Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/22

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Н.Энхтулга,

Хохирогч Э.Ц,

Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цийн Мт холбогдох эрүүгийн 2138001940598 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.М нь 2021 оны 08 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Green gold” зочид буудлын зогсоол дээр Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Цыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний баруун хөлийн шилбэ рүү өшиглөж, цээжний баруун хэсэгт хазаж, хүч хэрэглэн эсэргүүцсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2138001940598 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.М нь 2021 оны 08 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Цын “замаа чөлөөлж зогс” гэх шаардлагыг биелүүлэлгүй, улмаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Green gold” зочид буудлын зогсоол дээр  цагдаагийн дэслэгч Э.Цыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний баруун хөлийн шилбэ рүү өшиглөж, цээжний баруун хэсэгт хазаж, хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Мийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Цын өгсөн: 2021 оны 8 дугаар сарын 27-28 шилжих шөнө би томилгоот жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. ... Тэгээд хохирогч, холбогдогчоо аваад явж байтал урдуур Инсайт загварын сааран өнгийн тээврийн хэрэгсэл гараад явсан. Тухайн үед зогс гэсэн дохио өгөхөд зогсоогүй. Араас нь очоод Greengold зочид буудлын урд зогсоогоод та түлхүүрээ өгнө үү гэж хэлэхэд машиныхаа түлхүүрийг М хугалсан байсан. Хугархай түлхүүрийг нь аваад замын цагдаагийн алба хаагчийг дуудаж, үлээлгээд Цагдаагийн газарт очоод шалгуул гэж хэлэхэд бид нарын урдаас эсэргүүцэл үзүүлсэн. Тухайн үед би энгэрийн камераар бичлэг хийж байсан. Машинаас буухдаа намайг мөргөөд цээжнээс татсан. ... Дараа нь миний гэм буруу тогтоогдоогүй байхад намайг олон нийтийн сүлжээ фэйсбүүкт миний нэр төрд халдсан мэдээлэл тавьсан. 4 цаг гаруй хугацаанд олон нийтийн сүлжээнд тавигдсан. ....Би ажил үүргээ гүйцэтгэж явсныхаа төлөө бүх хүнд цоллогдсон. .... Тэр өдөр олон цаг зогсоод, тэр асуудлаас болон олон дарга нарын өрөө дамжиж явсаар байгаад сүүлдээ тэр өдөртөө Ковид 19 туссан. Миний биеийн биеийн байдал хүндэрсэн юм. .... Шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдвол би сэтгэл санааны хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүлнэ. ...гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Цын өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнийн 01 цагийн орчим “Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Нэг үе" саадан дотор хэрүүл маргаан үүсгээд байна” гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очоод 18-20 орчим насны дуудлага мэдээлэл өгсөн болон холбогдогч нарыг цагдаагийн газарт хүргэж тайлбар мэдүүлэг авахаар цагдаагийн газар руу явж байтал Мөрөн сумын 8 дүгээр багт байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын уулзвараар зүүн зүгт чиглэлтэй “Хонда инсаит” загварын тээврийн хэрэгсэлтэй хүн дайрах шахаад хурдтай зөрж өнгөрсөн. Тэгэхээр нь тээврийн хэрэгслийн цонхоор гараа гараад зогс гэж дохисон. Тэгээд зогсохгүй байхаар нь “Авьяас” сургуулийн урьд байрладаг 2 ширхэг хурд саатуулагчийн хажууд гүйцэтгэж түрүүлээд цонхоороо “замаа чөлөөлж зогс” гэдэг шаардлага тавьсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн цонх нь онгорхой тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан эмэгтэй миний шаардлагыг сонссон боловч өөдөөс нэг юм хэлээд явсан. Тэгээд 4-н замын уулзвараар чигээрээ гараад “Грийн голд” зочид буудлын урд талын зогсоол дээр зогсоосон. Тээврийн хэрэгслээс бууж очоод тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан М гэх эмэгтэйд “тээврийн хэрэгслээ унтраа, түлхүүрээ хариул” гэж шаардлага тавьсан боловч машинаа асаагаад хөдөлгөөн эхлэхийг оролдсон. Тэгэхээр нь би түлхүүрийг нь хариулсан. Тэгсэн дахиад машинаа асаах гэж оролдохдоо машиныхаа түлхүүрийг хугалсан. Тэгээд би “та тээврийн хэрэгслийн түлхүүрээ өгчих, цагдаа дээр очоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуул” гэхэд шалгуулахаас зайлсхийж “би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэх зүйлийг ярьж байсан. Тэгээд би түлхүүрийг сугалж авсан. Намайг түлхүүрийг нь авах үед миний баруун хөлийн шилбэ рүү өшиглөсөн. Ингээд шаардлага эсэргүүцээд байхаар нь эргүүлийн цагдаад мэдэгдээд, мөн 94560102 дугаарт залгаж Ерөнхий жижүүрт мэдэгдсэн. Ингээд удалгүй эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан д/а Б, Э, Б нар ирсэн. Эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар тухайн иргэнд хууль ёсны шаардлага тавьсан шалгуулахыг хүссэн боловч эсэргүүцэж биед нь халдаж эхэлсэн. ... Тэгээд удалгүй тухайн өдрийн жижүүрээр үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаагийн зохицуулагч дэслэгч Э.Б, цагдаа, цагдаагийн ахлагч Б нар ирж тухайн жолоочийг тандагч багажаар шалгаад, дараа нь драгер төхөөрөмжөөр үлээлгэхэд 1,28 гарч байсан. Ингээд тухайн жолоочийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, цагдаагийн алба хаагчийн биед халдсан үндэслэлээр саатуулах байранд хүргэхээр албан тээврийн хэрэгсэлд суухыг хүссэн. Тэгэхэд шаардлага эсэргүүцэж эргүүлийн цагдаа нарын биед халдсан учир тухайн иргэнд “хууль сахиулагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцвэл албадлагын арга хэмжээ авдаг” талаар хэлж ойлгуулсан. Ингээд дэд ахлагч Б, дэд ахлагч Э дэд ахлагч Б нар тухайн иргэний хоёр гараас нь бариад тээврийн хэрэгсэлд суулгасан. Машинд суух үедээ миний цээж рүү толгойгоороо мөргөөд баруун хөхний доод хэсгээс хазсан. ... Тэгээд замын цагдаагийн тасгийн тээврийн хэрэгслээр цагдаагийн газарт авчирсан. Цагдаагийн газарт авчрах үед мөн л алба хаагчийн биед халдаж эсэргүүцэл үзүүлсэн. Тухайн үед өөрийн аюулгүй байдлаа хангах зорилгоор хувцаснаас нь барьж хөдөлгөөнийг нь хязгаарлаж байсан. Ингээд саатуулах байранд хүргэж эмч Д, цагдаа Э нарт хүлээлгэж өгсөн... Миний баруун хөхний доод хэсэгт улайсан байгаа. Өөр гэмтэл байхгүй. Хувцас болон эд хөрөнгөд хохирол учруулаагүй. Би тэр иргэн рүү огт ойртоогүй...” гэх мэдүүлэг /хх 35-37-р тал/,

Гэрч Э.Нгийн өгсөн: “..би Цагдаагийн газрын 7038102 тоот утсанд дуудлага өгсөн. Дуудлага өгөөд удалгүй Цагдаагийн алба хаагч ирээд тухайн хэрүүл маргаан үүсгэсэн охин болон манай найз Х бид гурвыг машиндаа суулгаад цагдаа дээр очиж тайлбар мэдүүлэг авна гэсэн. Ингээд машинд суугаад цагдаа руу явж байтал бид нарын сууж явсан тээврийн хэрэгслийн хажуугаар маркийг нь мэдэхгүй машин маш хурдтай өнгөрсөн. Тэгээд тэр цагдаа ах шалгах гэж байгаа бололтой “Авьяас” сургуулийн урд талын хурд саатуулагч дээр гүйцэж очоод “та яагаад хурд хэтрүүлээд байна, тээврийн хэрэгслээ зогсоогоорой” гэхэд тухайн жолооч барьж явсан эмэгтэй сонссон боловч тоохгүй, нэг юм хэлээд яваад өгсөн. Тухайн үед юу гэж хэлснийг нь сонсоогүй. Тэгээд ‘Грийн голд” зочид буудлын урд талын зогсоол дээр очиж зогсоосон. Тэгээд тэр цагдаа очиж шаардлага тавьсан боловч тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан эмэгтэй цагдааг хэл амаар доромжилж, өөдөөс нь аймар аймар хашгираад байсан. Харин хамт явсан эрэгтэй нь цагдаад хандан “чи, бид хоёрыг яах гэж зогсоож шалгаж байгаа юм, шалгах эрхтэй юм уу” гэх мэтчилэн зүйлийг ярьж байсан. Тэгээд тэр эмэгтэй машинаа асаагаад явах гэхээр нь тэр цагдаа ах болиулсан. Тэгсэн тэр эгч өөрөө машинаа асаах гэж оролдож байгаад машиныхаа түлхүүрийг хугалчихсан. Тэгээд тэр эгч хаалгаа онгойлгоод цагдаа нарыг өшиглөж, цохиод байсан. Удалгүй нэлээн хэдэн цагдаа ирсэн. Тэгээд тэр эгчийг цагдаа дээр авчирсан. Үүнээс хойш юу болсон талаар нь мэдэхгүй... Тэр эгч л чанга чанга орилоод цагдаа нарыг өшиглөж цохиж аваад байсан... Миний харснаас цээж рүү нь 2 удаа, хөл рүү нь нэг удаа өшиглөсөн... Согтуу л байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх 49-50 тал/,

Гэрч Ч.Хын өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 28-ны шөнийн 01 цагийн орчим өөрийн найз Н, Ц, М нарын хамт “Нэг үе” саадан дотор юм яриад сууж байтал хажуугаар өнгөрч явсан үл таних эмэгтэй бид нарын яриан дундуур орж ирээд “өө тийм үү, пиздаа” гэсэн. Тэгээд бид нарын дунд үл ойлголцол гараад манай найз Н Цагдаагийн газрын 7038102 тоот утас руу залгаж дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд тэр охиныг Н бид хоёрын хамт мэдүүлэг авна гээд машиндаа суулгасан. Ингээд цагдаа руу явж байтал хажуугаар хурд хэтрүүлсэн машин зөрж өнгөрсөн. Тэгтэл машин жолоодож явсан ах араас нь чагнаалдахад хажууд нь сууж явсан цагдаа наад машиныхаа хажууд нь оччих гээд “Авьяас” сургуулийн урд талын хурд сааруулагч дээр хажууд нь очсон. Тэгээд тэр цагдаа ах яаж яваад байгаа юм, хурд хэтрүүлээд байна шдээ, замаа чөлөөлөөд машинаа зогсоо” гэхэд тэр машин жолоодож явсан эгч цонхоо буулгаад “хуц” гэх шиг болоод яваад өгсөн. Тэгээд “Грийн голд” зочид буудлын урд гүйцэж түрүүлээд тухайн тээврийн хэрэгслийг зогсоосон. Тэгээд урд сууж байсан цагдаа ах машинаас буугаад очиж шалгасан. Миний харснаар тэр жолоо барьж явсан эгч шалгуулахгүй гээд байгаа бололтой, цагдаа ахыг “та нар хэн юм гээд хашгираад орилоод байсан. Мөн нэг удаа хөл рүү нь өшиглөж байгаа харагдсан. Тэр цагдаа ах “та биед маань халдаад байна шүү" гэж хэлж байсан. Би тухайн үед машин дотор сууж байсан болохоор зарим зүйлийг сонсоогүй. Мөн тэр жолоо барьж явсан эгчийн хажууд сууж явсан ах нь бас агсраад байх шиг байсан. Тэгээд цагдаа дээр авчирсан. Цагдаа дээр авчирахад өөр машинтай явсан болохоор юу болсныг нь мэдэхгүй...Намайг харахад тэр эмэгтэй цагдаагийн хөл рүү нь өшиглөж байгаа харагдсан... Сайн мэдэхгүй байна. Цагдаа нар согтуурал шалгах багажаар шалгаад хоорондоо архи уучихсан байна гэж яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/,

Гэрч Т.Эын өгсөн: “...Үүрэг гүйцэтгэж хугацаанд буюу 2021 оны 08 дугаар сарын 28-ний 01 цагийн орчим замын зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Бын дэд ахлагч Б руу залгаад "Грийн голд’’-ын гадаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн байна гэнэ, очоод шалгачих гэсэн. Ингээд “Грийн голд” зочид буудлын гадаа очтол дэслэгч Ц “Хонда инсайт” маркийн тээврийн хэрэгслийг зогсоосон байдалтай байсан. Тэгээд очоод тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх эмэгтэйд хандан та бид хоёрыг дагаж цагдаа руу явна уу, цагдаа дээр очиж “драгер” үлээлгэх шаардлагатай байна гэхэд та нарын биед тэр багаж чинь явах ёстой биз дээ, би очиж чадахгүй, би архи уугаагүй гэсэн. Тэгээд дэслэгч Ц, дэд ахлагч Бын биед халдаж түлхээд, хэл амаар доромжлоод, машиныхаа түлхүүрийг өгөхгүй шаардлага биелүүлэхгүй байсан. Тэгээд 7038102 тоот утаснаас дуудлага мэдээлэл ирээд дэд ахлагч Б бид хоёр дараагийн дуудлага руу явсан. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй...Тийм зүйл огт байхгүй. Тухайн үед миний энгэрийн камерыг дэд ахлагч Б авч бичлэг хийсэн байгаа... Миний харснаар машиныхаа түлхүүрийг өгөхгүй гээд Ц, Б хоёрыг түлхээд байгаа харагдсан. Мөн хэл амаар доромжлоод байсан. Цохиж байхыг нь хараагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/,

Гэрч Г.Бын өгсөн: “.... Үүрэг гүйцэтгэж хугацаанд буюу 2021 оны 08 дугаар сарын 28-ны шөнийн 01 цагийн орчим замын зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Бын дэд ахлагч Б руу залгаад “Грийн голд”-ын гадаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн байна гэнэ, очоод шалгачих гэсэн. Ингээд очиход дэслэгч Ц нь “Хонда инсайт” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан эмэгтэй шалгах гээд, тухайн эмэгтэй шалгуулахгүй гээд байгаа бололтой байсан. Тэгээд Э бид хоёр тухайн эмэгтэйд хандан “та цагдаагийн байгууллага дээр очоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үгүйгээ шалгуулчих” гэхэд үгүй, би шалгуулахгүй, та нарт тэр багаж чинь явах ёстой бие дээ гэсэн. Тэгээд удалгүй дуудлага гараад Э бид хоёр дуудлагад явсан. Намайг байх хугацаан тухайн эмэгтэй Цагдаагийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байснаас биш биед нь халдаж мэдэгдээгүй... Би тэр хүнтэй зайнаас харьцаж байсан. Дэслэгч Ц машины түлхүүрийг нь авах гээд түлхүүрээ өгөхгүй гээд түлхээд байсан... Ер нь гаргаж байгаа ааш араншнаас нь харахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх шиг байсан...” гэх мэдүүлэг 61-62 тал/,

Гэрч Д.Дийн өгсөн: “...Би Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрны эмчийн ажил үүргээ гүйцэтгээд 2021 оны 08 сарын 28-ны өдрийн 01 цаг өнгөрч байхад замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, ахлагч Б, зохицуулагч, дэслэгч Э.Б, хэсгийн байцаагч, дэслэгч Э.Ц нар “М гэх эмэгтэйг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцсэн” гэх үндэслэлээр саатуулахаар хүргэж ирсэн. Тухайн үед “М гэх эмэгтэйгээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан бөгөөд алба хаагч нар руу хараалын үг хэлж, та хэдийн ажилтай чинь ярина аа, намайг өөрөө гарын үсэг зураагүй тохиолдолд та хэд намайг шалгах, саатуулах эрх байхгүй ээ, би энэ газарт чинь орохгүй” гэх мэтээр шаардлага эсэргүүцэж байсан. Тухайн эмэгтэйг саатуулах байрны жижүүрийн өрөөнд дээрх алба хаагч нар гараас нь барин оруулж, саатуулагдсан хүний картанд бүртгэл хөтлөх гэхэд өөрийн мэдээллээ хэлэхгүй, эд зүйлээ хураалгахгүй байсан. Тухайн эмэгтэйд хууль тайлбарлан сануулж, эд зүйлийг  хураан авч, тэмдэглэн гарын үсэг зуруулах гэтэл М гэх эмэгтэй зурахгүй гэсэн. Би М гэх эмэгтэйн биед үзлэг хийх гэтэл татгалзаж, түлхсэн. Тэгээд тухайн эмэгтэйг саатуулах өрөө рүү 2 цаг өнгөрч байхад оруулсан. Тухайн эмэгтэйд биечилсэн хяналт тавьж, саатуулах өрөөний үүдээр очиход “пизда минь зайлаач, хэн ч тоохгүй юм чинь зайл, эхнэр чинь чамайг яаж тоосон юм” гэх мэтээр хэл амаар доромжилж байсан. Тэгээд 03 цаг өнгөрч байхад биечилсэн хяналт тавьж М гэх эмэгтэйн саатуулах өрөөний үүдэнд очиход “гэдсээ тэврээд тонгойж суусан байдалтай” байж байсан бөгөөд би М гэх эмэгтэйгээс “бие өвдөж байна уу? Ямар зовиуртай байна” гэж асуухад “би жирэмсэн, 2 сартай” гэж хэлэхэд нь би хариуд нь “таныг анх орж ирэхэд хууль тайлбарлаж өгсөн шүү дээ, тийм байсан юм бол эрт хэлэхгүй яасан юм бэ, жирэмслэл шалгах тестээр одоо шалгаж үзье” гээд М гэх эмэгтэйн шээсэнд тест тавьж үзэхэд “2 зураас” гарч байсан. Тухайн асуудлыг дэслэгч Цт “хууль журмынх нь дагуу, энэ хүнээ орж ирж шалгаарай, энэ хүн чинь жирэмсэн юм байна” гэж мэдэгдэн 04 цаг 30 минутын орчимд М гэх эмэгтэйг дэслэгч Э.Цт хүлээлгэн өгч саатуулах байрнаас гаргасан. Би М гэх хүнийг огт танихгүй... М гэх эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Замын цагдаа Б драгер багажаар шалгахад 1.28 хувьтай гарсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 468 дугаартай: “Э.Цын биед баруун хөхний гадна зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Энэ нь гэрэл зургийн үзүүлэлтээс харахад тухайн үед зулгаралт байсан гэдэг нь тогтоогдож байна. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Э.Цын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 70 тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дугаар сарын 17-ны өдрийн 531 дугаартай: “Ц.Мийн биед баруун бугалга, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна..” гэх дүгнэлт /хх 77 тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-21, 22-30 тал/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 100-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Мийн яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би урьд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлыг үнэн зөвөөр нь мэдүүлсэн байгаа. Тийм болохоор нэмж мэдүүлэг өгөхгүй. Би тухайн үед бухимсан байсан учраас Цын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн асуудалтай холбогдуулан маргах зүйл алга байна. Иймд хэрийг маань хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, үргэлжлүүлэн мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх 86-87 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Ц, гэрч Э.Н,  Ч.Х, Т.Э, Г.Б, Д.Д нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 468 дугаартай дүгнэлт,  хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Ц.М  нь 2021 оны 08 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Цын “замаа чөлөөлж зогс” гэх шаардлагыг биелүүлэлгүй, улмаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Green gold” зочид буудлын зогсоол дээр  цагдаагийн дэслэгч Э.Цыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний баруун хөлийн шилбэ рүү өшиглөж, цээжний баруун хэсэгт хазаж, хүч хэрэглэн эсэргүүцсэн нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “...Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заасан байх тул Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Ц нь хууль сахиулагч гэх ойлголтод хамаарна.

Шүүгдэгч Ц.М гэм буруугийн талаар маргаагүй, түүний хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, идэвхтэй үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Мийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Шүүгдэгч Ц.Мийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Э.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдвол би сэтгэл санааны хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүлнэ. .. Би мөнгөн хохирлын хэмжээ шаардахгүй. Нэр төрөө сэргээлгэнэ” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Мийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирогч Э.Цын нэр төрөө сэргээлгэх тухай нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Мийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Ц.Мийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 92-94, 102-103 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн үнэлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ц.М нь ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 13-16 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Ц.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Мийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Ц.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн болон хөрөнгө, орлогын байдал, шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 450.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 6 сарын хугацаагаар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэрэгт үлдээж, харин уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор  бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Цийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цийн Мийг 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мт оногдуулсан 2.700 / хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох  ялыг сар бүр 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирогч Э.Ц нь нэр төрөө сэргээлгэх тухай нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолд шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН