Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 321

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Энхболорын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2016/01196 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.Энхболорын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Чулуунцэцэгт холбогдох

Газар худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө болох 51.85 м.кв талбай бүхий байшингаа аман хэлцлээр шилжлүүлсэн хэлцэл зэргийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 32-17 а тоотод байрлах 300 м.кв газар болон уг газар дээр барьсан 51.85 м.кв талбай бүхий орон сууцыг эзэмшилд шилжүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, маргаан бүхий газар, хувийн сууцыг Э.Энхболорын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжидийн гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Э.Энхболор

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Бурмаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Цэрэндэжид

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Наранбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Энхболор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Энхжаргалын Энхболор миний бие багын найз болох Төмөртогтохын Наранбаатар нь 2016 оны 04-р сард надтай уулзаад найз нь өрөнд ороод цагдаагийн байгууллага дээр Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж шоронд орох гээд байна. Чи найздаа тусал 2 сарын хугацаатай өөрийнхөө өмчлөлийн газар, хашаа байшинг миний өртэй байгаа Чулуунцэцэг гэх хүний нэр дээр 2 сарын хугацаанд түр шилжүүлээд тусалчих, би Чулуунцэцэгт 23 сая төгрөгийнх нь өрөнд хөлдөөгчтэй контейнер өгөхөөр тохирсон байгаа. Тэгээд чиний газар, хашаа байшинг хугацаанд нь буцаагаад чиний нэр дээр шилжүүлээд өгье гэж надаас удаа дараа гуйж.итгэл төрүүлээд дахин дахин гуйгаад байхаар нь би түр хугацаанд шилжүүлээд буцаагаад өөрийн нэр дээр болгочих юм байна гэж итгэж ойлгоод Чулуунцэцэг гэх хүний хамт 2016 оны 04-р сарын 18-ны өдөр нотариат дээр очиж өөрийн эзэмшилийн 000262678 дугаарын Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо Баянхошуу 32-17-а тоотод байрлах 300 м.кв газрыг Тазар худалдах худалдан авах гэрээ" хийж Ч.Чулуунцэцэгийн нэр дээр шилжүүлсэн. Уг газар дээр 8.5х 6.1 м.кв хэмжээтэй 51.85 м.кв талбай бүхий өвлийн байшин шинээр барьж дуусаад Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй байсан ба аман хэлцэл хийж шууд Ч.Чулуунцэцэгийн нэр дээр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж авахыг зөвшөөрсөн. Т.Наранбаатар, Ч.Чулуунцэцэг нар харилцан тохиролцон 2016 оны 04-р сарын 19-ний өдрөөс 2016 оны 06-р сарын 22-ны хооронд Чулуунцэцэгт өрөө төлчихнө. 6-р сарын 22-н гэхэд газар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг маань буцаагаад миний нэр дээр шилжүүлнэ гэж хэлсэн боловч одоо болтол Т.Наранбаатар.Ч.Чулуунцэцэг нар нь өр төлбөрийн асуудлаа шийдвэрлээгүй, Т.Наранбаатар утсаа ч авахгүй, надтай ч уулзахгүй хаана байгаа нь тодорхойгүй байна. Т.Наранбаатар, Ч.Чулуунцэцэг нар нь намайг төөрөгдүүлэн хууран мэхэлж илт хууль бус гэрээ хэлцэл хийж миний эзэмшилийн газар, үл хөдлөх эд хөрөнгө болох хашаа байшинг маань өөрийн өмчлөлд шилжүүлэн авч Ч.Чулуунцэцэг өрөө төлөгдсөнөөр тооцон, Т.Наранбаатар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэс дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан 201626010638 дугаарын хэргээ хэрэгсэхгүй болгуулан хаалгасан байна. Би эхнэр насанд хүрээгүй 3-5 насны 2 хүүхдийн хамт дээрх газарт өөрийн хөрөнгөөр барьсан хувийн байшиндаа амьдардаг. Дээрхи байдлаас болж бид орон гэргүй болоход хүрээд байна. Т.Наранбаатар нь үйлдсэн гэмт хэргээ хохирол төлөгдсөнөөр хаалгахын тулд өөрт ашигтай байдлаар намайг хууран мэхэлж Ч.Чулуунцэцэгт миний өмчлөлийн газрыг худалдах.худалдан авах гэрээгээр, байшинг ам хэлцлээр түүний нэр дээр шилжүүлж хохироогоод байна.

Газах худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө болох 51.85 м.кв талбай бүхий байшингаа аман хэлцлээр шилжүүлсэн хэлцэл зэргийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцон, Сонгинихайрхан дүүргийн 7-р хороо Баянхошуу 32-17 а тоотод байрлах 300 м.кв газар болон уг газар дээр барьсан байгаа 8.5х 6.1 м.кв хэмжээтэй байшинг миний эзэмшилд шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2016 оны 04-р сарын 18-нд иргэн Энхжаргалын Энхболор нь өөрийн өмчлөлийн Сонгинихайрхан дүүргийн 7-р хороо Баянхошуу 32-17 а тоотод байрлах 300 м.кв газрыг мөн уг газар дээр баригдсан 8.5х 6.1 м.кв хэмжээтэй хувийн орон сууцыг өөрийн найз Т.Наранбаатарын манайд төлөх ёстой 23.397.700 төгрөгийн өр төлбөрт тооцуулан шилжүүлсэн юм. Тухайн үед 300 мкв газар нь Г-2201024814 улсын бүртгэлийн дугаартай, 000406740 тоот гэрчилгээтэй байсан ба харин хувийн орон сууц нь үл хөдпөхийн гэрчилгээгүй байсныг нь Чулуунцэцэг би 2016 оны 06-р сарын 15-нд Эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж Ү-2201047297 улсын бүртгэлийн дугаартай, 000475634 тоот гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж хууль ёсны дагуу өмчлөх эрхийг олж авсан юм. Э.Энхболор нь дээрх хувийн сууц, газрыг өөрийн найз Наранбаатарын манай нөхөр Цэрэнсамбуу бид 2-т төлөх 23.397.700 төгрөгийг өр төлбөрт тооцуулан шилжүүлсэн атлаа худалдах, худалдан авах гэрээгээ хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжилж байгаа нь шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Э.Энхболор нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо Баянхошуу 32-17 а тоотод байрлах 300 мкв талбай бүхий Г-2201024814 улсын бүртгэлийн дугаартай, 000406740 тоот гэрчилгээтэй өмчлөлийн газар, Ү-2201047297 улсын бүртгэлийн дугаартай, 000475634 тоот гэрчилгээтэй хувийн сууцыг өр төлбөрт тооцон шилжүүлж өгсөн тул би хууль ёсны өмчлөх эрхтэй болсон. Гэтэл Энхболор нь миний өмчлөх эрхийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1,106.2-д заасан үндэслэлээр Э.Энхболорыг Сонгинихайрхан дүүргийн 7-р хороо Баянхошуу 32-17 а тоотод байрлах 300 мкв талбай бүхий өмчлөлийн газар болон хувийн сууцнаас албадан нүүлгэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Энхболор сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа: Т.Наранбаатар намайг хууран мэхэлж Ч.Чулуунцэцэгт төлөх өр төлбөртөө миний эзэмшлийн газар, хувийн байшинг маань 2 сарын хугацаанд түр Чулуунцэцэг гэдэг хүний нэр дээр шилжүүлчих гэж хэлснээр би түүнд итгэн газар, хашаа байшингаа түр Ч.Чулуунцэцэгийн нэр дээр шилжүүлсэн. Үүнийг Ч.Чулуунцэцэг мэдэж байсан. Тэр надад Т.Наранбаатар 2 сарын хугацаанд мөнгөө төлчихвөл буцаагаад чиний нэр дээр гэрчилгээг чинь шилжүүлнэ гэж хэлсэн. Ч.Чулуунцэцэгтэй жинхэнээсээ худалдан авах гэрээ бол хийгээгүй. Энэ гэрээ бол хуульд заасан хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Ч.Чулуунцэцэг, Т.Наранбаатараас мөнгөө авах ёстой. Гэтэл гэрээгээр далимдуулан миний өмчлөлийн газар, байшинг маань өөрийн эзэмшилд авах, албадан гаргуулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Наранбаатар нь намайг ятгаж, хууран мэхэлж Ч.Чулуунцэцэгтэй түр гэрээ хийчих гээд хийлгүүлсэн. Наранбаатараас авах төлбөртөө намайг, миний гэр бүл, үр хүүхдийг хохироож, миний өмчлөлийн газар, хувийн сууцыг маань өөрийн болгох гэж байгаад гомдолтой байна . Би Чулуунцэцэгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Наранбаатар нь намайг хууран мэхэлж, миний өмчлөлийн хашаа байшин газрыг 2 сарын хугацаатай түр Чулуунцэцэгийн нэр дээр шилжүүлчих гэсэн юм. Түүнд итгэж Чулуунцэцэг гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид шүүхэд гаргасан тайлбартаа “...2014 онд манай нөхөр Цэрэнсамбуу бид хоёр хөдөөнөөс УБ хот орж хонь, ямааны мах борлуулж байхдаа "Хаан хүнс" ХХК-д ажилтай гэх Т.Наранбаатартай танилцаж мах нийлүүлж мөнгө төгрөгөө өгч авалцдаг, итгэлцсэн байсан. 2015 оны 12-р сарын 11-ний үед хөдөөнөөс хонь, ямааны мах ачиж ирээд Т.Наранбаатартай холбогдоход мах авахаар тохирч, цаг товлон, ачиж ирсэн махаа СХД-ийн нутаг дэвсгэр "Бийлэг хүнсний" захын хашаанд 10681 кг хонины мах, 4345 кг ямааны мах хүлээлгэн өгсөн. Махны үнэ нийтдээ 38.397.000 төгрөг болсон юм. Үүнээс Т.Наранбаатар нь 15.000.000 төгрөгийг Чулуунцэцэг миний ... харилцах данс руу Номинчулуун гэдэг хүний данснаас шилжүүлж өгөхдөө үлдэгдэл 23.397.700 төгрөгийг удаахгүй төлнө гэхээр нь нөхөр бид 2 түүний хэлсэн үгэнд итгээд хөдөө Өвөрхангайруугаа буцсан ... Наранбаатартай уулзахад удахгүй өгнө, итгэхгүй бол гэрээ хийе гээд 2015 оны 12-р сарын 25-нд "Зээлээр худалдах, худалдан авах" гэрээ байгуулсан ...цагдаад хандаж гомдол гаргаснаар 2016 оны 03-р сарын 14-нд Наранбаатарт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Чулуунцэцэг намайг эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Наранбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх явцад 2016 оны 4-р сарын 14-нд УБ хотоос Т.Наранбаатар, Э.Энхболор нар Өвөрхангай аймагт манай гэрт ирж санал тавьсан юм. Э.Энхболор хэлэхдээ миний хар багын найз ял авах гээд байна. Би Наранбаатарын та нарт өгөх 23.397.700 төгрөгийн өр, төлбөрт өөрийн газар, хашаа байшингаа барьцаанд тавья, 2 сарын дотор манай найз мөнгөө олоод өгнө гэж хэлэхэд нь бид итгээгүй, нөхөр бид 2 хүний орон байр барьцаалахгүй, бид барьцаанд байгаа эсэхийг яаж мэдэх юм гэхэд Энхболор өөрөө Өвөрхангай аймгийн шуудангийн салбарт байдаг цахим машинаас Үл хөдлөхийнхөө лавлагааг 2016 оны 4-р сарын 14-нөөр авч үзүүлэн гэрээгээ энд хийхийг шаардахад бид нотариатч дээр очиход Үл хөдлөх хөрөнгийн харъяаллын дагуу гэрээ хийгдэнэ гэж зөвлөсний дагуу УБ хотод ирсэн ... 2016 оны 4-р сарын 18-нд нотариатч дээр очин Ч.Чулуунцэцэг миний нэр дээр газар худалдах, худалдан авах" гэрээ байгуулсан. Гэтэл Э.Энхболор газар худалдах худалдан авах гэрээний 2 хувийн татвар төлөх боломжгүй гэсний улмаас бид гэрээнд үнийг нь 5 сая төгрөгөөр бичиж, үл хөдлөх хөрөнгө худалдсаны 2 хувийн татварыг надаар төлүүлж намайг давхар хохироосон. Мөн Энхболор нь 2016 оны 4-р сарын 19-нд СХД-ийн цагдаагийн хэлтэс дээр байхдаа баталгаа бичиж, "Э.Энхболор би найз Т.Наранбаатарын өмнөөс Өвөрхангай аймгийн Арвайхээр 5-р баг 39-6 тоотод оршин суух Ч.Чулуунцэцэгт учруулсан 23.397.700 төгрөгийн хохирлыг барагдуулахаар харилцан тохиролцож, өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо Баянхошуу 32-17 а тоотод байрлах Г-2201024814 тоот УБ-тэй 300 мкв, №000262678 тоот гэрчилгээтэй газрыг хохирогч Чулуунцэцэгийн нэр дээр шилжүүлсэн нь үнэн болно. Газар өмчлөх эрхийг шилжүүлснээр тухайн газар дээр баригдсан 51.85 мкв байшинг Чулуунцэцэгийн нэр дээр шууд гаргаж өмчлөх эрхийг нь зөвшөөрсөн болно. Иймээс Э.Энхболор миний бие өөрийн өмчлөлийн дээрх газар болон үл хөдлөх хөрөнгийг Чулуунцэцэгийн нэр дээр шилжүүснээр 2016 оны 04 дүгээр сарын 19-өөс 06 дугаар сарын 22-ны хооронд хохирлыг үл барагдуулсан тохиолдолд өөрийн зүгээс гомдолгүй нь үнэн болохыг илэрхийлж байна" гэж баталгаа гаргасан. Э.Энхболор гарын үсэг, хурууны хээгээр баталгаажуулсан. Гэтэл Э.Энхболор нь янз бүрийн арга заль хэрэглэн найз Т.Наранбаатарыг эрүүгийн ял шийтгэлээс мулталж авчихаад надад 23.397.700 төгрөгийн өр төлбөрт шилжүүлсэн газар, хувийн сууцаа зүгээр буцаан авах гэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Иймд Э.Энхболорын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.Энхболор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би багын найз болох Т.Наранбаатар 2016 оны 4 дүгээр сард надтай уулзаад, найз нь өрөнд ороод Цагдаагийн байгууллага дээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж шоронд орох гээд байна, чи найздаа тусал, 2 сарын хугацаатай өөрийнхөө өмчлөлийн газар хашаа байшинг миний өртэй байгаа Чулуунцэцэг гэх хүний нэр дээр 2 сарын хугацаанд түр шилжүүлээд тусалчих, би Чулуунцэцэгт 23 сая төгрөгийнх өрөнд хөлдөөгчтэй контейнер өгөхөөр тохирсон байгаа. Тэгээд чиний газар, хашаа байшинг хугацаанд нь буцаагаад чиний нэр дээр шилжүүлээд өгье гэж надаас удаа дараа гуйж, итгэл төрүүлээд дахин дахин гуйгаад байхаар нь би түр хугацаанд шилжүүлээд буцаагаад өөрийн нэр дээр болгочих юм байна гэж итгэж ойлгоод Чулуунцэцэг гэх хүний хамт 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нотариатч дээр очиж өөрийн эзэмшлийн 000262678 дугаартай, газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 32-17а тоотод байрлах 300 м.квгазрыг газар худалдах, худалдан авах гэрээ хийж Ч.Чулуунцэцэгийн нэр дээр шилжүүлсэн. Наранбаатар нь үйлдсэн гэмт хэргээ хохирол төлснөөр хаалгахын тулд өөрт ашигтай байдлаар намайг хууран мэхэлж Чулуунцэцэгт миний өмчлөлийн газрыг худалдах, худалдан авах гэрээгээр байшинг ам хэлцлээр түүний нэр дээр шилжүүлж хохироод байна. Иймээс 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн Чулуунцэцэгт газар худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө болох 51.85 м.кв талбай бүхий байшингаа аман хэлцлээр шилжүүлсэн хэлцэл зэргийг хүчин төгөлдөр бус хийгдсэн гэрээ хэлцэлд тооцон, гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 32-17 тоотод байрлах 300 м.кв газар болон уг газар дээр барьсан 51.85 м.кв талбай бүхий байшинг маань миний өмчлөлд буцаан шилжүүлж өгнө үү. Миний бичсэн гэсэн зүйл нь миний гараар бичсэн зүйл биш. Ганц хурууны хээ л байдаг. Бичсэн гээд байгаа зүйлийг Наранбаатар бичсэн байдаг. Намайг ажилтай ажил дээрээ байхад Наранбаатар энэ хурууны хээ дарсан гээд байгаа зүйлийг бичээд ирсэн. Юу юм гэхэд гомдолгүй гэсэн байгаа чи зурчих гэсэн. Би ажил ихтэй байсан болохоор уншиж үзээгүй Наранбаатарт итгэж хурууны хээгээ дарсан юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Тус нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл Энхболор нь найз Наранбаатарынхаа өр төлбөрт тооцон, би өр төлбөрийг хариуцаж төлнө гэж гэрээ хэлцэл байгуулах хүсэл зоригоо ойлгож гэрээ байгуулсан. Тиймээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна ... 2014 онд Цэрэнсамбуу, Чулуунцэцэг хоёр Улаанбаатар хотод мах борлуулж байхдаа Наранбаатартай танилцаж, мах нийлүүлж, мөнгө төгрөг өгч авалцдаг болсон. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хөдөөнөөс хонь, ямааны мах ачиж ирээд Наранбаатартай холбогдож, Сонгинохайрхан дүүргийн Орбитод 10681 кг хонины мах, 4345 кг ямааны мах өгч, нийт 38.397.700 төгрөг болсон. Үүнээс хойш Наранбаатар 15.000.000 төгрөгийг Чулуунцэцэгийн Хаан банк дахь дансанд нь хийсэн. Ингээд Наранбаатар нь 23.397.700 төгрөгийг удаахгүй төлнө гэж хэлсэнд нь итгээд нутаг руугаа буцсан. Гэтэл араас нь мөнгө шилжүүлээгүй тул Чулуунцэцэг нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Энэ хоёр хүн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст Наранбаатарт холбогдуулж гомдол гаргасан. Тус цагдаагийн хэлтэс 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ... Үлдэгдэл 8.497.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлж барагдуулна гэж тохиролцсон учраас санал гомдолгүй гэж гомдлоо татаж авсан. Ингээд энэ хэргийг хаасан. Гэтэл өнөөдөр хийсэн гэрээгээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Тиймээс нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байна. Чулуунцэцэг, Энхболор нарын хооронд ямар нэгэн хууль бус зүйл байхгүй. Хуурч мэхэлсэн гэдгийг Чулуунцэцэг мэдэх боломжгүй. Миний найз өр төлбөрт орчихлоо, би өөрийнхөө эд хөрөнгөөр хариуцна гэж гэрээ хийж, өмчлөх эрхээ шилжүүлж, цагдаагийн байгууллагад баталгаа авчирч өгч, хэргийг хэрэгсэхгүй болгочихоод өнөөдөр шударга бус шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 32-17 тоот өмчлөлийн газраас Иргэний хуулийн 106.1, 106.2-т заасан үндэслэлээр Энхболорыг албадан нүүлгэж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Энхболор нь хариуцагч Чулуунцэцэгт ямар ч өр төлбөргүй. Наранбаатар, Чулуунцэцэг нарын хооронд махны үнэ 38.397.700 төгрөгийн зээлийн гэрээ хийгдэж эдний дунд өр төлбөр үүссэн байдаг. Энэ асуудалд Энхболор ямар ч хамааралгүй хүн. Энэ асуудал нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдсан. Энэ 38397700 төгрөгийг юунд зарцуулсан гэдгээ Наранбаатар эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцогдох үедээ өгсөн мэдүүлэг байдаг. 23.397.700 төгрөгийг энэ хүн хүмүүст өрөндөө өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр энэ эрүүгийн хэрэгт авагдсан баримтаас харахад өр төлбөрийн асуудал дээр Энхболор ямар ч хамааралгүй гэдэг нь тодорхой байдаг. Наранбаатартай нийлж залилан хийсэн гэж ярьдаг боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байдаггүй. Наранбаатар нь Чулуунцэцэгийг залилан мэхэлсэн асуудалдаа 2016 оны 3 дугаар сарын 14-ний едөр эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдсан байдаг. Үүнийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон болохоос биш би өр төлбөргүй болчихлоо гэж хэргийг хэрэгсэхгүй болгоогүй юм. Энхболор нь багын найз Наранбаатартаа итгэсэн байдаг. Наранбаатар нь Энхболорт би эрүүгийн хэрэг үүсээд ял аваад явах гээд байна, надад туслаач гэж ахин дахин очиж гуйсан байгаа. Наранбаатар нь Энхболорын хашаа байшинтай гэдгийг мэдэж байсан. Эднийхээр орж гараад явсан байсан. Ингээд гуйгаад өр төлбөрөө төлчихнө, хоёр сарын хугацаанд л шилжүүлчих би хөлдөөгчтэй контейнер авч өгөөд хашаа байшинг чинь буцаагаад өгнө гэж хэлсэн. Энхболор хоёр сарын хугацаанд төлчих байх гэж бодсон байдаг. Гэтэл хоёр сарынхаа хугацаанд төлбөрөө төлөөгүй. Мөн хэнтэй нь ч харьцаагүй байдаг. Ингээд энэ хүн арга ядаад цагдаагийн газар хандсан. Цагдаагийн газар нь та гэрээтэй байна гээд иргэний журмаар шийдүүл гээд хаасан байгаа. Ингэж цагдаагийн газар хариуцлагагүй хандсан байдаг. Энэ аман хэлцэл нь гуравдагч этгээдийн оролцоотой хүчин төгөлдөр бус хууран мэхэлж хийсэн хэлцэл гэдэг нь тогтоогдож байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Тэгэхээр хүчин төгөлдөр бус хэлцэл бол нөгөө талдаа хохиролтой байдаг. Бие даасан шаардлага гаргааүй гуравдагч этгээд болох Наранбаатар нь энэ гэрээ хэлцлийг хийлгүүлсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Энхболор нь бага насны хоёр хүүхэдтэй, энэ хүн хохирч болохыг Чулуунцэцэг мэдэж байсан. Байшингаа Энхболор нь ямар хөрөнгөөр яаж барьсан гэдэг баримтаа гаргаж өгсөн. Үүнд цалингийн зээл авсан баримт, модны гарал үүслийн бичиг, аав ээжээсээ тусламж авсан баримт зэргүүд байна. Тиймээс Иргэний хуулийн 59.3-т зааснаар хуурч мэхлэх замаар хийсэн гуравдагч этгээдийн оролцоотой хэлцэл учраас хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Чулуунцэцэгийн нэр дээр шилжсэн газар эзэмших гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулж, Энхболорын нэр дээр шилжүүлж өгнө үү . Чулуунцэцэг нь Наранбаатараас мөнгөө авах ёстой. Гэтэл гэрээгээр далимдуулж Энхболорын эзэмшлийн газар байшинг өөрийн эзэмшилдээ авах гэж албадан гаргуулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Наранбаатар нь Энхболорыг хууран мэхэлж Чулуунцэцэгтэй түр гэрээ хийчих гэсэнг Чулуунцэцэг мэдэж байсан. Наранбаатараас авах төлбөртөө Энхболорын гэр бүл, үр хүүхдийг хохироож түүний өөрийн барьсан хувийн сууцнаас албадан нүүлгэх сөрөг нэхэмжлэл гаргасанг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад мөнгө байхгүй байсан болохоор би Чулуунцэцэгт 23 сая төгрөгийн оронд найз Энхболорын хашаа байшингаар баталгаа гаргасан нь үнэн. 2 сарын хугацаатай Чулуунцэцэгийн нэр дээр шилжүүлж, буцаагаад Чулуунцэцэгт бэлэн мөнгө болгож өгнө гэж ярьж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээг нь шилжүүлсэн. Гэтэл 2 сарын хугацаанд контейнерийн асуудал бүтээгүй. Тухайн үед надад урьдчилгаа 8 сая төгрөг байгаагүй учраас би контейнерийг авч чадаагүй. Ингээд 2 сарын хугацаа өнгөрсөн. Тухайн үед Энхболорт хоёр сарын хугацаанд мөнгө олж өгөөд, хашаа байшинг нь буцаагаад аваад өгнө гэж бодож байсан юм” гэжээ.

Шүүх: Иргэний Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Газар худалдах, худалдан авах, гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө болох 51.85 м.кв талбай бүхий байшинг аман хэлцэлээр Ч.Чулуунцэцэгт шилжүүлсэн Э.Энхболорын гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний Хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дах хэсэгт зааснаар Сонгинихайрхан дүүргийн 7-р хороо Баянхошуу 32-17/а тоотод байрлах 300 мкв талбай бүхий өмчлөлийн газар болон хувийн сууцнаас Э.Энхболорыг албадан нүүлгэх тухай Ч.Чулуунцэцэгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3 дах хэсэгт Ч.Чулуунцэцэгийн нэр дээрх Г-2201024814 дугаартай газар өмчлөх гэрчилгээ, Ү-2201047297 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Энхболорын улсын тэмдэгтийн хураамид төлсөн 95,000 төгрөгөөс илүү төлсөн 24800 төгрөгийг буцаан гаргуулж, үлдэх 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Чулуунцэцэгээс 70200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Э.Энхболорын найз Т.Наранбаатар хариуцагч Чулуунцэцэг, Цэрэнсамбуу нарын Өвөрхайнгай аймгаас авчирсан малын махыг зарж борлуулж өгнө, араас чинь мөнгийг чинь явуулна гэж залилан мэхлэж 23 397 000 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байх үед буюу 2016 оны 04 сарын 14-нд Энхболор найз Наранбаатарын хамтаар Өвөрхайнгай аймагт Цэрэнсамбуугийнд ирж уулзахдаа би багын найздаа ял авахуулмааргүй байна. Танайд өгөх 23 397 000 төгрөгийн өр төлбөрт өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7-р хороо Баянхошууны 32-17 а тоотод байрлах Г-22010248814 тоот УБ-тэй, 300 мкв, №000262678 тоот гэрчилгээтэй газар, хашаа байшингаа барьцаалж, шилжүүлье гэж гуйсан...Бид хамтаар явж Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар гэрээ болон бусад баримтаа бүрдүүлж өгсний дараа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн  дугаар хэлтэс Наранбаатар, Энхболор, Чулуунцэцэг нараас тус тусад нь нэмэлт баталгаа бичүүлж аваад Наранбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүх Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д “Гуравдагч этгээд хууран мэхэлсэн тохиолдолд уг хэлцлээс ашиг олж байгаа этгээд ийнхүү хууран мэхэлснийг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол мэхлүүлсэн этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж болно” гэсэн заалтаар нэхэмжлэгч Энхболорын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Э.Энхболдын нэхэмжлэлд: Чулуунцэцэг, Наранбаатар нар намайг төөрөгдүүлэн хуурч мэхлэж илт хууль бус гэрээ хийж миний эзэмшилийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэж бичсэн байдаг.

Дээрх хэрэг болсон нөхцөл байдлаас харахад Э.Энхболорыг Наранбаатар, Чулуунцэцэг нар хуурч мэхлэн, төөрөгдөлд орж хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

1.Э.Энхболор нь найз Наранбаатарын Ч.Чулуунцэцэгт төлөх ёстой 23 397 000 төгрөгийн өр төлбөрийг төлж, түүнийг гэмт хэргээс чөлөлөх зорилгоор Өвөрхайнгай аймаг хүртэл явж хохирогч Чулуунцэцэг, түүний нөхөр Цэрэнсамбуу нартай уулзаж найзыгаа хэрэгт оруулмааргүй байна гэж гуйж, ярилцаад өөрийн газар, хашаа байшингаа өөрийн хүсэл зоригийн дагуу шилжүүлж өгсөн нь бодит үйлдлээрээ гүйцэтгэсэн.

2. 2016 оны 04 сарын 18-нд талуудын хооронд Газар худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. Улмаар Чулуунцэцэг уг газар дээр барьсан хувийн сууцыг Энхболорын зөвшөөрснөөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн Ү-2201024814 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.

3. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс 2016 оны 04 сарын 18-ны өдрийн газар худалдах худалдан авах гэрээг үзэх бусад нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Э.Энхболороос 2016 оны 04 сарын 19-ний өдөр дээрх баталгааг бичүүлж авч Наранбаатарын төлөх ёстой өр төлбөрийг хаасан гэж үзэн Наранбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Э.Энхболорын бусдад хууран мэхлэгдсэн, төөрөгдөлд ороогүй байдал нь найзынхаа өр төлөбрийг бүрэн төлсөн, найз Наранбаатарыг гэмт хэргээс чөлөөлсөн явдал бөгөөд хуурч мэхэлсэн, төөрөгдөлд орсон гэрээ хэлцэлд тооцохгүй юм. Учир нь Энхболор нь Наранбаатарын төлөх ёстой 23 397 000 төгрөгийн өр төлбөрийг төлсөн учир Наранбаатарын гэм буруутай үйлдэл, хор уршиг хоёрын хооронд дахь шалтгаант холбоо /хохирол/ үгүй болсон учраас Наранбаатарт холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Бусдын үүргийг сайн дураараа хүлээн зөвшөөрч гүйцэтгэсэн үйлдэлд нь тухайн этгээдийг хариуцагч хууран мэхлэж төөрөгдөлд оруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Хуульд мэхлүүлсэн этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардаж болно гэж заасан байхад мэхэлсэн этгээд нь нэхэмжлэл гаргаж гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжилсэнийг анхаарч үзээгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцон Чулуунцэцэгийн өмчлөлд шилжсэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 32-17/а тоотод байрлах 300 мкв, Г-2201024814 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-2201047297 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хохирогч Чулуунцэцэгийн өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироосон шийдвэр байна.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: ...Чулуунцэцэг нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Наранбаатарын төлбөрийн чадваргүй болохыг бодит нөхцөл байдал дээр 2015 оны 12 сараас хойш мэдэж байсан гэж таамаглаж бичсэн, мөн... Наранбаатар нь хууран мэхэлж найзынхаа газар хувийн сууцыг өөрийн төлбөртөө тооцон өөрт нь шилжүүлж байгааг хариуцагч Чулуунцэцэг мэдсэн гэж үндэслэлгүй дүгнэсэн.

Э.Энхболор нь Цагдаагийн хэлтэст гаргасан хохирол барагдуулах тухай баталгаандаа: Иргэн Энхжаргалын Энхболор би найз Т.Наранбаатарын өмнөөс Өвөрхангай аймгийн арвай хээр 5 дугаар баг 39-6 тоотод оршин суух Ч.Чулуунцэцэгт учруулсан 13 397 000 төгрөгийн хохиролыг барагдуулахаар харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 32-17 а тоотод байрлах 300 мкв, Г-2201024814 тоот УБ-тэй, 300 мкв, №000262678 тоот гэрчилгээтэй газрыг хохирогч Чулуунцэцэгийн нэр дээр шилжүүлсэн нь үнэн болно. Мөн газар өмчлөх эрхийг шилжүүлснээр тухайн газар дээр шинээр баригдсан 51.85 мкв 8.5х6.1 мкв хэмжээтэй өвлийн байшинг Чулуунцэцэгийн нэр дээр шууд гаргаж өмчлөх эрхийг нь зөвшөөрсөн болно. Иймээс Э.Энхболор миний бие өөрийн өмчлөлийн дээр газар болон үл хөдлөх хөрөнгийг Чулуунцэцэгийн нэр дээр шилжүүлснээр 2016.04.19-06.22 хооронд хохиролыг үл барагдуулсан тохиолдолд өөрийн зүгээс гомдолгүй нь үнэн болохыг илэрхийлж байна гэж баталгаа гаргасан. Э.Энхболор, гарын үсэг, хурууны хээгээр баталгаажуулсан нь хүсэл зоригоо үнэн санаанаасаа тодорхой илэрхийлж хийсэн, найз Наранбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж авсан зэргээс үзэхэд талуудын хооронд байгуулсан Газар худалдах, худалдан авах гэрээ, Энхболорын гаргасан баталгаа зэрэг нь талуудын хооронд тохирсон Наранбаатарын өмнөөс өр, төлбөрийг барагдуулах хэлэлцэн тохирсон хэлцлийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл болсон гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлд Хэлцлийг хийсэн гэж үзэх нөхцөлүүдийг заажээ. Хуулийн 43.1-д Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ гэж үүнд: мөн хуулийн 43.1.1-д Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохирсон байх, мөн хуулийн 43.2-т Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ гэж үүнд: талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, мөн хуулийн 43.2.3-т хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн, 43.3-т Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэсэн хуулийн заалтуудаас харахад Энхболор Чулуунцэцэг нарын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл нь хуульд нийцсэн байна.

...Гэтэл нэхэмжлэгч Энхболор шүүхэд Наранбаатар, Чулуунцэцэг нар наймайг төөөрөгдүүлж хууран мэхэлж илт хууль бус гэрээ, хэлцэл хийж миний өмчлөлийн газар хашаа байшинг өөрийн нэр дээр шилжүүлэн авч Чулуунцэцэг өр төлөгдсөнөөр тооцон Т.Наранбаатар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг шалгагдаж байсан 2016 26010638-тай хэргээ хэрэгсэхгүй болгуулан хаалгасан байна гэж, Газар худалдах худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө болох 51.85 мкв талбай бүхий байшингаа аман хэлцлээр шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцон, хашаа байшинг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн үндэслэлгүй нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс зөв дүгнээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна.

Хариуцагч Ч.Чулуунцэцэг нь сөрөг нэхэмжлэлээрээ Наранбаатараас авах ёстой 23 397 000 төгрөгийн өр төлбөрт Энхболороос гэрээ хэлцлийн дагуу шилжүүлж өгсөн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 32-17/а тоотод байрлах 300 м.кв, Г-2201024814 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий газар болон дараа нь тус газар дээр баригдсан хувийн сууцыг шинээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж авсан /Ү-2201047297/ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны бөгөөд шударга эзэмшигч, өмчлөгчийн хувьд Энхболороос Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-д заасан үндэслэлээр шаардах эхртэй байна гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг гаргасан болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анха шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Э.Энхболор нь хариуцагч Ч.Чулуунцэцэгт холбогдуулан газар худалдах, худалдан авах гэрээ, 51.85 м.кв талбай бүхий хувийн сууцыг аман хэлцлээр шилжүүлсэн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 32 дугаар гудамж, 17а тоотод байрлах 300 м.кв талбайтай газар болон уг газар дээр барьсан 51.85 м.кв талбай бүхий хувийн сууцаа өөрийн эзэмшилд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх газар, хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн /хх-95/ байх ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаан бүхий газар, хувийн сууцыг Э.Энхболорын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон иргэн Т.Наранбаатар өөрөө бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШЗ2016/05015 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг ханган Т.Наранбаатарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулжээ.

 

Шүүгчийн захирамжийг шүүх хуралдаан явуулсан өдөр гаргасан байх ба гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулсан талаар баримт үйлдээгүй, мөн өдөр хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулсан талаар баримт үйлдсэн байгаагаас үзэхэд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан хэргийн оролцогч нарт “...шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх” үүргээ биелүүлээгүйгээс мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр явуулах зарчим хэрэгжээгүй байна.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч Э.Энхболор нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж маргаан бүхий газар, хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргаж, 28 хуудас нотлох баримтыг шүүхэд өгсөн байхад шүүх нэхэмжлэлийн хувийг бичгээр гаргуулж хариуцагчид хувийг гардуулж, тайлбар гаргуулж мэтгэлцэх боломжоор хангалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасантай нийцээгүй байна.

 

            Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2016/01196 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ч.Чулуунцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                               

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО    

           

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР    

                                                                                                         

                                                                                                            Д.ЦОГТСАЙХАН