Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/21

 

                              

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс, Б.Дашдорж /онлайнаар/,

Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн  1 дэх  хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Нгийн Од холбогдох эрүүгийн 2138000600582 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.О нь Хөвсгөл аймгийн ........................ захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа  урвуулан ашиглаж өөртөө  давуу байдал бий болгон төрд 2.037.276 төгрөгийн хохирол, өөрийн хамаарал бүхий этгээд М.Дд давуу байдал бий болгон төрд 1.715.476 төгрөгийн хохирол, улмаар М.Дгийн эхнэр З.Өыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын  байдлаа урвуулан ашиглаж төрд 1.850.532 төгрөгийн хохирол тус тус учруулж, төрд нийт 5.603.284  төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2138000600582 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч Н.О нь Хөвсгөл аймгийн ……………………… захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2018 онд, 2019 оны 01-06 сар, 08-12 дугаар сар бүр, 2020 оны 01-03 сар, 05 дугаар саруудад ур чадварын нэмэгдэл авч төрд 2.037.276 төгрөгийн хохирол, өөрийн хамаарал бүхий этгээд М.Дд давуу байдал бий болгон түүний чөлөөтэй  байсан хугацаанд цалин бодож  олгон төрд 1.715.476 төгрөгийн хохирол, улмаар М.Дгийн эхнэр З.Өыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын  байдлаа урвуулан ашиглаж Нийтийн номын сангийн  номын санч, мэдээллийн ажилтнаар томилж, байгууллагад ажиллаагүй байхад цалин бодон олгож төрд 1.850.532 төгрөгийн хохирол тус тус учруулж, өөртөө болон бусдад давуу байдал  бий болгож төрд нийт 5.603.284  төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Огийн өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х.Цийн өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэс буюу төрийг төлөөлж оролцож байна...Мөрдөн шалгах ажиллагаагаар төрд учирсан хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 68-69-р тал/

Гэрч Ч.Цийн өгсөн: “... Тухайн үед манай байгууллагын ажилчдын цагийн тооцоог няраваар ажиллаж байсан Д.Б гаргаж надад өгдөг байсан. Тэгэхээр нь би тэр цагийн тооцоог нь хянан баталгаажуулж захирал Од танилцуулж хянуулаад цалинг олгодог байсан. ...2018 онд аймгийн Засаг дарга гаргаагүй. Харин өмнө буюу намайг ажилд орохоос өмнө 2011 онд аймгийн Засаг даргын шийдвэр гарсан гэж тэр шийдвэрийн дагуу ур чадварын нэмэгдэл олгогдож байсан... Өмнөх 2011 оны аймгийн Засаг даргын шийдвэрийг үндэслэж олгогдож байсан...Гараагүй. Өмнөх 2011 оны аймгийн Засаг даргын шийдвэр хүчин төгөлдөр гэж ойлгоод олгосон... О даргын 2011 онд гарсан аймгийн Засаг даргын тушаалыг үндэслэж ур чадварын нэмэгдэл олгосон...Д нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр жилийн чөлөө авсан байна лээ. Тэгээд 2019 оны 05 дугаар сард ажилдаа орсон. Ө нь 2019 оны 10 дугаар сард ажилд орсон. Ө чөлөө авсан талаар санахгүй байна...Уг чөлөө авсан талаар мэдэж байсан. Цаг бүртгэл дээр нярав Б бүртгээд ороод ирэхээр нь хуучин цалин бодож байсан болохоор бодогдсон...Ө уг нь туршилтын хугацаагаар ажиллаж байгаа гэж байсан. Гэхдээ яг өдөр болгон ирээгүй юм. Гэхдээ болбол цагийн бүртгэл бүртгэгдээгүй. Яг ингэж аль нэг ажлыг хариуцаж хийхгүйгээр туслах маягаар ажиллаж байсан...Гаргаагүй... Нийтийн …………………. захирал О Дд ажиллаагүй байх үед нь цалин бодож олгоё гэсэн. Шалтгаан нь болохоор манай байгууллагын 75 жилийн ой болох гээд мөнгөний хэрэгцээтэй байсан. Тэгээд Дгийн цалинг ойн үйл ажиллагаанд зарцуулахаар болж Дд цалин бодож олгосон. Тэр мөнгөөр байгууллагын гадна, дотор талын засварыг хийж, өнгө зүсээ сайжруулсан, бас ойд ирж оролцсон хүмүүсийн гарын бэлгийг сав баглаа боодлыг худалдаж авахад зарцуулсан...Захирал Н.О гаргасан. Нийт хэдэн төгрөгийн цалин бодож олгосон талаар санахгүй байна. Дд цалин олгож ойн арга хэмжээнд ашиглах талаар Дд цалинг бодож олгосны дараа цалинг чинь ойн арга хэмжээнд ашиглана шүү гэж О захирал хэлсэн. Дгээс нийт хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй байна. Дгээс ажиллаагүй байх үеийн цалинг хэн авсан талаар сайн санахгүй байна....Тухайн мөнгийг ойн арга хэмжээнд зарцуулсан. Ой хийх гээд мөнгөгүй байна Өын цалинг гаргаж аваад ойн арга хэмжээнд зарцуулъя гэж дарга О хэлсэн юм. ...Уг мөнгийг яг юунд зарцуулсан гэхээр ойн арга хэмжээнд ирсэн хүмүүсийн өдрийн хоолны үйл ажиллагаанд зарцуулсан. Мөн янз бүрийн жижиг зүйл зөндөө авсан. Яг ямар зүйлд зарцуулсан талаар сайн санахгүй байна. Мөн баримт байхгүй...Өмнөхтэй адилхан ойн арга хэмжээнд зарцуулсан. Өын нэр дээр цалин бодоод ойн арга хэмжээнд зарцуулж О дарга хэлэхээр нь би хийж гүйцэтгэсэн...О даргын шийдвэрээр цалин бодож өгсөн....2011 оны Засаг даргын захирамж хүчингүй болоогүй учир 2018-2020 онд ур чадварын нэмэгдэл олгож болно гэж надад О дарга хэлж байсан. Мөн аймгийн Аудитын газрын Бэ билүү нэг хүн манай байгууллагад 2018 онд шалгалт хийгээд О даргад 2011 оны захирамжийг үндэслэж ур чадварын нэмэгдэл олгож болгоно гэж байсан...Д, Ө хоёрын цалинг ойн арга хэмжээнд зарцуулъя гэж дарга О хэлж байсан. Гэхдээ би Дгээс цалинг нь аваагүй. О дарга авсан эсэх талаар мэдэхгүй байна. Дгийн цалинг авсан хэн авсан эсэх талаар Д, О дарга л мэдэх байх...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-20, 171-175, 178-179 тал/,

Гэрч Э.Пгийн өгсөн: “...Хөвсгөл аймгийн аймгийн Нийтийн ……………. 2018-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хяналт шалгалт хийсэн. Тухайн шалгалтаар тус байгууллагын захирал Н.О болон нягтлан бодогч Ч.Ц нар нь эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр өөрсдөдөө ур чадварын нэмэгдлийн мөнгийг гаргаж авсан /Н.О 1,355,162 төгрөг, нягтлан Ч.Ц 4,269,806/, номын санч М.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн аавыгаа асрахаар нэг жилийн хугацаатай ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж ажиллаагүй байтал 2018 оны 08, 09, 11, 12 сарууд болон 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагийн бүртгэлд бүртгэгдээгүй байхад нийт 1,819,341 төгрөгийн цалинг М.Дд олгосон. Мөн номын санч З.Өд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажилд томилох тухай тушаал гарган 2019 оны 10, 11, 12 сарууд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй буюу цагийн бүртгэлд бүртгэгдээгүй байхад 1,527,791 төгрөг олгосон.

..Шалгалтаар нэгдүгээрт нь бол 2011 оны аймгийн Засаг даргын А/05 дугаартай захирамжаар ур чадварын нэмэгдлийг захирал Н.О нь 2018, 2019, 2020 оны 05 билүү 06 дугаар сар хүртэл нийт 1,355,162 төгрөгийг авсан байсан. Уг нь бол 1996 оны Сангийн сайд, Хүн амын бодлого Хөдөлмөрийн сайдын 63/104 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг” журмын 5 дэх заалтад “ажилтанд олгож байгаа ур чадварын нэмэгдлийн заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх буруулах асуудлыг улирал бүр хэлэлцэн шийдвэрлэж байна" гэж мөн 7 дугаар хэсэгт “ур чадварын нэмэгдлийг ажилтнуудын цалинг нэмэх. амьдрал ахуйг харгалзах зэргээр хавтгайруулан олгохыг хориглоно” гэж бичсэн заалтыг зөрчиж өөртөө ур чадварын нэмэгдлийг шийдвэргүйгээр Н.О нь авсан. Номын санч Ө нь 2019 оны 10, 11, 12 дугаар саруудад албан хаагчдын ажлын цаг ашиглалтын бүртгэлд нэр бичигдээгүй, ажлын цаг бүртгэгдээгүй байхад ирснээр тооцож 1,527,791 төгрөг, мөн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс ажилдаа ирсэн нь бүртгэлээр баталгаажсан байхад 04 сарын цалинг бүтэн олгож 345,907 төгрөг олгосон байсан. Номын санч Д нь 2018 оны 08, 09, 11, 12 дугаар саруудад албан хаагчдын ажлын цаг ашиглалтын бүртгэлд бүртгэгдээгүй ажилдаа ирээгүй эцгийгээ асрах жилийн чөлөөтэй байхад нь ирснээр тооцож 1,819,341 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажилдаа ирээгүй байхад 5 сарын цалин бүтэн олгож 74,550 төгрөгийг илүү олгосон байсан. Нягтлан бодогч Ч.Ц нь 2018 оны 12 дугаар сар, 2019, 2020 онуудад байгууллагын захирлын тушаалгүйгээр ур чадварын нэмэгдэл болох 4,269,806 төгрөгийг өөртөө тооцож авсан байсан. ...Тухайн үед  төсвийн санхүүжилтээс  гадна ямар нэг орлого байгууллагад ороогүй байсан. ... Тухайн байгууллагын цалингийн зардалд төсөвлөгдсөн  хөрөнгөнөөс өөр зүйлд зориулалтын бусаар зарцуулсан  зөрчил илрээгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24, 208-211 тал, 3-р хх-ийн 152-155 тал/,

Гэрч З.Өын өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр номын сангийн захирал Н.О тушаал гарган намайг ажилд авсан. Гэхдээ яг ямар ажлын орон тоон дээр тушаал гарган ажилд авсан гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Би 2019 оны 10, 11, 12 дугаар саруудад тус байгууллагад ажиллаагүй. Бас би дээрх саруудад цалин аваагүй...Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Надад 2019 оны 10, 11, 12 сарууд болон 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд ажилласан гэж 1873698 төгрөгийн цалин олгосон асуудал байхгүй би энэ саруудад цалин аваагүй. Харин энэ саруудад олгосон цалинг хэн авсан гэдгийг нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28, 226 тал/,

Гэрч М.Дгийн өгсөн: “...О нь миний эх Оийн төрсөн дүү нь юм. Нэг ёсондоо төрөл садангийн харилцаа холбоотой... Би тухайн үед номын санчаар ажиллаж байсан... Би нэг жилийн чөлөө авсан. 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 04 билүү 05 дугаар сар хүртэл чөлөө авсан. Яагаад чөлөө авсан гэхээр миний эцэг Мын бие нь өвдөөд, бас миний бие өвдөөд эмчилгээ хийлгэж, аавыгаа сахихаар чөлөө авсан. Би чөлөөтэй байх хугацаандаа 40 дүгээр сургуульд номын санчаар хэсэг хугацаанд ажилласан. Би 2019 оны 04 дүгээр сарын 15 билүү 05 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орсон санагдаж байна. Би цалингаа Хаан банкны 5026875671 дугаартай өөрийн эзэмшлийн дансаар авдаг байсан. Миний дансанд цалин орсон байдаг л байсан, миний гар утсанд мэдээлэл ирэхээр би тухайн үед цалин орсон талаар мэддэг байсан. Тэгээд тухайн үед нь цалин орсон болохоор ойр зуурын ахуйн хэрэглээндээ хэрэглэдэг байсан. Тэр үед тодруулж асуугаагүй...Яагаад цалин бодоод олгосон талаар би өөрөө тэр үедээ гайхаж байсан. Цалин ормооргүй юм гэж бодож байсан. Тухайн үеийн захирал, нягтлан хоёр цалин бодсон юм шиг байна лээ...Сайн санахгүй байна. Миний бодож байгаагаар номын санчаар сурах гээд чөлөө аваад явсан... Гэхдээ миний эх О барагдуулна гэж хэлж байсан... Миний дансанд орсон цалингаас би хэнд ч өгөөгүй өөрөө хэрэглээд дууссан. Надад О захирал ойн арга хэмжээнд хэрэглэх мөнгө шүү гэж огт хэлээгүй, би О захиралд мөнгө өгөөгүй, өөрөө тэр цалинг хэрэглээд дууссан...Ч.Ц яагаад тэгж мэдүүлж байгааг мэдэхгүй байна. Би тэр цалингаас хэн нэгэнд мөнгө өгөөгүй, өөрөө хэрэглээд дууссан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157-158, 164-р тал/,

Гэрч Д.Бийн өгсөн: “...Д 2018 билүү 2019 онд аавыгаа асарна гэж чөлөө аваад хот руу явсан гэсэн. Ө нь гэрээрээ ажиллаж байгаа гэж дарга Н.О хэлж байсан. Ө нь 2019 оны 10 билүү 11 дүгээр сард гэрээрээ ажиллаж байсан санагдаж байна... Би цагийн бүртгэл гаргадаг. Би цагийн бүртгэл гаргаж байх үедээ Дг яах юм бэ гэж нягтлан бодогч Цээс асуухаар ажилласан гэж бич гэсэн. Тэгэхээр нь л би бичдэг байсан. Гэхдээ Дг чөлөө авсан тушаалыг би хараагүй. Би Дд цалинтай чөлөө олгосон юм байх гэж л тухайн үед бодсон...Тухайн үед бол Өд гэрээр үүрэг даалгавар өгсөн ажиллуулж байгаа гэж дарга О хэлж байсан. Тэгэхээр нь ажлын цагийн бүртгэл дээр ажилласан цагийн нь бичсэн...Би гаргадаг байсан. ... Д тухайн үед хот руу аавыгаа асрахаар явсан сурагтай байсан. Цалингийн бүртгэл дээр нэрийн бич гэж нягтлан бодогч Ц хэлсэн. Тухайн үед би Дг цалинтай чөлөө авсан гэж бодож цагийн бүртгэл дээр нэрийг нь бичсэн. Өыг тухайн үед гэрээр ажиллаж байгаа гэж дарга О хэлэхээр нь цагийн бүртгэл дээр бичсэн... Хойморь нутгийн номын өргөө гэх номыг манай байгууллага 2020 онд болсон 75 жилийн ойдоо зориулж хэвлүүлж байсан. Уг номоос хаана, хэнд зарсан талаар мэдэхгүй байна. .. Номын тооцоо зэргийг нягтлан хийдэг...Д нь Огийн эгчийнх нь билүү дүүгийнх нь хүүхэд гэсэн...Мэдүүлэгт тусгагдсан үйл явдлын талаар надад мэдэх зүйл байхгүй байна. 2020 оны 10 дугаар сард байгууллагын 75 жилийн ой болох гээд би өөрөө 2020 оны 06, 07 дугаар сард байгууллагын байрын гадна талд цэцгийн мандал, гэрэлтдэг хаяг, хашаа, хаалга будах ажил, дотор талд хүүхдийн уншлагын танхим, каталогийн өрөө, ном зүйн өрөө, бие засах өрөө, коридор зэргийн хана, таазыг будаж, гэрлүүдийг нь сольсон зэрэг ажил хийсэн...Уг засварын ажлыг ямар мөнгөөр хийж гүйцэтгэсэн талаар мэдэхгүй байна. Байгууллагаас л мөнгө нь гарсан. Яг хэдэн төгрөгөөр засвар хийсэн талаар мэдэхгүй байна...Жолооч Ш, ахлах номын санч А, номын санч Б, номын санч Д, О нарын хамт хийсэн санагдаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 182-185-р тал/,

Гэрч Ч.Гын өгсөн: “...Ур чадварын нэмэгдэл олгох шийдвэрийг буюу захирамжийг аймгийн Засаг дарга гаргана. 2011 оны захирамжийг үндэслэн 2018-2020 онд ур чадварын нэмэгдэл авч болохгүй. Ур чадварын нэмэгдлийг жил бүр үнэлж дүгнэж тодорхой шалгуурыг хангасан нөхцөлд аймгийн Засаг дарга захирамж гарган ур чадварын нэмэгдлийг олгоно. Нэмэгдэл жил бүрийн тухайн байгууллагын төсөвт суугдсан байх ёстой. Түүнээс биш 2011 онд гарсан захирамжаар олон жил ур чадварын нэмэгдэл авч болохгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 222-223 тал/,

Гэрч Ж.Гын өгсөн: “...Би 2008-2019 оны 06 дугаар сард Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2019 оны 06 дугаар сараас тэтгэвэрт гарсан...Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан нь манай хэлтэст үйлчилгээний Салбар гэх утгаараа харъялагдаж байсан. Өдөр тутмын үйл ажиллагааг захиргааны удирдлагаар хангаж байсан... Аймгийн Засаг дарга гаргадаг. 2011 оны захирамжийг үндэслэж 2018-2020 онд ур чадварын нэмэгдэл авч болохгүй. Тухайн жилийнхээ аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээг дүгнэж хангалттай сайн үнэлгээ авч, гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд хагас, бүтэн жилээр ур чадварын нэмэгдэл олгох шийдвэрийг аймгийн Засаг дарга гаргадаг...Би тийм зүйлийг Од хэлээгүй. Тэр хүн чинь тухайн жилдээ ямар ажилласан талаар хагас, бүтэн жилээр дүгнээд аймгийн Засаг даргын шийдвэр хагас, бүтэн жилээр гарч ур чадварын нэмэгдэл олгоно. О төсвийн шууд захирагч тул аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулаад ажлын үр дүнг хагас, бүтэн жилээр үр дүнг тооцоод ур чадварын нэмэгдэл олгох шийдвэрийг аймгийн Засаг дарга гаргадаг...Тийм зүйл бид хоёрын дунд яригдсан зүйл байхгүй. Яагаад тэгж хэлээд байгаа юм бол намайг тэтгэвэрт гарсан болохоор тэгээд хэлэхээр хамгаална гэж бодсон юм болов уу. Би шийдвэр гаргадаг эрх бүхий хүн биш шүү дээ, аймгийн Засаг даргын өмнөөс би шийдвэр гаргах эрх байхгүй шүү дээ. Ц даргаас хойш 2 Засаг дарга солигдсон байна. Ц даргын хуучин захирамжаар ур чадварын нэмэгдэл авч болно гэж юу яриад байгаа юм...Гараагүй байх. Гараагүй болоод О нь Ц Засаг даргын шийдвэрээр авсан гэж мэдүүлсэн байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 76-77 тал/,

Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 36-01/117 дугаартай акт /1-р хх-ийн 53-54 тал/,

Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 36-01/116 дугаартай акт /1-р хх-ийн 55 тал/,

М.Дгийн бичгээр гаргасан нэг жилийн чөлөө авах тухай өргөдөл /1-р хх-ийн 89, 2-р хх-ийн 171 тал/,

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаартай захирамж /1-р хх-ийн 243, 3-р хх-ийн 53 тал/,

Хөвсгөл аймгийн ……………………. цалингийн тооцооны баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 58-59 тал/,

Н.Огийн дансны хуулга /2-р хх-ийн 222-246 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Огийн яллагдагчаар өгсөн: “...Би номын санд ажилд ороод жил болгон манай байгууллага аймаг орон нутгаас зохион байгуулж байгаа уралдаанд эхний нэг хоёр дугаар байр эзэлдэг байсан. 2011 онд Ц Засаг дарга ур чадварын нэмэгдэл олгох шийдвэр гарч ур чадварын нэмэгдэл олгосноос хойш манай ажлын эрч хүч сулраагүй, ажил бүтэмжтэй явж байсан. Нэгэнт миний хариуцсан байгууллага амжилттай явж байгаа учраас ур чадварын нэмэгдэл олгохыг цуцалсан захирамж ирээгүй. Жил бүр манай байгууллагад төрийн санхүүгийн аудит ордог байсан. Тэр аудитораар анхан шатны бүх баримтаа шалгуулаад үнэлгээ дүгнэлтээ авдаг байсан. Жил бүрийн аудитын дүгнэлтээр миний хариуцсан байгууллага санхүүгийн зөрчилгүй явж байна гэх дүгнэлт авч байсан. Тухайн үед манай байгууллагад санхүүгийн шалгалт хийсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 86-88-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.О нь Хөвсгөл аймгийн ……………………. захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2018 онд, 2019 оны 01-06 сар, 08-12 дугаар сар бүр, 2020 оны 01-03 сар, 05 дугаар саруудад ур чадварын нэмэгдэл авч төрд 2.037.276 төгрөгийн хохирол, өөрийн хамаарал бүхий этгээд М.Дд давуу байдал бий болгон түүний чөлөөтэй  байсан хугацаанд цалин бодож  олгон төрд 1.715.476 төгрөгийн хохирол, улмаар М.Дгийн эхнэр З.Өыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын  байдлаа урвуулан ашиглаж ………………….  номын санч, мэдээллийн ажилтнаар томилж, байгууллагад ажиллаагүй байхад цалин бодон олгож төрд 1.850.532 төгрөгийн хохирол тус тус учруулж, өөртөө болон бусдад давуу байдал  бий болгож төрд нийт 5.603.284  төгрөгийн хохирол учруулсан  болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х.Цийн өгсөн, гэрч Ч.Ц, Э.П,  З.Ө, М.Д, Д.Б, Ч.Г, Ж.Г нарын өгсөн мэдүүлэг зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Огийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Н.Огийн үйлдэл идэвхтэй, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Н.О нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Огийн үйлдэл нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч Н.Огийн гэм буруутай үйлдлийн улмаас нь төрд 5.603.284 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Авилгатай тэмцэх газрын барьцаа, хохирлын Төрийн сангийн 100900000717  дугаартай дансанд шүүгдэгч Н.О 5.603.284 төгрөгийг /3-р хх-ийн 164 тал/ шилжүүлсэн байна. Дээрх 5.603.284 төгрөгийг шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас төрд учирсан хохирол гэж үзэх тул Улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүгдэгч Н.Ог бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Ог нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Огийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 1-р хх-ийн 232, 235-236, 3-р хх-ийн 92, 103-122 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, гэрэл зургийн үзүүлэлт, өргөмжлөлийн хуулбар, соёлын тэргүүний ажилтны үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Н.Ог ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын …………. багийн ……………….. тоотод амьдардаг, өндөр насны тэтгэвэрт гарсан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Н.Огийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнд шүүгдэгч Н.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн болон хөрөнгө, орлогын байдал, шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 26 сарын хугацаагаар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Од оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдав.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.О нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Нгийн Ог “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Нгийн Ог нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.500 /зургаан мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Од оногдуулсан 6.500 /зургаан мянга таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 26 /хорин зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Од сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Од оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5.603.284 төгрөгийг Авилгатай тэмцэх газрын барьцаа, хохирлын Төрийн сангийн 100900000717 дугаартай данснаас улсын төсөв /Төрийн сан/-д шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН