Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 300

 

 

 

 

 

 

 

 

 

“Соёмбо пресс” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01340 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Соёмбо пресс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК-д холбогдох

1 617 000 гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэцэнгуагийн гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Пэлжидмаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Энхтүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь “Мөнх замбала корпораци” ХХК-д 2015 оны 05 дугаар сард өөрийн эрхлэн гаргадаг номноос 3 080 000 төгрөгийн ном зээлээр өгсөнөөс 1 430 000 төгрөгийн ном буцаалт хийсэн. Үлдэгдэл номны тооцоо болох 1 617 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа болно. “Мөнх замбала корпораци” ХХК-аас уг төлбөрийг удаа дараа нэхэмжилсэн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №1004/01 тоот албан бичигтээ 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний хооронд төлнө гэсэн хүсэлтийг бидэнд ирүүлсэн. Гэвч энэ хугацаа өнгөрөөд 4 сар болж байхад тодорхой үр дүнд хүрээгүй байна. Иймд Мөнх замбала корпораци ХХК-аас номын төлбөр 1 617 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэг зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Мөнх замбала корпораци ХХК-аас 1 617 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Соёмбо пресс ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Мөнх замбала корпораци ХХК-иас 40 850 төгрөг гаргуулан Соёмбо пресс ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэцэнгуа давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг: “…Хэрэг хянан шийвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ. Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ. Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасан. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар мэргэжлийн өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шүүх ажилллагаанд биеэр оролцох боломжоор хангагдах бүрэн эрхтэй байна . Манай компанийн эрх бүхий этгээдэд шүүх хуралдааны товийг мэдээгүй, шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэж гарын үсгийг зуруулаагүй, шүүхээс хэргийн материалыг танилцуулаагүй, шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох боломжоор хангаагүй мөн мэтгэлцэх зарчим болон өмгөөлөгч  авч хууль зүйн туслалцаа авах зэрэг бүхий л эрхийг хангалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж бодит үнэнд нийцэхгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хэргийн харьяалал зөрчиж шийдвэрлэсэн юм. Иймд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 01340 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “Соёмбо пресс” ХХК нь хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК-д холбогдуулан номын үнэ 1 617 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэлт хийсэн нь зөв байна.

 

Нэхэмжлэгч “Соёмбо пресс” ХХК нь хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК-д 2015 оны 05 дугаар 13-нд 1 160 000 төгрөг, 05 дугаар сарын 18-.д 640 000 төгрөг, 05 дугаар сарын 21-нд 800 000 төгрөг, 05 дугаар сарын 27-нд 480 000 төгрөг, нийт 3 080 000 төгрөгийн үнэ бүхий номыг зээлээр өгснөөс 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1 430 000 төгрөгийн номыг буцаан өгсөн, 1 617 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбар, хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч тал хүргүүлж байсан 1004/01 тоот албан бичиг зэргээр тогтоогдсон байх бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд гаргаагүй байна. /хх 1, 5, 6-14, 36/

 

Хэргийн 5 дугаар талд авагдсан баримтад хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК-иас “Соёмбо пресс” ХХК-д хүргүүлсэн албан бичигт “...2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний хооронд 1 617 000 төгрөгийг төлөх хүсэлт” гаргаж байсан ба нэхэмжлэгч нь уг үнийн дүнг үгүйсгэсэн талаарх тайлбар, нотлох баримт гаргаагүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар хугацаа тогтоогоогүй гэрээ гэж үзэн, үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нь нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байх тул хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК-иас 1 617 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч талын хүсэлтээр хойшлуулсан ба уг шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин оролцож 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01340 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Мөнх замбала корпораци” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН