| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2022/0027/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/42 |
| Огноо | 2022-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 20.16.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/42
2022/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Э.Оргилбат
Шүүгдэгч: Б.Б, Г.Ш, Э.Д, Ц.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гийн Ш, Ө овогт Бгийн Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Эы Д, Бүлчин овогт Цын Ж нарт холбогдох эрүүгийн 2112001610308 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 2000 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн ............, ам бүл 5, аав, ээж, ах эгч нарын хамт Архангай аймгийн .............. газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Гийн Ш/РД:АС................/,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 2001 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн ......., ам бүл 5, аав, ээж, ах нарын хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ........... суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Л овогт Эы Д/РД:АР.........../,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 2002 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн ........., ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Увс аймаг ............ оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, Бүлчин овогт Цын Ж, /РД:ОЖ............./,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн .........., ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт Баянхонгор аймгийн .......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ө овогт Бгийн Б/РД:ВЮ............/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.Ш, Э.Д, Б.Б, Ц.Ж нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байрлах МУБИС-ын харьяа Багшийн сургуулийн оюутны байрны 404 тоот өрөөндөө амарч байсан Н.Ч, М.Мэ, Б.С, О.Б нарын халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, амгалан тайван байдлыг нь алдагдуулсан,
Мөн энэ үедээ иргэн М.Мийг яллагдагч Г.Ш нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, иргэн Н.Чыг яллагдагч Б.Б нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2112001610308 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч М.Мийн өгсөн:
“...Би 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хичээлээ тараад Багшийн сургуулийн дотуур байранд амрах гээд Н.Ч, Б.С нарын хамтаар байж байтал гаднаас хаалга цохихоор нь онгойлгож өгөхөд Б.Б, Г.Ш, Э.Д, Ц.Ж нар согтуу орж ирсэн. Тэгснээ Г.Ш, Э.Д нар хаалган дээр зогсоод, Б.Б, Ц.Ж нар өрөөний орны хажууд байдаг сандал дээр суусан. Тэгсэн Б.Б ах нартайгаа мэндэлсэнгүй гээд хэрүүл маргаан хийж байтал О.Б гаднаас орж ирсэн чинь Э.Д, Г.Ш нар О.Быг элэгдээд, тонгойсон чинь дээрээс нь гараараа цохиод байсан. Тэгэхээр би салгах гээд очиход Б.Б намайг сандлаар толгой хэсэгт цохиод авахаар нь би Г.Штой зууралдахад Г.Ш намайг нүүр хэсэгт цохисон. Тэр үед манай найз Базараа байрны багшийг дуудаад, удалгүй цагдаа ирж Б.Б, Г.Ш, Э.Д, Ц.Ж нарыг аваад явсан. Намайг Г.Ш нүүр хэсэгт баруун гараараа 1-2 удаа цохисон, мөн сандлаар толгойн дух хэсэгт 2 удаа маш хүчтэй цохисон. Өөр бусад надад гар хүрч цохиж зодоогүй. Миний биед учирсан гэмтлийг Г.Ш учруулсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн архи их үнэртэж байсан. Би гомдолгүй байна. Гэхдээ эмчилгээнд гарах зардлаа бүрэн барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 78 дугаар тал/
*Насанд хүрээгүй хохирогч Н.Чын өгсөн:
“...Би 2021 оны 10 дугаар 06-ны өдөр хичээлээ тараад оюутны байрандаа М.Мэ, Б.С бид 3 байж байтал хаалга нүдэхээр нь М.Мэ хаалга онгойлгож өгөхөд, Б.Б, Г.Ш, Э.Д, Ц.Ж нар орж ирээд орны урд Б.Б, Ц.Ж нар сандал дээр суугаад Э.Д, Г.Ш нар өрөөнд зогсож байсан. Тэгсэн миний хэвтэж байсан ор руу Б.Б өшиглөөд пизда минь бос ах нартайгаа мэндэлдэггүй юм уу гээд байж байтал гаднаас манай ангийн О.Б өрөөнд орж ирэхэд хаалгаа түгж гэж Б.Б хэлэхэд О.Б хаалга түгжиж чадаагүй. Тэгсэн Б.Б, Г.Ш нар О.Бын хацар хэсэгт гараараа нэг, нэг удаа цохисон. Тэгэхээр нь М.Мөнх- Эрдэнэ салгах гэтэл Г.Ш М.Мийн толгой хэсэг рүү нь сандлаар 2-3 удаа цохиод, Э.Д, Б.Б, Ц.Ж нар М.Мэ дээр очоод зодоод байхаар нь Б.С, О.Б бид 3 салгах гэж очоод Э.Дг арагш татахад Б.Б М.Мийг цохисон. Сандалын хугарсан тавцангаар миний шанаа хэсэг рүү 1 удаа цохихоор нь тонгойтол Э.Д дагз хэсэг рүү ганцаараа олон удаа цохисон. Тэгээд чимээ гаргаад байж байтал байрны багш Удвал, ангийн хүүхэд Базар нар орж ирээд цагдаад дуудлага өгсөн. Миний биед гэмтэл учирсан миний толгой өвдөөд байна, толгойн ар хэсэг их хөндүүрлэж хавдсан байна. Мөн зүүн талын жавж язарсан байна лээ. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Тэд нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тэд нараас архи үнэртэж байсан, хэр их хэрэглэснийг мэдэхгүй байна. Миний хувьд гомдолтой байна, хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/
*Хохирогч О.Бын өгсөн:
“...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би хичээлээ тараад ирээд байж байтал Нарангэрэл, Н.Ч, М.Мэ, Б.С нарын өрөөнд Г.Ш, Э.Д, Б.Б, Ц.Ж, нар орчихлоо гэж хэлэхээр нь би 404 тоот өрөөнд яваад ортол намайг хаалга цоожилсонгүй гээд Э.Д, Ш нар миний хоёр талаас нүүр болон толгой хэсэг рүү 4-5 удаа цохиж авсан. Тэгтэл М.Мэ намайг салгах гэтэл М.Мийн нүүр хэсэг рүү цохиж авсан. Тэгээд тонгойсон чинь толгойн ар хэсэг рүү нь сандлаар Г.Ш цохиж авсан. Тэгээд орон дээр унтаж байсан Н.Ч, Б.С нар орноос бууж ирээд салгах гэтэл Б.Сын зүүн гар руу сандлаар нэг удаа Г.Ш цохисон. Тэгтэл Н.Чын нүүр хэсэг рүү сандлын тавцангаар нэг удаа Г.Ш цохисон. Тэгээд намайг тонгойгоод сууж байхад миний баруун шанаа хэсэг рүү Ц.Ж 2 удаа цохисон. Тэгээд М.Мэ хаалгаа онгойлготол гаднаас манай ангийн Базараа, байрны багш Удвалын хамт орж ирээд цагдаа дуудсан. Миний биед гэмтэл учирсан толгой өвдөж байна, баруун талын шанаа хэсэг хөндүүрлэж өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгомоор байна. Миний хувьд гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/
*Хохирогч Б.Сын өгсөн:
“...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би хичээлээ тараад өрөөндөө унтаж байтал хүмүүс шуугиад сэрсэн. Тэгтэл манай өрөөнд Г.Ш, Э.Д, Ц.Ж, Б.Б нар ороод ирсэн байсан. Тэгтэл хаалгаар О.Б орж иртэл Э.Д, Г.Ш нар О.Быг цохиж авсан. Тэгтэл М.Мэ тэр хоёрыг салгах гэтэл Г.Ш, Э.Д, Ц.Ж, Б.Б нар М.Мийг зодсон. Тэгэхээр нь би орноосоо буугаад салгах гэтэл Г.Ш, М.Мийн толгойн ар хэсэг рүү 2 удаа сандлаар цохиж авсан. Тэгээд М.Мийг эргээд хартал нүүр рүү нь нэг гараараа цохиж авсан. Намайг цохиж зодсон зүйл байхгүй. Тэр хэдийг салгах гэж байхад миний баруун гарын сарвуу хэсэг рүү сандлаар цохисон. Тухайн үед Г.Ш, М.Мийг цохих гэж байгаад миний гар руу цохисон. Тэгээд удалгүй М.Мэ сууж байгаад босож хаалга онгойлгосон. Гаднаас Базараа, байрны багш Удвал нар орж ирээд цагдаа дуудсан. Өөр зүйл бол болоогүй. Миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Тэд нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр тал/
*Яллагдагч Г.Шийн өгсөн:
“...Би 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед театрын барилга дээр Э.Д, Ц.Ж, Б.Б нартай машинаас тоосго буулгаад нэг хүний 40.000 төгрөгийг аваад замдаа Ижий хүнсний дэлгүүр ороод 2 ширхэг 0.5гр Соёрхол нэртэй архи аваад урд талын Майнт уулын энгэр дээр дөрвүүлээ хувааж уугаад дотуур байр руу ороод зодоон хийсэн. Би толгойн дагз хэсэгт сандлаар нэг удаа нүүр хэсэгт нь баруун гараар нэг удаа цохисон. Надад ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Бид зүгээр танилцах гэж л орсон бид нар согтуу байсан болохоор л зодсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 119-120 дугаар тал/
*Яллагдагч Э.Дгийн өгсөн:
“...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 128 дугаар тал/
*Яллагдагч Ц.Жгийн өгсөн:
“...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 136 дугаар тал/
*Яллагдагч Б.Бын өгсөн:
“...Би 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өглөө 10 цагийн үед театрын барилга дээр Э.Д, Ц.Ж, Г.Ш нартай машинаас тоосго буулгаад нэг хүний 50.000 төгрөгийг хөлсөндөө аваад замдаа Ижий хүнсний дэлгүүр лүү бид нар анх пиво уух санааг Г.Ш бид 2 гаргасан юм. Тэгээд дэлгүүрт ороод архины лангууны урд очоод 2 ширхэг 0.5 гр Соёрхол нэртэй архи 1 ширхэг том ундаа аваад урд талын Майнт уулын энгэр дээр дөрвүүлээ хувааж уугаад дахин архинд явах гэж байгаад дотуур байр руу орсон байсан. 404 тоотод 1 курсийн хүүхдүүд байгаа гэж Ц.Ж хэлээд тийшээ хамт орсон. Ороод би Н.Чын хэвтэж байсан ор руу өшиглөсөн. Тэгээд гаднаас О.Б орж ирэхэд Г.Ш Э.Д нар О.Быг зодоон хийсэн. Тэгээд байж байтал цагдаа нар орж ирээд бид 4-ийг аваад явсан. Би Н.Чын толгой болон нүүр хэсэгт 2 удаа баруун гараараа цохиод сандлын салсан тавцангаар зүүн шанаа хэсэгт нь 1 удаа цохисон. Надад ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Бид зүгээр танилцах гэж л орсон би тухайн үед согтуу байсан болохоор зодоон хийсэн. Эрүүл байсан бол зодоон хийхгүй байсан байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 144-145 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 363 дугаартай“...М.Мийн биед хамрын таславчийн муруйлт, хамрын баруун дээд хэсэгт жижиг цус хуралт, духны баруун дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Хамрын таславчийн муруйлт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын баруун дээд хэсэгт жижиг цус хуралт, духны баруун дээд хэсэгт зулгаралт гэмтэл тус бүр нь биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 364 дугаартай“...Н.Чын биед зүүн завжны дотор салстад язарсан шарх, дагз орчим хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Зүүн завжны дотор салстад язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дагз орчим хуйханд зөөлөн эдийн жижиг няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 365 дугаартай“...О.Бын биед гэмтэл тогтоогдсонгүй...” дүгнэлт /хх-ийн 56 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 146-150 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г.Ш, Э.Д, Б.Б, Ц.Ж нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байрлах МУБИС-ын харьяа Багшийн сургуулийн оюутны байрны 404 тоот өрөөндөө амарч байсан Н.Ч, М.Мөнх- Эрдэнэ, Б.С, О.Б нарын халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, амгалан тайван байдлыг нь алдагдуулсан,
2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байрлах МУБИС-ын харьяа Багшийн сургуулийн оюутны байрны 404 тоотод иргэн Н.Ч, М.Мэ нар нь бусдад зодуулж, тэдгээрийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Г.Ш, Э.Д, Б.Б, Ц.Ж нар нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байрлах МУБИС-ын харьяа Багшийн сургуулийн оюутны байрны 404 тоот өрөөндөө амарч байсан Н.Ч, М.Мөнх- Эрдэнэ, Б.С, О.Б нарын халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, амгалан тайван байдлыг нь алдагдуулсан,
Мөн энэ үедээ иргэн М.Мийг шүүгдэгч Г.Ш нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, иргэн Н.Чыг шүүгдэгч Б.Б нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хохирогч М.Мийн ”...Г.Ш, Э.Д нар хаалган дээр зогсоод, Б.Б, Ц.Ж нар өрөөний орны хажууд байдаг сандал дээр суусан. Тэгсэн Б.Б ах нартайгаа мэндэлсэнгүй гээд хэрүүл маргаан хийж байтал О.Б гаднаас орж ирсэн чинь Э.Д, Г.Ш нар О.Быг элэгдээд, тонгойсон чинь дээрээс нь гараараа цохиод байсан. Тэгэхээр би салгах гээд очиход Б.Б намайг сандлаар толгой хэсэгт цохиод авахаар нь би Г.Штой зууралдахад Г.Ш намайг нүүр хэсэгт цохисон. Тэр үед манай найз Базараа байрны багшийг дуудаад, удалгүй цагдаа ирж Б.Б, Г.Ш, Э.Д, Ц.Ж нарыг аваад явсан. Намайг Г.Ш нүүр хэсэгт баруун гараараа 1-2 удаа цохисон, мөн сандлаар толгойн дух хэсэгт 2 удаа маш хүчтэй цохисон. Өөр бусад надад гар хүрч цохиж зодоогүй. Миний биед учирсан гэмтлийг Г.Ш учруулсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Н.Чын”...миний хэвтэж байсан ор руу Б.Б өшиглөөд пизда минь бос ах нартайгаа мэндэлдэггүй юм уу гээд байж байтал гаднаас манай ангийн О.Б өрөөнд орж ирэхэд хаалгаа түгж гэж Б.Б хэлэхэд О.Б хаалга түгжиж чадаагүй. Тэгсэн Б.Б, Г.Ш нар О.Бын хацар хэсэгт гараараа нэг, нэг удаа цохисон. Тэгэхээр нь М.Мөнх- Эрдэнэ салгах гэтэл Г.Ш М.Мийн толгой хэсэг рүү нь сандлаар 2-3 удаа цохиод, Э.Д, Б.Б, Ц.Ж нар М.Мэ дээр очоод зодоод байхаар нь Б.С, О.Б бид 3 салгах гэж очоод Э.Дг арагш татахад Б.Б М.Мийг цохисон. Сандалын хугарсан тавцангаар миний шанаа хэсэг рүү 1 удаа цохихоор нь тонгойтол Э.Д дагз хэсэг рүү ганцаараа олон удаа цохисон. Тэгээд чимээ гаргаад байж байтал байрны багш Удвал, ангийн хүүхэд Базар нар орж ирээд цагдаад дуудлага өгсөн. Миний биед гэмтэл учирсан миний толгой өвдөөд байна, толгойн ар хэсэг их хөндүүрлэж хавдсан байна. Мөн зүүн талын жавж язарсан байна лээ...” гэх мэдүүлэг, хохирогч О.Бын”...Э.Д, Ш нар миний хоёр талаас нүүр болон толгой хэсэг рүү 4-5 удаа цохиж авсан. Тэгтэл М.Мэ намайг салгах гэтэл М.Мийн нүүр хэсэг рүү цохиж авсан. Тэгээд тонгойсон чинь толгойн ар хэсэг рүү нь сандлаар Г.Ш цохиж авсан. Тэгээд орон дээр унтаж байсан Н.Ч, Б.С нар орноос бууж ирээд салгах гэтэл Б.Сын зүүн гар руу сандлаар нэг удаа Г.Ш цохисон. Тэгтэл Н.Чын нүүр хэсэг рүү сандлын тавцангаар нэг удаа Г.Ш цохисон...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Сын”...Тэгтэл хаалгаар О.Б орж иртэл Э.Д, Г.Ш нар О.Быг цохиж авсан. Тэгтэл М.Мэ тэр хоёрыг салгах гэтэл Г.Ш, Э.Д, Ц.Ж, Б.Б нар М.Мийг зодсон. Тэгэхээр нь би орноосоо буугаад салгах гэтэл Г.Ш, М.Мийн толгойн ар хэсэг рүү 2 удаа сандлаар цохиж авсан. Тэгээд М.Мийг эргээд хартал нүүр рүү нь нэг гараараа цохиж авсан. Намайг цохиж зодсон зүйл байхгүй. Тэр хэдийг салгах гэж байхад миний баруун гарын сарвуу хэсэг рүү сандлаар цохисон. Тухайн үед Г.Ш, М.Мийг цохих гэж байгаад миний гар руу цохисон. Тэгээд удалгүй М.Мэ сууж байгаад босож хаалга онгойлгосон. Гаднаас Базараа, байрны багш Удвал нар орж ирээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч нарын мэдүүлэг, хохирогч М.Мэ, Н.Ч нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 363, 364 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Г.Ш, Э.Д, Ц.Ж нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байрлах МУБИС-ын харьяа Багшийн сургуулийн оюутны байрны 404 тоот өрөөндөө амарч байсан Н.Ч, М.Мөнх- Эрдэнэ, Б.С, О.Б нарын халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, амгалан тайван байдлыг нь алдагдуулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Ш нь хохирогч М.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Б нь хохирогч Н.Чыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Б, Г.Ш, Э.Д, Ц.Ж нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, Г.Ш, Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Ш, Б.Б нарын олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдэхдээ бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг тус тусад нь зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгч нарын хувийн байдал болох суралцаж байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б, Г.Ш, Э.Д, Ц.Ж Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Б, Г.Ш нар нь суралцаж байгаа, эрхэлсэн ажилгүй, орлогогүй тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох, эсхүл тус тусад нь эдлүүлж болно гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Ш, Б.Б нарт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан ял болон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, мөн шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б, Г.Ш, Э.Д, Ц.Ж нарт эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандал 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Гийн Ш, Ө овогт Бгийн Б, Л овогт Эы Д, Бүлчин овогт Цын Ж нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Ш, Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Ш, Э.Д, Ц.Ж нарыг тус бүр 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш, Б.Б нарыг тус бүр 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Ш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Ш нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Ш, Э.Д, Ц.Ж нар нь оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, шүүгдэгч Г.Ш, Э.Д нар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрсдийн оршин суух Архангай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг тус тус1/нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Быг Архангай аймгаас Баянхонгор аймаг, Баянхонгор аймгаас Архангай аймаг чиглэлээс бусад чиглэлээр зорчихийг 1/нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Жг Архангай аймгаас Увс аймаг, Увс аймгаас Архангай аймаг чиглэлээс бусад чиглэлээр зорчихийг тус тус 1/нэг/ жилийн хугацаагаар хязгаарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Ш, Э.Д, Ц.Ж нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандал 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шүүгдэгч Б.Б, Г.Ш, Э.Д, Ц.Ж нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдгэч нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б, Г.Ш, Э.Д, Ц.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР