Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2015/0208/З |
Дугаар | 428 |
Огноо | 2016-12-12 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 428
“Металл эрэл хайгуул” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батцэцэг /0068/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 391 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2016/0611 дүгээр магадлалтай, “Металл эрэл хайгуул” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 391 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.1, 17.3-т тус тус заасныг баримтлан “Металл эрэл хайгуул” ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “Талст минерал” ХХК-д “Чулуут” нэртэй газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээс “Талст минерал” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2016/0611 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 391 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Шүүх нэхэмжлэлийн өргөдлийн талбайн кадастрын зургийн 5 өнцгийг тусгай хэрэгцээний талбайтай давхцахаар байсан тул уг талбайг шулуун биш шугамаар хиллүүлсэн нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн атлаа үлдсэн 3 өнцгийг шулуун шугамаар хиллүүлэх ёстой байсан гэж дүгнэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтыг зөрчиж тайлбарласан гэж үзэж байна.
Нэг талбайн зургийн нэг хэсэг цэгүүд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасантай нийцсэн, үлдсэн цэгүүд нь мөн хуулийн 17.3-д заасантай нийцээгүй байна гэж 2 шатны шүүх шийдвэрлэсэн байдаг.
Гэтэл хоёр шатны шүүх “Хоосон зай үлдээхгүйгээр өөр хэлбэрээр тусгай зөвшөөрөл хүссэн талбайн кадастрын зургийг хийлгүүлэх боломжтой байсан байна” гэж хуульд байхгүй үндэслэлээр хуулийг тайлбарлан хэрэглэж байгаад гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуульд өргөдөл гаргагч нь хоосон зай үлдээхгүй зурагтай талбай хүсэх ёстой талаар зохицуулалт байхгүй бөгөөд харин ч мөн хуулийн 17.4-т “Нэг тусгай зөвшөөрөл олгох талбайн хэмжээ 25 гектораас багагүй, 150 мянган гектораас ихгүй байна” гэсэн хуулийн зохицуулалт байдаг.
Нэхэмжлэгчийн үлдээсэн гэх, шүүхийн дүгнэж буйгаар хоосон зай гэж буй газар нь 25 гектараас их буюу дараагийн аж ахуй нэгж орж ирээд авах боломжтой гэдгийг нэхэмжлэгч талын зүгээс 2 шатны шүүхэд тайлбарладаг бөгөөд хариуцагчаас энэ талаар маргадаггүй болно.
Гэтэл шүүх нэхэмжлэгчийг үлдсэн талбайг заавал авах ёстой байсан гэж байгаа нь хувийн аж ахуй нэгжийн дотоод үйл ажиллагаа, санхүү, төсөв, тооцоонд оролцож хүчээр тулган шийдвэрлэж байгаа хэрэг юм. Өргөдөл гаргагч нэхэмжлэгч тал өөрийн компанийн нөөц бололцоог харгалзан үзэж хайгуул хийх, судалгаа явуулах талбайнхаа хэмжээг тооцож оролцсон. Иймд шүүх хуульд заагаагүй үндэслэлээр буюу “хоосон зай” үлдээсэн хэмээн шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр удаа мэргэжлийн эрх бүхий байгууллагын шинжээч томилогдон ажилласан бөгөөд дүгнэлтээр нэхэмжлэгчийн кадастрын зураг нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.3 дахь заалтын шаардлагыг хангасан байна гэж дүгнэлт гаргасан байхад шинжээчдийг хуулийн харьцуулсан заалтад дүгнэлт хийгээгүй буюу хуулийн заалтыг тайлбарлуулах хууль бус шаардлага тавьж хэрэг хянан шийдвэрлэхэд нэн чухал ач холбогдолтой дээрх нотлох баримтуудыг үнэлээгүйд гомдолтой байна.
3. Уг хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн ашиг сонирхол хөндөгдөж болох нөхцөл байдал үүсдэг учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн хамгаалах баталгаа болгож, уг арга хэмжээг авахаар хуульчилсан байдаг. Гэтэл ямар нэгэн ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.
Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлээгүй гэж маргаагүй бөгөөд шүүх 2 удаагийн шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн материалд авагдаад байхад гуравдагч этгээдийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлт захирамжид заагдсаны дагуу бүрэн ирээгүй учраас үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг хүлээн авч, үзлэг хийсэн атлаа шийдвэр гаргахдаа захирамжид заасны дагуу бүрэн дүгнэлт хийгдээгүй гэж үнэлэхээс татгалзсанд гомдолтой байна.
Өөрөөр хэлбэл шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримт шинжлэн судлах шатанд үнэлээгүй, шүүхийн шийдвэр гарахаас өмнө үнэлж ажиллагаа явуулсан атлаа шийдвэр гаргах болохоороо үнэлэх боломжгүй гэж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
Иймд, шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг тодорхойлсон Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Өргөдөлд дурдсан хайгуулын талбай дараахь шаардлагыг хангасан байна”, 17.2.1-д “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн”; 17.2.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй”; 17.2.3-т “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй” байхаар заасан байна.
Мөн “....17.2.2, 17.2.3-д заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн “...улсын хил, нөөцөд авсан талбай, тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар...”-тай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болох”-ыг дээрх хуулийн 17.3-т тодорхойлжээ.
Тодруулбал, дээрх хуулийн гол үзэл санаа нь “...давхцал үүсгэхгүй...” байхад чиглэгдсэн, давхцал байвал хиллэж байгаа хэсгээрээ шулуун биш шугамаар хүрээлэгдэж болохыг хууль тогтоогч зөвшөөрчээ.
Нэхэмжлэгч “Металл эрэл хайгуул” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг “Агуйт” нэртэй газарт 30012 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай хиллэж байгаагаас давхцал үүсгэхгүйн тулд тодорхой цэгүүдээр шулуун биш шугамаар хүрээлүүлсэн нь дээрх хуулийг зөрчөөгүй байна.
Мөн хүсэлт болгосон талбайг хуулийн шаардлагад нийцүүлэх зорилгоор нэхэмжлэгч нь Ашигт малтмалын газарт хандаж, орон нутгийн тусгай хэрэгцээний талбайнуудын хилийн заагийн координат тодорхой бус байгааг мэдэгдэж, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 01501, 01502 дугаар албан бичгүүдийг хүргүүлж байжээ.
Иймээс “...орон нутгийн тусгай хэрэгцээний газрын хилийн зааг тодорхой бус байснаас давхцал үүсгэхгүйн тулд тодорхой зай үлдээсэн..., өөрийн компанийн нөөц бололцоог харгалзан судалгаа хийж талбайн хэмжээг тооцсон, ...үлдэгдэл талбайг заавал дүүргэж ав гэх шаардлага буруу...” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаар шийдвэрээр “талбайн хэлбэр хуулийн шаардлага хангаагүй, ...өргөдөлд дурдсан талбай нь тусгай хэрэгцээний газартай хиллээгүй ...” гэх хууль бус үндэслэлээр “Металл эрэл хайгуул” ХХК-ийн өргөдөлд дурдсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 19 дүгээр зүйлийн 19.2.1-д заасантай нийцээгүй байна.
Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүгчийн 3087 дугаар захирамжаар дээрх маргаан бүхий захиргааны акт болох 2015 оны 75 дугаар шийдвэрийн биелэлтийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, маргаж буй талбайд тусгай зөвшөөрөл олгохгүй байх, бусад үйл ажиллагааг явуулахгүй байхыг захиргааны байгууллагад даалгажээ.
Шүүгчийн захирамжийг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Металл эрэл хайгуул” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийн биелэлтийг маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж, уг талбайд ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй, бусад үйл ажиллагааг явуулахыг зогсоох тухай 448 дугаар шийдвэрийг гаргасан атлаа 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч компаний маргаантай байгаа талбайд давхцуулан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Талст минерал” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр уг компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” болохыг заасан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг зөрчжээ.
Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх хариуцлага, үр дагавар нь Захиргааны хариуцлагын тухай хуулиар болон энэ маргааны тухайд шүүхээс үйл ажиллагаа явуулахыг хориглосон хугацаанд захиргааны байгууллагаас гаргасан актыг хууль бус гэж үзэж хүчингүй болгосноор тодорхойлогдох учиртай.
Гэтэл хариуцагч нь “...хүсэлтэд дурдсан талбай нь хуулийн шаардлага хангаагүй бол дахин өргөдөл ирүүлтэл тухайн талбайд өөр этгээдэд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх талаар Ашигт малтмалын хуулиар зохицуулаагүй...” хэмээн өөрийн хууль бус шийдвэрийг зөвтгөн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
“Талст минерал” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосоныг шүүхээс Ашигт малтмалын тухай хуулиар биш, харин шүүхийн шийдвэр биелүүлээгүйгээс үүсэх үр дагавартай холбон дүгнэх нь зөв болно.
Дээр дурдсанаар анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Ашигт малтмалын болон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаар шийдвэр, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн “Талст минерал” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай “Металл эрэл хайгуул” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 391 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2016/0611 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 19 дүгээр зүйлийн 19.2.1-д заасныг баримтлан Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаар шийдвэрийн “Металл эрэл хайгуул” ХХК-д, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн “Талст минерал” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ