Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пэрлээн Гандолгор |
Хэргийн индекс | 160/2022/0003/Э |
Дугаар | 2022/ШЦТ/17 |
Огноо | 2022-01-04 |
Зүйл хэсэг | 24.6.1., |
Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/17
2022/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Буяндалай
Шүүгдэгч: Л.Д, Ц.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Лын Д, Д овогт Цийн Б нарт холбогдох 2112000000272 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Архангай аймгийн ........суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил, 05 хоног хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Д овогт Цийн Б/РД:А0............../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1957 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, 64 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, тус аймгийн ............оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, О овогт Лын Д/РД:А0.............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдийн орчимд Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэр Тахилт гэх газраас 98 ширхэг, 3.8 м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн модыг мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 27-02 УБЭ улсын дугаартай Портер маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 422.532 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Д нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэр Тархинт гэх газраас иргэн Ц.Бийн мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 52 ширхэг, 2.2 м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авч, 36-84 АРХ улсын дугаартай Бонго маркийн автомашинаар тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2112000000272 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Д.Ггийн өгсөн:
“...Ц.Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Өлт гэх газраас мод бэлтгэх эрхийн бичгийн нөхцөл болзлыг зөрчиж мод бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 422,532 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний 38 тоот дүгнэлт болон нэмэлтээр гаргасан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаартай дүгнэлтүүдтэй танилцлаа хуулийн дагуу дүгнэлтүүд гарсан байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд зааснаар орон нутгийн 100011500914 тоот дансанд тушааж байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 117-118 дугаар тал/
*Гэрч Ч.Мийн өгсөн:
“...Би 2021 оны 09 дүгээр сарын 19-нд өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Тэлээ гэх газар мал дээрээ очиж байж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн төв рүү ажилдаа явах гээд унаа хараад байж байтал Л.Д ах манай ах Эрдэнэпилийнд хонох гээд жоохон архи уучихсан ирсэн. Тэгэхээр нь надад унаа олдохгүй байсан болохоор Л.Д ахыг цуг явъя гээд согтуу болохоор нь би машиныг нь бариад аймгийн төв рүү орж ирсэн. Хаанаас ачсан эсэхийг нь сайн мэдэхгүй. Зөвшөөрөлтэй эсэхийг нь асуухад мод бэлтгэх эрхийн бичиг авсан надад байгаа гэж байсан. Тэгээд би машиныг нь унаад аймгийн төв рүү орох гэж явж байгаад цагдаа таараад шалгахад Л.Д ах мод бэлтгэх эрхийн бичгээ олохгүй цагдаа машиныг нь саатуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр тал/
*Гэрч Ж.Цийн өгсөн:
“...2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хөл муутай би ганцаараа явж энд ирснийх хэдэн түлээ аваад явчихмаар байна гээд байсан, тэгээд манай гэрийн хойно буулгасан байсан түлээнээс ачаад явсан. Ганцаараа ирсэн цагаан өнгийн ачааны машин байсан, би дугаарыг нь сайн мэдэхгүй байна. Би өөрөө бэлтгээгүй миний хүү Ц.Б бэлтгэсэн Дархинт гэх газраас бэлтгэсэн. Талбай тусгаарлалт хийгдсэн газар байгаа эндээс байнга модоо бэлтгэдэг газар байгаа. Мод бэлтгэх эрхийн бичигтэй талаар асууж тодруулаагүй. Тухайн үед би гэртээ байхгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-40 дүгээр тал/
*Гэрч Ч.Бын өгсөн:
“...Л.Д 2021 оны 09 дүгээр сарын 22-ны орой ирж мод бэлтгэх эрхийн бичиг аваад явсан. Ганцаараа давхар кабинтай цагаан өнгийн Бонго маркийн 36-84 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд би өөрийг нь согтуу байхаар 09 сарын 23-наар мод бэлтгэх эрхийн бичгийг нь бичиж өгөөд явуултал 09 сарын 22-ны орой аймаг ороод саатуулагдсан байсан. Сонгинот гэх газар талбай тусгаарлалт хийгдсэн газар Л.Д гэдэг хүн Ц.Б гэх хүний гаднаас мод ачиж явсан гэж хүнээс дуулсан. Ц.Б гэдэг залуу надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Над руу 2021 оны 09 дүгээр сарын 17, 18-ны үеэр мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэж ярьсан, тухайн үед би сумын төвд байсан гэртээ харихаар очиж аваарай гэж хэлсэн, тэрнээс хойш мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 50-53 дугаар тал/
*Яллагдагч Ц.Бийн өгсөн:
“...2021 оны 09 дүгээр сарын 18, 19-ний өдөр Цэнхэр сумын Байгал орчны байцаагч Ч.Б гэх хүнтэй утсаар яриагүй. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ч.Б гэх айлд өглөө 10 цагийн үед гэрт нь очиж түлээний гоожин авъя гэж уулзсан. Намайг гэрт нь ороход эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэд, бас эхнэр нь байсан. Тэгээд би мод бэлтгэх эрхийн бичгээ 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр бичүүлж аваад гэртээ 11 өнгөрч байхад харьсан. Намайг гэртээ харихад манай эцэг, эх, манай хот айлын төрсөн ах Ц.Б, Б нар байсан. 13-14 цагийн хооронд ах Ц.Бын 12-08 АРХ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслээр Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Дархинт гэх уулнаас 2 ширхэг босоо хуурай мод унагааж бусад мод нь унаанги модноос Портер мод бэлтгэсэн. 17-18 цагийн үед би гэр рүүгээ буцаж очоод төрсөн ах Ц.Бтай 12-08 АРХ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслээр гэр рүүгээ орой нь бид хоёр модоо татсан. Би тухайн модыг бэлтгэхдээ 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө Цэнхэр сумын байгаль орчны хамгаалагч Ч.Б гэх хүнээс мод бэлтгэх эрхийн бичиг аваад тэр орой нь модоо бэлтгэсэн. Би тухайн модыг ганцаараа бэлтгэсэн. Манай аав Ж.Цийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хар саарал өнгийн цахилгаан хөрөөгөөр бэлтгэсэн. Би шинэс төрлийн 2 ширхэг босоо мод, хажуугаар нь унасан унаанги мод бэлтгэсэн. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ойн байцаагч Ч.Баас мод бэлтгэх эрхийн бичгээ 18.000 төгрөгөөр аваад хариулт 2.000 төгрөгөө ав гэхээр нь дараа гоожин бичүүлэхдээ мөнгийг нь нэмээд бичүүлье гэж хэлээд гоожингоо аваад явсан. Би Доржготов байцаагчийн асуусан асуултыг ойлгохдоо дараа гоожин авья гээд үлдээсэн 2.000 төгрөгийг асууж байгаа юм болов уу гэж ойлгосон...” гэх мэдүүлэг/хх-ийн 85-87 дугаар тал/
*Яллагдагч Л.Дийн өгсөн:
“...Миний үйлдэл тохирч байна, би зүйл ангиа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 76-77 дугаар тал/
*Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн ойн инженер Л.Даваахүүгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 38 дугаартай”...2.2 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /Шинэс нойтон мод/ шууд үр ашгийн -48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109.760₮ мод, түлээ хуурай 1.0 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 241.472₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 21-22 дугаар тал/
*Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн ойн инженер Л.Даваахүүгийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаартай”...1.6496 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /Шинэс нойтон мод/ шууд үр ашгийн -48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109.760₮ мод, түлээ хуурай 1.0 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 181.060₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 21-22 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 133 дугаартай: “...2021 оны 11 дүгээр сарын байдлаар 1993 онд үйлдвэрлэгдэж, 2005 онд Монгол улсад орж ирсэн 27-02 УБЭ улсын дугаартай Портер маркийн автомашины үнэлгээ 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөг, 46 ширхэг хуурай шинэс мод 160.000/нэг зуун жаран мянга/ төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөний үнэлгээ 60.000/жаран мянга/ төгрөг, нийт 1.720.000/нэг сая долоон зуун хорин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 124 дүгээр тал/
*Тээврийн хэрэгсэл, ачаа, тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-16 дугаар тал/
*Хэргийн газар болон Ц.Бийн гэрийн гадна байх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 41-47, 61-63 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90, 91 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нь 2021 оны 09 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдийн орчимд Ц.Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэр Тахилт гэх газраас 98 ширхэг, 3.8 м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн модыг мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 27-02 УБЭ улсын дугаартай Портер маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 422.532 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Л.Д нь Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэр Тархинт гэх газраас иргэн Ц.Бийн мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 52 ширхэг, 2.2 м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авч, 36-84 АРХ улсын дугаартай Бонго маркийн автомашинаар тээвэрлэсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргүүдэд шүүгдэгч Ц.Б, Л.Д нар нь гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Д.Ггийн”...Ц.Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Өлт гэх газраас мод бэлтгэх эрхийн бичгийн нөхцөл болзлыг зөрчиж мод бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 422,532 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Мийн”...2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн төв рүү ажилдаа явах гээд унаа хараад байж байтал Л.Д ах манай ах Эрдэнэпилийнд хонох гээд жоохон архи уучихсан ирсэн. Тэгэхээр нь надад унаа олдохгүй байсан болохоор Л.Д ахыг цуг явъя гээд согтуу болохоор нь би машиныг нь бариад аймгийн төв рүү орж ирсэн. Хаанаас ачсан эсэхийг нь сайн мэдэхгүй. Зөвшөөрөлтэй эсэхийг нь асуухад мод бэлтгэх эрхийн бичиг авсан надад байгаа гэж байсан. Тэгээд би машиныг нь унаад аймгийн төв рүү орох гэж явж байгаад цагдаа таараад шалгахад Л.Д ах мод бэлтгэх эрхийн бичгээ олохгүй цагдаа машиныг нь саатуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Цийн”...2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хөл муутай би ганцаараа явж энд ирснийх хэдэн түлээ аваад явчихмаар байна гээд байсан, тэгээд манай гэрийн хойно буулгасан байсан түлээнээс ачаад явсан. Ганцаараа ирсэн цагаан өнгийн ачааны машин байсан, би дугаарыг нь сайн мэдэхгүй байна. Би өөрөө бэлтгээгүй миний хүү Ц.Б бэлтгэсэн Дархинт гэх газраас бэлтгэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Бын”...Л.Д 2021 оны 09 дүгээр сарын 22-ны орой ирж мод бэлтгэх эрхийн бичиг аваад явсан. Ганцаараа давхар кабинтай цагаан өнгийн Бонго маркийн 36-84 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд би өөрийг нь согтуу байхаар 09 сарын 23-наар мод бэлтгэх эрхийн бичгийг нь бичиж өгөөд явуултал 09 сарын 22-ны орой аймаг ороод саатуулагдсан байсан. Сонгинот гэх газар талбай тусгаарлалт хийгдсэн газар Л.Д гэдэг хүн Ц.Б гэх хүний гаднаас мод ачиж явсан гэж хүнээс дуулсан. Ц.Б гэдэг залуу надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Над руу 2021 оны 09 дүгээр сарын 17, 18-ны үеэр мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэж ярьсан, тухайн үед би сумын төвд байсан гэртээ харихаар очиж аваарай гэж хэлсэн, тэрнээс хойш мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 422.532 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн ойн инженер Л.Даваахүүгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 38 дугаартай, Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн ойн инженер Л.Даваахүүгийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ц.Бийн зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Л.Дийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг худалдан авч гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Бийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Л.Дийн зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг худалдан авч, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Ц.Бийг зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэж, ойн санд хохирол учруулсан, шүүгдэгч Л.Дийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг худалдан авч гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэж тус тус дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 422.532 төгрөгийн хохирол учирсан болохыг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /422.532*3=1,267,596/нэг сая хоёр зуун жаран долоон мянга таван зуун ерэн зургаа/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгч Ц.Баас 1,267,596 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Бийг зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Л.Дийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг худалдан авч гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж заасан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц, шүүгдэгч Ц.Баас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 27-02 УБЭ улсын дугаартай 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Портер маркийн автомашиныг хураан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1,267,596/нэг сая хоёр зуун жаран долоон мянга таван зуун ерэн зургаа/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 232.404/хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөг, мөн шүүгдэгч Л.Дийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 36-84 АРХ улсын дугаартай 2.500.000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бонго маркийн автомашиныг гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 60.000/жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 98 ширхэг 380.000 төгрөгийн үнэлгээ бүхий хуурай шинэс төрлийн модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Б, Л.Д нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Цийн Бийг хууль бусаар зохих зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн, шүүгдэгч О овогт Лын Дийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг худалдан авч, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Л.Дийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.Д нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Л.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49 дүгээр зүйлийн 2.1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баас 1.267.596/нэг сая хоёр зуун жаран долоон мянга таван зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 62, 63 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц, шүүгдэгч Ц.Баас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 27-02 УБЭ улсын дугаартай 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Портер маркийн автомашиныг хураан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1,267,596/нэг сая хоёр зуун жаран долоон мянга таван зуун ерэн зургаа/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 232.404/хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөг, мөн шүүгдэгч Л.Дийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 36-84 АРХ улсын дугаартай 2.500.000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бонго маркийн автомашиныг гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 60.000/жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 98 ширхэг 380.000 төгрөгийн үнэлгээ бүхий хуурай шинэс төрлийн модыг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Ц.Б, Л.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Б, Л.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР