Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0283/З |
Дугаар | 750 |
Огноо | 2019-10-30 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 750
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Батгуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нарыг оролцуулан,
Нэхэмжлэгч: “Б Ч” ХХК /РД: /.
Хариуцагч: НЗД-а.
Нэхэмжлэлийн шаардлага: “...НЗД-ын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн “ӨҮ” ХХК-д холбогдох хэсгийн “Б Ч” ХХК-ийн газартай давхардсан 17576 мкв хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Манай компани нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат газар Х******* нэртэй газарт 1.7 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалаар газар ашиглах эрхтэй болсон.
“Б Ч” ХХК нь хуульд заасан журмын дагуу газар ашиглагчийн үүргээ зохих ёсоор биелүүлж газрын төлбөрийг цаг тухай бүрт нь төлж, хуулийн дагуу газар ашиглах үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
Гэтэл НЗД-аас 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжаар “ӨҮ” ХХК-д дээрх улсын тусгай хамгаалалттай газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байдаг.
Дээрх үйл баримттай холбоотойгоор Улсын Дээд шүүхийн 214 дүгээр тогтоолоор НЗД-ын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжаар “ӨҮ” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон газар нь Богдхан уулын дархан цаазат газарт хамаарч, уг газарт газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар Байгаль орчин аялал жуулчлалын сайдын эрх хэмжээнд хамаарч байх тул тус газарт НЗД-а нэр бүхий аж ахуйн нэгжийн газартай давхардуулан газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь хууль бус болохыг тогтоосон.
НЗД-аас Улсын Дээд шүүхийн тогтоолыг биелүүлж “Б Ч” ХХК-ийн ашиглалтын газар дээр “ӨҮ” ХХК-д хууль бусаар газрыг давхцуулан олгосон шийдвэрийг хүчингүй болгож, давхцалыг арилгах талаар арга хэмжээг өнөөдрийг хүртэл авахгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйл болон 94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасны дагуу энэхүү журмыг хэрэглэх боломжгүй бөгөөд НЗД-ын Улсын Дээд шүүхийн тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотойгоор шууд шүүхэд хандсан болно.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1, 14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан бөгөөд “Б Ч” ХХК-иас “илт хууль бус захиргааны акт”-д тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Түүнчлэн “ӨҮ” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт “Б Ч” ХХК бие даасан шаардлага гаргаагүй болно.
Иймд НЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн “ӨҮ” ХХК-д холбогдох хэсгийн “Б*******” ХХК-ийн газартай давхардсан 17576 мкв хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“... Нэхэмжлэгч компани Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат газар Х******* нэртэй газарт 1.7 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар, Байгаль орчин, аялал жуулчлал ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/318 дугаар тушаалаар газар ашиглах эрхтэй болж хуулийн дагуу гэрээ байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл газраа хуулийн дагуу ашиглаж үйл ажиллагаа явуулж ирсэн. Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газарт хилийн заагийг тодорхой зааж өгсөн. “Б Ч” ХХК-ийн ашиглалтын газар нь байгалийн тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.1-д зааснаар дархан цаазат газарт газар ашиглах эрхийг Байгаль орчин аялал жуулчлалын сайд олгох эрх хэмжээтэй. Гэтэл НЗД-ын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн. Энэ акт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3-д заасны дагуу илт хууль бус акт юм. Тиймээс НЗД-ын 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/389 дүгээр захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийн ашиглалтын газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“... ““ӨҮ” " ХХК-д НЗД-ын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 134000 м2 газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны ашиглаж буй Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зурагт тус маргаан бүхий газар хамаардаггүй бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын ашиглаж буй дархан цаазат газрын хил зургийг ашигладаг тул тус маргаан бүхий газрыг НЗД-ын хэмжээний газар гэж үзэх үндэслэлтэй.
2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 А/135 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг шилжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажилласан бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтийг эцэслэн шийдвэрлэсний дараа тус газрын маргаан шийдвэрлэгдэх боломжтой.
НЗД-ын 2014 оны А/389 дүгээр захирамжаар ““ӨҮ” ХХК-д маргаан бүхий газарт газар эзэмших эрх олгосон. Тухайн үед газар эзэмших эрхтэй холбоотой олон маргаан гарч байсан. Улсын Их Хурлын 26 дугаар тогтоолын дагуу хилийн заагийг тогтоох талаар ажлын хэсэг байгуулагдсан боловч тэндээс албан ёсны дүгнэлт гараагүй. Ажлын хэсгээс ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, НЗД-ын эрх хэмжээнд хамаарах асуудал биш гэж тодорхойлсон зүйл байхгүй учраас газар эзэмших эрх олгосон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.
Гуравдагч этгээд ““ӨҮ”” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“... НЗД-а Э.Б******* 2014 онд А/389 дүгээр захирамжаар манай компаний өмнө нь ашиглаж байсан газрын үлдсэн хэсэг болох 13,4 га газрыг буцаан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч газрын зарим хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 5-6 компанид давхардуулан олгосон мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрээр өмнө нь иргэдэд олгосон газартай давхцсан тул бид тус яамтай болон газар эзэмших эрхтэй гэх иргэн, аж ахуйн нэгжүүдтэй маргаан үүсгэн шат шатны шүүхэд хандан шийдвэрлүүлсэн.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Б Ч” ХХК, “А Ч” ХХК, “Д Г” ХХК зэрэг 5-6 компаниудад газар эзэмших эрх олгосон сайдын тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс уг тушаалыг өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Бүх шатанд нь гомдол гаргаж хэргийг хянуулж байсан боловч уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 890 дүгээр шийдвэрийг хэвээр баталж, маргаан бүхий газрыг НЗД-ын эрх хэмжээний бус харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрх хэмжээнд хамаарах “Тусгай хамгаалалттай газар нутаг” гэж үзсэн нь манай компанийг хүнд байдалд оруулсан.
Тухайн хэргийг шийдвэрлэсэн гол нотлох баримт болох шинжээчийн дүгнэлттэй асуудлаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулахаар Улсын Дээд шүүхэд хандсан боловч 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 26 дугаар шүүхийн тогтоолоор НЗД-ын эрх хэмжээний асуудал биш гэж шийдвэрлэсэн.
Иймд компани цаашид өөрийн эрх ашгаа хамгаалан мэтгэлцэх аргагүй байна. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан манай компани хохирсоор байгаа бөгөөд Нийслэлийн өмнөх удирдлага манай компанид газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа мэдээлэл судалгаа хийлгүй, маргаантай байсан газрыг олгосноос олон жилийн турш газар эзэмших эрхээ эдэлж чадахгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Б Ч” ХХК-ийн зүгээс “НЗД-ын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн “ӨҮ” ХХК-д холбогдох хэсгийн “Б Ч” ХХК-ийн газартай давхардсан 17576 м.кв хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлага бүхий нэхэмжлэл өөрчлөгдөөгүй болохыг тэмдэглэж байна.
Шүүх, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудыг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж дүгнээд, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахын хамт маргааны харилцаанд хамаарах хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн зүгээс “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд эрх хэмжээнийхээ хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу олгосон газрыг зориулалтын дагуу одоо хүртэл ашиглаж байгаа ба ийнхүү ашиглаж буй газартай давхардуулан хариуцагч НЗД-аас гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь үндэслэлгүй” гэж маргаж байгаа бол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... Улсын Их Хурлын 26 дугаар тогтоолын дагуу хилийн заагийг тогтоох талаар ажлын хэсэг байгуулагдсан боловч тэндээс албан ёсны дүгнэлт гараагүй, НЗД-ын эрх хэмжээнд хамаарахгүй гэж шийдсэн зүйл байхгүй тул маргаан бүхий газарт газар эзэмших эрх олгосон нь хууль зөрчөөгүй” хэмээн тайлбарлаж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс “... маргаан бүхий газрыг НЗД-ын эрх хэмжээний бус харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрх хэмжээнд хамаарах тусгай хамгаалалттай газар нутаг гэж үзсэн нь манай компанийг хүнд байдалд оруулсан ...” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Б Ч” ХХК-нд Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Х******* нэртэй газарт 1.7 га талбайг аялал жууулчлалын зориулалтаар, таван жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэсэн ба 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.
Нөгөө талд НЗД-ын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/389 дүгээр захирамжаар /хүчингүй гэсэн тэмдэглэгээтэй/ энэ хэрэгт бие даасан шаардлагагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа “ӨҮ” ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар таван жилийн хугацаатай 134.0 га газрыг эзэмшүүлжээ.
Үйл баримтын хувьд:
“ӨҮ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах хүсэлтийг хангахаас татгалзсан ба эдгээр шийдвэр, магадлал , тогтоолууд тус тус хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
Ингэснээр Газрын тухай хуулийн дагуу гуравдагч этгээд ““ӨҮ” ХХК-д эзэмшүүлсэн 134000 м.кв газарт давхцсан байгаа нэхэмжлэгчийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу ашиглагдахаар олгогдсон 17000 м.кв газар хууль зүйн хувьд хүчинтэй байх нөхцөл үүссэн. Энэ утгаараа нэхэмжлэгч нь уг маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглаж, холбогдох газрын төлбөрийг төлсөөр ирсэн байна.
Харин одоо НЗД-а нь хуулиар өөр этгээдэд газар ашиглуулахтай холбоотой тусгайлан олгосон бүрэн эрхийг үл харгалзан гаргасан шийдвэртээ өөрчлөлт оруулахгүй, энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хэрэгжихгүй байгаад нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг буруутгаж, хариуцагчийн гаргасан 2014 оны А/389 дүгээр захирамжийн өөрт хамаарах хэсгийг илт хууль бус захиргааны актаар тодорхойлж, анхнаасаа буюу гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй, захиргааны акт гарах үед мөрдөгдөж байсан хууль болох 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрэлх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д: “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан” гэх үндэслэлээр маргаж байгааг шүүх үндэслэлтэй гэж дүгнэв.
Яагаад гэвэл, дээр дурдсан шүүхийн шийдвэрт: “... газар ашиглуулахаар шийдвэрлэсэн газрууд нь Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын хавсралтаар тогтоосон Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийн дотор байрлаж байна ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2014 оны А-318 дугаар тушаалаар 1.7 га газрыг “Б Ч” ХХК-д ... ашиглуулахаар шийдвэрлэсэн нь эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр байна”, түүнчлэн мөн дурдсан Улсын Дээд шүүхийн тогтоолд: “гуравдагч этгээд нарын ашиглаж буй газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт багтсаныг хоёр шатны шүүхийн шийдвэрт дэлгэрэнгүй тодорхой дүгнэсэн, уг газарт Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын маргаан бүхий тушаалаар газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт ... газар ашиглуулах тухай шийдвэрийг ... гаргана” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан, хууль ёсны захиргааны акт байна” гэж шийдвэрлэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4: “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд
холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэснээр энэ хэргийн гуравдагч этгээд “ӨҮ” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрийн нэхэмжлэгч “Б Ч” ХХК-ийн давхцалтай хэсэг нь хариуцагч НЗД-ын бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар гарсан захиргааны акт болох нь нотлогдож байна. Үүгээрээ Захиргааны ерөнхий 47 дугаар зүйлийн 47.1.3 “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” бол уг захиргааны акт илт хууль бус болно гэж зохицуулсанд хамаарч байна.
Шүүх, Тусгай хамгаалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-д заасан буюу “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг ашиглах” нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн хариуцагчийг буруутгаж, түүнчлэн өөрийн эрх хэмжээний хүрээнд /бүрэн эрхэд/ үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан нь дээрх байдлаар тогтоогдсон гэж дүгнэв.
Нэхэмжлэгч “Б Ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон буюу “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” үндэслэлээр маргах нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг, маргааны зүйлийн талаар урьд нь маргасан, энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах боломжтой гэж шүүх дүгнэсэнгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.4-д зааснаар захиргааны актыг илт хууль бус гэж үзэж шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа буолон хэдийд ч хандах боломжтой байсан гэх агуулгаар шүүх үзэж, нэхэмжлэлийг хүлээн авсан, түүнчлэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсаны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг баримтлан “Б Ч” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, НЗД-ын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн “ӨҮ“Ө Ю Ж С С С” ХХК-ийн 134000 м.кв газрын “Б Ч” ХХК-ийн 17576 м.кв газартай давхцсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч НЗД-аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б*******” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН