Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 915

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Мөнгөншагай,

иргэний хариуцагч Т.О, түүний өмгөөлөгч О.Баяраа,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базархандын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 369 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Т.Оын өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Ат холбогдох эрүүгийн 1803000010108 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Б.А, 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамжны .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../;

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сурын харвааны урд замд иргэн Ц.Бын эзэмшлийн Тоёота лексус 470 маркийн .... УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас Н.Д жолоодож явсан Сүхбаатар дүүргийн ТҮК-ийн эзэмшлийн Мицибиши фусо маркийн 72-37 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч М.Оын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэг, 404 дүгээр зүйлийн 404.1, 404.3 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Т.Ооос хохиролд 24.265.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Баянголд дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүнжав гудамж 25/1-2 дугаар байрны 707 тоот хаягт оршин суух, /РД:..., Ж овгийн Ц Бод олгохоор шийдвэрлэжээ.

 Иргэний хариуцагч Т.Оын өмгөөлөгч О.Баяраа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх иргэний хариуцагч Т.Оыг иргэний нэхэмжлэгч Ц.Бод 24.265.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх жолоочийн үйлчилгээ хүссэн Жаргалбаяр, Т.О нарын хооронд даалгаварын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн нь буруу юм. Дуудлага хүлээн авах 99... дугаарыг хэрэг гардаг өдөр Т.О эзэмшиж яваагүй өөр хүмүүс эзэмшиж дуудлагыг хүлээн авч Б.А автомашиныг жолоодон явсан, анхан шатны шүүхийн дүгнэснээр даалгаварын гэрээг Т.О хийгээгүй, мөн дуудлага авах 99... дугаартай утас нь Т.Оын эзэмшлийнх биш болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Өмгөөлөгч миний хувьд иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4-д заасан үндэслэлүүдээр хэргийг шийдвэрлэх саналыг оруулсан боловч шүүх хүлээн авч шийдвэрлээгүй байна. Харанхуй шөнө, үзэгдэх орчин бүүдгэр, зам хальтиргаа гулгаатай, гар утсаараа оролдоод жолоодох хөдөлгөөн хийсэн Г.А буруутай, ослыг энэ хүн үйлдэж, хохирлыг учруулсан байхад хохирлыг төлөх чадваргүй гэсэн байр сууринаас Б.Аыг хохирол төлөх хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Иймд хэргийг хянан үзэж, үнэн бодитой шийдвэр гаргана уу...” гэв.

Иргэний хариуцагч Т.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Учир нь тэр өдөр би Ат даалгавар гүйцэтгэх гэрээний дагуу дуудлагыг өгөөгүй юм. Жолоодох эрхийг тэр өөрөө авч явсан мөн мөнгө төгрөгний ажил хиймээр байна гээд гар утас аваад явсан...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сурын харвааны урд замд иргэн Ц.Бын эзэмшлийн Тоёота лексус 470 маркийн ... УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас Н.Д жолоодож явсан Сүхбаатар дүүргийн ТҮК-ийн эзэмшлийн Мицибиши фусо маркийн .... УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч М.Оын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч М.Оын: “...Бид бүгдээрээ Ж машинд суугаад эхнээсээ хүргүүлж байсан. Зам тээврийн осол болох үед би жолоочийн арын суудалд, миний хажууд манай ажлын газрын Од гэх залуу, урд суудалд Жаргалбаяр явж байсан. Машиныг дуудлагын жолооч жолоодоод явж байтал урд талд явж байсан хогны машин 2 дугаар эгнээнд баруун эргэх гээд дохиогоо өгөөд зогсож байхад нь дуудлагын жолооч араас нь очоод мөргөчихсөн. Би тухайн үед арын суудалд хамгаалах бүс хийгээгүй сууж байсан. Тухайн ослын дараа миний гар өвдөөд байхаар нь 103 луу залгаж дуудлага өгсөн.../1хх-39-40/,

гэрч Л.Ж: “...Ахынхаа эзэмшлийн Лексус 470 маркийн авто машиныг бариулахаар дуудлагын жолоочийн 99... дугаар луу залгасан. Удалгүй дуудлагын жолооч гээд нэг залуу ирсэн. Манай ажлын дөрвөн хүн суугаад, жолоочоор машин бариулаад, ажлын хүмүүсээ гэр гэрт нь хүргэж өгч байсан, яг осол болох үед Цэнгэлдэх хүрээлэнгийн урд замд 2 дугаар эгнээгээр явж байсан. Би тухайн үед ард талд нь Отай юм яриад явж байсан юм. Тэгээд замдаа урагшаа хартал жолооч залуу машин барингаа утсаараа оролдож байсан. Тэр залууд “гар утсаа болиоч” гээд хэлэх гэж байтал нүдний үзүүрт 2 дугаар эгнээнд том машин тормослоод зогсож байгаа харагдсан. Тэгээд жолооч араас нь очоод мөргөчихсөн...”/1хх-85/,  гэрч Н.Д: “...Энхтайваны гүүрэн доор байх баазад очоод, би ачигч машиныг баазаас унаж гараад, бага Цэнгэлдэхийг тээвэрлэхээр, миний хажууд М суугаад явсан. Би төв цэнгэлдэхийн урд талд Хурд хорооллын замаар баруунаас зүүн тийш 2 дугаар эгнээгээр явж байгаад, баруун гар тийш эргэж байрнуудын хогийг ачихаар баруун эргэх дохиогоо өгөөд, араас 1 дүгээр эгнээгээр ирж байсан авто машиныг өнгөрөөгөөд баруун эргэх гэж байтал гэнэт тэр автомашины араас мөргөөд түс тас гээд явчихсан...” /1хх-76-77/, гэрч Ц.М: “...Бид хоёр Төв цэнгэлдэхийн урд талд Хурд хорооллын замаар баруунаас зүүн тийш 2 дугаар эгнээгээр явж байгаад, баруун гар тийш эргэж байрнуудын хогийг ачихаар, баруун эргэх дохиогоо өгөөд зогсож байхад гэнэт араас хүчтэй мөргөсөн...”/1хх-81/, гэрч Ц.Р: “...Оод өөрийн дуудлагын 99... гэсэн дугаарыг 500.000 төгрөгөнд зарахаар тохиролцсон боловч тэрээр надад мөнгөө өгөөгүй байгаа. “Голден ОАСИС” ХХК бол миний нэр дээр байдаг компани, одоо тус компани идэвхигүй, үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд сүүлийн 9 сарын хугацаанд “Х” тайлан гаргаж өгөөгүй. Оод зөвхөн дуудлагын 99... гэсэн дугаараа өгсөн. Би уг дугаарыг түүнд шилжүүлэхдээ гэрээ байгуулаагүй, аман хэлцэл хийгээд зарсан...” /1хх-89/,  гэрч Ч.Е: “...А бид хоёр үеэлүүд юм. Би Оыг урьд нь таньдаг байсан юм. Тэгээд түүнийг дуудлагын жолоочийн ажил хийдгийг нь мэдээд 6 сарын өмнөөс түүнтэй хамт дуудлагын жолоочийн ажил хийж байсан. Тэрээр уг ажлыг хувиараа хийж байсан ба бид нарт жолоочийн хариуцлагын даатгал байхгүй. Осол болохоос 7 хоногийн өмнө О дээр А ах зан төлөвийн хувьд төлөв даруухан, архи дарс хэрэглээд байдаггүй...”/1хх-88/, иргэний нэхэмжлэгч Ц.Бын: “...LEXUS 470 маркийн .... УБЛ улсын дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин юм. Гэхдээ осол болох үед би унаагүй, манай бага дүү Я нөхөр Ж унаад явж байсан. Түүнд унуулахыг зөвшөөрсөн байсан...”/1хх-44/, Иргэний нэхэмжлэгч Б.Ц: “...Анх Нийслэлийн захирагчийн албаны хог хаягдлын сангаас байхаа яг аль сангаас гэдгийг мартсан байна. Тус сангаас бүх дүүргийн хот тохижилтын газарт хог ачиж буулгах зориулалтын Mitsibishi fuso маркийн автомашинуудыг хүлээлгэж өгсөн, манай газарт 5 машин өгсөн. Манай байгууллага улсад машины мөнгө гэж жил болгон төлбөр төлдөг, уг машин нь 2008 онд орж ирсэн, манай байгууллага уг машиныг хариуцуулаад, бид машинуудаар ажилаа хийж гүйцэтгэдэг тул уг машин манай байгууллагын эзэмшлийн машин юм...”/1хх-60/, иргэний хариуцагч Т.Оын: “...Би найз Р 99... гэсэн гар утасны дугаарыг худалдаж авсан. Уг дуудлагын жолоочийн үйлчилгээг би хариуцаж явуулж байсан нь үнэн. Би хуулийн байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлнэ. Миний хэлсэн ярьсан үнэн...” /1хх-62/ шүүгдэгч Б.Аын: “...2018 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө дуудлагыг 00 цаг 50 минутын үед Ооос хүлээж аваад, Хан-Уул дүүргийн Скот хаусаас Лексус 470 маркийн автомашиныг жолоочоос нь хүлээж аваад, жолооч эрэгтэйг хажуудаа суулгаад 5 зорчигчийг ард суулгаад Энхтайваны гүүрний баруун талд байх Эрэлийн байранд ард сууж явсан 2 хүнийг буулгаад, тэндээсээ 19-ийн Орчлон хороололд нэг хүнийг буулгаад, тэндээсээ Цэцэрлэгт хүрээлэнгийн ард талд байх Энканто хороолол руу хүн хүргэж өгөхөөр явсан.Хан-Уул дүүргийн нутаг Төв цэнгэлдэхийн урд талын замд нэгдүгээр эгнээгээр 70 км/цаг орчим хурдтай явж байтал хоёрдугаар эгнээнд урд талд явсан хогны машин баруун гар тийш дохиогоо өгөөд нэгдүгээр эгнээ рүү шилжих гэхээр нь түүний араар нь тойроод гаръя гэж бодоод хоёрдугаар эгнээ рүү шилжээд ортол тэр автомашин зогсчихсон. Тэгээд тормосоо гишгэсэн боловч гулгаж очоод араас нь мөргөсөн...”/1хх-75, 126/ гэх мэдүүлгүүд,

 ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1677 тоот: “...М.Оын биед баруун гарын сарвууны завь хэлбэрийн ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу тухайн осол болох үед үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх-94/,

Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 89 тоот дүгнэлт /1хх-116/, “Мобиком корпораци” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 18/3209 тоот албан бичиг /1хх-205/, Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 02/1460 тоот албан бичиг /1хх-211/, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа /1хх-69, 215/, 1900-1950 мэдээллийн лавлахын 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 75 тоот албан бичиг /1хх-217/, LEXUS 470 маркийн 67-55 УБЛ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-35/, Иргэний хариуцагч Т.Оын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх-47/, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 4098 тоот үнэлгээний тайлан /1хх-99-102/, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 4295 тоот үнэлгээний тайлан /1хх-107-108/ зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.А Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Иргэний хариуцагч Т.Оын өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлын хувьд: “Б.А буруутай, ослыг энэ хүн үйлдэж, хохирлыг учруулсан байхад Т.Ооос гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна”. Тухайн өдөр 99... дугаарын утсыг Б.А барьж явсан гэжээ.

 Иргэний хариуцагч  Т.Оын: “... Би найз Р 99... гэсэн гар утасны дугаарыг худалдаж авсан. Уг дуулагын жолоочийн үйлчилгээг би хариуцаж явуулж байсан нь үнэн. Би хуулийн байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлнэ. Миний хэлсэн ярьсан үнэн, нэмж ярих зүйл байхгүй ...” /1хх-62/,

Гэрч Ц.Р: “...Би анх 2016 онд “Голден ОАСИС” ХХК-ийн үүсгэн байгуулж, компанийн гэрчилгээг авч, дуудлагын жолоочийн чиглэлээр иргэдэд үйлчилж байсан. Үйл ажиллагаа явуулж байгаад 2017 оны 5 дугаар сараас ажиллахаа болиод, хөдөө жолоочийн ажилд орсон. Дуудлагын жолоочийн үйлчилгээний ажлыг хийж байх үедээ надта хамт цэрэгт алба хааж байсан найз О нь хэсэг хугацаанд хамт ажиллаж байсан юм.

Тэгээд уг ажлаа болиход найз Оод өөрийн дуудлагын 99... гэсэн дугаарыг 500.000 төгрөгөнд зарахаар тохиролцсон боловч тэрээр надад мөнгөө өгөөгүй байгаа. “Голден ОАСИС” ХХК бол миний нэр дээр байдаг компани, одоо тус компани идэвхигүй, үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд сүүлийн 9 сарын хугацаанд “Х” тайлан гаргаж өгөөгүй.

Оод зөвхөн дуудлагын 99... гэсэн дугаараа өгсөн. Би уг дугаарыг түүнд шилжүүлэхдээ гэрээ байгуулаагүй, аман хэлцэл хийгээд зарсан...” /1хх-89/,

Шүүгдэгч Б.Аын: “...2018 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө дуудлагыг 00 цаг 50 минутын үед Ооос хүлээж аваад, Хан-Уул дүүргийн Скот хаусаас Лексус 470 маркийн автомашиныг жолоочоос нь хүлээж аваад, жолооч эрэгтэйг хажуудаа суулгаад 5 зорчигчийг ард суулгаад Энхтайваны гүүрний баруун талд байх Эрэлийн байранд ард сууж явсан 2 хүнийг буулгаад, тэндээсээ 19-ийн Орчлон хороололд нэг хүнийг буулгаад, тэндээсээ Цэцэрлэгт хүрээлэнгийн ард талд байх Энканто хороолол руу хүн хүргэж өгөхөөр явсан.

Хан-Уул дүүргийн нутаг Төв цэнгэлдэхийн урд талын замд нэгдүгээр эгнээгээр 70 км/цаг орчим хурдтай явж байтал хоёрдугаар эгнээнд урд талд явсан хогны машин баруун гар тийш дохиогоо өгөөд нэгдүгээр эгнээ рүү шилжих гэхээр нь түүний араар нь тойроод гаръя гэж бодоод хоёрдугаар эгнээ рүү шилжээд ортол тэр автомашин зогсчихсон. Тэгээд тормосоо гишгэсэн боловч гулгаж очоод араас нь мөргөсөн...” /1хх-75,126/ гэх мэдүүлгүүдээр,

иргэний хариуцагч Т.О нь 99... дугаарын утсыг эзэмшиж дуудлага хүлээн авч өөрийн удирдлаган доор ажилладаг  шүүгдэгч Б.Ат  Л.Ж унаж явсан Тоёота лексус 470 маркийн .... УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох үүрэг өгсөн  байх бөгөөд шүүгдэгч Б.А нь уг машиныг иргэний хариуцагчийн хэлсний дагуу хүргэж өгөхөөр унаж явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар Т.О нь “эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцах” иргэний хариуцагчаар тогтоогдсон нь үндэслэлтэй,  хохирлыг хариуцах  этгээд мөн  тул  энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Т.Бод учирсан  автомашины эвдэрлийн хохирол 24.265.000 төгрөгийг иргэний хариуцагч Т.Ооос гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд иргэний хариуцагч Т.Оын өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан “хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгох”-ыг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 369 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Т.Оын өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                    М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ