Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 322

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Минжийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06897 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ш.Минжийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Нарангэрэлд холбогдох

4 950 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэгийн гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Доржпүрэв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Наранцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Минж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч С.Нарангэрэл нь надаас 2015 оны 08 дугаар сараас 10 дугаар сарын хооронд цемент худалдан авч, үлдэгдэл 7 200 000 төгрөгийг төлөхгүй байсан учраас бид 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан. Би, С.Нарангэрэлийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт өгч, шалгуулсан боловч Цагдаагийн газраас та нар хоорондоо тохир, энэ асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх хэрэгтэй гэсний үндсэн дээр уг гэрээг байгуулсан юм. Төлбөр барагдуулах гэрээгээр С.Нарангэрэлээс 3 000 000 төгрөгт 20 тонн цемент тооцож авах, үлдэх 4 200 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлөх үүргийг хүлээж, энэ хугацаанд надад 15 тонн цемент буюу 2 250 000 төгрөгийн цемент өгч, харин 5 тонн буюу 750 000 төгрөгийн цементийг үлдэх 4 200 000 төгрөгийн хамт өгөөгүй. Энэ гэрээг би, өөрийн хүү М.Соёл-Эрдэнийн хамт байгуулсан боловч миний бие С.Нарангэрэлээс төлбөрийг нэхэмжлэх эрхтэй, хүү маань Улаанбаатар хотоос цемент авч ирэх эсхүл Сэлэнгэ аймаг руу явуулж, хамтран хүмүүст худалддаг юм. Иймд, хариуцагч С.Нарангэрэлээс нийт 4 950 000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 Нэхэмжлэгч Ш.Минжийн өмгөөлөгч Л.Доржпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлүүдэд тус тус заасан мэтгэлцэх, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа бол баримтаар нотлох зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэрээг С.Нарангэрэлийг шахаж, дарамтлах байдлаар байгуулаагүй, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэс дээрх асуудал дууссан, өөрөө ч энэ талаар тайлбар дээрээ бичсэн байсан. Хэрэв хариуцагч тал үүн дээр маргаантай байсан бол хуульд заасан журмын дагуу эрх, үүргээ өмнө нь хэрэгжүүлэх ёстой байсан. Төлбөр барагдуулах гэрээний дагуу төлөөгүй 4 200 000.00 төгрөг, 750 000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

 Хариуцагч С.Нарангэрэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нэхэмжлэгч Ш.Минжээс 20 тонн цемент аваагүй, миний ажлыг гүйцэтгэж байсан ажилчид уг цементийг авсан гэдгийг тэрээр өөрөө мэдэж байгаа юм. Энэхүү “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулах болсон үндэслэл бол Ш.Минж нь намайг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар өгч, дарамт, шахалт үзүүлснээс болж гэрээнд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч Ш.Минжийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгаас үзвэл тухайн цемент түүнийх бус харин хүү М.Соёл-Эрдэнийн цемент байх тул нэхэмжлэгч биш этгээд ийнхүү нэхэмжлэл гаргасан байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь, хэдийгээр Төлбөр барагдуулах гэрээнд Ш.Минж, М.Соёл Эрдэнэ нар гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа цементийг манай компанийн, миний хүүгийн гэх зэргээр тайлбарлаж байгаагаас үзвэл тус цемент нь нэхэмжлэгчийн өмч хөрөнгө биш байна. Иймд, Ш.Минжийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.Нарангэрэлээс 4 200 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Минжид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Минжээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Нарангэрэлээс 82 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Минжид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг давж заалдах гомдолдоо: “Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 06897 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.  

Ш.Минж нь нэхэмжлэл гаргах этгээд биш бөгөөд түүнд өөрийн өмнөөс шүүхийн ажиллагаанд оролцох төлөөлөх итгэмжлэлийг хэн нэгэн олгоогүй байна. Шүүх хуралдааны явцад Ш.Минж С.Нарангэрэлд өгсөн гэх цемент “өөр хүнийх, эсвэл хүүгийнх” гэх зэргээр тайлбарласанаас үзвэл маргааны зүйлийг тодруулах шаардлагатай байсан. Нэхэмжлэгч гэх Ш.Минж өгсөн цементээ С.Нарангэрэл буюу иргэнд өгөөгүй, түүний Мандал суманд ажиллаж байсан компаний ажилчидад өгсөн гэх ба хариуцагч нь иргэн биш хуулийн этгээд байна. Хариуцагчаар иргэн С.Нарангэрэлд холбогдуулан шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс цемент хүлээлгэн өгсөн баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд хэн хариуцагч болохыг тодорхойлсон баримтгүйгээр иргэн С.Нарангэрэлээс төлбөр гаргуулсан нь үндэслэлгүй. С.Нарангэрэлд биш ажилчдад нь хүлээлгэн өгсөн гэх бөгөөд хэн хүлээн авахыг зөвшөөрсөн талаар баримтгүй байгаа болно. “Төлбөр барагдуулах гэрээ”-гээр С.Нарангэрэлээс цементийн үнийг гаргасан ба нэгэнт бусдад эд хөрөнгө худалдаж байгаа бол өмчлөлд шилжүүлсэн тухай баримтын үндсэн дээр шаардлага гарган шийдвэрлүүлэх боломжтой юм. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу “гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Ш.Минж нь хариуцагч С.Нарангэрэлд холбогдуулан 4 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

            Хариуцагч С.Нарангэрэл нэхэмжлэгч Ш.Минж, М.Соёл-Эрдэнэ нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Төлбөр барагдуулах тухай гэрээ”-г байгуулж, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд өмнө авсан цементийн үнэ 7 200 000 төгрөгийг хариуцагч нь 1 тонн цементийг 150 000 төгрөгөөр тооцон, нийт 3 000 000 төгрөгийн үнэтэй 20 тонн цементийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, үлдэх 4 200 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-3, 27-28/

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгийн хэлбэрээр хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул гэрээний нэг тал болох нэхэмжлэгч Ш.Минж нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

            Хариуцагч С.Нарангэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “Төлбөр барагдуулах гэрээг хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байгуулаагүй, Цагдаад гомдол өгч, дарамт шахалт үзүүлсэн учир ийнхүү байгуулсан” гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

            Нэхэмжлэгч Ш.Минж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч С.Нарангэрэл нь дээрх “Төлбөр барагдуулах тухай гэрээ”-ний дагуу 2 250 000 төгрөгийн үнэтэй 15 тонн цементийг хүлээлгэн өгсөн, харин үлдэх 750 000 төгрөгийн 5 тонн цемент болон 4 200 000 төгрөгийг өгөөгүй гэснийг хариуцагч тал тодорхой баримтаар үгүйсгээгүй, татгалзлаа нотлоогүй, мөн нэхэмжлэгч тал 20 тонн цементээс 15 тонн цементийг хүлээн авсан, үлдэх 5 тонн цементийг хүлээн аваагүй гэдгээ хэн аль нь баримтаар нотлож чадаагүй байх тул шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Нарангэрэлээс 4 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Минжид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг давж заалдах гомдолдоо “нэхэмжлэгчийн зүгээс цементийг хүлээлгэн өгсөн баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд хэн хариуцагч болохыг тодорхойлсон баримтгүйгээр иргэн С.Нарангэрэлээс төлбөр гаргуулсан нь үндэслэлгүй” гэжээ.

            Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч талаас цемент хүлээлгэн өгч байсан тухай 5 хуудас тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгснийг шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримт гэж үзэж нэхэмжлэгчид буцаан өгсөн талаар тусгасан байх тул уг баримтыг гаргаж өгөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-27/

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06897 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Нарангэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН