| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2022/0028/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/38 |
| Огноо | 2022-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/38
2022/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Т.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Тын От холбогдох эрүүгийн 2112000000326 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх 2 ах, 1 дүүгийн хамт Архангай аймгийн ............ суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ял шийтгүүлсэн, М овогт Тын О/РД:А0............../
Шүүгдэгч Тын О нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн нутаг Малтай лагер хороололд байх А.Жын хашаанд Ц.Бэтэй маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж, зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зүүн нүдний алиманы салстын улайлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2112000000326 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ц.Бийн өгсөн:
“...Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Ерөнхий боловсролын сургуульд 2021 оны 09 дүгээр сараас хойш физикийн багшаар ажиллаж байгаа. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр буюу багш нарын баярын өдрөөр манай сургуулийн эмчээр ажилладаг А.Ж гэх залуу сургуулийн зарим нэг залуу багш нарыг гэртээ урьсан. Тухайн өдөр би ажлаа тараад оройны 20:00 цагийн орчимд Төвшрүүлэх сумын төвд байдаг “Малтай Лагер” гэх нэртэй хороололд А.Жын гэрт нь очсон. Намайг очиход А.Жын гэрт түүний эхнэр А.О хоол унд хийгээд байж байсан, тэдний гэрт манай сургуулийн багш Б, Дагдаа гэж дууддаг Ддаваа ах, зургийн багш Цоггэрэл, монгол хэл уран зохиолын багш П.Б нар ирсэн байсан. Тухайн өдөр бид нар бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэхдээ хэтэрхий их согтож, агсам согтуу тавьсан зүйл болоогүй. Маргааш өглөө нь буюу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өглөө би ажилтай байсан хичээл орох ёстой байсан учраас эрт харих гээд 23:00 цагийн орчимд А.Жын гэрээс гараад явсан. Гэтэл би замдаа явж байхдаа өөрийн гадуур хүрэм болон гар утасны цэнэглэгчээ А.Жын гэрт мартсан гэдгээ мэдээд буцаад А.Жын гэрт очсон. Намайг А.Жын хашааны хаалгаар ороход манай сургуулийн биеийн тамирын багш Т.О надтай зөрсөн. Т.О намайг дуудаад энд бөөнөөрөө байж байна, чи яагаад намайг ахаа гэж дуудахгүй байгаа юм гэж хэлж байсан, би Т.Оийг архиндаа согтсон байна гэж бодоод зөрөөд цаашаа орох гэтэл намайг араас татаад гэдэс, хэвлийн хэсэг газарт эхлээд нэг шууд гараараа цохисон. Би Т.Оийг цохисноос болоод газарт унахад Т.О миний зүүн талын нүдэн дээр хөлөөрөө өшиглөж оносон үүнээс болоод миний нүд, нүүр хэсэг газарт хүчтэй өвдөөд би босч чадаагүй. Намайг цохиж өшиглөөд Т.О яваад өгсөн, би харин А.Жын гэрт буцаад орсон гэрт нь ороод толинд өөрийгөө харахад миний хамраас цус гоожсон, миний зүүн талын нүд хөхрөөд хавдсан байсан. Хамраас гоожсон цусаа цэвэрлээд байж байхад манай сургуулийн Б багш, А.Ж эмч нар гарч ирээд хэн цохичихсон юм бэ? гэхээр нь Т.О цохичихлоо гэж би хэлээд тэдний гэрт хамрын цус, хувцас зэргээ цэвэрлэж янзлаад гэртээ харьсан. Үүний дараа би 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрүүл мэндийн төвд үзүүлээд миний нүдийг томографын зураг авахуулж харахад Улаанбаатар хот явж мэс засал хийлгүүлэх шаардлагатай юм байна учир нь зүүн талын нүдний дээд ухархайны хөндлөн яс цөмөрч хугарсан байн гэж оношилсон. Эмнэлгээс надад ийм онош тавьсан учраас би Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэж, олон газарт шинжилгээ өгч, зүүн талын нүдний ухархайны ясандаа яс нөхөх мэс ажилбар хийлгэж эмнэлэгт хэвтсэн. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажилдаа орсон тэр хүртэл эмнэлгийн байгууллагаар явсан. Миний ухархайны ясыг нөхсөн имплянт мэс ажилбар нь 1.400.000 төгрөг болсон, мэс ажилбарын өмнө имплянт наахад 250.000 төгрөг, эмнэлэгт хэвтэхэд хоногийн мөнгө орны мөнгө нь нийлээд 500.000 орчим төгрөг болсон, Улаанбаатар хот явах автобус унааны зардалд ирж очих 2 хүн явсан болохоор 100.000 төгрөг орчим болсон эмчилгээний боолт эм зэрэгт 80.000-90.000 төгрөг орчим болсон, мөн ухархайны ясны зураг авахуулахад 130.000 төгрөг болсон ингээд би Т.От цохиулж зодуулснаас болоод эдийн засаг болон эрүүл мэндээрээ хохирсон. Т.О намайг эхлээд гараараа гэдэс хэвлий хэсэгт цохиод, намайг унасны дараа хөлөөрөө миний нүд рүү өшиглөсөн. Яг аль гар, хөлөөрөө цохиж өшиглөсөн гэдгийг би анзаараагүй ямар ч байсан гараараа эхлээд цохисон, унасны дараа хөлөөрөө өшиглөсөн. Би Т.Оийг цохиж зодоогүй. Тухайн үед хүмүүс бүгдээрээ байшин дотор байсан учраас бид хоёрыг хараагүй. Одоогоор Т.О ямар нэгэн хохирол мөнгө барагдуулаагүй байна. Би тэрийг мэдэхгүй байна, ямар ч байсан намайг ахаа гэж хүндэлсэнгүй гэж хэлээд уурлаж байсан өөр зүйл болоогүй. Бид хоёр бие биеийгээ бараг таньдаггүй байсан ажлын шугамаар л мэддэг байсан. Эмчилгээ болон мэс ажилбарын төлбөр болох 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/
*Гэрч А.Жын өгсөн:
“...Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Ерөнхий боловсролын сургуульд эмчээр ажилладаг. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр багш нарын баяр болдог учраас тухайн үеийг далимдуулаад би өөрийн таньж нийлдэг залуу багш нараа гэртээ дуудаад цай уулгая гэж бодсон юм. Ингээд манай гэрт 10 дугаар сарын 05-ны өдөр 20:00 цагийн орчимд манай сургуулийн багш нар ирсэн. Энэ дотор манай сургуулийн багш Б, Дагдаа, зургийн багш Цоггэрэл, монгол хэл уран зохиолын багш Пү.Б багш, физикийн багш Ц.Бэ нар ирсэн байсан. Бид нар манай гэрт хоол унд идээд бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэхдээ манай гэр дотор архиндаа их согтоод хэрүүл, маргаан хийж байсан хүмүүс байгаагүй. Бид нарыг бөөндөө манай гэрт сууж байхад Ц.Бэ би гэртээ харилаа гээд оройны 23:00 цагийн орчимд манайхаас гарсан. Тэр зуур хүмүүс бие засаад гарч ороод байж байсан манай гэрт байсан хүмүүс гадагшаа гарч ороод байсан учраас би яг хэн хэн яаж гарч орж байгааг сүүлдээ анзаараагүй. Ингээд шөнийн 24:00 цагийн орчимд харих гээд гарсан Ц.Бэ буцаад гэрт орж ирсэн харин орж ирэхдээ нүд нь хавдсан байдалтай байсан. Бид нар Ц.Бээс юу болсон талаар асуухад Ц.Бэ бид нар Т.Отэй гадаа маргалдаад зодолдсон гэж тайлбарласан. Ингээд удалгүй бид нар тараад Ц.Бэ гэртээ харихаар явсан. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр багш нарын баяр болдог учраас тухайн үеийг далимдуулаад залуу багш нар манайд ирсэн гэхдээ ямар нэгэн байдлаар баяр тэмдэглэх албан ёсны зүйл байгаагүй. Би энэ хоёрыг маргалдаж зодолдсон талаар мэдээгүй, Ц.Бийг гэртээ харьсан гэж бодсон, Т.Оийг бие засахаар гарсан гэж бодсон. Манай гэрт сууж байхдаа энэ хоёр хоорондоо ямар нэгэн байдлаар хэрэлдэж, маргалдаж, согтуурхаагүй зүгээр байсан. Ц.Бэ, Т.О нарын маргалдсан газар нь гэр дотор биш гадаа байсан учраас би мэдээгүй хэрэв үүнийг мэдсэн бол салгаж болиулах байсан. Ц.Бэ зүгээр байсан, хэвийн байдалтай манайд орж ирсэн... “гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/
*Гэрч А.Оын өгсөн:
“...Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Ерөнхий боловсролын сургуульд түүх нийгмийн ухааны багшаар ажилладаг юм. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр багш нарын баяр болдог учраас тухайн үеийг далимдуулаад манай нөхөр А.Ж гэртээ хэдэн залуу багш нараа урьж цай уулгая гэж надад хэлсэн. Ингээд манай гэрт 10 дугаар сарын 05-ны өдөр 20:00 цагийн орчимд манай сургуулийн багш нар ирсэн. Энэ дотор манай сургуулийн багш Б, Дагдаа гэж дууддаг Ддаваа, зургийн багш Цоггэрэл, монгол хэл уран зохиолын багш Пү.Б багш, физикийн багш Ц.Бэ нар ирсэн. Манай гэрт хүмүүс ирсэн учраас би хоол унд зарим зүйлсийг бэлтгээд архи дарс уугаагүй юм харин гэрт ирсэн байсан хүмүүс тухайн үед бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэхдээ хэтэрхий их ууж агсам согтуу тавьсан асуудал гараагүй нөхцөл байдал хэвийн л үргэлжилж байсан. Ингээд миний нойр хүрээд ядраад байсан учраас 23:00 цагийн орчимд гэртээ унтсан. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр багш нарын баяр болдог учраас тухайн үеийг далимдуулаад залуу багш нар манайд ирсэн гэхдээ ямар нэгэн байдлаар баяр тэмдэглэх албан ёсны зүйл байгаагүй. Би энэ хоёрыг маргалдаж зодолдсон талаар мэдээгүй, маргааш нь ажилтай байсан учраас би эрт унтаад өгсөн бараг манай гэрт байсан хүмүүс тарахаас өмнө би унтчихсан байсан. Намайг унтахаас өмнө ямар ч байсан тийм зүйл болоогүй. Ц.Бэ зүгээр байсан, хэвийн байдалтай манайд орж ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 дүгээр тал/
*Яллагдагч Т.Оийн өгсөн:
“…Би гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-53 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 408 дугаартай“...Ц.Бийн биед зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстын улайлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ц.Бий биед үүссэн зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстын улайлт гэмтэл нь шинэ үүссэн гэмтэл. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 10 дугаар сарын 05-ны шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн нутаг Малтай лагер хороололд иргэн А.Ж нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Оийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Т.О нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн нутаг Малтай лагер хороололд иргэн Ц.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Бийн тухайн шөнө А.Ж гэх айлд шүүгдэгч болон бусад хүмүүстэй хамт хоол, цай идэж уусан, орой болж тэдний гэрээс гараад явах гэж байхад гадаа Т.От зодуулж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, 2021 оны 10 сарын 05-ны орой буюу гэмт хэрэг цаг хугацаанд шүүгдэгч Т.О, хохирогч Ц.Бэ нартай хамт байсан, хохирогч Ц.Бийн нүд хавдсан байсан гэж мэдүүлсэн гэрч А.Жын мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Т.Оийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 408 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтгаглан хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстын улайлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хохирогчид учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээч дүгнэлтдээ тусгасан тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэмтлийг нэг удаагийн цохих цохигдох үйлчлэлээр үүсэх талаар шинжээч мөн дүгнэлтдээ заасан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэнг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Т.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Т.О нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Т.О дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна
Хохирол хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Ц.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлбөртэй холбогдуулан нотлох баримт ирүүлээгүй бөгөөд шүүгдэгчээс 2.500.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн, шүүгдэгч хохирогчид эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг төлсөн талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн, мөн хохирогч хохирол төлбөрөө бүрэн авсан талаар бичгээр хүсэлт бичиж ирүүлжээ. Иймд шүүгдэгч Т.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Тын Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР