Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 51

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 08 сарын 16 өдөр               Дугаар 51                                           Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Ц.Роза

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Д.Эрдэнэтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эрдэнэтөгсөд холбогдох 201617000154 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

        Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн харъяат, 1980 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй,  боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч дүү нарын хамт Баруун-Урт сумын 5 дугаар баг Бага дөрөлжийн 16-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 03 сарын 30-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаарт зүйлийн 145.1-д зааснаар 1 сарын баривчлах, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 04 сарын 23-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хорих, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 07 сарын 29-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 09 сарын 12-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 3 сарын баривчлах, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 сарын 14-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 07 сарын 23-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нийт 2 жил 06 сарын хорих ял шийтгүүлж Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 2015.11.05-ны өдрийн 60 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 25 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, регистрийн дугаар ЛА80022217, Зээрднүүд овгийн Дамдинсүрэнгийн Эрдэнэтөгс.   

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр /:

 

Шүүгдэгч Д.Эрдэнэтөгс нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 05 сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн иргэн Ж.Нарандэлгэрийн байшингийн цонхоор нэвтрэн орж 1 хос монетон ээмэг, Сүхбаатар нэртэй 0.75 литрийн 4 шил архи, цэнхэр өнгийн тортой эд зүйлийг хулгайлж бусдад 458.400 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

  - Шүүгдэгч Д.Эрдэнэтөгс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өглөө гэрээсээ гараад архи уугаад согтуу явж байгаад эзэнгүй айл руу орж архи, ээмэг авч гарсан. Цонхных нь сараалжин төмрийг төмрөөр эвдсэн. Архийг нь уугаад аймгийн төвд согтоод унасан. Цагдаа нар намайг гэрт хүргэж өгсөн. Өөр юу болсон талаар мэдэхгүй байна. Ам хатахаар ус уумаар санагддагтай адилхан архи уумаар санагдаад байдаг. Архи уумаар санагдаад л мөнгө олох гэж хулгай хийдэг. Архи уухаараа л мөнгө олж дахиад архи уух гээд хулгай хийдэг. Батсуурь цагдаа эмчилгээнд явуулах хүмүүсийн нэрэнд миний нэрийг явуулсан гэсэн. Сүүлийн үед би тэр цагдаатай уулзаагүй. Би 10 сард өршөөлөөр суллагдсан. Хохирлоо төлөөгүй... гэв. 

 

- Хохирогч Ц.Намжвандангийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манай ээж Ж.Нарандэлгэр нь Баруун-Урт сумын 6-р баг Далангийн 6-11 тоотод оршин суудаг юм. Ээж маань эзгүй байх үед би гэрийг нь харж үлддэг юм. 2016.05.19-нйи өглөө намайг 08.30 цагт ажилдаа яваад орой 19 цагт ирэхэд манай ээжийн байшингийн цонхоор хулгай орж манай төрсөн дүү Ц.Жавзандуламын 1 хос монетон ээмэг, Сүхбаатар нэртэй 0.75 литрийн архи 4 шил, цэнхэр өнгийн тортой ойр зуурын зүйл хулгайд алдагдаж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан. Манай дүүгийн ээмэг нь 2016 оны 02 сард 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан, том цагираг дотор 3 жижиг цагирагтай, нийт 4 цагирагтай монетон ээмэг байсан. Архи нь Жэм интэрнэшнлээс гаргадаг Сүхбаатар гэдэг нэртэй 0.75 литрийн 4 шил задлаагүй бүтнээрээ байсан. Цэнхэр тор нь дээрээ эрэгтэй эмэгтэй хүний зурагтай англи, хятадаар бичсэн бичигтэй, торон дотор нь миний албан ажилдаа ашиглаж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийг хэвлэсэн цаас, цагаан бариултай жижиг аяга, кимбаб ороогч, цагаан өнгийн пивор банш чимхэгч зэрэг эд зүйлс байсан. Би хулгайд алдсан хос ээмгээ 350.000 төгрөгөөр, Сүхбаатар нэртэй архийг 1 шилийг нь 14.600 төгрөгөөр, нийт 4 шил архи нь 58.400 төгрөг, цонхны эвдэрсэн хаалтыг 100.000 төгрөгөөр, харин цэнхэр тортой эд зүйлийг үнэлэхгүй. Нийт 508400 төгрөгөөр үнэлнэ. Эд зүйлээ хулгайд алдсандаа гомдолтой байна. Ээмэг, цонхны хаалт, 4 шил архиа нэхэмжлэнэ... гэх мэдүүлэг /хх-22/,

-  Гэрч Э.Мөнхнасангийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016.05.19-ний өдөр 19 цагаас шөнийн 01.30 цаг хүртэлх хугацаанд банкны цагдаа ахлах ахлагч З.Ганзоригийн хамт 06-51 СҮА дугаартай машинтай хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ хугацаанд цагдаагийн газрын шуурхай удирдлагын албанаас 19.41 цагт Их зам дэлгүүрийн арын гудамжинд согтуу хүн унтаж байна гэсэн дуудлагаар очиход Бага дөрвөлжийн 16-1 тоотод оршин суудаг Эрдэнэтөгс гэгч нь согтуу цэнхэр тортой эд зүйл тэврээд унтаж байхаар нь сэрээгээд ар гэрт нь хүргэж өгсөн юм. Ганзориг бид хоёрыг очиход Эрдэнэтөгс нь цагаан өнгийн бичигтэй, эрэгтэй эмэгтэй хүний зурагтай, бариулгүй цэнхэр тор тэврээд хэвтэж байсан. Торыг үзэхэд дотор нь хуулийн заалттай цааснууд болон цагаан архины хундага, жижиг цагаан модон эд зүйл байхаар нь үүнийгээ авч явах уу гэхэд тэрээр юу ч хэлэлгүй тэндээ хаяад явсан. Тухайн үед Эрдэнэтөгсийн биед ямар ч үзлэг хийгээгүй, торыг нь тэнд нь үлдээгээд өөрийг нь гэрт нь хүргэж өгөөд явсан.. гэх мэдүүлэг/хх- 25 /

 

- Гэрч Д.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Эрдэнэтөгс нь манай төрсөн дүү бөгөөд бид нэг ам бүлд амьдардаг юм. Эрдэнэтөгс нь 1-р ангид сурч байгаад сургуулиасаа гарсан. Хүмүүстэй нийлээд байдаггүй, найз нөхөдгүй, хэд хэдэн удаа хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан. Тамхи татдаггүй, архийг 2006 оноос хойш их уудаг болсон. Архи уухаараа хулгайн гэмт хэрэг үйлдээд байдаг юм билээ. Айлын гэр орон руу орж архийг нь хулгайлж уусан, хөргөгчинд нь байсан махыг хулгайлж архи уусан гэж цагдаа нар хэд хэдэн удаа ирж байсан. 2016.05.19-ний орой 20 цагийн үед намайг ажлаасаа тараад ирэхэд Эрдэнэтөгс согтуу тасарчихсан үүдний пинд хэвтэж байсан. Хүүхдүүд хэлэхдээ цагдаа нар түрүүхэн авчирсан гэсэн. Эрдэнэтөгс нь хулгайлсан эд зүйлсээ гэртээ авчирч байгаагүй. Юу хийж явсанаа гэрийнхэндээ ерөөсөө хэлдэггүй. Эрдэнэтөгс нь манай гэр бүлийн гишүүн учраас энэ гэрт байгаа тавилга эд хөрөнгөнөөс frestech маркийн хөлдөөгчийг түүний нэр дээр битүүмжилж болно.. гэх мэдүүлэг/хх-24-25 /,

 

- Гэрч Д.Эрдэнэцогтын мөрдөн байцаалтанд өгсөн: Миний дүү Д.Эрдэнэтөгс нь хүмүүстэй нийлээд байдаггүй, архи дарс их хэрэглэдэг. Архи уухаараа хулгай хийдэг, хэд хэдэн удаа ял шийтгэл эдлэж байсан. Сүүлд өршөөлөөр суллагдаж ирсэнээс хойш томоожоогүй, гэрийнхэндээ хаагуур юу хийж явсанаа хэлдэггүй. Эрдэнэтөгс нь боловсрол муутай сургуульд сураагүй, ажил хийж үзээгүй, нялх байхдаа тал цус харваснаас болж хөл гар нь саажилттай болж насанд хүрээд группэд орсон. Одоог хүртэл группэд байгаа. Эрдэнэтөгс хулгайлсан эд зүйлээ гэртээ авчирч байгаагүй. Ажилтай хүн шиг нь өглөө эрт гараад явдаг. Тэгээд хаагуур юу хийж явсан нь мэдэгдэхгүй согтуу ирдэг. Энэ явдал нь олон удаа давтагддаг болохоор Эрдэнэтөгсөд хэлээд нэмэр байдаггүй... гэх мэдүүлэг /хх-28/,

 

- Шүүх, сэтгэц эмгэг судлалын магадлагааны акт. 2016.06.13 /хх-30-32/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.05.24-ний өдрийн №23 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг. /хх-34-35/

 

-  Эд зүйлийн үнэлгээ. 2016.05.24-ний өдөр /хх-49/,

 

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх- 3-4/, 

 

- Гэрэл зураг /хх-5-9, 11-12/,

 

- Хохирогчид эд зүйл буцаан өгсөн тэмдэглэл /хх- 13/,

 

-  Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг.2016.06.16 /хх 17- 19/,

-   Эд зүйлийн үнэлгээ.2016.06.20. /хх- 20/,

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р багийн Засаг даргын 2016.06.13-ны өдрийн 5/302 тоот тодорхойлолт /хх-51/,

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2006.03.30-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоол /хх- 119-120/, 

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2007.04.23-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоол /хх- 119-120/, 

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2010.07.29-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоол /хх- 111-112/,

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2011.09.12-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоол /хх- 113-114/,

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2012.12.14-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоол /хх- 115-116/,

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2014.07.23-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоол /хх- 117-118/,

 

- Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 2015.11.05-ны өдрийн 60 дугаартай шүүгчийн захирамж /хх- 86-87/,

 

- Суллагдсан хүмүүст олгодог справка /хх-72/,

 

- Д.Эрдэнэтөгсийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 52/...зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Эрдэнэтөгс нь 2016 оны 05 сарын 19-ний өдөр 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Далангийн 6-11 тоотод оршин суух иргэн Ж.Нарандэлгэрийн байшингийн цонхны төмөр хаалтыг /100.000 төгрөгийн үнэтэй/ эвдэн нэвтрэн орж, 300.000 төгрөгийн үнэтэй нэг хос монетон ээмэг, тус бүр нь 14.600 төгрөгийн үнэтэй Сүхбаатар нэртэй 0.75 литрийн архи 4 ширхэгийг хулгайлан бусдад нийт 458.400 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүгдэгч Д.Эрдэнэтөгсийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Намжвандан, гэрч Э.Мөнхнасан, Д.Эрдэнэбилэг, Д.Эрдэнэцогт нарын мэдүүлгүүд, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, Хохирогчид эд зүйл буцаан өгсөн тэмдэглэл, Эд зүйлийн үнэлгээ/2016.05.24/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

          Хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл, шүүгдэгч Д.Эрдэнтөгс нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи уух зорилгоор буюу шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, айлын цонхны хаалтыг эвдэн байшинд нэвтэрч хулгайн гэмт хэргийг үйлдсэн нь түүний мөрдөн байцаалтанд өгсөн “ Би 2016.05.19-ний өдөр 13 цагийн орчимд дэлгүүрээс 4500 төгрөгөөр 100 граммын Ерөөл нэртэй архи авч уусан. Тэгээд дахиад архи уумаар санагдаад Далангийн гудамжаар явж байтал улаан тоосгон байшинтай айл байхаар нь хаалгыг нь цохиход хүн байгаагүй, эзгүй айл байсан. Тэгэхээр нь хашаан дотор нь хар өнгийн дугуй хэлбэртэй урт төмөр байхаар нь авч байшингийн зүүн урд талын цонхных нь хамгаалалтыг хөшиж мултлаад цонхны порчгийг нь гараараа түлхэж онгойлгож ороод 4 ширхэг 0.75 литрийн Сүхбаатар нэртэй архи, алт юм уу монетон шар ээмэг байхаар нь аваад тэр айлын цонхоор гараад явсан. Больницын зүүн талд нэг шил архиа уугаад үлдсэн архиа авч явж байгаад тасраад ухаан алдсан. Нэг сэрсэн чинь гэрийнхээ үүдний пин дотор унтаж байна лээ” гэх гэрч Э.Мөнхнасангийн “Ганзориг бид хоёрыг очиход Эрдэнэтөгс нь цагаан өнгийн бичигтэй, эрэгтэй эмэгтэй хүний зурагтай бариулгүй цэнхэр тор тэврээд хэвтэж байсан. Торыг үзэхэд дотор нь хуулийн заалттай цааснууд болон цагаан архины хундага, жижиг цагаан модон эд зүйл байхаар нь үүнийгээ авч явах уу гэхэд тэрээр юу ч хэлэлгүй тэндээ хаяад явсан. Тухайн үед Эрдэнэтөгсийн биед ямар ч үзлэг хийгээгүй, торыг нь тэнд нь үлдээгээд өөрийг нь гэрт нь хүргэж өгөөд явсан “ гэх мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдоно.

           

Шүүгдэгч Д.Эрдэнэтөгсөд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Д.Эрдэнэтөгсийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Д.Эрдэнэтөгс нь ажил төрөл эрхэлдэггүй, ам бүлдээ ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, өөрт ногдох хувь хөрөнгө байхгүй зэргийг үндэслэн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр ял халдаах нь зүйтэй гэж үзлээ.

 

           Шүүгдэгч Д.Эрдэнэтөгсөд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин согтуурсан үедээ болон ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т тус тус заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдлууд болно. 

Тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “ Би 2016.05.19-ний өдөр 13 цагийн орчимд дэлгүүрээс 4500 төгрөгөөр 100 граммын Ерөөл нэртэй архи авч уусан.Тэгээд дахиад архи уумаар санагдаад Далангийн гудамжаар явж байтал улаан тоосгон байшинтай айл байхаар нь хаалгыг нь цохиход хүн байгаагүй, эзгүй айл байсан. Тэгэхээр нь ороод гал тогооны шүүгээний доод талын хаалгыг онгойлгоход 4 ширхэг 0.75 литрийн Сүхбаатар нэртэй архи, алт юм уу монетон шар ээмэг байхаар нь авсан ” гэж хүлээн зөвшөөрч мэдүүлжээ. 

Д.Эрдэнэтөгс нь Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 07 сарын 23-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нийт 2 жил 06 сарын хорих ял шийтгүүлж, Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 2015.11.05-ны өдрийн 60 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 25 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад буюу ялтай байх хугацаандаа дээрх хулгайн гэмт хэргийг үйлджээ. 

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр Д.Эрдэнэтөгсөд баривчлах ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авах үндэсгүй гэж үзлээ. Учир нь Д.Эрдэнэтөгс нь  гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй, өмнө үйлдсэн гэмт хэргийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, тухайн гэмт хэргийн ялтай байх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг үндэслэвэл түүнд хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж үзнэ.

 

           Гэмт хэргийн улмаас бусдад учирсан 458.400 төгрөгийг шүүгдэгч Д.Эрдэнэтөгсөөс гаргуулж хохирогч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багийн иргэн Ц.Намжванданд олгоно.

 

           Шүүгдэгч Д.Эрдэнэтөгс энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

 

Д.Эрдэнэтөгс нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлөөгүй тул хохирол нөхөн төлөгдтөл буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал frestech маркийн хөлдөөгчийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016.06.16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үргэлжлүүлнэ. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зээрднүүд овгийн Дамдинсүрэнгийн Эрдэнэтөгсийг ялтай байхдаа орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэтөгсөд эд хөрөнгө хураахгүйгээр 02 / хоёр/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан Д.Эрдэнэтөгсөд оногдуулсан 02 жил 08 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

           4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Д.Эрдэнэтөгсөөс 458.400 төгрөг гаргуулан хохирогч Ц.Намжванданд олгосугай.

 

           5. Ялтан Д.Эрдэнэтөгс энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар ялтан Д.Эрдэнэтөгсийн өмчлөлийн frestech маркийн хөлдөөгчийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016.06.16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Эрдэнэтөгсөд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдний төлөөлөгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН