Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0193

 

"Ө о" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Су, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 18 дугаар

шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу "Ө о" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компанийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших Цагаан чулуут гэдэг газарт 7162Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хайгуулын ажлыг хийж, нөөц эрэл хайгуулын ажлын үр дүнгийн нэгдсэн тайланг журмын дагуу боловсруулан Ашигт малтмалын газраас шинжээч томилуулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр тайланг хэлэлцүүлэхээр ажиллаж байсан. Гэтэл шинжээч хайгуулын ажлыг дахин нарийвчлан хийх шаардлагатай гэж тайланг буцаасан. Нарийвчлан хийх гэтэл малын гоц халдварт өвчин гарч, улмаар цаг агаар эрт хүйтэрдэг тул ажил хийж чадаагүй. Иймээс Ашигт малтмалын газарт хүсэлт гаргасан. Улмаар хайгуулын ажлыг дахин хийж дуусган Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх гэхээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн тул хэлэлцүүлэх боломжгүйд хүрч байна. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших Цагаанчулуут гэдэг газарт 7162Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хэвээр хадгалах үүргээ биелүүлээгүй болох эс үйлдэхүйг тогтоолгох, Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хэвээр байдлыг тус зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх хүртэл хугацаагаар хадгалж кадастрын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... "Ө о" ХХК нь Шаргалбор ХХК-ийн эзэмшлийн 7162Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 онд шилжүүлэн авсан. Ашигт малтмалын тухай хуулиар 9 дэх жилийн хугацаа нь дуусгавар болж байгаа тул тусгай зөвшөөрлийг сунгах эрх захиргааны байгууллагад олгогдоогүй. Хугацаа дуусахаас өмнө Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг 3 жил хүртэлх хугацаагаар байгуулах боломжтой байсан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх тайлангаа хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө өгөөгүй тул Кадастрын бүртгэлийн системд 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болгож бүртгэсэн. Нэхэмжлэгч бүртгэлийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны байгууллагад хандаж шийдвэрлээгүй, нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: 1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Ө о" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрлийн бүртгэлд "Ө о" ХХК-ийн эзэмшлийн 7162Х дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр гэсэн өөрчлөлт оруулахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж,

2. 3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь "Ө о" ХХК-ийн эзэмшлийн 7162Х дугаар бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг 2009-2013 оны хайгуулын ажлын тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс шийдвэр гаргах хүртэл хугацаагаар хадгалж энэхүү шийдвэрийг биелүүлэхийг дурджээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болохыг дараах үндэслэлүүдээр тодорхойлж байна.

1.  Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт, "Өнгөт-Оюу" ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03/2013 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газрын Геологийн албанд хандаж "...тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгаж өгнө үү" гэсэн хүсэлт хүргүүлсэн ба уг хүсэлтийн хариуг хариуцагчаас дээрх 4/2201 дугаар албан бичгээр өгөхдөө тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэл бий эсэх талаар дурдалгүйгээр зөвхөн шинжээч томилсон тухай л мэдэгдсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг шийдвэрлэдэг нэгж нь Кадастрын хэлтэс бөгөөд Геологийн алба нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны асуудлыг шийдвэрлэдэг нэгж биш юм. 2013 онд үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулиар 9 дэх жилийн хугацаа дуусгавар болж байгаа тусгай зөвшөөрлийг сунгах эрх төрийн захиргааны байгууллагад олгогдоогүй бөгөөд сунгах хууль зүйн үндэслэл байхгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах үүрэг нь төрийн байгууллагын үүрэг биш харин тусгай зөвшөөрөл эзэмшигч "Өнгөт-Оюу"ХХК-ийн хуульд заасан үүрэг бөгөөд энэ тухай Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт "Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй" гэж заасны дагуу хайгуулын 7162Х тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм.

2. Харин "Өнгөт-Оюу" ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 29-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацаа дуусгавар болохоос өмнө уг тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлт гаргаж, Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэгт "Хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах, бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзнэ." гэж заасны дагуу өөрийн талбай дээрх нөхцөл шаардлагуудыг тооцсоны үндсэн дээр Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг 3 хүртэлх жилийн хугацаатай байгуулах боломжтой байсан бөгөөд дээрх хүчинтэй хугацаандаа хуулийн нөхцөл, шаардлагыг биелүүлж Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлүүлэх боломжтой байсан байна. Мөн энэ үед Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 410 дугаар тушаалаар батлагдсан "Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам" хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан.

3. Шинжээч О.Чулуун хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хүлээн авч танилцаад 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр " ..ордын хайгуулын судалгааг бүрэн гүйцэт хийж түүний үр дүнгээр нөөц тооцон бодсоны дараа хайгуулын ажлын үр дүнгийн нөөцийн тооцоотой тайланг шинжээчид дахин танилцуулахыг зөвлөж..." ордын хайгуулын ажлыг буцаажээ мөн ЭМБЗ-д тайлангаа хэлэлцүүлэх батлуулах үйл ажиллагаа үргэлжилж байсан, улмаар хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан атлаа 2014 оны 04 дүгээр сарын 29-нд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь үндэслэлгүй, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэж шийдвэрлэсэн байна. Тухайлбал:

Тухай үед үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийн нийт хугацаа 9 жилийн хугацаатай байсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 24.1.Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй. гэсэн нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа 24, 25 дугаар зүйлүүдийн нөхцөл, шаардлагыг хангаж байгаа бол хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаандаа багтаж өргөдөл гаргах зохицуулалт юм.

Харин төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 03 дугаар сарын 29-ны өдөр дууссан өдрөөс хойш 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 1 жил 1 сарын хугацаанд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг хадгалсан бөгөөд энэ хугацаанд тус компани ЭБМЗ-өөр тайлангаа хэлэлцүүлж батлуулаагүй байна. Иймд "Өнгөт-Оюу" ХХК нь ЭБМЗ-ийн 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1645 дугаартай шийдвэрээр Шинжээч томилуулсан хэдий ч тусгай зөвшөөрлийнхөө хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө ЭБМЗ-өөр ордын нөөц хэлэлцүүлэх тайлангаа өгөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг Кадастрын бүртгэлийн системд 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

3. Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгож кадастрын системд бүртгэсэн бүртгэлтэй холбоотой гомдлоо Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана." гэж зааснаар дуусгавар болгон бүртгэснийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлээгүй атал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байна.

4. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг хянан шийдвэрлэх процессын алдаа гаргасан. Тухайлбал:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э би 2015 оны 12 дугаар сарын 16, 30-ны өдрүүдэд шүүх хурлыг хойшлуулахдаа хуульд заасан үндэслэл, эрхийнхээ дагуу шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүх хуралтай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралд оролцох шүүх хурал давхацсан бөгөөд шүүх хурлыг хойшлуулах хүсэлт өгнө энэ тухайгаа шүүгчийн туслах С.Одмаад 91071015, мөн шүүгчийн туслах Б.Мөнхзаяа 91078799 тоот дугаарууд луу тус тус залгаж дээрх шалтгааныг хэлсэн.

Мөн ЗХДЗШШ-ийн хурал тараад тус хурал эхлээд 20 минут болж байхад Тахараар дамжуулж шүүх хуралд оролцох гэтэл оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн. Тус хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий Шинжээч О.Чулууныг гэрчээр асууж мэдүүлэг авалгүйгээр шийдвэрлэсэн байсан. /2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар шинжээч О.Чулууныг гэрчээр асууж мэдүүлэг авуулах хүсэлт гаргасан/

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасан нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

"Ө о" ХХК-аас 2013 онд гүйцэтгэсэн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших Цагаанчулуут гэдэг газарт 7162Х дугаартай ашигт малтмалын хайгуулын ажлыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх гэхээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг кадастрын бүртгэлийн системд 2015 оны 04 дүгээр сарын 29-нд дуусгавар болгон бүртгэсэн тул хэлэлцүүлэх боломжгүй болж байгаа тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хэвээр хадгалах үүргээ биелүүлээгүй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг тогтоолгох, тус зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх хүртэл тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хэвээр байдлыг хадгалж кадастрын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Өнгөт-Оюу ХХК-аас 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 89 тоот албан бичгээр Манай компанийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших Цагаан чулуут нэртэй 7162Х тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2014 оны 04 сарын 29-ний өдөр дуусгавар болгосон байна. ...үр дүнгийн тайлангаа хүлээлгэн өгөхөд бэлэн болсон тул танай тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байжээ. Дээрх хүсэлтэд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар 2014 оны 08 сарын 28-ны өдрийн 6-4888 тоот албан бичгээр хариу өгсөн байна. Нэхэмжлэгчээс дахин 2015 оны 05 сарын 08-ны өдөр Ашигт малтмалын газрын даргад ... манай эзэмшиж байгаа 7162Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээж, хүчин төгөлдөр хэвээр хадгалж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байх бөгөөд хариуцагчаас 2015 оны 05 сарын 19-ний өдрийн 6/3771 тоот албан бичгээр хариу өгч байжээ. Өнгөт-Оюу ХХК нь шүүхэд нэхэмжлэлээ 2015 оны 09 сарын 10-ны өдөр гаргасан бөгөөд хариуцагчаас нэхэмжлэл гаргасан хугацааны талаар маргасан байхад анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, эсхүл уг хугацаа тасалдсан эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс 2015 оны 12 дугаар сарын 10-ний өдөр товлон зарласан шүүх хуралдааныг Ашигт малтмалын газраас томилогдож, хайгуулын ажлыг дахин нарийвчлан шалгах шаардлагатай гэж буцаасан шинжээч О.Чулууныг гэрчээр асуух шаардлагатай гэсэн үндэслэлээр, өөрөөр хэлбэл, нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулсан байх боловч дээрх нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрчийг асуугаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй гэж давж заалдах гомдолдоо дурджээ. Хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдаанд ирээгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гаргасан бөгөөд тухайн шүүгчийн захирамждаа гомдол гаргах эрхгүй байхаар заасан нь шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангаагүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүх нэхэмжлэгч Өнгөт-Оюу ХХК-аас 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Урт нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн маргаанд тус компанийг төлөөлөн оролцуулах-аар олгосон итгэмжлэлийг үндэслэн Д.Суг Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд орших 7162Х тусгай зөвшөөрөлтэй холбогдох хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дахин хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР