Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0190

 

Ж.Цын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар шийдвэрт нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлын дагуу Ж.Цын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газарт Хууль эрх зүй, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2014 оны 06 дугаар сарын 30-нд бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн. Тангараг өргөсөн төрийн албан хаагч байсан тул намайг тухайн хугацаанд нөөцөд бүртгэсэн гэж ойлгосон. Улмаар 10 дугаар сарын 31-ний өдөр нөөцөөс ажлын байр нөхөх журмын дагуу намайг сумын байгаль хамгаалагчийн ажилд томилсон ба ажлыг хуулийн дагуу гүйцэтгэж байсан. Гэтэл албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй тул Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/10 дугаартай Ажлын байр чөлөөлөх тухай тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Тэс сумын байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан учир ажлын байрыг чөлөөлөх зайлшгүй шаардлагатай болохыг аймгийн Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдсэн ба нөөцөд бүртгэлтэй хүн байгаа эсэх талаар Төрийн албаны зөвлөлөөс лавласан боловч байхгүй гэсэн хариу өгсөн дагуу ажлын байрыг чөлөөлж, Б/10 дугаартай тушаалыг гаргасан. гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Тэс суманд байгаль хамгаалагчийн ажлын сул орон тоог улс даяар зарлаж, зарыг интернэтээс хараад шалгалтанд орж 1-д шалгарсан. Ж.Цын хувьд ажил мэргэжлийн хувьд таарахгүй болоод төрийн албаны салбар зөвлөлөөс ажлаас чөлөөлсөн. Иймд Ж.Ц байгаль хамгаалагчийн ажлыг хуулийн дагуу хийх боломжгүй юм гэжээ.

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17.2, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15, 16.5.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Цын "Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн Ажлын байр чөлөөлөх тухай Б/10 дугаар тушаал хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Тэс сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагчийн ажилд эргүүлэн тогтоолгох тухай" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо: Ж.Ц нь Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтыг 2005 онд өгч, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байсан бөгөөд 2005 оноос Тэс сумын ЗДТГ-т нийгмийн хөгжлийн бодлого зохицуулалт хариуцсан ажилтан, 2011 оноос Хууль, эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байгаад 2014 оны 06 дугаар 30-нд бүтэц, орон тооны өөрчлөлтөөр ажлаасаа чөлөөлөгдсөн.

Ингэж чөлөөлөхдөө Төрийн албаны Зөвлөлийн 2009 оны "Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам батлах тухай" 99 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3.3-д зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлсөн албан тушаалтан буюу Тэс сумын ЗДТГ-ын дарга тушаалынхаа хувийг төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлж тэмдэглэл хийлгэх үүрэгтэй байсан. Захиргааны албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас Ж.Цыг нөөцөнд бүртгээгүй байгаа явдал Ж.Цыг буруутгах үндэслэл болохгүй.

Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байгаа гэж ойлгож Тэс сумын ЗДТГ-ын дарга нөөцөөс ажлын байр нөхөх журмын дагуу 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б/7 дугаартай тушаал гаргаж Тэс сумын ЗДТГ-ын байгаль хамгаалагчийн ажилд томилсон бөгөөд Ж.Ц ч ийм ойлголттой одоог хүртэл явж байна.

Гэтэл анхан шатны шүүх Ж.Цыг төрийн албаны нөөцөнд бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр буруутган тухайн ажлын байранд томилогдон ажиллаж байсан нь хууль бус бөгөөд ажлын байрыг нь сул орон тоо гарсан гэх утгатай дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна.

Иймээс Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Тэс сумын ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн "Ажлын байр чөлөөлөх тухай" 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/10 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, урьд эрхэлж байсан сумын ЗДТГ-ын "байгаль хамгаалагч"-ийн ажилд эгүүлэн тогтоохыг даалгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.Ц нь Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газарт Хууль зүй, дотоод хэрэг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу бүтэц орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/3 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөн, мөн оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/7 дугаар тушаалаар Ж.Цыг Байгаль хамгаалагчаар түр томилогджээ.

Ийнхүү ажиллаж байгаад сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар ажлын байрнаас чөлөөлсөн бөгөөд үндэслэлээ Төрийн албаны зөвлөлөөс нөөцөд бүртгэгдсэн хүнгүй, сонгон шалгаруулалт зарласан гэсэн тул ажлын байрыг чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд сумын Засаг даргын Тамгын газрын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаар албан бичгээр Байгаль орчны хяналтын Улсын байцаагч, Байгаль хамгаалагчийн орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүргүүлжээ. Түүний дагуу Увс аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтанд тэнцсэн 1 иргэн болох Д.Бямбасүрэнг 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолоор нэр дэвшүүлсний дагуу Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар түүнийг байгаль хамгаалагчаар түр томилжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам-ыг баталсан бөгөөд уг журмын 3.3.3-т Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл дэх салбар зөвлөл нь: энэхүү журмын 2.2.1, 2.2.2, 2.2.3 болон 2.2.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлсөн тухай томилох эрх бүхий этгээдийн шийдвэр гарснаас хойш тус тус ажлын 3 хоногт багтаан нөөцийн бүртгэлд тэмдэглэл хийнэ гэжээ. Өөрөөр хэлбэл, Ж.Цыг төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаад бүтэц орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан төрийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд хариуцагч нь Увс аймаг дахь Төрийн албаны зөвлөлд хандан, төрийн албаны нөөцөд бүртгүүлэх үүрэгтэй байна. Гэтэл тухайн үүргээ зөрчин, төрийн албаны нөөцөд бүртгээгүй атлаа байгаль хамгаалагчийн албан тушаалд нөөцөд бүртгэгдсэн иргэн байхгүй гэж мэдээлэн, улмаар сонгон шалгаруулалт явуулж, түүнийгээ үндэслэн Ж.Цыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.

Гэтэл анхан шатны шүүх төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэнийг төрийн албаны салбар зөвлөлд хандаж, нөөцөд тэмдэглэл хийлгэх байсан гэж дүгнэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, суманд ажиллаж байгаа төрийн албан хаагч аймгийн төв очиж төрийн албаны салбар зөвлөлд нөөцөд байгаа гэж бүртгүүлэх үүрэг хүлээсэн гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн дээрх журмын 5.2-т Төрийн байгууллага дор дурдсан нөхцөл байдал үүссэн үед нөөцийн сангаас тухайн сул орон тоог нөхөх тухай захиалгаа холбогдох Зөвлөлд ирүүлнэ: 5.2.1. холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн албан тушаалд ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлсөн, халсан гэж заасан бөгөөд байгаль хамгаалагчийн ажлын байранд Ж.Ц ажиллаж байхад түүнийг ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан гэх үндэслэлээр чөлөөлсөн нь уг зохицуулалтад нийцэхгүй бөгөөд зөрчилдөөнтэй байна.

Мөн эрх зүйн үндэслэл бүрдсэн нөхцөлд хуулийн дагуу захиргааны акт гаргах ёстой атал хариуцагчаас 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/10 дугаар тушаалын үндэслэл болоогүй ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэсэн тайлбарыг гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6-д Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас байгаль орчны чиглэлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий сургуулийн  мэргэжлийн сургалтанд хамрагдаж төгссөн иргэнийг байгаль хамгаалагчаар ажиллуулна гэж заажээ. Тодруулбал, байгаль хамгаалагч нь зөвхөн мэргэжлийн сургалтанд хамрагдан төгссөн байхыг хуулиар шаардсан байхад хариуцагчаас ажлын байрны тодорхойлолтод мэргэжлийн шаардлага тогтоосон нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Харин Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудын дагуу төсвийн шууд захирагч сумын Засаг даргын Тамгын газрын дарга байгаль хамгаалагчийг томилох, чөлөөлөх эрхтэй учир хариуцагч эрх хэмжээгээ хэтрүүлэн тушаал гаргасан гэх үндэслэлгүй хэмээн анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй.

Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Тэс сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсгийг баримтлан Ж.Цын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Тэс сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Цын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР