Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 749

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б Э Б З” ХХК

Хариуцагч: БОАЖС ,

Нэхэмжлэлийн шаардлага: “... БОАЖС ын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Б Э Б З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“... “Б Э Б З” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн ам нэртэй газар нийт 10.0 га талбайг “Аялал жуулчлал”-ын зориулалтаар 5 жил ашиглахаар 2014/69 тоот гэрчилгээг авч, 2014/03 тоот гэрээг байгуулан газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан. Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 сарын 7-ны өдрийн А-121 дүгээр тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тухай мэдээллийг 2019 оны 5 сарын 1-ний өдөр олж мэдсэн.

БОАЖС  нь уг тушаалаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэг буюу “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.6 дахь хэсэг буюу “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэснийг үндэслэн гаргасан байх бөгөөд манай компанийн хувьд дээрх зөрчлүүдийг гаргаж байгаагүй бөгөөд газар дээрээ томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж буй талаар холбогдох хүмүүстэй уулзаж байсан.

БОАЖС ын 2018 оны 5 сарын 7-ны өдрийн А-121 дүгээр тушаал нь дараах үндэслэлүүдээр хууль бус байна.

  1. Захиргааны актыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс уг захиргааны акт хүчин төгөлдөр бус болох нь. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, мөн хуулийн 43.2 дахь хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.4-д “…Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно", 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан.

2018 оны 5 сарын 7-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан байсан бөгөөд тус тушаалын 2 дахь хэсэгт “газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрхийг нь цуцалсан тухай албан ёсоор мэдэгдэл өгч, гэрчилгээг хураан авч хуульд заасан хугацаанд газрыг чөлөөлүүлэх ажлыг зохих хууль журмын дагуу хэрэгжүүлэхийг холбогдох газрын дарга нарт даалгасугай” гэсэн байдаг. Гэтэл БОАЖС ын тушаалыг хуульд заасан журмын дагуу бидэнд мэдэгдээгүй болно.

  1. Захиргааны актын үндэслэл хуульд нийцээгүй талаар. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлийн тухайд. “Б Э Б З”  ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-77 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн ам нэртэй газар нийт 10 га талбайг “Аялал жуулчлал”-ын зориулалтаар 5 жил ашиглах 2014/69 тоот гэрчилгээг авсан.

2015 онд нэгдүгээр ээлжийн аялал жуулчлалын цогцолборын зураг төслийн ажлыг боловсруулан үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд бэлтгэл ажиллагаануудыг өнөөдрийг хүртэл тасралтгүй явуулсаар байна.

Гэтэл Тусгай хамгаалалтын нутгийн удирдлагын газраас 2019 оны 5 сарын 1-ний өдөр БОАЖС ын 2018 оны 5 сарын 7-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар манай компанийн ашиглаж байсан 10 га газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн газрын гэрчилгээг дуусгавар болгож цуцалсан байгаа талаар мэдэгдсэн юм.

Бид газрыг зориулалтын дагуу тасралтгүй ашиглаж ирсэн. Гэтэл “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй. Түүнчлэн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар ззэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасныг зөрчиж, манай байгууллагатай хийсэн газар ашиглах тухай гэрээг огт дүгнээгүй, мэдэгдээгүй атлаа дээрх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

Манай компани 2014 оны 11 сарын 11-ний өдөр 2014/03 дугаартай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гэрээг 2019 оны 10 сарын 3-ны өдөр хүртэл хугацаатайгаар байгуулж, 10.0 га газрыг гэрээний дагуу ашиглаж байгаа бөгөөд тус гэрээг хүчингүй болгосон, хүчин төгөлдөр бусад тооцсон тухай аливаа шийдвэрийг бидэнд өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй, ийм шийдвэр байхгүй болно. Гэрээний нөгөө тал болох Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар гэрээтэй холбогдуулан ямар нэгэн мэдэгдэл, шаардлага ирүүлж байгаагүй.

  1. “Б Э Б З” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны А-77 тоот тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн ам нэртэй газар нийт 10 га талбайг өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээний дагуу ашиглаж байгаа болно.

Харин Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны А/121 дүгээр “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалаар “Б Э Б З”  ХХК-ийн ашиглалтад байдаггүй Жаргалантын ам гэх нэртэй газрын 10.1 га газрыг буюу 2014 оны 9 сарын 19-ний өдрийн А-340 дүгээр тушаал, шийдвэрээр олгосон гэх газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү тушаалаа үндэслэн бидний Байгаль орчны сайдын 2013 оны А-77 дугаар тушаалаар олгосон Ташгайн аманд байрлах 10 га газрыг ашиглах эрхийг хязгаарлаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 5 сарын 7-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Б Э Б З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“ ... “Б Э Б З” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны А/77-р тушаалын хавсралтаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар тусгай хамгаалалтай газар нутгийн Ташгайн ам нэртэй газар 10 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жил ашиглах 2014/69 тоот гэрчилгээг авсан. Уг газрыг зориулалтын дагуу ашиглаж гэрээний зүйлийг биелүүлж ирсэн. Гэтэл БОАЖС ын 2018 оны 5 сарын 7-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар манай компаний газар эзэмших гэрчилгээг дуусгавар болгосныг 2019 оны 5 сарын 1-ний өдөр мэдсэн.

Уг захиргааны актыг мэдэгдээгүй байж байгаад гэнэт дараа жилийн 5 дугаар сард мэдэгдсэн. Тухайн газар дээр төслийн арга хэмжээ хэрэгжээд явж байсан. Нэгэнт мэдэгдээгүй учраас захиргааны акт хүчин  төгөлдөр бус гэж үзэж байна.

Газар ашиглах  гэрээг хүчингүй болгосон иргэн, аж ахуй, нэгж байгууллага газар ашиглах эрхийг цуцалсан талаар мэдэгдэл өгч гэрчилгээг хураан авч хуульд заасан хугацаанд газрыг чөлөөлөх ажлыг холбогдох газрын дарга нарт даалгана гэсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор БОАЖС ын тушаалыг биелүүлэхтэй холбоотой мэдэгдэхгүй, газар чөлөөлөх хуульд заасан журмын дагуу ажиллагаа яваагүй. Дараа нь газар ашиглах гэрээ байгуулсан. Гэрээг жил бүр дүгнэнэ гэж гэрээнд тусгасан боловч төрийн захиргааны байгууллагаас гэрээг дүгнэх үйл ажиллагаа үүрэг даалгавар өгч байгаагүй. Гэнэт 2019 оны 5 сард уг гэрээг хүчингүй болгосон талаар мэдэгдсэн.

 Маргаан бүхий А/121 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг  дуусгавар болгох тухай гэрээнд “Б Э Б З” компаний ашиглалтад байдаггүй Жаргалантын ам нэртэй газар 10.01 га газрыг дуусгавар болгосугай гэж шийдвэрлэсэн байдаг. Энэ нь 2 өөр тушаал. Нэхэмжлэгчид олгоогүй газраа  хүчингүй болгож шийдвэрлэсэн хууль бус захиргааны акт учир уг захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:  

“Б Э Б З”  ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөр төлөөгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 3 жил ашиглаагүй зэрэг зөрчил гаргасан тул БОАЖС ын 2018 оны 5 сарын 7-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Ташгайн аманд аялал жуулчлалын зориулалтаар олгосон 10.0 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дах хэсэгт заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “mne.mn” сайтын мэдээ, мэдээллийн зарлал, тендерийн хэсэгт 2018 оны 1 сарын 2-ны өдөр, 2018 оны 1 сарын 4-ний өдөр, 2018 оны 2 сарын 12-ны өдрүүдийн цуцлах аж ахуйн нэгжүүдийн сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан болно.

Иймд БОАЖС ын 2018 оны 5 сарын 7-ны өдрийн А/121 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

 Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны А/121 дүгээр тушаалын хувьд, сонсох ажиллагааг захиргааны хуулийн дагуу яамны албан ёсны сайтад мэдээллийг зарлах хэсгийн мэдээлэлд, 2018 оны 1 сард 4-ний өдөр, 2 сарын 11-ний  өдрүүдэд байршуулсан байгаа. Тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар төлбөр төлөөгүй болон 2 жил дараалан газраа ашиглаагүй гэдэг үндэслэлээр цуцалсан байгаа. Тушаалаа мэдээгүй гэх асуудал нь мэдээгүй байх үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Газрын эрх нь 2019 оны 10 сарын 3-ний өдөр дуусгавар болсон байгаа. 5 жилээр газар ашиглах эрхийг олгодог. Энэ компаний хувьд 2014 онд олгоод 2019 оны 10 сарын 3-нд дууссан байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б Э Б З” ХХК-ийн төлөөлөн нэхэмжлэгчээс шүүхэд хандан “БОАЖС ын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Б Э Б З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны байгууллагын шийдвэрийг мэдсэн даруйдаа шүүхэд хандсан гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч захиргааны байгууллага мэдэгдэх үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар, яаж баримтжуулсан талаарх баримтыг гаргаж өгч чадахгүй байна. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийг буруутгаагүй ба нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэр гаргасан атлаа дахин дуусгавар болгож шийдвэрлэсэн, өмнө гаргасан шийдвэрээ шинэ актандаа хүчингүй болгоогүй, дурдаагүй байгаа нь маргаан бүхий актыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй төдийгүй өөрсдөө тухайн актыг гарсан гэдгийг мэдээгүй байх боломжтой гэх эргэлзээг шүүхэд төрүүлж байна. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Нэхэмжлэгч “Б Э Б З”  ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал сайдын /хуучин нэрээр/ 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-340 дүгээр тушаал[1] ёсоор Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгайн ам нэртэй газарт 10.0 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглахаар болж, 2014/69 дугаартай газар ашиглах гэрчилгээг[2] таван жилийн хугацаатай авчээ.

Хариуцагч захиргааны байгууллага болох БОАЖС ын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалын хавсралтаар “Б Э Б З”  ХХК-ийн тусгай хамгаалалттай газар нутгийн нэр бүхий газарт газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч “Б Э Б З”  ХХК-ийн зүгээс уг тушаалын өөрт холбогдох хэсгийг маргаан бүхий захиргааны актаар[3] тодорхойлж, хүчингүй болгуулахыг шүүхээс хүсч байна. Ингэхдээ маргаан бүхий тушаал нь үндэслэлгүйгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож, компаний хувьд хуулиар хамгаалагдсан эрхийг нь хөндсөн хэмээн үзжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Б Э Б З”  ХХК-ийг газар ашиглах эрхээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-г зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн татгалзлаа тайлбарлаж байна.

Шүүх, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнд өгсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шүүхээс тал бүрээс нь үнэлж, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, шийдвэрийн үндэслэл болсон холбогдох хууль, хууль тогтоомжийн хэм хэмжээг тайлбарлан дор дурдсан байдлаар дүгнэлт хийж,  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д: “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, мөн зүйлийн 9-д: “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам ... тогтоох” гэхчлэн хариуцагч захиргааны байгууллагын хэрэгжүүлэх бүрэн эрх хуульчлагдсан. Түүнчлэн захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн” Журам батлах тухай” 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-аар холбогдох харилцааг зохицуулж, хариуцагч захиргааны байгууллагын эрх, үүргийг журамлаж өгчээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийг зөрчин, тусгай хамааглалттай газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж нэхэмжлэгчийг буруутган, хариуцагчаас Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь хэсгийг болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар саналыг тус тус үндэслэн гаргасан маргаан бүхий захиргааны актыг бодит нөхцөлд тохироогүй, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцөлийг хангаж гараагүй гэж шүүх дүгнэв.

Хэдийгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаартай албан бичгээр[4] Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан газрын төлбөр төлөөгүй, газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй гэх 79 аж ахуйн нэгж байгууллагын жагсаалтыг яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн ба энэ жагсаалтад “Б Э Б З” ХХК-ийн А-340 дүгээр тушаалаар ашиглах эрх олгогдсон 10.0 га газар хамаарсан бөгөөд хариуцагч энэхүү 455 дугаар саналыг үндэслэн А/121 дүгээр тушаалыг гаргасан гэх боловч хамгийн гол нь маргаан бүхий актдаа газар ашиглагч буюу нэхэмжлэгчийн тусгай хамгаалалттай газар ашиглаж байгаа газрын нэрийг буруу бичсэн, газрын хэмжээг буруу бичсэн, өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага “Ташгайн ам” хэмээх нэртэй газарт газар ашиглах эрх олгосон хэрнээ “Жаргалантын ам” хэмээх газарт байрлах газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна. Энэ байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 “захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэснийг зөрчиж, энэхүү хэлбэрийн төдий алдааг засах боломжгүй, маргаан бүхий акт нь хэлбэрийн хувьд алдаатай гарсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн хариуцагч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйл буюу газар ашиглах эрх дуусгавар болох, газрыг чөлөөлөх асуудлыг зохицуулсан зүйлийг маргаан бүхий актыг гаргахдаа бүхэлд нь үндэслэсэн нь учир дутагдалтай. Энэ зүйлийн нэг дэх заалтаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болох тохиолдлуудыг заасан, үүний чухам аль үндэслэлд нь нэхэмжлэгчийн зөрчил хамаарч байгаа нь тодорхой бус байна. Үүгээрээ захиргааны акт бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх нөхцөлийг хангаж мөн гараагүй байна.

Маргаан бүхий актад үндэслэгдсэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 455 дугаар санал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэгт дүгнэлт хийхэд, хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх талаарх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг зөрчиж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1: “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ”, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг ашиглах талаарх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

Шүүхээс энэхүү хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад хариуцагч БОАЖС аас нэхэмжлэгч компаний тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг мөн дуусгавар болгож, дахин шинэ акт гаргасан байх ба энэ нь нэхэмжлэгчийн хувьд мэдээлэлгүй байж, одоо үндэслэлийг нь хянаж буй захиргааны актын үйлчлэлийг хүчингүй болгоогүй, тухайн шинэ актад маргаан бүхий А/212 дүгээр тушаал дурдагдаагүй байгааг тэмдэглэж байна.

Аливаа эрх зүйн маргааныг шүүхээс хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдэг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилах, хэнд хариуцуулахыг зохицуулдаг болно.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 болон мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.9, 38 дугаар зүйлийн 38.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б Э Б З” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖС ын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалын хавсралтын “Б Э Б З”  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /БОАЖЯ-ны санхүү/-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            У.Б


[1] Хавтаст хэргийн 33-р хуудас

[2] Хавтаст хэргийн 15-16-р хуудас

[3] Хавтаст хэргийн 67-73-р хуудас

[4] Хавтаст хэргийн 34-35-р хуудас