Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00714

 

Д.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2018/01145 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр магадлалтай,

Д.Оийн нэхэмжлэлтэй

“Э Ү” ХХК-д холбогдох

“Э Ү” ХХК-ийн төслийн менежментийн хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/33, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/39 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золжаргал, Ц.Оюундарь нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э Ү” ХХК-ийн төслийн менежментийн хэлтсийн даргын түр үүрэг гүйцэтгэгч Г.Баярмаа технологийн товчооны тэргүүлэх инженер зохион бүтээгч Г.Баттулга бичиг хэргийн ажилтан С.Уранчимэг нар 2018 оны 08 дугаар сарын 27- ны өдөр инженер зохион бүтээгч Д.О миний биед шударга бус хандаж, Г.Баттулга тэргүүлэх инженерийн гаргасан илтгэх хуудсыг үндэслэж хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Учир нь миний бие хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй ажил үүргээ хэвийн гүйцэтгэсэн гэж үзэж байгаа болно. Г.Баттулга тэргүүлэх инженер үүссэн маргаантай асуудалтай холбогдуулж миний биеийг тэнэг дурак, новшоор дуудаж, гарын салаавч гаргаж миний аманд хийхийг завдаж доромжилсон. Миний нэр төр, эрх чөлөөнд халдсан, биед гар хүрэхийг завдсан болно. 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Г.Баттулга тэргүүлэх инженер ажил хураан авч, ажлын байрнаас намайг хөөсөн болно. Сандал ширээ, компьютер техник хэрэгслийг булааж авч ажил тасалснаар тооцно чи яв гэж ажлын байрнаас хөөсөн болно. Энэ хүн ажлын байрнаас хөөх эрх бүхий албан тушаалтан биш ба ажлын байрны дарамт шахалт дарангуйлал, хүчирхийлэл үйлдэж байна. Иймд ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтантай зүй бусаар харьцсан зохисгүй үйлдэл гаргаж доромжилсон, танхайрсан, эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэн, ёс зүйн зөрчил гаргасан нэр төрд халдсан, хөдөлмөрийн сахилгын шийтгэл буруу ногдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Өнөөдөр миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болтол, хэл амаар доромжлуулж, дарамтлуулж, ажлын байрны албан тушаалын дарангуйлал хүчирхийлэлд өртөж байна. Дээрх нэр бүхий хүмүүс нийлж хуйвалдаж, бүлэглэж, буруу шийдвэр гаргаж жирийн ажилтан миний хөдөлмөрлөх эрх ашгийг хохироож байна. Иймд миний нэр төр, хөдөлмөрлөх эрх ашиг, хөдөлмөрийн харилцаа ноцтой зөрчигдсөн тул хөдөлмөрийн тухай хууль, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаар “Э Ү” ХХК-ийн төслийн менежментийн хэлтсийн даргын хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э Ү” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э Ү” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Эрдэнэцогтын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр баталсан Зураг төсөл боловсруулах даалгавар"-ын дагуу баяжуулах үйлдвэрээс Баяжуулах үйлдвэрийн молибдены флотоцын 1-р шугамын флотомашиныг шинэчлэх ажлын зураг гаргах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төслийн менежментийн хэлтэст өгсөн. Төслийн менежментийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баярмаа нь дээрх техникийн даалгавар бүхий ажлыг хийж гүйцэтгэхийг технологийн процессын товчоонд 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хуваарилж, технологийн процессын товчооны Тэргүүлэх инженер, зохион бүтээгч Г.Баттулга нь өөрийн ажлын чиг үүргийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр инженер зохион бүтээгч Д.Од тус ажлыг тогтоосон хугацаанд /2018 оны 07 дугаар сарын 31-ны/ өдөр хүртэл/ хийж гүйцэтгэх үүрэг өгсөн байдаг. Дээрх ажил үүрэг нь нэхэмжлэгч Д.Оийн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг /ажлын байрны тодорхойлолт 3.1/ мөн бөгөөд Д.О нь захиалагчаас ирүүлсэн техникийн даалгаварт заасан хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломж бүрэн байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Удирдлагын зүгээс 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс Д.Од дээрх ажлыг хийж гүйцэтгэхээс өөр ажил нэмж өгөөгүй, ажлын явцад анхаарал тавьж туслуулахаар инженер зохион бүтээгч Э.Ганзориг, П.Уранцэцэг, Б.Эрдэнэбаяр нарыг оролцуулсан зэрэг арга хэмжээ авч ажилласан. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төслийн менежментийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баярмаа нь дээрх ажлын явц байдал болон тэргүүлэх инженер Г.Баттулгын өгсөн илтгэх хуудастай танилцаад “Э Ү” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.7.10-т Удирдах ажилтнаас ажил үүрэгтэй нь холбогдуулж тавьсан шаардлага болон үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр төслийн менежментийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 тоот тушаалаар сахилгын сануулах шийтгэл ногдуулсан. “Э Ү” ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 12 дугаар сарын 13- нд төслийн А/970 тоот Хөдөлмөрийн зарим харилцааны эрх шилжүүлэх тухай -тушаалын хавсралт №1-ийн 1.3-т Хөдөлмөрийн сахилгын зөрчил /ажлаас халахаас бусад шийтгэл/-д хуульд заасан арга хэмжээ авах эрхийг уг тушаалын хавсралт №2-ын 11-т төслийн менежментийн хэлтсийн даргад олгосон байдаг тул төслийн даргын хэлтсийн дарга Д.Баярмаа нь ажилтанд сануулах сахилгын арга хэмжээ авах эрх хэмжээний субъект мөн юм. Мөн “Э Ү” ХХК-ийн хүчин төгөлдөр үйлчилж буй хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтад хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэл ногдуулах зөрчлүүдийг нэг бүрчлэн зааж өгсөн байх бөгөөд инженер зохион бүтээгч Д.Оийн гаргасан үйлдэл нь уг зүйл заалтад нэрлэн заасан зөрчил учраас сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй юм. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ...Ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтантай зүй бусаар харьцсан, зохисгүй үйлдэл гаргасан, доромжилсон, танхайрсан, эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн, ёс зүйн зөрчил гаргасан, нэр төрд халдсан... гэх нэхэмжлэлийн шаардлагыг “Э Ү” ХХК-д холбогдуулан гаргасан эсэх нь эргэлзээтэй байх бөгөөд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой байхад нэхэмжлэгч энэхүү журмыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие тус шүүхэд 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөрийн сахилгын шийтгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргасан. Мөн асуудалтай холбоотой 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/39 тоот ТМХ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Баярмаа нь дахин сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргасан байна.Уг тушаалд ерөнхий инженер Д.Тамирын тайлбар, тэргүүлэх инженер Г.Баттулгын илтгэх хуудас зэргийг үндэслэн, инженер зохион бүтээгч Д.О нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр БҮ-ийн НБХ-ийн молибедений флотоцын 1-р шугамыг FLSmidth компаний Wemco Inertgas флотомашинаар солих Т045.18-Х0-2018.02.26 тоот зураг төслийн даалгаврыг өнөөдрийг хүртэл зохих ёсоор хийж гүйцэтгээгүй, ажил үүрэгтэй нь холбогдуулан тавьсан харьяалах албан тушаалтны шаардлагыг биелүүлээгүй, 2018 оны 09, 10 дугаар сарын ажлын цаг ашиглалт хангалтгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан тул үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай гэсэн байна. Дээрхи тушаалын үндэслэл бүхэлдээ огт ор үндэслэлгүй худал байна. Учир нь миний бие 2 сарын өмнө ажлаа хийж дуусгасан. Дуусгасан ажлыг Г.Батгулга, Д.Тамир, Г.Баярмаа нар өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй байгаа болно. Дээрхи зураг төслийн ажил дууссан дуусаагүй талаарх үнэн худал нь мэдэгдэхгүй хөдөлмөрийн маргааныг шалгаж тогтоогоогүй байж, үндэслэлгүй дутуу хагас, нэг талын байр суурь, санал дүгнэлтийг үндэслэж тушаал гаргасан байна. Иймд жирийн ажилтан миний хөдөлмөрлөх эрх ашгийг хохироосон, буруутгасан, гүтгэсэн, хэлмэгдүүлсэн, үндэслэлгүй 2 удаагийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, ажил амьдралаар минь тоглож байна. Иймд хариуцагчийн гаргасан үндэслэлгүй тушаалуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч “Э Ү” ХХК нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Оийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Од Баяжуулах үйлдвэрийн молибдены флотоцын 1-р шугамын флотмашиныг шинэчлэх ажлын зураг" гаргах ажлыг хийж гүйцэтгүүлэх техникийн даалгавар бүхий ажлыг төслийн менежментийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баярмаа нь Технологийн процессын товчоонд 2018 оны 02 сарын 19-ний өдөр хуваарилж, тус товчооны тэргүүлэх инженер Г.Баттулга нь чиг үүргийн дагуу 2018 оны 03 сарын 20-ны өдөр инженер зохион бүтээгч Д.Од 2018 оны 08 сарын 31-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх үүрэг өгсөн. Дээрх хугацаанд нэхэмжлэгч нь өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул төслийн менежментийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Улмаар дээрх зураг төслийн ажлын явц удаашралтай, захиалагч байгууллагаас удаа дараа ажлыг хугацаанд нь яаралтай гүйцэтгэхийг шаардсан албан бичгүүд ирүүлж байсан тул төслийн менежментийн хэлтсийн өөр зохион бүтээгчид хувиарлалгүйгээр, Баяжуулах үйлдвэрийн молибдены флотоцын 1-р шугамын флотмашиныг шинэчлэх ажлын зураг гаргахтай холбоотой мэдээллийг мэдэж байснаар нь инженер зохион бүтээгч Д.Од 2018 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэл дуусгах хугацаатай үүрэг даалгаврыг дахин өгсөн. Үүнийг Д.О нь уг ажлыг 10 сарын 12-ны өдрийн дотор гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Мөн дээрх хугацаатай үүрэг даалгавар өгөгдсөнөөс хойш чөлөө олгох эрх бүхий албан тушаалтанд хэлэлгүйгээр өөрийн дураар ажлын байраа орхиж, ажлын цаг хангалтгүй байсан. Энэ нь төслийн менежментийн хэлтсийн гадуур ажлын бүртгэлийн дэвтэрт Д.Оийн хийсэн тэмдэглэсэн бичилтүүдээс нотлогдоно. (гарах бүрдээ шууд харьяалан удирдах албан тушаалтнуудад мэдэгдэж зохих зөвшөөрөл аваагүй байдаг) Иймээс “Э Ү” ХХК-ийн төслийн менежментийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 сарын 24-ний өдрийн Б/39 тоот тушаалаар Д.Оийн үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. 2018 оны 10 сарын 24-ний өдрийн Б/39 тоот тушаал нь нэхэмжлэгч Д.Оийн 2018 оны 08 сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэлх хийж гүйцэтгээгүй ажилд ногдуулсан сахилгын шийтгэлийн арга хэмжээ бөгөөд, дээрх хугацаануудад Д.Од Баяжуулах үйлдвэрийн молибдены флотоцын 1-р шугамын флотмашиныг шинэчлэх ажлын зураг гаргах ажлаас өөр үүрэг даалгавар өгөгдөөгүй болно гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2018/01145 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан “Э Ү” ХХК-ийн төслийн менежментийн хэлтсийн даргын 2018 оны 08 сарын 29-ний өдрийн Б/33, 2018 оны 10 сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Оийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Э Ү” ХХК-иас 70.200 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2018/01145 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч “Э Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золжаргал, Ц.Оюундарь нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч “Э Ү” ХХК-ийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “Э Ү” ХХК-ийн Улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золжаргал, Ц.Оюундарь нар хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасан дараах үндэслэлүүдээр хангаагүй гэж үзэж байна. Үүнд: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.7-д заасан байдаг. Үүний дагуу хариуцагч талаас анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдох бүхий нотлох баримтыг гаргаж өгөхөд шүүхээс хүлээж авалгүй хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтойгоор зөрчсөн. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2-т заасан байдаг бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Баярмаа, гэрч Г.Баттулга нарын нэхэмжлэгч Д.О нь флот машины зураг төслийн ажил гүйцэтгэх хугацааг мэдэж байсан, ажлын цагийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр удаа дараа тасалсан, дахин хугацаа тогтоож ажил гүйцэтгэх даалгавар удирдлагаас өгөхөд тогтоосон хугацаандаа ажлаа хийж гүйцэтгээгүй зэрэг байдлуудыг нотолж гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрчийн мэдүүлэгт /нотлох баримтанд/ үндэслэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Үүнийг давж заалдах шатны шүүхээс гэрчийн мэдүүлгийг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар давхар нотлогдох ёстой гэж үзэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл хэрэгт нэхэмжлэгч Д.О нь уг ажлыг заасан хугацаанд хийх боломжгүй байсан, хугацааг мэдээгүй, ажлын цаг таслаагүй гэдгийг нотолсон ямар ч нотлох баримт өгөөгүй, хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх хүлээж аваагүй. Хэрэгт зөвхөн маргаантай байдлыг үнэн зөвөөр гэрчлэх гэрчийн мэдүүлэг байгаа, гэтэл шүүх шийдвэрээ нотлох баримтанд тулгуурлалгүй /гэрчийн мэдүүлэг/ хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргалаа. 3. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.О нь шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа “...2018.07.31-ний өдөр энэ ажлыг гүйцэтгэж, дуусгахад боломжтой хугацаа биш...”, “эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр ажлын цагаар гарч орсон зүйл байгаа” гэж хариулсан зэргээс харахад Д.О нь өөрөө гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байхад шүүх түүнийг хэргийг шийдвэрлэхдээ харгалзан үзсэнгүй. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.О нь “Э Ү” ХХК-д холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан “Э Ү” ХХК-ийн төслийн менежментийн хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/33, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/39 дугаар хоёр тушаалыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Шүүх “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй байна.

“Э Ү” ХХК-ийн төслийн менежментийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч нь Д.Оийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар флотомашиныг шинэчлэх зураг төслийг 2018 оны 07 дугаар сарын 31-нд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн дотоод журмын 8.7.10 дугаар заалтыг зөрчсөн үндэслэлээр сануулах шийтгэл, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/39 дугаар тушаалаар зургийн даалгаврыг зохих ёсоор хийж гүйцэтгээгүй, 2018 оны 09, 10 сарын ажлын цаг ашиглалт хангалтгүй гэсэн үндэслэлээр үндсэн цалинг хоёр сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулжээ.

“Э Ү” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 12 сарын 13-ны өдрийн А/970 дугаар тушаалаар хөдөлмөрийн зарим харилцааны эрхийг алба, газар, хэлтсийн дарга нарт шилжүүлсэн байх ба төслийн менежментийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч нь ажилтанд сахилгын арга хэмжээ авах эрхтэй, энэ талаар “Э Ү” ХХК маргаагүй тул эрх бүхий этгээд сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзнэ.

Ажил олгогч сахилгын нэг зөрчил буюу зургийн даалгаврыг хугацаанд нь гаргаагүй гэх үйлдэлд сахилгын шийтгэл давхардуулан ногдуулснаар тушаал үндэслэл бүхий болж чадаагүй байна. Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах бол ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон, зөрчилд арга хэмжээ авах хуульд заасан хугацаа өнгөрөөгүй, эрх бүхий субьект зөрчилд тохирсон арга хэмжээ авах учиртай байна.

Д.О нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтад тулгуурлажээ. Ажил олгогчийн зүгээс ажилтанд үүрэг даалгавар өгөхдөө хийх ажил, уг ажлыг гүйцэтгэх хугацааг хэрхэн өөрт нь мэдэгдсэн, ажилтан хэзээ ажил тасалсан талаар  баримтаар нотлоогүй байна. Ажил олгогч, ажилтны хооронд үүссэн харилцаанд гэрээний талууд үүргээ биелүүлсэн эсэхийг нотлохоос гэрчүүдийн мэдүүлэг хангалттай нотлох баримт болж чадаагүй байв. Иймд нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2018/01145 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр  сарын 08-ны өдрийн 01 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

  ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА