Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0180

 

П.Бгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 29 дүгээр шийдвэрт гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлын дагуу П.Бгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 08 дугаар захирамж, 2003 онд байгуулсан газар эзэмших гэрээ, гэрчилгээний дагуу Алагтолгой багийн 1-48 тоот хашааны газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшдэг. 2000-2006 онд газартаа амьдарч байгаад гэр бүлийн шалтгаанаар хот руу түр хугацаагаар шилжихдээ А.Мг хашаандаа буулгаад явсан. Гэтэл Жаргалант сумын Засаг дарга 2006 оны 136 дугаар захирамжаар миний газрыг А.Мд шилжүүлэн, аймгийн Засаг даргын 2013 оны А/25 дугаар захирамжаар өмчлүүлжээ. Хуулийн шаардлага хангах баримтгүй, миний хүсэлтгүй байхад газар эзэмших эрхийг шилжүүлсэн. Гаргасан гэх хүсэлт нь миний гарын үсэг биш. Мөн захирамжийн баримтласан ИТХ-ын төлөвлөгөө гэсэн нь бодит байдал дээр өөр агуулгатай тогтоол байна. Иймд хууль бус Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаар захирамжийн Адуучийн Мд шилжүүлсэн хэсгийг, Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/25 дугаар захирамжийн Багшийнхан овгийн Адуучийн Мд Жаргалант сумын Алагтолгой багийн 1-48 тоот 732.6 м.кв газрыг өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Жаргалант сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...сумын Засаг даргын 1996 оны 08 дугаар захирамжаар уг газрыг эзэмшиж байсан П.Б 2006 оны 06 сарын 27-ны өдөр газар эзэмших эрхийг А.Мд шилжүүлэх хүсэлт зэрэг 8 хуудас материал ирүүлсний дагуу 2006 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 136 дугаар захирамжаар шилжүүлсэн. Хүсэлтийг өөрөө бичсэн эсэхийг тодруулах боломжгүй байсан. гэжээ.

 

Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...тухайн маргаан нь иргэдийн хоорондын газрын маргаан бөгөөд шүүхээс эцэслэн шийдвэрлэсний дараа 2013 оны А/25 дугаар захирамжийн А.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй. гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Би уг газрыг 1999 онд н.О гэдэг хүнээс 3 тонн гурилын өрөндөө авсан. Тухайн үед гэр бүлгүй байсан тул өөрийн дүү А.Мөнхдавааг буулгасан. П.Б нь А.Мөнхдаваагийн эхнэр. Дараа нь П.Бгийн аавынх буусан. Гэтэл П.Бгийн аав нь багийн Засаг даргаар ажилладаг байхдаа түүний нэр дээр миний газрыг эзэмших гэрчилгээ гаргасныг би мэдээгүй. Тэгээд 2006 онд П.Бтай хамт газрын албанд очин өөрийн нэр дээр шилжүүлсэн. Иймд захирамжуудыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4 дэх хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зуйлийн 21.1. дэх хэсэг заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаар Тазар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжийн 3 дахь заалт буюу П.Бгийн Алагтолгой багийн 1-48 тоот хашааны 201700514 дүгээр газрын гэрээ, шлгээтэй 800 м.кв газрын эзэмших эрхийг Адуучийн Мд шилжүүлсэн хэсгийг, Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/25 дугаар Тазар өмчлүүлэх тухай" захирамжийн 1 дэх заалтын иргэдийн 75-д бичигдсэн Адуучийн Мд Жаргалант сумын Алагтолгой багийн 1-48 тоот 732.6 м.кв газрыг өмчлүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд А.М нь анх тухайн газрыг эзэмшиж байсан учраас тухайн газрын хууль ёсны өмчлөгч нь П.Б биш байдаг. А.М нь 2001 оны 9 сард Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-р гудамжны 48 тоот хашааг Г.Оаас худалдан авсан юм. Харин анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дгийн "...1996.01.25-ны өдрийн №08 тоот захирамж яг хэн гэдэг хүний нэр дээр гарсан бэ?" гэсэн асуултанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "энэ захирамж П.Б гэдэг хүний нэр дээр гарсан. Тухайн үед П.Бд газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгож гэрээ байгуулагдсан байдаг." гэж хариулсан. /хавтаст хэргийн 160-161 хуудас дахь хуралдааны тэмдэглэлээс/

Гэтэл 2001 онд анх А.М тус хашааг худалдаж авсанаар П.Б нь тухайн хашаанд байсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох П.Бгийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ нь 2003 оны 3 сарын 21-ний өдөр бичигдсэн байдаг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мөнхбатын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь үндэслэлгүй, эргэлзээтэй байна. Энэ нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 01 сарын 25-ны 8 дугаар захирамж нь яг хэн гэдэг хүний нэртэй эсвэл ямар утга агуулгатай гарсан болохыг нэмж тодруулсан тохиолдолд шүүхийн шийдвэр нь бүх нотлох баримтыг цуглуулан шалгасан бөгөөд үндэслэл бүхий, эргэлзээгүй байх хуулийн шаардлага хангах байсан.

Гэвч хавтаст хэрэгт Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 01 сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамж нотлох баримтаар авагдаагүй байгаа бөгөөд энэ баримт нь маргааныг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт гэж үзэж байна.

Түүнчлэн гэрч, газрын даамал П.Б шүүхэд мэдүүлэг өгөхдөө "...2003 оны 3 сарын 21-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг бичиж олгосон гарын үсэг миний гарын үсэг биш. Тийм учраас би гэрээ байгуулж гэрчилгээ олгооогүй..." гэжээ.

Энэ мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан газар эзэмших гэрээнд газар өмчлөгчийг төлөөлж гарын үсэг зураагүй, бүртгэсэн ажилтын гарын үсэг байхгүй байгаа нь уг мэдүүлгийг давхар нотлож байна. Иймээс энэ гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй нотлох баримт байна.

Түүнчлэн гэрч, газрын даамал П.Б шүүхэд өгсөн мэдүүлэгт "...газар эзэмшигч этгээд газраа шилжүүлэн өгч этгээдтэй хамт ирээд өргөдлөө бичиж өгдөг. Тус газрын хувийн хэрэгт 2003 оны 3 сарын 21-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ эх хувиараа байгаа. Тэгэхээр П.Б, А.М нар тус ээний эх хувийг авч ирээд, газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтээ бичээд багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтаа бүрдүүлж ирсэн учраас газар эзэмших эрх шилжүүлсэн..." гэсэн байна.

А.Мгийн авсан хашааг П.Б нь хуурамч баримт бүрдүүлэн өөрийн эзэмшилд бүртгүүлсэн байсан учраас тухайн үед П.Б, А.М хэн аль нь ч газар шилжүүлэх хүсэлтээ өөрсдийн гараар бичээгүй боловч энэ бүхнээ өөрийн сайн дураар шилжүүлэн өгөхөөр газрын албанд очсон бөгөөд 2 тал бичиг баримтаа хамт очиж бичиг баримтаа илжүүлэн өгсөн байхад газар эзэмших гэрчилгээ шилждэг байсан. /Иргэд өөрсдийн гараар өргөдөл бичих бус хэн нэг боловсролтой хүнээр өргөдлөө бичүүлсэн гэж ойлгогдож байна./

Анх хэрхэн, ямар арга замаар П.Б нь уг газрыг эзэмших болсон талаар нарийвчлан тогтоох нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-р гудамжны 48 тоотод байрлах хашааны газрын хууль ёсны эзэмшигч П.Бгийн гэдэг нь маргаантай байна.

 

А.М нь маргаан бүхий газрыг Г.О гэдэг хүнээс уг хашааны худалдан авч эзэмшсэн байдаг бөгөөд тухайн хашаа газрын хууль ёсны эзэмшигч, өмчлөгч гэж маргаж байхад шүүх энэ талаарх нотлох баримтыг шалгахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэж гуравдагч этгээдийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан байна.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 15-ны өдрийн 29 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

1.  Нэхэмжлэгч П.Бгаас Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамж, 2003 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан газар эзэмших гэрээ, гэрчилгээний дагуу тус сумын Алагтолгой багийн 1-48 тоот хаягтай хашааны газрыг эзэмшиж байгаад 2006 онд А.Мг хашаандаа буулгаж явсан. Гэтэл газар эзэмших эрхийг А.Мд шилжүүлсэн нь хууль бус гэж,

Гуравдагч этгээд А.Мгаас Би 1999 онд н.О гэдэг хүнд 3 тонн гурил зээлсний өрөнд тухайн хашааны газрыг авсан. Тухайн үед өөрөө тээвэрт явдаг байсан тул өөрийн дүүг А.Мөнхдавааг буулгасан. Түүний эхнэр нь П.Б. П.Бгийн аав нь багийн Засаг даргаар ажилладаг байсан тул охиныхоо нэр дээр газар эзэмшүүлсэн шийдвэр гаргуулсан байсан. Үүнийг мэдээд би П.Бтай хамт газрын албанд очин өөрийн нэр дээр шилжүүлсэн гэж маргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын маргасан дээр үндэслэлүүдийг шалган тогтоогоогүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх журмыг хэрэгжүүлээгүй, энэ талаар маргаангүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал,

Шүүх маргаан бүхий газрын эзэмших эрх хэнд эхэлж үүссэн болохыг тогтоож, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд болох Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжийг хэрэгт нотлох баримтаар аваагүй, уг газрыг өмнө нь эзэмшиж байсан гэх н.Оыг гэрчээр асууж, гуравдагч этгээдийн тайлбарыг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. Мөн хэргийн оролцогчдоос Алагтолгой багийн тухайн газар нь олон жил хүн амьдарч байсан газар гэж тайлбарлаж байгаа тул 1-48 тоотод газар эзэмших эрх хэнд анх үүсч, улмаар хэний шилжиж байсныг тодруулах нь зүйтэй.

 

2.  Хэргийг хянан шийдвэрлэсэн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс н.Оыг гэрчээр асуулгах, П.Бгийн эцэг Пүрэвийг тухайн үед багийн Засаг даргаар ажиллаж байсан эсэхийг тодруулах хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгожээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх хүсэлт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан нотлох баримт цуглуулах, гэрчээс мэдүүлэг авахуулах, түүнийг шаардах эрхийнхээ хүрээнд гаргасан хүсэлт байх ба түүнийг мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шүүхээс нотлох баримт гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлэсэн зохицуулалтаар шийдвэрлэх байхад хэргийн оролцогчдын гомдол гаргах эрхийг хориглосон нь мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан /ХХ-11/ Захиргааны хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд нэхэмжлэгч П.Б бус, хэргийн оролцогч биш этгээд болох түүний нөхөр Мөнхдаваа гэж гарын үсэг зурсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасантай нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд А.Мгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР