| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/0132/И |
| Дугаар | 130/ШШ2017/00256 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 130/ШШ2017/00256
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багт орших, РД:***** А БГБХ-нөхөрлөл /захирал Д.Х, утас ****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургууль /захирал А.Е, утас ****/,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг дарга /С.Б, утас *****/ нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А БГБХ-нөхөрлөлийн захирал Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, С.Н, хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын бүрэн дунд сургуулийн захирал А.Е, Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг дарга С.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Х.З, гэрч Х.Ө, орчуулагч Т.Маншүк, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Б сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал А.Еий 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот мэдэгдэх хуудсаар Үдийн цайны гэрээ-г нэг талын санаачилгаар цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, үдийн цайны гэрээг үргэлжлүүлэн байгуулахыг хариуцагч нарт даалгах тухай.
Нэхэмжлэгч А БГБХ-нөхөрлөлийн захирал Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай нөхөрлөл нь 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдаж байсан ба Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайны хөтөлбөр болон цэцэрлэгийн хүүхдүүдэд түгээх зорилгоор гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нарийн боовны цехтэй байсан юм. Сургуулийн захирал, сумын Засаг даргатай байгуулсан гурвалсан гэрээний дагуу 9 дэх жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй, байнгын явуулж ирсэн ба ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж, арга хэмжээ авахуулж байгаагүй юм. Хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэрээгээ 4 жилийн хугацаатайгаар шинэчлэн байгуулж байсан. Борлуулж байгаа бүтээгдэхүүн болон түүхий эдэд жил болгон аймгийн мэргэжлийн хяналтын газрын лабораторийн шинжилгээ хийлгүүлэн улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан ажиллаж ирсэн. Гэтэл энэ оны 1 дүгээр сарын 17-ны өдөр сумын Засаг дарга болон тус сумын хэдэн иргэд хувийн ашиг сонирхлын үүднээс манай компанитай байгуулсан Үдийн цайны хөтөлбөрийн гэрээ-г авахын тулд хууль бус гэнэтийн хяналт шалгалт зохион байгуулан 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04/02/329/09 тоот Үйл ажиллагааг зогсоох тухай гэсэн Мал амьтан хорио цээр чанарын хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргаж явсан юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүнгээр бий болсон шинэ Засаг, шинэ депутатуудын Бялуу хуваах аян ширүүхэн явагдаж байсан энэ үед гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа манай компанийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа буюу үдийн цайны хөтөлбөр-тэдний хараанд өртөж, бялууны хэсэг мэтээр харагдсан байна. Шинээр гарсан депутатууд болох Б.Е, Х.Ебек нарт энэхүү үдийн цайны хөтөлбөрийн гэрээг заавал авч өгөхөөр амлалт өгч байж Засаг дарга болсон С.Б болон мөн адилхан амлалт өгч ерөнхий боловсролын сургуулийн захирал болсон А.Е, түүний эхнэр Тойжан нар нь Х.Ебекийн төрсөн ах нь болох хяналтын улсын байцаагч Х.Өтэй хамт ашиг сонирхлын үүднээс хууль бусаар гэнэтийн шалгалт явуулсан юм. Бидэнд энэхүү гэнэтийн хяналт шалгалт явуулах гэж байгаа талаар урьдчилан мэдэгдээгүй, бүтээгдэхүүнээс ямар нэгэн дээж авч шинжилгээ хийхгүйгээр хийсвэр дүгнэлт гаргасан. Мөн хяналтын улсын байцаагч өөрийнхөө төрсөн дүүгийнхээ хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд хууль бус дүгнэлт гаргаж холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн юм. Түүний гаргасан энэхүү захиргааны акт нь зорилгодоо нийцээгүй юм. Харин ч олон хүүхдийн эрх ашгийг хувийн ашиг сонирхлын үүднээс маш том эрсдэлд оруулж байгаа явдал болсон юм. Учир нь олон жилийн туршлагатай, хяналтын газрын дүгнэлттэй манай компанийн үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар зогсоож, бидний гэрээг үндэслэлгүй цуцлаад түүний төрсөн дүүгийнхээ Цэцэгт-мара хэмээх шинээр байгуулсан компанид авч өгч, ямар ч шинжилгээгүй, шаардлага хангасан эсэх нь тодорхой бус бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн бүтээгдэхүүнээр олон хүүхдүүдийг хооллож байна. Мөн өөрийн гэсэн үйлдвэр, нарийн боовны цехгүй. Үдийн цайны хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг журмаараа 3-аас доошгүй жил ажилласан аж ахуйн нэгжтэй байгуулах ёстой байсан юм. Иймд Баян-Өлгий аймгийн Б сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал А.Еий 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот мэдэгдэх хуудсаар Үдийн цайны гэрээ-г нэг талын санаачилгаар цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, үдийн цайны гэрээг үргэлжлүүлэн байгуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А БГБХ-нөхөрлөлийн захирал Д.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад:Манай А БГБХ нөхөрлөл нь сургуулийн үдийн цайны хөтөлбөрийг 9 жил хэрэгжүүлж ирсэн. Энэ хугацаанд сургуулийн хүүхдүүд өвдөж барьсан ямар нэгэн асуудал гараагүй. Энэ хугацаанд олон захирлууд солигдсон. Тэр хүмүүсээс ч бас манай ажлыг хангалтгүй гэж дүгнэж байгаагүй. Мөн эцэг, эхчүүдийн зүгээс ч гэсэн ямар нэгэн гомдол, санал ирж байгаагүй. Одоо гэрчээр оролцох гэж байгаа Х.Ө гэдэг хүн бол Ебек гэдэг хүний төрсөн ах нь байгаа. Комиссын гишүүн болох Тойжан гэдэг хүн бол сургуулийн захирал А.Еий эхнэр нь байгаа. Энэ шалгалтыг бид нарыг байхгүй үед ирээд хийгээд явсан байсан. Бид нарт зөрчил байна гэж урьдчилан хэлээгүй. Бид нарыг ямар ч зөрчил гаргаагүй байхад ингэж байгаа үйлдэл нь энэ хүмүүсийн хооронд ямар нэгэн ашиг сонирхол байгаа гэж үзсэн. Мөн хоолны цэсийг сургуулийн захирлаас ийм ийм хоол өгөөрэй гэсэн зааварчилга өгдөг. Тэрний дагуу захирлын өөрийн баталж өгсөн хоолыг өгдөг. Тэрнийг өдөр болгон сургуулийн эмч бид нарын хийсэн хоолыг амталж үзээд болох уу, үгүй юу гэдгийг шийддэг. Болохгүй байна гэвэл тэрийгээ дахиж засаж залруулдаг байсан. Тийм учраас үдийн цайны хөтөлбөрийн гэрээг үргэлжлүүлэн байгуулж ажиллуулахыг Б сумын бүрэн дунд сургуулийн захирал болон Засаг даргад даалгаж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Б сумын бүрэн дунд сургуулийн захирал А.Е шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбарт: Боловсрол Соёл шинжлэх ухааны сайдын Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай 301 дугаар тушаалыг үндэслэн захиалагч сургууль болох Б сумын сургуулийн захиралтай байгуулсан гэрээний үүргийг нийлүүлэгч тал А Хоршооны эзэн Д.Х нь зохих ёсоор биелүүлээгүй гэрээний үүргийг зөрчсөн тул гэрээг сунгахгүйгээр цуцалж, өөр аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан юм. Учир нь Б сумын бүрэн дунд сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа байдлыг мэргэжлийн хяналтын улсын байцаагч болон бусад комиссын гишүүд шалгахад байгууллагатай хийсэн гэрээний заалтыг зөрчиж, орон байрны стандартын шаардлага хангахгүй, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь шинжилгээний бичиггүй, хаяг шошгогүй байгаа нь үдийн цайнд олгох "Хүнсний бүтээгдэхүүнд тавигдах шаардлага хангах гэсэн гэрээний үүргийг зөрчсөн. Амин дэм эрдэс бодисоор бэхжүүлсэн бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой гэрээний үүрэг биелэгдээгүй. Бүтээгдэхүүнд итгэмжлэгдсэн шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулж байх ёстой боловч, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ганц удаагийн дүгнэлтээс өөр дүгнэлт гаргуулаагүй байна. Үдийн цайны цэсэд сурагчдын эрүүл мэндийн шаардлагад нийцсэн байх, сүүн бүтээгдэхүүн цагаан идээ, жимс жимсгэний шүүсээр баяжуулсан гурилаар хийсэн хүнсийг түлхүү оруулсан байхаар гэрээнд тодорхой үүрэг хүлээсэн мөртлөө нийлүүлэгч тал хүлээсэн үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй өдөрт нэг хүүхдэд ногдох бүтээгдэхүүн сүүтэй цай 200 гр өгч 200 төгрөг, гурилан бүтээгдэхүүн 60 гр-ыг 350 төгрөгөөр, 1ш сальфетка 50 төгрөгөөр өндөр үнээр тооцож нийлүүлсэн нь өөрөө хууль зөрчиж байжээ. 350 төгрөгөөр 60 гр кабрешка өгснөөс 1 хайрцаг пичень авч өгсөн бол өөр хэрэг байлаа. Энэ асуудал комиссын шалгалтаар илэрсэн. Эцэг эхчүүдээс маш их гомдол гарсан байлаа. Үдийн цайны бүтээгдэхүүний цэс батлагдаагүй байсан нь шалгалтаар тогтоогдсон. Иймд үдийн цайны үйлчилгээг шаардлагын хэмжээнд зохион байгуулаагүй, хүүхдийн эрх ашгийг хохироож байсан нь эцэг эхчүүдийг гомдол гаргахад хүргэсэн. Энэ талаар хэлэлцүүлсэн хурлын тэмдэглэл нотлох баримт болох бөгөөд улсын байцаагч хангалтгүй гэж дүгнэлт гаргасан тул талууд бидний гэрээний 8.3-т зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсон. Иймд сургууль буюу захиалагч бид хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж, Үдийн цай хөтөлбөрийг зөв хэрэгжүүлж чадах аж ахуйн нэгжүүдтэй гэрээг шинээр байгуулсан. Үүнд нэхэмжлэгчийн доромжилж бичсэн бялуу хуваах ямар ч санаа зорилго агуулаагүй. Үндсэн шаардлага нь гэрээ байгуулахыг даалгаж өгөхийг хүссэн байна. Гэрээг хүчээр байгуулахаар даалгах, эрх зүйн үндэслэл хуулиар зохицуулагдаагүй гэж үзнэ. Хүүхдүүдийн зөв бүтээгдэхүүн хэрэглэх болон тэдний эрх ашиг хөндөгдөхгүйн тулд бид зөрчилтэй үйл ажиллагаа явуулдаг нийлүүлэгч аж ахуйн нэгжтэй гэрээг үргэлжлүүлэн сунгах үүрэг хүлээхгүй. Сургуулийн алаг үрс болох хүүхдүүдэд Үдийн цай нэрээр чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний үүргийн биелэлт хангалттай эсэхэд дүгнэлт хийгээгүй мөртлөө 3 жилийн хугацаатайгаар байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан захирал байсан С.Гтай ч хариуцлага тооцох болно. Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх тухай БСШУ, ЭМ-ийн сайдын 2006 оны 379/341 дүгээр тушаалаар баталсан журмаар Сургуулийн захирал аж ахуйн нэгжтэй байгуулах гэрээг 2-3 сарын хугацаатай байгуулж, гэрээний хэрэгжилтийг холбогдох хяналтын байгууллагын дүгнэлтийн үндсэн дээр гэрээг сунгах эсэхээ хяналтын комисстой хамтран шийдвэрлэхээр заасан.Нэгэнт Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр нийлүүлэгчийн үйл ажиллагаа хангалтгүй гэж үзсэн ба хяналтын комисс шийдвэрлэсэн тул бид гэрээг цуцалж нэхэмжлэгч болох А БГБХ нөхөрлөлтэй цаашид хамтран ажиллахгүй байхаар шийдвэрлэсэн. Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх тухай дээрх журмыг тус сургуулийн захирал байсан С.Г нь дураараа зөрчиж гэрээг 2-3 сарын хугацаатай байгуулах ёстой байтал хувийн эрх ашгийг дээрд үзэж, сургуулийн хүүхдүүдийн эрх ашгийг хамаагүй гэж үзэж, хяналтын байгууллагын ямар ч дүгнэлт гаргалгүйгээр 3 жилээр сунгасан нь өөрөө хууль журмыг дээдлэхгүйгээр дураараа хандсаны илрэл юм. Ганцхан ширхэг кабрешкийг 350 төгрөгөөр нийлүүлдэг нийлүүлэгч аж ахуйн байгууллагатай хамтран ажиллахгүй, гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн. Ард түмний хүүхдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Хэн нэгэн хүний болон, аж ахуйн нэгжийн ашгийг бодолцолгүй зөрчил нэгэнт илэрсэн тул гэрээг цуцлахад хүргэсэн. Хүүхдийн хуулиар хамгаалагдсан эрхийг бид хамгийн түрүүнд хангах ёстой. Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмын 6.9-т зааснаар үдийн цайны үйлчилгээг шаардлагын хэмжээнд зохион байгуулаагүй, хүүхдийн эрх ашгийг хохироосон нь эрх бүхий байгууллагын шалгалтаар нотлогдсон бол байгууллагын албан тушаалтан хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээхээр зохицуулсан. Бид гэрээг байгуулахдаа журмыг зөрчсөн, хамаагүй гэх үзлээр хандсан захирал байсан С.Г болон нийлүүлэгч байгууллагын эзэнтэй хариуцлага тооцохоор хуулийн зохих байгууллагад хандах болно. Учир нь талуудын гэрээний хэрэгжилтэд огт хяналт тавигдаагүй гэрээг дүгнээгүй, захирлын дэргэдэх зөвлөлөөр танилцуулан хэлэлцүүлээгүй. Шаардлага хангахгүй бүтээгдэхүүн нийлүүлсэн байхад ямар ч арга хэмжээ аваагүй байсан нийлүүлэх бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн аюулгүй байдлын шинжилгээнд сүүлийн 1 жил хагаст хамааруулсан талаар ямар ч бичиг баримтгүй байсан нь гэрээний зөрчлийн тод илрэл гэжээ.
Хариуцагч Б сумын бүрэн дунд сургуулийн захирал А.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б сумын сургуулийн захирлын ажлаа 2016 оны 10 дугаар сард авсан. Тэрнээс хойш үдийн цайны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. Хяналтын комисс байгуулж уг комисст дунд ангийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, захирал, эмч, эцэг эхийн төлөөлөл гэсэн 5-н хүний бүрэлдэхүүнтэй шалгасан. Энэ талаарх материалыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Үдийн хоолны цэсийн асуудал бол журмын дагуу эмч хүүхдүүд болон надаас санал аваад боловсруулаад надаар батлуулах ёстой. Харамсалтай нь хоёр компанийн захирал өөрөө цэсээ гаргаад эмчид өгч надаар батлуулдаг байсан. Намайг ажлаа авснаас хойш хугацаандаа цэсээ батлуулаагүй. Үдийн цайны хоолны цэсийг 7 хоногийн өмнө батлуулах ёстой. Гэтэл хоолоо өгсний дараа цэсээ батлуулж байсан. Өмнөх долоо хоногийн цэсийг 5 дахь өдөр надад танилцуулаад нэг дэх өдрөөс эхлээд 5 хоногийн цэсийг батлуулах ёстой байсан. Би яагаад гэрээг цуцалсан юм бэ гэхээр сургуулийн дотоод хяналтын комиссоор шалгуулахад зөрчил илэрсэн. Сумын Засаг даргаас байгуулсан комисс шалгаад улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлт гараад хоёр компанийн үйл ажиллагааг зогсоох ёстой гэсэн дүгнэлт ирсэн. Тэрний дагуу хоёр компанийн үйл ажиллагааг Ийм ийм зөрчил илэрлээ, тийм учраас гэрээг цуцалж байна гэж мэдэгдээд мэдэгдэх хуудас өгч цуцалсан. Шалгалтын явцад комиссын хөтөлсөн тэмдэглэлд илэрсэн зөрчлүүдийг тусгасан. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нь хаяггүй, шошгогүй байсан. Үдийн хоолны цэсийг журмын дагуу эмч хүүхдүүд болон надаас санал аваад боловсруулж байх ёстой байтал хоёр компанийн захирал өөрөө цэсээ гаргаад эмчид өгч надаар батлуулж байсан. Энэ дээр бол Засгийн газраас гаргасан журмыг зөрчсөн. Гэрээг гүйцэтгэх нийлүүлэх нөхцөлд сав болгон баглаа боодолтой, амин дэм, эрдэс бодисоор баяжуулсан бүтээгдэхүүн өгч байх ёстой байснаас байнга нэг төрлийн хоол өгч байсныг эмчээс тодруулсан. Эмчийг гэрчээр асуулгахдаа цэсний тухай асуудлыг бүрэн хэлж өгсөн. Сурагчдын үдийн цайнд нэг өдөрт 600 төгрөгийн бүтээгдэхүүн өгөх ёстой. Тэрэнд үнэ нь хүрэхгүй байсан. Бага ангийн багш, эцэг эх нараас санал, хүсэлт ирж байсан. Тэрний дагуу бага ангийн багш нартай хуралдаад үдийн цайны хөтөлбөрийн талаар тэмдэглэл хөтөлж байсан. Энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Б сумын Засаг дарга С.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д хүнсний аюулгүй байдлыг хангах, 29.1.5-д хүн амын нийгмийн соёлын үйлчилгээ, 29.1.5 г-д нутаг дэвсгэрийнхээ хүн амын боловсрол, соёл, эрүүл мэндийн асуудалд эрх бүхий байгууллагаас тогтоосон стандарт, норм, нормативыг сахиж мөрдөж байгаа эсэхэд тэдгээрийн харьяалал өмчийн хэлбэрийг үл харгалзан хяналт тавих эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулсан. Хуульд заасан эрхийнхээ дагуу орон нутагт сургуулийн хүүхдүүдийн эцэг эхчүүдээс сургуульд хэрэгжүүлж буй Үдийн цай хөтөлбөр нь Стандарт хангахгүй байгаа нь хатсан гөөхий, өнгө муутай цайнаас өөр юу ч өгдөггүй, журмын дагуу стандарт нөхцөлийг хангасан бүтээгдэхүүн нийлүүлэхгүй байна гэх гомдлыг хүлээн авч, комисс байгуулан сумын хэмжээний сургууль, цэцэрлэг, дотуур байрны сурагчдын хоол хүнс, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийг газар дээр нь үзэж шалгаж асуудлыг тавьж шалгалтаар нэхэмжлэгч нарын зөрчлийг илрүүлж Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Ах сынтас хоршоотой байгуулсан гэрээг хэрэгжүүлэх шаардлагагүй болсон нь тогтоогдсон. Энэ тухай тэмдэглэл хөтөлсөн.Комисс тодорхой дүгнэлт гаргасан. Үдийн цай хөтөлбөр нь тодорхой журамтай, стандарт шаардлага бүхий нөхцөлтэй. Эдгээрийн хэрэглэгч нь ард түмний хүүхдүүд тул хүүхдүүдийн эрх ашиг сонирхол хохирох ёсгүй. Эцсийн эцэст сургуулийн хүүхдүүдийн Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор хамгаалагдсан эрх ашиг нь зөрчигдөх ёсгүй гэжээ.
Хариуцагч Б сумын Засаг дарга С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад бас эцэг, эхчүүдээс үдийн цайны хөтөлбөртөө холбоотой гомдол ирж байсан. Тэрний дагуу комисс байгуулаад шалгуулсан. Засаг дарга нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.5 г-д заасан эрхийнхээ дагуу комисс байгуулаад шалгуулсан. Энэ дээр хамгийн гол хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй гэдэг байдлаар хандсан. Тэгээд шалгалтын комиссоос дүгнэлт гаргасан. Тэрэн дээр Монгол улсын Засгийн газраас гаргасан дүрэм, журам болон гэрээний тодорхой заалтуудыг ноцтойгоор зөрчсөн. Жишээ нь журамд гэрээг 3 сараар байгуулах ёстой байсан. Гэтэл 3 жилээр гэрээ байгуулсан байгаа. Сая нэхэмжлэгч тал үдийн цайны хөтөлбөрийг хэрэгжүүлээд 9 жил болж байгаа гэсэн. Энэ гэрээг 3 сараар байгуулах ёстой гэдгийг мэдэж байх ёстой байсан. Энэ бол ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. 3 сараар гэрээ байгуулна гэдэг бол 3 сар тутамд үйл ажиллагаанд нь хяналт тавьж дүгнэлт гаргаад, гаргасан зөрчлийг арилгуулах, эсвэл цуцлах ажиллагаа явагдах ёстой. Үүнийг өмнөх захирлууд хэрэгжүүлж байгаагүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч А БГБХ- нөхөрлөлийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
I. Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын хувьд: нэхэмжлэгч Ах сынтас БГБХ нөхөрлөлийн захирал Д.Х болон Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.Г нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Хамтран ажиллах гэрээ байгуулсан ба энэ гэрээг Б сумын Засаг дарга К.Еат батлав гэж гарын үсэг зурж тамга дарсан байна.
Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам-ын 1.3-д Сургуулийн захирал аж ахуйн нэгжтэй байгуулах гэрээг 2-3 сарын хугацаатай байгуулах-аар заасан байхад тухайн үед талууд дээрх Хамтран ажиллах гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, гэрээний эрх чөлөөний зарчимд нийцсэн гэж дүгнэж байна.
Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Е нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр №05 дугаартай Мэдэгдэх хуудсаар А хоршооны эзэн Д.Хт үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлдэг танай хоршооны үйл ажиллагаанд Засаг даргын 01 дүгээр сарын 17-ны А/9 тоот захирамжаар байгуулагдсан комиссын шалгалт хийсэн ба шалгалтаар зөрчил дутагдлууд илэрч МАХЦЧХ-ын улсын байцаагчийн 04/02/329/09 тоотоор үйл ажиллагааг нь түр зогсоох тухай дүгнэлт гарсантай холбогдуулан Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ны 0/4 тоотоор үдийн цайн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 20-нд цуцлах болсныг мэдэгдэж байна. Иймд сургуулийн санхүүтэй холбоотой тооцоог 2017 оны 01 дүгээр сарын 30-ны дотор хийж дуусгахыг мэдэгдье гэсэн байна.
Энэ 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр №05 дугаартай Мэдэгдэх хуудсанд заасан үндэслэлүүд нь Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам болон Иргэний хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна. Үүнд:
1) Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам-ын 2.6-д Сургууль, эмнэлгийн захиргаа, сургуулийн эцэг эхийн төлөөлөл бүхий Хяналтын комисс байгуулж, үдийн цайны чанар, зохион байгуулалтад байнгын хяналт тавьж, илэрсэн дутагдал, зөрчлийг дор бүр нь сургуулийн захиргаанд тавьж шийдвэрлүүлнэ. Хяналтын комиссыг сургуулийн бага ангийн эцэг, эхийн зөвлөлийн дарга ахална гэж заасан байна.
Иймээс Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 9 дугаартай Комисс байгуулах тухай захирамжаар сумын сургуулийн үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, үйл ажиллагаатай холбоотой гэрээний биелэлтийг хянах зөрчлийг арилгах комиссыг байгуулахад Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам-ын 2.6-г зөрчсөн байна.
Мөн энэ Засаг даргын захирамжаар томилогдсон комисс нь ажлаа Засаг даргад хэрхэн тайлагнасан тухай нотлох баримт болон комиссын албан ёсны дүгнэлт гарсан гэх боловч ямар дүгнэлт гарсан тухай нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй ба хариуцагч тал шүүхэд гаргаж өгч чадаагүй болно.
Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 9 дугаартай захирамжаар байгуулагдсан комиссын гишүүдийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Үдийн цайны хөтөлбөрт хяналт хийсэн тухай тэмдэглэлд дурдсан зөрчил дутагдлууд нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна. Мөн гэрч А.С, хариуцагч Засаг дарга С.Б нар нь эцэг эхчүүдээс сургуульд хэрэгжүүлж буй Үдийн цай хөтөлбөрт холбоотой гомдол санал ирсэн гэх боловч үүнийг нотлох баримт байхгүй байна.
2) Б сумын бүрэн дунд сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа А хоршооны үйл ажиллагааг түр зогсоох тухай Мал амьтан хорио цээр чанарын хяналтын улсын байцаагч Х.Өийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан 04/02/329/09 дугаартай дүгнэлт нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Улсын Ахлах байцаагчийн шийдвэрээр хүчингүй болсон байна.
Гэтэл Мал амьтан хорио цээр чанарын хяналтын улсын байцаагч Х.Ө нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан 04/02/329/09 дүгнэлт нь хүчингүй болсон байхад мөн огноогоор Улсын байцаагчийн дүгнэлт гэснийг Улсын байцаагчийн акт болгон өөрчилж нөхөж бичиж ирүүлснээ гэрч Х.Ө нь өөрөө хүлээн мэдүүлсэн боловч энэ нь ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д зааснаар эргэлзээтэй байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
3) Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам-ын 2.1-д Үдийн цайны цэсийг 7 хоног бүрээр сургуулийн эмч боловсруулж, сургуулийн захирал батална гэж заасан байхад үдийн цайны цэсийг тус сургуулийн эмч боловсруулсан эсэх, сургуулийн захирал баталж байсан эсэхийг нотлох баримтаа талууд шүүхэд гаргаж өгч чадаагүй.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Е нь үдийн цайны цэсийг А БГБХ нөхөрлөл өөрсдөө боловсруулж ирээд эмчид батлуулдаг байсан гэж мэдүүлдэг боловч энэ нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам-ын 6.3-д заасан ажил үүргийгтус сургуулийн эмч зохих ёсоор гүйцэтгэж байсан нь тус сургуулийн эмч С.Ж гэрчээр өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан тэмдэглэлээр нотлогдож байна.
4) Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам-ын 3.2-т Гэрээт гүйцэтгэгчээс нийлүүлж буй нөхцөлд сав, баглаа боодолтой, шошготой байна гэснийг нэхэмжлэгч А БГБХ нөхөрлөл нь зөрчсөн хаяг шошгогүй гурилан бүтээгдэхүүн /кабречка/ өгдөг гэсэн боловч үүнийгээ хариуцагч тал нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам-ын 6.1-д зааснаар тус сургуулийн Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд Баян-Өлгий аймгийн Мэргэжил хяналтын газрын Улсын байцаагч хяналт тавьж ажиллаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан 2016, 2015, 2014, 2013 онуудын Баян-Өлгий аймгийн Мэргэжил хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Хамгийн сүүлд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 04-03-023/36 дугаартай Баян-Өлгий аймгийн Мэргэжил хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр А хоршооны Үдийн цай хөтөлбөр болон цэцэрлэгийн хүүхдүүдэд түгээж буй гурилан бүтээгдэхүүний химийн үзүүлэлтүүд нь эрүүл ахуйн хэм хэмжээ ба хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцсэн байна гэсэн байна.
5) Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам-ын 6.4-д Үдийн цайны үйлчилгээнд сургуулийн бага ангийн эцэг, эхийн зөвлөлийн даргаар ахлуулсан Хяналтын комисс хяналт тавина гэж заасан байхад тус сургуульд энэ журмын дагуу хяналтын комисс байгуулагдсан эсэх нь тодорхой бус, мөн журмын 6.6-д Үдийн цай үйлчилгээнд хяналт тавих хяналтын комиссын гишүүд үр дүнг сургуулийн захиралд тухай бүрт нь хэзээ, хэрхэн мэдэгдэж байсныг нотлох баримт байхгүй байна.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Еий бүрдүүлж өгсөн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Үдийн цайны хяналтын тэмдэглэл болон мөн өдрийн Үдийн цайны хэрэгжилтийн талаар бага ангийн багш нартай ярилцсан тухай хурлын тэмдэглэл-д тусгаснаар сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн эмч нар үдийн цайны хяналтад байлцсан гэдэг нь дээрх журмыг зөрчсөн, үдийн цайны хэрэгжилтэд гарсан зөрчил дутагдлыг нотолсон, бэхжүүлэн авсан нотлох баримт байхгүй байна.
2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Үдийн цайны хяналтын тэмдэглэлд Ах сынтас БГБХ нөхөрлөлийн өгч байсан цайны амт чанар муу, чихэрлэг зүйл өгсөн гэж 1б анги удирдсан багш С.Г хэлсэн гэж бичигдсэн боловч С.Г нь тэмдэглэлд гарын үсэг зураагүй, энэ зөрчил дутагдлын талаар нэхэмжлэгч А БГБХ нөхөрлөлд мэдэгдэж, арга хэмжээ авсан эсэхийг нотлох баримт байхгүй байна.
2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Үдийн цайны хэрэгжилтийн талаар бага ангийн багш нартай ярилцсан тухай хурлын тэмдэглэл-ээр хуралд бага ангийн багш нарыг оролцуулсан нь нотлогдож байгаа тул сургуулийн сургалтын менежер В.Асылбек, хүмүүжлийн эрхлэгч С.Г, сургалтын менежер Х.Адилхан нарын үдийн цайны хэрэгжилтийн талаар сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцээгүй, ямар нэгэн хурал болоогүй гэж үгүйсгэж, нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт нь энэ хэрэгт хамааралгүй болно.
6) Гэрээг талуудын аль нэг талын санаачилгаар цуцалж болох боловч гэрээг байгуулах болон цуцлахдаа гэрээний талууд хуульд заасан үндэслэл журмыг баримтлах үүрэгтэй. Тухайлбал, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал гэрээний талууд гэрээг дуусгавар болгох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болохоор хуульчилсан байна.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3, 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үндэслэлүүд тогтоогдоогүй байхад хариуцагч Б сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0/4 дугаартай албан бичгээр Ах сынтас БГХБ нөхөрлөлтэй байгуулсан үдийн цайны гэрээг цуцалж дараагийн арга хэмжээг авах шаардлагатай гэсэн албан бичгийг үндэслэн хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын нэхэмжлэгч Ах сынтас БГБХ нөхөрлөлтэй байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-г шууд цуцалсан нь хуульд нийцээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн эхний шаардлагыг хүлээн авч Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Е нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр №05 дугаартай Мэдэгдэх хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
II.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагын хувьд: Баян-Өлгий аймгийн Б сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад үдийн цайгаар үйлчлэх ажлыг чанартай, үр дүнтэй зохион байгуулахад хоёр талыг хамтын ажиллагааг зохицуулсан Хамтран ажиллах гэрээ нь агуулгын хувьд Түрээсийн гэрээ тул иргэний эрх зүйн гэрээний төрлийн хувьд гэрээний талууд иргэний эрх зүйн чөлөөт байдлыг үндсэн зарчим үйлчилдгээрээ нийтийн эрх зүйн салбарт байгуулагддаг захиргааны гэрээнээс ялгаатай.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох заалтыг зөрчиж иргэний эрх зүйн харилцааны оролцогчийн тэгш эрх, бие даасан байдалд шүүх хөндлөнгөөс оролцож гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Ах сынтас ХХН, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад Ах сынтас хоршоо, Ах сынтас ХХК гэж нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэрийг янз бүрээр бичигдсэн байгааг хавтаст хэрэгт авагдсан улсын бүртгэлийн 220001023 дугаартай, регистрийн ***** дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр А БГБГ-нөхөрлөл гэж зөвтгөн бичих нь зүйтэй байна.
Иймд А БГБХ-нөхөрлөл болон Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн хооронд 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-г цуцалсан Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5 дугаартай Мэдэгдэх хуудас-ыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А БГБХ-нөхөрлөлийн үдийн цайны гэрээг үргэлжлүүлэн байгуулахыг Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг дарга болон Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А БГБХ-нөхөрлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, А БГБХ-нөхөрлөлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг тус тус баримтлан А БГБХ-нөхөрлөл болон Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн хооронд 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-г цуцалсан Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5 дугаартай Мэдэгдэх хуудас-ыг хүчингүй болгосугай.
2.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А БГБХ-нөхөрлөлийн үдийн цайны гэрээг үргэлжлүүлэн байгуулахыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг дарга болон Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А БГБХ-нөхөрлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, А БГБХ-нөхөрлөлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг өөрт нь буцаан олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК