Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/18 

 

                           2022/ШЦТ/18 


           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Буяндалай   
Шүүгдэгч: Ч.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Чийн Эд холбогдох 2112000000278 тоот хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, тус аймгийн ............. оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Чийн Э/РД:АЮ............/ 

                              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн нутаг дэвсгэр Зүүн ангалагийн ар гэх газраас 28 ширхэг, 1.04 м3 хэмжээтэй, нойтон шинэс төрлийн модыг мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ойн санд 542.760 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

           *Эрүүгийн 2112000000278 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Иргэний нэхэмжлэгч Б.Бгийн өгсөн:  
“...Иргэн Ч.Э нь хууль бусаар, эрхийн бичиггүй нойтон мод бэлтгэж Төвшрүүлэх сумын ойн санд 542.760 төгрөгийн хохирол учруулсантай танилцлаа. Ч.Э зүгээс төвшрүүлэх сумын ойн санд учруулсан 542.760 төгрөгийг 3 нугалж төлсөн тохиолдолд гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 53-54 дүгээр тал/ 

          *Гэрч О.Цын өгсөн: 
          “...2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ч.Э нь манай албанаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Эргүүл, хяналт, шалгалт хийж яваад Төвшрүүлэх сумын Өртөнт багийн Зүүн ангалагийн ар гэх газар хууль бусаар 3 тооны мод унагааж, тайрч бэлтгэсэн байсантай таарсан. Унагаж бэлтгэсэн мод нь нойтон мод байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-26 дугаар тал/

    *Гэрч О.Цын дахин өгсөн: 
    “...Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн Зүүн ангалагийн ар гэх газраар ганцаараа явж байгаад Чийн Э нь мод бэлтгэх эрхийн бичиггүй 3 тооны нойтон мод унагаж тайрч бэлтгэж байхтай нь тааралдсан. Намайг Зүүн ангалагийн ар гэх газраар эргүүл хяналт шалгалтаар явж байхад Ч.Э нь ганцаараа мод унагаагаад тайрч бэлтгэж байсан. Өөр ямар  нэг хүн байгаагүй. Ч.Э нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн хөрөөгөөр мод бэлтгэж байсан. Автомашин болон өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл байгаагүй. Энэ талаар экологийн байцаагчид мэдэгдээд бэлтгэсэн модыг нь Ч.Эаар өөрөөр нь авч ирүүлж сумын цагдаагийн хэсгийн байрны хашаанд хураасан. Бэлтгэсэн газар нь орхичихвол алга болчихно гэж ярилцаад ийм шийдвэр гаргасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-27 дугаар тал/  

           *Гэрч Ч.Бын өгсөн: 
           “...2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ч.Э нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/

    *Яллагдагч Ч.Эы өгсөн: 
    “...Би 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр галын түлээний модгүй болчихоод Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн нутаг дэвсгэр Зүүн ангалагийн ар гэх газраас шинэс төрлийн 2 ширхэг нойтон босоо мод, шинэс төрлийн 1 ширхэг босоо мод буюу нийт 3 ширхэг мод унагаад тайраад бэлтгэж байтал ойн ангийн байцаагч Ч.Б, О.Ц, экологийн байцаагч Төрхүү нар хүрээд ирсэн. Би тухайн модоо бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан болохоор тухайн хүмүүс надаас мод бэлтгэх эрхийн бичиг асуугаад миний модыг хураахаар болоод би А гэх найзыгаа дуудсан. Манай найз А тэр орой нь Портер маркийн хэрэгсэлтэй ирээд миний бэлтгэсэн модыг ачаад сумын хэсгийн төлөөлөгчийн кобанд аваачиж хураалгасан. Би тухайн модыг бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй.  Би тухайн модыг ганцаараа бэлтгэсэн. Миний өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн цахилгаан хөрөөгөөр бэлтгэсэн.  Би шинэс төрлийн 2 ширхэг нойтон босоо мод, шинэс төрлийн 1 ширхэг хуурай босоо мод буюу нийт 3 ширхэг мод бэлтгэсэн. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би модоо бэлтгэчхээд тухайн газраа цагдаад саатуулагдаад байж байхдаа найз Аг дуудаж бэлтгэсэн модоо ачуулаад цагдаагийн хэсгийн кобанд аваачиж буулгасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 64-65 дугаар тал/ 
     
            *Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн ойн инженер Л.Даваахүүгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ”...2.2 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /шинэс төрлийн нойтон  мод/ шууд үр ашгийн 161892₮, шууд бус үр ашгийн-207544₮, нийт 369436₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ/нойтон/ 1.4 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 542.760₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 46-47 дугаар тал/

            *Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 120 дугаартай: 
            “...1.04 шоометр нойтон болон хуурай шинэс модны үнэ 131.000/нэг зуун гучин нэгэн мянга/ төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хуучин цахилгаан хөрөөний үнэ 70.000/далан мянга/ төгрөг, нийт 201.000/хоёр зуун нэгэн мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 79 дүгээр тал/ 

            *Хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт/хх-ийн 09-10 дугаар тал/
            *Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 38-41 дүгээр тал/  
            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн нутаг дэвсгэр Зүүн ангалагийн ар гэх газраас шүүгдэгч Ч.Э нь 28 ширхэг, 1.04 м3 хэмжээтэй, нойтон шинэс төрлийн модыг мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ойн санд 542.760 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ч.Э үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Б.Бгийн”...Ч.Э зүгээс төвшрүүлэх сумын ойн санд учруулсан 542.760 төгрөгийг 3 нугалж төлсөн тохиолдолд гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч О.Цын”...Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн Зүүн ангалагийн ар гэх газраар ганцаараа явж байгаад Чийн Э нь мод бэлтгэх эрхийн бичиггүй 3 тооны нойтон мод унагаж тайрч бэлтгэж байхтай нь тааралдсан. Намайг Зүүн ангалагийн ар гэх газраар эргүүл хяналт шалгалтаар явж байхад Ч.Э нь ганцаараа мод унагаагаад тайрч бэлтгэж байсан. Өөр ямар  нэг хүн байгаагүй. Ч.Э нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн хөрөөгөөр мод бэлтгэж байсан. Автомашин болон өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Бын”...2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ч.Э нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 542.760 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн мэргэжилтэн Л.Даваахүүгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ч.Эы хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Эы хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Ч.Эыг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 542.760 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /542.760*3=1.628.280/нэг сая зургаан зуун хорин найман мянга хоёр зуун ная/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 1.628.280/нэг сая зургаан зуун хорин найман мянга хоёр зуун ная/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв. 

Шүүхээс шүүгдэгч Ч.Эыг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж заасан байна. 
Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 70.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 1.04 метр куб 28 ширхэг, 131.000 төгрөгийн үнэлгээ бүхий нойтон шинэс модыг тус тус 1.628.280/нэг сая зургаан зуун хорин найман мянга хоёр зуун ная/ төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэв.  

Шүүгдэгч Ч.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, прокурорын эрүүгийн хариуцлагын санал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Х овогт Чийн Эыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч Ч.Эаас 1.628.280/нэг сая зургаан зуун хорин найман мянга хоёр зуун ная/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 60 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 70.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 131.000/нэг зуун гучин нэгэн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1.04 метр куб 28 ширхэг нойтон шинэс модыг тус тус 1.628.280/нэг сая зургаан зуун хорин найман мянга хоёр зуун ная/ төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсугай.  

7. Шүүгдэгч Ч.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч  нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР