан үүсэж, энэ маргаан нь одоо арбитрт маргаан үүсээд шийдвэрлэгдээгүй байгаа тайлбарыг гаргаж мөн энэ талаарх баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Нэхэмжлэгч тал хэрэгт уг барилгын ажлыг гүйцэтгэж гэрээнд зааснаар улсын комисст хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдаагүй, улсын комисст ажлаа нэхэмжлэгч хүлээлгэж өгөөгүй. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ болон үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийгээгүйгээс зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй. 2. Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй. Шүүгчийн 2018 оны 10 сарын 29-ний өдрийн 181/Ш32018/11963 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан байх ба уг захирамж гарснаас хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогчдод хэргийн материал огт танилцуулаагүй, энэ эрхийг хэрэгжүүлэхэд шүүх шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй. Иймд дээрх 2 үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Б Х”ХХК нь хариуцагч Т.Э, Н.Бнарт холбогдуулан ажлын хөлс 14 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, уг маргаантай холбоотой хэрэг арбитрт хянагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхдээ гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар зайлшгүй хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй, маргааны ач холбогдол бүхий байдлыг тодруулаагүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний дагуу “Б Х”ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд баригдах 20 айлын орон сууцны барилгын суурийн ажилд холбогдох зураг, далд ажлын актуудыг хариуцан нөхөн бүрдүүлэх, улсын комисст туслан гүйцэтгэгч нартай хамтран хүлээлгэн өгөх үүргийг, Н.Б, Т.Э нар нь барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зураг, төсөл тооцоо, мэдээллээр хангах, барилгын ажилд шаардлагатай зөвшөөрөл, бичиг баримтыг хариуцах, ажлын хөлсөд 20 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Дээрх гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байх боловч барилгын ажилтай холбоотой баримтыг нөхөн бүрдүүлэх нь хууль зөрчсөн эсэх, гэрээний зорилго, ажлын үр дүн бий болсон эсэх талаар зохигчид бүрэн мэтгэлцээгүй тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт өгөх боломжгүй байна. Зохигчдын тайлбараас дүгнэвэл “Б Х”ХХК барилга барих ажлыг гүйцэтгээгүй, харин түүний барилга барих тусгай зөвшөөрлийн дор Н.Б, Т.Э нар бусдаар барилга бариулсан, барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх үед баримт бүрдүүлэхээр гэрээ байгуулсан агуулга тогтоогдож байх ба шүүх талуудын тохиролцоог тодруулж, Барилгын тухай хууль, Иргэний хуульд нийцсэн эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар эрх зүйн дүгнэлт хийх үүрэгтэй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо  хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй байхад давж заалдах шатны шүүх уг алдааг илрүүлж, дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй бол нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх талаар хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан.

Зохигчид хуульд заасан дээрх үүргээ биелүүлж, шаардлага, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй болно.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд маргааны талаар бүрэн дүгнэлт хийх боломжгүй, улмаар холбогдох хуулийг хэрэглэх нөхцөл бүрдээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/02331 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 228 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 230 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УНДРАХ

  ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА