Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2017/00264

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах, РД:******** , утас ******** , Баян-Өлгий аймгийн О байдлын газар /дарга, дэд хурандаа С.П/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, утас *******, **********Т овогт Т Е холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн О байдлын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ургац, Ш.Е , хариуцагч Т.Е , хариуцагчийн өмгөөлөгч Х.З , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшиж байгаа 876 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн О байдлын газрын дарга, дэд хурандаа С.П шүүхэд гаргасан /нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн/ нэхэмжлэлдээ: Иргэн Т.Е нь 1994 оны 11 дүгээр сарын 11-нд батлагдсан Газрын тухай хуулийн /тухайн үед хүчин төгөлдөр байсан/ 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, төрийн байгууллага болох Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэдлийн 12495 м.кв газраас 4000 м.кв газрыг хувьдаа өмчилж авсан байсан тул түүний одоогийн хашаа татаж эзэмшиж байгаа 4876 м.кв газрыг бүхэлд нь О байдлын газрын мэдэлд шилжүүлэн өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж улмаар Т.Е газар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын 46 дугаар захирамж, аймгийн Засаг даргын 677 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс Т.Е нь төрийн байгууллагын газрыг хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд хандаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргасан байна. Тийм учраас Т.Еы эзэмшиж буй 4876 м.кв газрыг бүхэлд нь нэхэмжилснийг өөрчилж, түүний хууль бус илүү эзэмшиж байгаа 876 м.кв газрыг О байдлын газрын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж байна. Т.Еы О байдлын газрын мэдлийн 876 м.кв газрыг илүү эзэмшиж байгаа нь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 110/Ш32016/0124 дугаартай шинжээч томилох захирамжаар гаргасан шинжээч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Х.Өмиржаны 01 дүгээр дүгнэлтээр давхар тогтоогдож байна гэжээ.

Хариуцагч Т.Е шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Баян-Өлгий аймгийн О байдлын газрын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны 19/118 тоот Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх тухай" нэхэмжлэлтэй танилцаж хариуцагчийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна.Үүнд:

1.Нэхэмжлэгч О байдлын газар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 876 м.кв газрыг хариуцагч Т.Е миний бие 2002 оноос эзэмшиж байгаа бөгөөд Монгол Улсын Иргэний тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 75.2.2-т Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна" гэснийг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэснийг тус тус зөрчиж нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны Хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 84 тоот тогтоолын хянавал хэсгийн Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2002 оны захиргааны актыг 2004 оноос хойш мэдэх боломжтой байсан атлаа эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзлээ. Анхан шатны шүүхээс "...ердийн харьяаллын шүүхэд газрын асуудлаар нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоологдохоор байна гэсэн дүгнэлт хийсэн нь буруу болжээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ. Тийм учраас Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны Хэргийн шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор Хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж нотлох баримтаар үнэлсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэргийн шүүх дахин үнэлэхгүй гэж үзэж байна.

2. Маргаан бүхий 876 м.кв газрыг 2002 оноос эхлэн Т.Е миний бие эзэмшиж байгаа тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу 2 жил дараалан ашиглаагүй нөхцөлд газар эзэмших эрх хүчингүй болох учир нэхэмжлэгч О байдлын газар нь тухайн газрыг 15 жил ашиглаагүй учир эзэмших эрх нь дуусгавар болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч О байдлын газар нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01 шинжээчийн дүгнэлтийг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч энэхүү шинжээчийн дүгнэлтийг Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны Хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор нотлох баримтаар үнэлсэн. Тухайн шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч О байдлын газар нь Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 37 шийдвэртэй захиргааны хэргээс хуулбарлан авсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учир дахин нотлохгүй. Иймд шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Би даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.А шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд: Нэхэмжлэгч тал болох аймгийн О байдлын хэлтсийн 1563 м.кв эзэмшил газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас хүү Ж.Д бид хоёрын хууль ёсны эзэмшил газар болох 416 м.кв талбайд холбогдох хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Т.Е бид харилцан хүсэл зоригоо илэрхийлэн, тохиролцсоны үндсэн дээр түүний Баян-Өлгий аймгийн Засаг даргын 348 тоот захирамжийн дагуу эзэмшсэн ******** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4000 м.кв талбай эзэмшил газраасаа 416 м.кв талбай газрыг нь нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай дугаар 677 тоот захирамж гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтэд хуульд заасны дагуу дурдсан гэрээ, хураамж төлсөн баримт бусад холбогдох материалуудыг бүрэн хавсарган бүрдүүлж өгсний үндсэн дээр хүү Ж.Дд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ********* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон болно. Улмаар тэр газарт хашаа татаж, 2 давхар байшин барьсан ба 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ************ тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүү Ж.Д бид хоёрын нэр дээр гарсан. Мөн Засаг даргын дугаар 677 тоот захирамжид Т.Еы 4000 м.кв талбайгаас 22416 м.кв нь хасагдсан тул үлдэж байгаа 3584 м.кв талбай газарт шинэ газар эзэмших гэрээ хийх, эрхийн гэрчилгээ олгож, өөрчлөлтийг улсын бүртгэлд тусган бүртгүүлэх, хувийн хэрэг нээхийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үүрэг болгосон байсан. Үүнээс үзэхэд манай эзэмшсэн газар болох 416 м.кв талбай нь Т.Еы 4000 м.кв талбай газраас хасагдсан болох нь тодорхой харагдаж байна. Хариуцагчид эзэмшүүлсэн 4000 м.кв талбай газрын Засаг даргын захирамжид холбогдуулан түүнийг хүчингүй болгуулах тухай Захиргааны хэргийн шүүхэд гомдол гараагүй нь тус захирамж хууль зүйн үндэслэлтэй, эзэмшүүлсэн газар нь хууль ёсны эзэмшил хэвээр байх тул байршлын хувьд Т.Еы эзэмшлийн координатын 3 цэгээс дотогш буюу 4000 м.кв талбай бүхий газарт багтах манай эзэмшлийн 416 м.кв талбай газар ч мөн л хууль ёсны эзэмшил гэсэн дүгнэлт гарах юм. Манай эзэмшлийн 416 м.кв талбай газар нь хариуцагчийн эзэмшиж буй 4000 м.кв талбайн дотогш байршилтай гэдэг нь Ж.Ды /*********** / эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургаас харагдана. Иймд манай эзэмшлийн 416 м.кв талбай газар нь аймгийн О байдлын хэлтсийн буюу нэхэмжлэгч талын газар нутагт огт хамаарагдахгүй болно.

2. Аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 677 тоот захирамжийн хуулийн үндэслэлийн тухайд: Хуулийн зохицуулалтаас үзвэл Газар эзэмших хууль ёсны эрхтэй этгээд болох газар эзэмших эрх шилжүүлэгч Т.Е, газар эзэмших эрх хүлээн авагч хүү Ж.Д нарын хэн алиных нь газар эзэмших эрх шилжүүлэхийг зөвшөөрсөн хүсэлт, нотариатаар гэрчлүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хураамж төлсөн баримт зэрэг хүсэлтэд хавсаргавал зохих бүх баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрдүүлэн өгсөн тул үүний дагуу аймгийн Засаг дарга хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 677 тоот захирамжаар Т.Еаас Ж.Дд газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

3.Нэхэмжлэгч болох О байдлын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Тус хэргийн маргааны зүйл болж буй хариуцагч нь хууль ёсоор эзэмшүүлсэн 4000 м.кв талбай газраас гадна нэхэмжлэгч талын буюу ОБХ-ийн хууль ёсны эзэмшлийн гэх 1563 м.кв газрыг үндэслэлгүйгээр илүү эзэмшиж байгаа эсэхийг тогтоох нь хэргийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарахад ач холбогдолтой юм. Харин манай эзэмшлийн 416 м.кв талбай газрыг хариуцагчийн хууль ёсны эзэмшлийн 4000 м.кв газраас эзэмшүүлсэн тул уг маргааны зүйлд хамааралгүй болж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар манай хууль ёсны эзэмшлийн 416 м.кв талбай газар нь нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхийг шаардаж буй 1563 м.кв газрын байршилд хамааралгүй болох нь, мөн хариуцагч Т.Еы эзэмшлийн 4000 м.кв талбай газар болон түүнээс шилжүүлэн авсан манай эзэмшлийн 416 м.кв талбай газар нь хууль ёсны болох нь хангалттай хэмжээнд бүрэн нотлогдож байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч О байдлын хэлтсийн албадан чөлөөлүүлэхийг хүссэн 15бЗ м.кв талбай газрын нэхэмжлэлийн шаардлагаас манай эзэмшлийн буюу хүү Ж.Ды нэр дээр бүртгэгдсэн 416 м.кв талбай газарт холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймгийн О байдлын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ургац шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Баян-Өлгий аймгийн О байдлын газар анх 1999 онд Өлгий сумын Засаг даргын захирамжаар 12495 мкв газар эзэмшиж байсан. Үүний 4000 мкв газрыг иргэн Т.Е нь хууль бусаар эзэмшсэн байсан. Энэ талаар бид урьд нь сум дундын шүүхэд илүү эзэмшсэн газрыг нэмж бүхэлдээ нэхэмжилсэн байсан. Энэ дээр Өлгий сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын шийдвэрийн талаар захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой гэсний дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Ингээд 3 шатны шүүхээр О байдлын газрын асуудлыг шийдэж өгсөн. Харин 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс энэ асуудлын хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байна гэдэг үндэслэлээр Баян-Өлгий аймгийн О байдлын газрын нэхэмжлэлийг хангахаас татгалзсан шийдвэр гаргасан. Энэ шийдвэр эцсийн шийдвэр учраас бид нар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж Т.Еы илүү эзэмшиж байгаа 876 м.кв газрыг нэхэмжлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Энэхүү 876 м.кв газар дээр Өлгий сумын Засаг дарга, аймгийн Засаг даргаас буюу холбогдох албан тушаалтнаас шийдвэр гараагүй. Энэ бол урьд нь О байдлын газрын мэдэлд байсан. Энэ нь шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаас батлагдсан. Ийм учраас 876 м.кв газрыг Т.Еаас чөлөөлж Баян-Өлгий аймгийн О байдлын газрын мэдэлд шилжүүлж өгнө үү гэв.

Баян-Өлгий аймгийн О байдлын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Е шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч Т.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ газар бол 1999 онд хэний ч эзэмшлийн газар биш байсан. Нэг хашаатай байсан. Гэхдээ албаных уу, аминых уу гэдгийг тухайн үед Өлгий сумын газрын албаныхан би Засаг даргатай тохирсон учраас нэгтгээд нэг гэрчилгээ бичиж өгсөн. Сая Засаг даргын захирамж нь гарсан гэж ярилаа. Гэхдээ 12495 м.кв газрыг эзэмшүүлсэн тухайн үеийн Засаг даргын захирамж нь гараагүй. Тэр бол захиргааны хэргийн шүүх дээр ч нотлогдоогүй. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Газрын тухай хуульд заасны дагуу заавал эзэмшүүлсэн захирамж гарсны дараа энэ чинь хууль, эрхийн акт болох ёстой. Тийм батлагдаагүй болохоор би дахиж хүсэлт гаргаад хүсэлт маань 2004 онд шийдэгдээд Өлгий сумын Засаг даргын 46 дугаар захирамжаар нэгэнт гэрчилгээ бичигдсэн болохоор миний газрыг салгаж өгсөн. Дараа нь 2007 онд Газрын тухай шинэ хууль батлагдаж бүх аж ахуйн нэгж, иргэдийн газрыг кадастрын зурагт оруулсан. Ингэж кадастрын зураг оруулахдаа эхлээд аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 392 дугаартай захирамж гарсан. 2007 оны 7 дугаар сард Баян-Өлгий аймгийн О байдлын газар бол өөрийнхөө эзэмшлийн газрыг кадастрын зурагт оруулаад захирамж гаргуулаад 7395 м.кв газрыг эзэмшиж байгаа гэдгээ тогтоолгоод гэрчилгээ олгоод гэрээ байгуулсан байгаа. Дараа нь 2007 оны 9 дүгээр сард миний бие Баян-Өлгий аймгийн О байдлын газар өөрийнхөө эзэмшлийн газраа тогтоож авсны дараа би өөрийнхөө эзэмшлийн газраа баталгаажуулж мөн адил гэрээ хийж кадастрын зурагт оруулж авсан. Миний ганцхан хүсэж байгаа зүйл бол миний кадастрын зургийг Баян-Өлгий аймгийн О байдлын газрын кадастрын зурагтай харьцуулж үзээд хил заагийг зөрчсөн үү гэдгийг тогтоож өгөхийг хүсэж байгаа. Энэ асуудал өнөөдрийг хүртэл тогтоогдохгүй байгаа. Эднийх Засаг даргын захирамж нь алдаа байсан гээд янз бүрийн тайлбар өгөөд байгаа. Тэгвэл энэ хууль эрхийн актыг яаж авсан юм бэ?. Өөрсдөө кадастрын зураг болон бусад холбогдох баримтуудаа нууж хаагаад надаас илүү газар нэхэмжилж байгаа. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн О байдлын газар бол 10000 м.кв газар эзэмшиж байгаа. Миний Д компанийн захирал Ад өгсөн 400 м.кв газрыг надаас авсан. Гэхдээ тэр бас дахиад 200 м.кв газар илүү эзэмшилтэй байгаа. Миний 4000 м.кв газраас 800 м.кв газар илүү байна гэдгээрээ эд нар авах гээд байдаг. Заавал хүний илүү эзэмшлийн газрыг авах ямар хуулийн зохицуулалт байдаг юм бэ?. Би кадастрын зургаа зөрчсөн байвал 4000 мкв газраа авна уу, 800 мкв газраа авна уу гэдгээ аль түрүүн хэлсэн. Би албан ёсоор Газрын харилцаа, хот байгуулалтын газраас кадастр хийлгээд 3,4 дүгээр цэгийг зөрчсөн байвал хариуцлага хүлээхээс татгалзахгүй гэж 3 жилийн өмнө тайлбар дээр бичиж өгсөн. Тийм учраас Баян-Өлгий аймгийн О байдлын газрын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн энэ асуудал гараад 15 жил болсон. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Нэгэнт би ч гэсэн, О байдлын газар ч гэсэн Газрын харилцаа, хот байгуулалтын газартай гэрээ байгуулаад гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа. Нөгөө талаасаа тэнд миний үл хөдлөх хөрөнгө байсан. Тэнд мод суулгасан. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил, ерөнхий хугацаа 10 жил байдаг. Тэгэхэд ямар ашиг сонирхол байгааг мэдэхгүй байна. 15 жилийн өмнөх зүйлийг өнөөдрийн шүүхээр хэлэлцэх ямар хуулийн үндэслэл байдгийг мэдэхгүй байна. Энэ асуудлыг захиргааны хэргийн шүүхээс нэг бүрчлэн авч үзсэн. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг тогтоох хэсэгт бүх зүйл тодорхой бичигдсэн учраас тэрийг давтан хэлэх шаардлага байхгүй гэж бодож байна. Газрыг тухайн байгууллага ашиглаагүй хоёр жил өнгөрсөн болохоор хүчингүй болсон гэдгийг анхаарч үзэхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар талууд доорх байдлаар газар эзэмшиж байсан байна. Үүнд:

а) Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн О байдлын газар нь:

1) 1999 оны 3 дугаар сарын 19-ны өдөр олгосон №********** дугаартай Монгол Улсын Газар эзэмших гэрчилгээгээр тухайн үед Гал түймэртэй тэмцэх алба (одоогийн О байдлын газар) нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 12495 м.кв талбайтай газрыг 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

Улмаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаартай захирамжийн 1 дэх заалтаар аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтэс (одоогийн О байдлын газар)-ийн 12495 м.кв талбайтай газрын 4000 м.кв талбайтай газрыг хасаж үлдсэн 8495 м.кв талбайтай газрыг эзэмшүүлэн, 2 дахь заалтаар Гал түймэртэй тэмцэх хэлтсийн эзэмшлийн газраас хасагдсан 4000 м.кв талбайтай газрыг Жан дана хоршооны эзэмшилд олгосон байна. 2) 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдөр олгосон №********** дугаартай Монгол Улсын Газар эзэмших гэрчилгээгээр нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн О байдлын газар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын ************ дугаар бүхий 7350 м.кв газрыг 50 жилийн хугацаатай төрийн байгууллагын зориулалтаар эзэмшүүлсэн байна.

б) Хариуцагч Т.Еы хувьд:

1) 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Эзэмшлийн газрын бусдад шилжүүлэх гэрээ болон 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-гээр Жан дана хоршооны эзэн М.Т нь гэрчилгээний №********** , улсын бүртгэлийн ********** дугаартай Жан дана хоршооны эзэмшлийн 4000 м.кв газрыг Т.Е шилжүүлсэн байна.

2) Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 348 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамжийн 1 дэх заалтаар ... Ж  ХХК-ний Өлгий сумын 5 дугаар багт орших 4000 м.кв газрын газар эзэмших эрхийг Өлгий сумын 2 дугаар багийн иргэн, *********** Т овогт Тий Е зориулалтаар нь шилжүүлэн, 2 дахь заалтаар ... Жан дана ХХК-нд газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот захирамжийн холбогдох хэсэг болон ********* тоот эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

3) 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр олгосон №*********** дугаартай Монгол Улсын Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр хариуцагч Т.Е нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 348 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын ********* дугаар бүхий 4000 м.кв газрыг 29 жилийн хугацаатай үйлдвэр, Өлгий сумын 5-р баг, О байдлын хэлтсийн баруун залгаад худалдаа үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.

4) 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр олгосон №********** дугаартай Монгол Улсын Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Т.Е нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 677 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын *********** дугаар бүхий 3584 м.кв газрыг 24 жилийн хугацаатай, Өлгий сумын 13-р баг, О байдлын хэлтсийн баруун залгаад худалдаа үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.

г) Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.А (Ж.Д)-ийн хувьд:

1) Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 677 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамжийн 1 дэх заалтаар Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт О байдлын хэлтсийн баруун талд залгаа байршилтай /хуучин 5-р баг/ иргэн Т.Еы *********** дугаартай 4000 м.кв талбайтай эзэмшлийн газраас 416 м.кв газрыг Өлгий сумын 3 дугаар багт оршин суух иргэн ************ Е овогт Ж Дд 24 жилийн хугацаагаар худалдаа үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлж, 2 дахь заалтаар аймгийн Засаг даргын Т.Е газар эзэмшүүлсэн 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 348 тоот захирамжийн холбогдох хэсэг болон ********* тоот газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгон, 3 дахь заалтаар иргэн Ж.Д болон 3584 м.кв газартай иргэн Т.Е нарт шинээр газар эзэмших гэрээ хийж, эрхийн гэрчилгээ олгож, өөрчлөлтийг улсын бүртгэлд тусган бүртгэхийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгасан байна.

2) 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон №*********** дугаартай Монгол Улсын Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Ж.Д нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 677 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 031306029 дугаар бүхий 416 м.кв газрыг 24 жилийн хугацаатай, Өлгий сумын 13-р баг, О байдлын хэлтсийн баруун залгаад худалдаа үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Хариуцагч Т.Е 4000 м.кв эзэмшлийн газраа бэлэглэлийн журмаар шилжүүлсэн Жан дана хоршоо нь энэ газрыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаартай захирамжаар эзэмшилдээ авсан байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийн хавсралт Газар эзэмшүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага-ын жагсаалтын 89 дүгээрт Жан дана хоршоо эзэмшүүлсэн газрын зориулалт нь үйлдвэр үйлчилгээний зориулалттай, эзэмшүүлсэн газрын хэмжээ 4000 м.кв, эзэмшүүлсэн газрын байршил Өлгий сумын 4 дүгээр баг О байдлын хэлтсийн баруун талд залгаа гэсэн байна,

Мөн 2007 оны 7 дугаар сарын 09-ны өдөр олгосон №************** дугаартай Монгол Улсын Газар эзэмших гэрчилгээгээр Жан дана хоршоо нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын ********** дугаар бүхий 4000 м.кв газрыг 30 жилийн хугацаатай үйлдвэр, үйлчилгээ, худалдааны зориулалтаар эзэмшүүлсэн гэсэн байна.

Эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн О байдлын газар нь 1999 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу 12495 м.кв газрыг эзэмших эрхтэй байсан бөгөөд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаар захирамжаар уг газраас 4000 м.кв газрыг хасаж Жан дана хоршоонд шилжүүлж, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн О байдлын газрын эзэмших газрын хэмжээ 8495 м.кв болгон багасгасан байна.

Улмаар 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдөр олгосон №********** дугаартай Монгол Улсын Газар эзэмших гэрчилгээгээр нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн О байдлын газар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын *********** дугаар бүхий 7350 м.кв газрыг 50 жилийн хугацаатай төрийн байгууллагын зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Үүгээр нэхэмжлэгч О байдлын газрын эзэмшил газар 8495 м.кв-аас 7350 м.кв болон багассан болох нь нотлогдож байна.

Энэ үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны Хэргийн шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 84 дүгээр тогтоол гарсан байна.

Иймд нэхэмжлэгч О байдлын газрын эзэмшиж байсан 8495 м.кв газар нь 7350 м.кв болон багассаныг 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших гэрчилгээ авахад мэдсэн буюу мэдэх боломжтой байтал тухайн үед Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаартай Захирамжид гомдол гаргаагүй байна.

Мөн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн О байдлын газрын эзэмшлийн газраас илүү 876 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж байгаа үйл баримт нь 2002 онд Жан дана хоршоо газар эзэмшиж байсан үеэс эхлэлтэй ба хариуцагч Т.Е нь 2007 оноос өөрийн эзэмшлийн 4000 м.кв газарт болон илүү эзэмшиж байсан гэх 876 м.кв газарт үл хөдлөх хөрөнгө байшин барьж хашаа татаж, үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэн, өмчлөлийн эрхээ хамгаалуулан амьдран сууж ашиглаж байсаар байна.

Иймд нэхэмжлэгч О байдлын газар нь 8495 м.кв газрыг 7350 м.кв болгон багасгасныг 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших гэрчилгээ авахад мэдэх ёстой байтал эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй, мөн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн О байдлын газар нь эзэмшил бүхий газраас 876 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж байсан бусдын эзэмшлээс шаардах, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг хариуцагчаас шаардах эрхтэй боловч 2002 оноос хойших хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй мөртлөө 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Т.Е холбогдуулан иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа явдал нь Иргэний тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна, 75.2.2-т Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэж заасныг тус тус зөрчиж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

2004-2013 оны үед нэхэмжлэгч байгууллагын даргаар ажиллаж байсан хүмүүсийн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, холбогдох баримтыг бүрэн гүйцэд судлаагүй нөхцөл байдал нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан болж чадахгүй болно.

Мөн Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т шударга эзэмшигч нь алдсан эд хөрөнгө 3 жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй гэж заасан боловч нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн О байдлын газар нь хуульд заасан хугацааг хэтрүүлж шаардах эрхээ алдсан байна.

Иймд нэхэмжлэгч О байдлын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч төсвийн байгууллага тул энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2, 90 дугаар зүйлийн 90.2-ийг тус тус баримтлан хариуцагч *********** Т овогт Тий Еы хууль бус эзэмшлээс 876 м.кв газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн О байдлын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК