Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 922

 

     П.Б-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                      

прокурор Ц.Ариунтуяа,

шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 607 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн П.Б-д холбогдох эрүүгийн 1808016430594 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Б овгийн П-н Б, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ....... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ........... дүүргийн .... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ..... дүүргийн ... дугаар хороо, .. дугаар гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........../,

          П.Б нь 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, .............. тоотод иргэн Д.О-г зодож, эрүүл мэндэд нь баруун хацар, баруун чихний урд гадаргуун сорви бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

      Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.О нь нэхэмжлэх зүйлгүй гэдгийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие тухайн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудалд маргаагүй бөгөөд анхнаасаа үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Тухайн хэрэг болох үед... хохирогч О нь миний гарт байсан утсыг авах гэж надтай булаацалдаж байгаад намайг ор луу түлхэж миний дээрээс унасан. Ор руу түлхэж унасны улмаас зууралдах явцдаа уг гэмтлийг учруулсан... Тухайн хохирогч нь миний бэр эгч бөгөөд одоо бид 2 эвлэрсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн.

Миний бие ам бүл 5, 1-8 насны бага насны 3 хүүхэд болон нөхрийн хамт амьдардаг. Шүүх хуралдааны дараа сарын 700.000 төгрөгийн цалинтай ажилд орсон. Торгуулийн ял оногдуулбал миний бие өөрөө төлөх боломжтой бөгөөд 1-8 насны бага насны 3 хүүхэдтэй, байнгын ажлын байранд ороод удаагүй өглөө 9 цагаас 18 цаг хүртэл ажилладаг тул нийтэд тустай ажил хийх ялыг хийхэд хүндрэлтэй байна. Иймд миний хувийн байдал болон Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан надад торгуулийн ялыг тухайн зүйл хэсэгт заасан хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. ...” гэв.

   Шүүгдэгч П.Б-н өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс П.Б-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралд шүүгдэгч П.Б-д 550 нэгжээр торгох санал гаргасныг шүүх хүлээж аваагүй бөгөөд үүний хууль зүйн үндэслэлийг “...торгох ялыг шүүгдэгчийн цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан үзэж оногдуулахаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч П.Б нь ажил эрхэлдэг талаар болон түүний цалин хөлс, хөрөнгө бусад орлогыг тодорхойлсон нотлох баримт хэрэгт ирүүлээгүй...” байх тул оногдуулах боломжгүй гэж тайлбарласан нь анхан шатны шүүх хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь дээр дурдсан нөхцөл байдал нь шүүхээс торгуулийн ял оногдуулсан тохиолдолд тухайн торгуулийн ялыг тухайн хүний цалин хөлс, хөрөнгө бусад орлогыг харгалзан, 3-н жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлж болохоор зохицуулсан хуулийн зохицуулалт юм.

П.Б-н хувьд мөрдөн байцаалтын шатнаас үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугийн асуудал болон гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Шүүгдэгч П.Б нь ам бүл тавуулаа, 1-8 настай бага насны 3 хүүхэд болон нөхрийн хамт амьдардаг. Шүүх хуралдааны дараа буюу 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Эрхбул Бар” ХХК-д бууз чимхэгчийн ажил эрхэлж байгаа ба сарын 700.000 төгрөгийн цалин авдаг болох нь тухайн байгууллагын тодорхойлолтоор нотлогддог.

П.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.4-т заасны дагуу хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд П.Б-н хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл хэсэгт заасан торгуулийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс П.Б-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлж, орлого олох боломжийг харуулах зорилгоор дансны хуулгыг хавсаргасан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

П.Б нь 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ................. тоотод иргэн Д.О-г зодож, эрүүл мэндэд нь баруун хацар, баруун чихний урд гадаргуун сорви бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Д.О нь П.Б-н үйлдлийн улмаас бие махбодид нь хэрхэн гэмтэл учирсан талаараа “... Маргалдаж байгаад Б гар утсаараа бичлэг хийх гээд байсан. Би гар утсыг нь булааж автал Б миний нүүрийг маажсан...” /хх 11-14/ гэж мэдүүлсэн байх бөгөөд хохирогчийн мэдүүлэг нь гэрч Б.П /хх 16/, Б.Т /хх 17/, Б.Б /хх 19/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3648 дугаартай дүгнэлт /хх 30/, зэргээр нотлогдсон байна.

Прокуророос П.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг анхан шатны шүүх тухайн зүйл, хэсгийн ялын төрөл, хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

  Гэвч П.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний тогтмол орлого бүхий ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг ...өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж заасныг баримтлан, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

    Иймд шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 607 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.