Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/40 

 


                                   2022/ШЦТ/40 


                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Э.Оргилбат 
Шүүгдэгч: Э.Б 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн Б овогт Эы Бөд холбогдох эрүүгийн 2212000000011 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл   5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ............. газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Эы Б/РД:ЧМ............./ 
          
Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу өөрийн эхнэр Д.Цыг зодож эрүүл мэндэд нь баруун шанаа, баруун зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

           *Эрүүгийн 2212000000011 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Хохирогч Д.Цыг өгсөн:
“...Би өөрийн нөхөр болох Э.Бтэй гэр бүл болоод 13 жил болж байна. Энэ хугацаанд бид хоёр 3 хүүхэдтэй болсон. 2021 оны зун 07 дугаар сарын 20-ны үед нөхөр бид 2 хэрүүл маргаан хийсэн тэгтэл манай нөхөр зуух өшиглөн гал дээр чанаж байсан тогоотой цай унаж миний гар дээр асгарч, миний баруун гарыг түлж байсан. Дараа нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны хөдөө мал дээрээ очоод буцаад явж байх үедээ би өөрийн нөхөрт хүүхдэд морь унууллаа орой болсон хойно айчихна гэж хэлсэн. Манай нөхөр надад хандан ямар юмандаа айдаг юм хүн дагаад явж байгаа хүн гээд би 2 хэрүүл маргаан хийж улмаар миний зүүн талын гар руу 2 удаа цохисон. Дахин 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн төвөөс буцах замдаа би өөрийн 2 хүүддээ хамт явж байсан машинд суулгасан юм тэр үед манай нөхөр унтаж явсан. Би машинаа бариад явж байсан чинь манай нөхөр сэрээд 2 хүүхэд хаана байгаа юм гэж асуухаар нь хамт явж байсан Мягмардоржийн машинд суулгасан гэж хэлсэн чинь манай нөхөр чи согтуу жолоочийн машинд 2 хүүхдээ суулгасан байна ямар нэг юм болох юм бол яах юм гээд уурлаад байхаар нь би чи юун сүртэй юм өөрсдийнх нь хүүхдүүд явж байхад яав л гэж хэлээд нөхрөө 2 удаа зүүн талын шанаанд 2 удаа цохисон. Тэсэн манай нөхөр уурлан намайг баруун талын шанаанд 2 удаа гараараа цохисон. Тэгээд би Чулуутын гүүрэн дээр зогсох үед хамт явж байсан машин зогсож байсан би 2 хүүхдээ өөрийн машинд суулгаад сумын төвд орж ирсэн. Тэгээд манай нөхөр архи нь гарахаар нь чи намайг зодсон гэж хэлсэн чинь би уурын мунхагаар цохисон байна гэж байсан. Тэгээд би аймгийн тов орж цагдаад өргөдөл бичиж өгсөн. Би архи уухаар нь орилж чарлаж байгаад уурыг нь хүргэж цай чанаж байх үедээ зуух өшиглүүлэн халуун цайнд баруун гараа түлүүлж байсан дараа нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн төвөөс ирж байх үедээ толгойдоо 2 удаа цохиулж байсан.  2021 оны 07 сард зуух өшиглөх үед манай хадам ээж Ачмаа нь байсан өөр хүн байгаагүй. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зодох үед манай том охин Б.Б нь байсан өөр хүн байгаагүй. Тэр үед эмнэлэгт Ундармаа эмчид үзүүлсэн Ундармаа эмч гаагүй хөнгөн байна гэж байсан гэж ярьж байсан одоо миний гаран дээр шарх сорив байхгүй. Бид 2 гэр бүл болоод 13 жил болж байна. Бид хоёр гэрлэлтээ батлуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/ 

*Хохирогч Д.Цын дахин өгсөн: 
“...Тухайн үед манай нөхрийн найз гэх нэг залуу манай нөхөртэй ямаа болон адууны наймаа хийж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн хоорондоо хэрүүл маргаан хийгээд байхаар нь би нөхөртөө уурлан хэрүүл маргаан хийж нөгөө найз залуутай нь бас хэрүүл хийж нөгөө найз нь зугтаах гэхээр нь манай нөхөр зуухаа өшиглөсөн тэр үед нь миний баруун гар руу халуун цай асгаран түлсэн миний гарыг санаатайгаар түлсэн зүйл байхгүй.  2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн төвөөс буцах замдаа манай нөхөр унтаж яваад сэрээд надаас 2 хүүхэд хайчихсан юм гэж асуусан би ард явж байгаа машинд яваа гэж хэлсэн чинь хүүхдүүдэд янз бүрийн асуудал гарчих вий машиндаа аваад явчихгүй гээд уурлахад нь би бас уурлан хоорондоо маргалдсан миний биед халдан миний толгойд 2 удаа цохисон би бас зөрүүлээд цохисон асуудал байгаа. Манай нөхөр Э.Б нь надад нэг удаа санаатайгаар хэрүүл магаан хийж гар хүрсэн бусад 2 үйлдэл нь санамсаргүй үйлдсэн гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг/хх-ийн 56-57 дугаар тал/ 

*Насанд хүрээгүй гэрч Б.Бийн өгсөн: 
“...Би 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр аав, ээжийн хамтаар аймгийн төв орсон 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн төвд байж байгаад орой 16 цагийн үед буцаж Тариат суманд ирсэн. Замд хэрүүл маргаан болсон манай аав замд унтаж явж байгаад сэрээд манай 2 дүүг хаана байгаа талаар асуухад ээж хамт явж байгаа машинд суулгасан гэж хэлсэн чинь манай аав хурдтай явж байгаа машинд хүүхэд суулгасан байна амь насанд нь эрсдэлтэй гэж уурласан тэгээд хэрүүл маргаан болоод манай ээж аавыг нэг удаа цохиж харагдсан тэгээд манай аав ээжийг 2 удаа баруун талын шанаа хэсэгт нь цохисон тэгээд Чулуутын гүүрэн дээр ирээд хамт явж байсан машинаас 2 дүүг өөрийн машин дотор суулган сумын төвд ирсэн өөр зүйл болоогүй. Урьд өмнө зодож цохиж байхыг хараагүй 2021 оны зун намайг малд явсан хойгуур ээж аав 2 хэрүүл маргаан хийж манай аав зуух өшиглөсөн тэр үед нь цай чанаж байсан тэр цай нь асгаран манай ээжийн гарыг нь түлсэн гэж ярьсан тухайн үед би байгаагүй сая 12-р сарын 25-ны өдөр аав ээжийг 2 удаа гараараа цохисон. Манай аав ээж тэгээд манай 2 дүү хамт явж байгаад замаас өөр машинд суусан тэгээд Б.Л гэж хүн хамт явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар тал/

*Гэрч Б.Лын өгсөн: 
“...Архангай аймгийн төвөөс хамт Тариат сумын төв рүү гарсан юм би жоохон юм уусан байсан болохоор машинд нь суугаад унтсан байсан тэгсэн чинь Э.Б нь эхнэртэйгээ хэрүүл маргаан хийж байсан. Тэгсэн Д.Ц нь Э.Бийн толгойд 2 удаа цохисон тэгээд Э.Б нь зөрүүлээд цохисон тэгээд би боль гээд болиулсан, Чулуутын гүүрэн дээрээс 2 хүүхдээ машин дотроо суулгаад явсан өөр зүйл болоогүй. Эхлээд Д.Ц нь Э.Бийг 2 удаа гараараа толгойд нь 2 удаа цохисон тэсэн чинь Э.Б нь уурлаад зөрүүлээд 1 удаа толгойд нь цохисон тэгэхээр нь би боль гээд салгасан. Машин дотор бол архи уугаагүй намайг сууснаас хойш замдаа агсам согтуу тавиагүй би өөрөө согтуу байсан учир суугаад жоохон явж байгаад унтсан байсан. Урьд өмнө яаж байсан талаар нь би мэдэхгүй байна. Замд Э.Б нь 2 хүүхдээ өөр машинд суулгаж явууллаа гэж хэрүүл маргаан хийж улмаар зодоон цохион хийсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/ 

*Яллагдагч Э.Бийн өгсөн: 
“...Би тэр өдөр би энхэр хүүхдүүдийн хамтаар Архангай аймгийн төвөөс Тариат чиглэлд гарсан урьд шөнө нь би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор нойр дутуу явсан. Тэгээд энхэртээ машинаа бариулаад би өөрөө замдаа унтаж явж байгаад сэрээд харсан чинь хамт явж байсан манай 2 хүүхэд байхгүй байхаар нь би эхнэрээс 2 хүүхэд хаана байгаа талаар асуухад хамт явж байгаа машинд суулгасан гэж хэлэхээр нь би хүний машинд 2 хүүхэд суулгасан байна наадах чинь урд шөнө архи ууж нойр дутуу явж хүний машинд хүүхэд суулгалаа гэж хэлсэн. Тэгээд хэрүүл маргаан хийж манай эхнэр намайг түрүүлээд толгойн хэсэгт 2 удаа цохисон тэгэхээр нь би уурлаад эхнэрийн толгойд 1 удаа гараараа цохисон өөр зүйл болоогүй. Би цохиж гэмтээсэн би 2 хүүхэд өөр машинд дотор суулгасан байхаар нь уурласан улмаар хэрүүл магаан болж би эхнэрээ гэмтээсэн байна. Намайг түрүүлээд гараараа 2 удаа шанаанд цохисон тэгээд би зөрүүлээд нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-39 дүгээр тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 43  дугаартай“...Д.Цын биед баруун шанаа, баруун зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Баруун шанаа, баруун зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалга, тохойнд цус хуралт гэмтэл тус бүр 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 129-130 дугаар тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.Ц нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгч Э.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Цыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Цын”...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн төвөөс буцах замдаа би өөрийн 2 хүүддээ хамт явж байсан машинд суулгасан юм тэр үед манай нөхөр унтаж явсан. Би машинаа бариад явж байсан чинь манай нөхөр сэрээд 2 хүүхэд хаана байгаа юм гэж асуухаар нь хамт явж байсан Мягмардоржийн машинд суулгасан гэж хэлсэн чинь манай нөхөр чи согтуу жолоочийн машинд 2 хүүхдээ суулгасан байна ямар нэг юм болох юм бол яах юм гээд уурлаад байхаар нь би чи юун сүртэй юм өөрсдийнх нь хүүхдүүд явж байхад яав л гэж хэлээд нөхрөө 2 удаа зүүн талын шанаанд 2 удаа цохисон. Тэсэн манай нөхөр уурлан намайг баруун талын шанаанд 2 удаа гараараа цохисон. Тэгээд би Чулуутын гүүрэн дээр зогсох үед хамт явж байсан машин зогсож байсан би 2 хүүхдээ өөрийн машинд суулгаад сумын төвд орж ирсэн. Тэгээд манай нөхөр архи нь гарахаар нь чи намайг зодсон гэж хэлсэн чинь би уурын мунхагаар цохисон байна гэж байсан. Тэгээд би аймгийн тов орж цагдаад өргөдөл бичиж өгсөн. Би архи уухаар нь орилж чарлаж байгаад уурыг нь хүргэж цай чанаж байх үедээ зуух өшиглүүлэн халуун цайнд баруун гараа түлүүлж байсан дараа нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн төвөөс ирж байх үедээ толгойдоо 2 удаа цохиулж байсан.  2021 оны 07 сард зуух өшиглөх үед манай хадам ээж Ачмаа нь байсан өөр хүн байгаагүй. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зодох үед манай том охин Б.Б нь байсан өөр хүн байгаагүй. Тэр үед эмнэлэгт Ундармаа эмчид үзүүлсэн Ундармаа эмч гаагүй хөнгөн байна гэж байсан гэж ярьж байсан одоо миний гаран дээр шарх сорив байхгүй...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Бийн”...Би 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр аав, ээжийн хамтаар аймгийн төв орсон 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн төвд байж байгаад орой 16 цагийн үед буцаж Тариат суманд ирсэн. Замд хэрүүл маргаан болсон манай аав замд унтаж явж байгаад сэрээд манай 2 дүүг хаана байгаа талаар асуухад ээж хамт явж байгаа машинд суулгасан гэж хэлсэн чинь манай аав хурдтай явж байгаа машинд хүүхэд суулгасан байна амь насанд нь эрсдэлтэй гэж уурласан тэгээд хэрүүл маргаан болоод манай ээж аавыг нэг удаа цохиж харагдсан тэгээд манай аав ээжийг 2 удаа баруун талын шанаа хэсэгт нь цохисон тэгээд Чулуутын гүүрэн дээр ирээд хамт явж байсан машинаас 2 дүүг өөрийн машин дотор суулган сумын төвд ирсэн өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Лын”...Архангай аймгийн төвөөс хамт Тариат сумын төв рүү гарсан юм би жоохон юм уусан байсан болохоор машинд нь суугаад унтсан байсан тэгсэн чинь Э.Б нь эхнэртэйгээ хэрүүл маргаан хийж байсан. Тэгсэн Д.Ц нь Э.Бийн толгойд 2 удаа цохисон тэгээд Э.Б нь зөрүүлээд цохисон тэгээд би боль гээд болиулсан, Чулуутын гүүрэн дээрээс 2 хүүхдээ машин дотроо суулгаад явсан өөр зүйл болоогүй. Эхлээд Д.Ц нь Э.Бийг 2 удаа гараараа толгойд нь 2 удаа цохисон тэсэн чинь Э.Б нь уурлаад зөрүүлээд 1 удаа толгойд нь цохисон тэгэхээр нь би боль гээд салгасан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Э.Бийн мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 43 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Э.Бийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Цын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед баруун шанаа, баруун зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохойнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна. 

        Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч Э.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Цыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

   Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Бийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр Д.Цын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв. 

Иймд шүүгдэгч Э.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Д.Батболд нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Э.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж  прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, уг ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Д.Ц  нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Э.Бийг  бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Эы Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

            3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

            5. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7.  Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР