| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/0154/И |
| Дугаар | 130/ШШ2017/00254 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 130/ШШ2017/00254
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багт оршин суух, **** регистрийн дугаартай, Ш рысбай овогт Хазын Бийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Б, орчуулагч А.Маншүк, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн агуулга: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ж зам нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Х.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар мэдүүлэгтээ: Миний бие дунд сургуульд суралцаж байгаад аав ээждээ туслахаар болж 1984 оноос эхлэн тус аймгийн Бугат сумын Ж зам нэгдэлд саальчнаар элсэн 1992 оныг дуустал ажиллаж, нэгдэл татан буугдах үеэр хувийн хэвшилд шилжсэн юм. Тухайн үед Бугат сумын хөдөө аж ахуйн нэгдэлд томилогдсон тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа ба харин ажлаас чөлөөлсөн талаар хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй байна. Харин тухайн үед ажилласан хугацааг сар бүр хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийж тэмдэглэл хөтөлж байсан байна. Нэгдэлд ажилласан талаарх баримтыг архиваас шүүлгэхэд тус нэгдэл нь архивт материал шилжүүлээгүй байгаа тул архивын лавлагаа өгөх боломжгүй байна гэсэн хариуг бичгээр өгсөн.
Иймд нийгмийн даатгалын байгууллага 1992 оноос өмнөх ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг надад зөвлөсөн учир миний 1984 оны 1 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Бугат сумын Ж зам нэгдэлд нийт 9 жил ажилласныг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 91 дугаартай албан бичигт Бугат сумын Ж зам нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтыг архивт шилжүүлээгүй тул иргэн Х.Бд холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй байна гэжээ.
Хүсэлт гаргагч Х.Бээс Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ж зам нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг нотлох 1989, 1991 онуудад олгосон хөдөлмөрийн дэвтрийг гаргаж өгсөн боловч бичилтийг нэг өнгийн балаар сүүлд нь нөхөж бичсэн, эзэмшигчийн овог, нэр, онууд нь засвартай байх ба нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байгаа бөгөөд эргэлзээтэй нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ хэмээн заасан бөгөөд хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтууд нь эргэлзээтэй, хамт ажиллаж байсан гэх Х.Р, Х.М, И.С нарын тодорхойлолт нь хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул хүсэлт гаргагч Х.Бийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Мөн хүсэлт гаргагч Х.Бээс Бугат сумын Ж зам нэгдлийн 1993 онд Үндсэн хөрөнгө хуваарилсан талаарх баримтын жагсаалт-ыг гаргаж өгсөн боловч хүсэлт гаргагч Х.Бийн ажиллаж байсан байдлыг нотлох баримтын ач холбогдолгүй гэж үзлээ.
Иймд Х.Бийн Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ж зам нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэнийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х.Бийн Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ж зам нэгдэлд 1984 оны 1 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэнийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК