| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0253/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/291 |
| Огноо | 2021-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/291
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч Л.О
Хохирогч Ж.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 2125002330309 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б овогт Б Б, Монгол Улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 20-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 51 настай, дээд боловсролтой, хүүхдийн их эмч мэргэжилтэй, “Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-н “Эрдэнэт” сувиллын цогцолборт **** ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ****** багийн ***** **** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар **********.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б Б нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт сувилал” цогцолборын 2 дугаар давхарт Ж.Г маргалдан улмаар гарнаас нь татаж, түлхэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “Тухайн үед маргаан болж улмаар ийм зүйл болсон. Буруутай үйлдэл гаргасандаа гэмшиж байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ж.Г мэдүүлэхдээ “Орхон аймагт Эрүүл мэндийн салбарт 34 дэх жилдээ ажиллаж байна. “Эрдэнэт” сувиллын эмчээр 9 гаруй жил ажиллаж байна. Байгууллагын дотоод журмаараа “Эрдэнэт” сувиллын даргын эзгүйд эрх үүргийнх нь хүрээд шууд удирдлагаар хангах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу цогцолборын үйл ажиллагааны талаар санал оруулж, шаардлагатай тайлан мэдээгээр хангаж ажлыг удирдан зохион байгуулах ажлыг гүйцэтгэдэг. Тухайн үед дарга өглөө 6:50 цагийн үед ирсэн мөн ууртай байсан гэж тэнд байсан хүмүүс хэлсэн. Миний биед халдахад Н, У нар хажууд байсан боловч огт боль гэж хэлээгүй. А үүдээр явж байгаа та болиоч гэж хэлсэн. Тухайн үед би эрчээрээ унасан бол плита шалан дээр унах байсан. Эртхэн ааш араншнаа засах хэрэгтэй. Надад одоо нэхэмжилж байгаа зүйл болон гомдол санал байхгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ж.Г “Би 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 07 цаг 30 минутын үед Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт сувиллын цогцолборын 2 дугаар давхрын ажилчид байрлах өрөө рүү явж ороход У ирж байрлан ажиллах гэж байхаар нь би “Чи ажиллаж бол болно. Харин байрлан ажиллаж болохгүй” гэдгийг тайлбарлан зогсож байхад Б.Б дарга гаднаас орж ирэн надад хандан “чи мэддэг юм биш, ажил битгий үймүүлээд бай, би байгууллагын дарга, мэдэж байна, эндээс гар зайл” гэж хэлэн миний өөдөөс харан зогсож байхдаа миний 2 гарын шуу хэсгээс гараараа хүчтэй базан барьж байгаад солбин өөр лүүгээ татан хүчтэй хойш саван түлхэхэд би толгойны арын дагз болон зүүн гарын бугалга хэсгээрээ маш хүчтэй хаалганы ирмэг мөргөсөн. Б.Б нь тухайн үед аягүй огцом уурласан. Уг нь би уурыг нь хүргэхээр зүйл гаргаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19-р хуудас/
2. Гэрч Ж.Н “2021 оны 07 сарын 15-ны өглөө 07 цаг 30 минутын орчимд өөрийн ажил болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эрдэнэт сувлал цогцолборын 206 тоот өрөөнд байж байтал манай сувилагч А нь Сэлэнгэ амралт аялал жуулчлалын цогцолборын сувилагч Г гэх эмэгтэй миний хажуугийн орон дээр буюу нэг өрөөнд оруулсан. Тухайн үед Б.Б дарга зөрж орж ирээд энд хэн хэн байгаа юм бэ? гэж асуугаад Г гэх эмэгтэйг хараад гадны хүн байгаа юм уу, чи гар, гар чамайг хэн энд ор гэсэн юм бэ? гэж хэлтэл Г гэх эмэгтэй өөрөө гараад явсан. Гэтэл удаагүй манай орлогч Ж.Г орилоод орж ирээд би чадвартай баг оруулах гэж байна гэж хэлтэл Б.Б дарга чи юу гээд байгаа юм бэ? би ажлаа мэдэж байна гэсэн. Ж.Г гар цаашаа гэж хэлээд гарахгүй байхаар хоёр гарнаас нь бариад татсан. Тэгтэл Ж.Г гарахгүй урдаас нь хэрэлдээд орилоод л доошоо суучихсан. Тэр хоёр хоорондоо ажил төрлийн шугамаар чи би гээд л байсан.Тэрнээс Б.Б, Ж.Г нар хоорондоо зодоон хийгээгүй. Б.Б дарга өөрсдийнхөө ажилчидыг ажлуулах санаатай байсан. Харин Ж.Г орлогч өөрсдийнхөө хүмүүсийг ажлуулах санаатай байдаг. Өөр харсан мэдсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-р хуудас/
3. Гэрч Д.А “Би 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 07 цагийн үед ажилдаа очиж Эрдэнэт сувилалын цогцолборын 2 давхарын ажилчдын байрладаг өрөөнд ажил хүлээлцэх гэж байхад Б.Б дарга ууртай орж ирж 2 ажилтныг ажиллуулахгүй гээд шууд хөөн гаргасан. Тэгээд би өрөөнөөс гарч өөрийн хувцсаа солиод гарч ирэхэд ажилчдын байрладаг өрөө буюу 206 тоот өрөөний үүдний гадна хэсэгт Б.Б дарга Ж.Г ерөнхий эмчийн 2 гарынх нь тохойны дээд хэсгээс 2 гараараа барин түлхэн хойш нь гэдийлгэж байхаар нь би хажууд нь очин болиоч ээ гэж хэлж болиулсан. Тэгээд би өөрийн ажлаа хийхээр явсан болохоор өөр юу болсон талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-р хуудас/
4. Гэрч Ц.У “Би Эрдэнэт сувилалын тусгаарлалтад ажиллахаар Эрдэнэт сувилалын 206 тоот өрөөнд Н, А нарын хамт байж байхад Б.Б дарга орж ирсэн. Араас нь Ж.Г орлогч орж ирсэн бөгөөд гал тогооны ажилчдыг тусгаарлалтад ажиллуулахгүй гээд Б.Б даргатай маргалдахад Б.Б дарга уурлан, би мэдэж байна гээд Ж.Г орлогч даргыг гар гээд Б.Б дарга гараараа нэг гарын шуу хэсгээс барихад гараа сугалан авсан. Дахин нөгөө гарынх нь шуу хэсгээс барьж татахад Ж.Г нь гараа өөрөө буцаан авсан. Тэгээд Б.Б, Ж.Г нар өрөөнөөс гарч явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-р хуудас/
5. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 689 дугаартай “Ж.Г биед зүүн бугалга, шууны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, тохой, шуу, баруун бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтлүүд нь базах, цохих, түлхэх хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 39-41-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 07 дугаар сарын 15- ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-н Эрдэнэт сувиллын цогцолборын 2-р давхарт Ж.Г маргалдаж улмаар гарнаас нь татаж, түлхэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнийг иргэний 5 бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцэх зүйл байхгүй. Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй. Шүүгдэгч хохирогч нар нь хоорондоо тохиролцон 1 500 000 төгрөгийг хохиролд төлсөн тул түүнийг хохирол төлбөргүйд тооцуулах саналтай байна. Бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэрэгт цугларсан нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн биед учирсан олон тооны гэмтэл учирсан. Үүнийг шүүгдэгч учруулсан эсэхийг харгалзан үзнэ үү. Шүүгдэгч хэргийнхээ талаар тодорхой дэлгэрэнгүй ярьсан байдаг. Энэ хоёр хүн ажлын эрх ашгийн төлөө хоорондоо муудалцаж маргалдсан. Б.Б ямар шалтгааны улмаас ийм үйлдэл гаргасан болохоо хэлээгүй харин миний буруу гэж буруугаа хүлээсэн. Гэрч хохирогч нарын мэдүүлгээс харахад энэ хоёр хүн ажлын эрх ашгийн төлөө өөрсдийн гаргасан шийдвэрээ зөвтгөж маргалдсан байсан. Улсын яллагч тус зүйлд заасан хамгийн бага ялын санал гаргаж байгаатай санал нэг байна. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх саналтай байна. Торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Г “Би 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 07 цаг 30 минутын үед Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт сувиллын цогцолборын 2 дугаар давхрын ажилчид байрлах өрөө рүү явж ороход У ирж байрлан ажиллах гэж байхаар нь би чи ажиллаж бол болно. Харин байрлан ажиллаж болохгүй гэдгийг тайлбарлаад зогсож байхад Б.Б дарга гаднаас орж ирээд надад хандан чи мэддэг юм биш, ажил битгий үймүүлээд бай, би байгууллагын дарга, мэдэж байна, эндээс гар зайл гэж хэлээд миний өөдөөс харан зогсож байхдаа миний 2 гарын шуу хэсгээс гараараа хүчтэй базаж бариад солбин өөр лүүгээ татаж хүчтэй хойш саван түлхэхэд нь би толгойны арын дагз болон зүүн гарын бугалга хэсгээрээ маш хүчтэй хаалганы ирмэг мөргөсөн. Б.Б нь тухайн үед аягүй огцом уурласан. Уг нь би уурыг нь хүргэхээр зүйл гаргаагүй” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Н “2021 оны 07 сарын 15-ны өглөө 07 цаг 30 минутын орчимд өөрийн ажил болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эрдэнэт сувлал цогцолборын 206 тоот өрөөнд байж байтал манай сувилагч А нь Сэлэнгэ амралт аялал жуулчлалын цогцолборын сувилагч Г гэх эмэгтэй миний хажуугийн орон дээр буюу нэг өрөөнд оруулсан. Тухайн үед Б.Б дарга зөрж орж ирээд энд хэн хэн байгаа юм бэ? гэж асуугаад Г гэх эмэгтэйг хараад гадны хүн байгаа юм уу, чи гар, гар чамайг хэн энд ор гэсэн юм бэ? гэж хэлтэл Г гэх эмэгтэй өөрөө гараад явсан. Гэтэл удаагүй манай орлогч Ж.Г орилоод орж ирээд би чадвартай баг оруулах гэж байна гэж хэлтэл Б.Б дарга чи юу гээд байгаа юм бэ? би ажлаа мэдэж байна гэсэн. Ж.Г гар цаашаа гэж хэлээд гарахгүй байхаар хоёр гарнаас нь бариад татсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.А “Би 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 07 цагийн үед Эрдэнэт сувилалын цогцолборт ажилдаа очиж Эрдэнэт сувилалын цогцолборын 2 давхарын ажилчдын байрладаг өрөөнд ажил хүлээлцэх гэж байхад Б.Б дарга ууртай орж ирээд 2 ажилтныг ажиллуулахгүй гээд шууд хөөн гаргасан. Тэгээд би өрөөнөөс гараад өөрийн хувцсаа солиод гарч ирэхэд ажилчдын байрладаг өрөө буюу 206 тоот өрөөний үүдний гадна хэсэгт Б.Б дарга Ж.Г ерөнхий эмчийн 2 гарных нь тохойны дээд хэсгээс 2 гараараа барьж түлхэн хойш нь гэдийлгэж байхаар нь би хажууд нь очин болиоч ээ гэж хэлж болиулсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.У-ийн “гал тогооны ажилчдыг тусгаарлалтад ажиллуулахгүй гээд Б.Б даргатай маргалдахад Б.Б дарга уурлаж, би мэдэж байна гээд Ж.Г орлогч даргыг гар гээд Б.Б дарга гараараа нэг гарын шуу хэсгээс барихад гараа сугалан авсан, дахин нөгөө гарынх нь шуу хэсгээс барин татахад Ж.Г нь гараа өөрөө буцаан авсан. Тэгээд Б.Б , Ж.Г нар нь өрөөнөөс гаран явсан” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 689 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт сувилал” цогцолборын 2 дугаар давхарт Ж.Г-тэй маргалдан гарнаас нь татаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар санал гараагүй байна.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас Ж.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байна.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А