Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

 

 

 

      

 2022        01            21                                      2022/ШЦТ/

                       

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                  

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч Б.М, түүний  өмгөөлөгч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бгийн М, Бийн Н нарт холбогдох эрүүгийн 2138000000594 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н, Б.М нар нь 2021 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хоорондоо хэрүүл маргаан үүсгэж улмаар бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2138000000594 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Мтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хөмсгөнд шарх, баруун зүүн сарвууны эрхий хуруу, төмсгөнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Нтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь ухархайн ханын хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсгөнд шарх, дух, хүзүүнд зулгаралт, хоёр нүдний зовхи, баруун нүдний алим, хамарт цус хуралт, ураалд язрал, баруун дээд нэгдүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нгийн өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Мн өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мн өгсөн: Тэр өдөр Н ах бид хоёр уулзаад хамт суусан юм. Тэр хавийн хүмүүстэй юм ярьж байгаад архи уусан. Хамт байсан хүмүүс яваад бид хоёр үлдээд манай дүү машин авсан талаар ярьж байсан. Би энэ талаар нь асуух гэж сууж үлдсэн. Тэгээд хоёр хүүхдийн ярьж байгаад маргалдсан. Одоо гомдол санал байхгүй. Одоо яриад ойлголцсон гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Нгийн өгсөн:Хохирол, гомдол санал байхгүй”  гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Нгийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр оройны 20 цагийн үед манай хажууханд ойрхон байдаг айл болох Цагаан-Уул сумын Тосон багийн Хоолой гэх газарт байх Д гэж саахалт айлын би эхнэр Ттай цуг очсон, тэнд очиход Д эхнэртэйгээ, эхнэрийнх дүү билүү эгч нь билүү нэг эмэгтэйтэй гурвуулаа байсан. ... Тэгээд Дын гэрт байхад М эхнэр Чтэйгээ цуг ирсэн. Тэгээд тэндээ бид нар хоол цай идээд байж байтал Дын эхнэр Ц авдраасаа нэг 0.75 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирсэн. Тэрийг бид нар бүгдээрээ хувааж уугаад дуусгасан. Дараа нь бид нар бүгдээрээ манай гэрт очсон. Манайд очиход ойролцоогоор шөнийн 12 цаг өнгөрсөн байсан байх. Тэгээд бид нар бүгдээрээ манайд байсан 0.75 литрийн Соёрхол нэртэй архийг хувааж уугаад дуусахад шөнийн 02 цаг болсон байх. Тэгээд Д эхнэр Ц, Цгийн эгч тэр гурав гэр рүүгээ яваад өгсөн. Тэгээд М эхнэртэйгээ манайд үлдсэн. Тэгснээ М манай дүү Нд машин авч өгсөн үү гэж надаас асуусан юм. Тэгэхээр нь би авч өгөөгүй гэж хэлсэн. Тэгснээ М согтсон юм уу? яасан юм мэдэхгүй надаас гэнэт та манай ээж аав дорд үздэг, эх нь тэнхрээд хүүхэд нь том болоод байж байг гэж намайг өөрт нь хэлж байсан гэж намайг гүтгээд байсан. Мөн эхнэр Ч нь хүртэл намайг тэгээд гүтгээд байсан юм. Тэгэхээр нь би тэгж хэлээгүй гээд би хариулаад байсан. Тэгсэн М намайг хэлсэн үгэндээ эзэн болдоггүй гөлөг вэ гээд намайг хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд Мгийн зүүн талын шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад нэг цохьсон чинь М намайг заандаад цамцны захаар миний хоолойг боож намайг орон дээр унагаасан. Тэгээд намайг орон боож унагаасан байхдаа миний нүүр рүү гараараа цохиод эхэлсэн. Миний нүүр рүү 7-8 удаа цохьсон. Мөн модон орны урд нүүр хэсэгт байдаг ирмэгтэй мод намайг 2 удаа мөргүүлсэн. Тэгэхэд миний зүүн талын хөмсөг 2 удаа тасарсан сумын төвийн эмнэлэг хөмсөгөндөө оёо тавиулсан. Мөн тэр үед миний хамарнаас цус их гарсан шүд 4 зэргийн хөдөлгөөнд орсон байна гэж эмч хэлсэн. Мөн хамарны яс муруйсан, нүдний ухархайн цөмөрсөн байна гэж эмч надад хэлсэн. Би Улаанбаатар хотод нүдний Ухархайн яс нөхүүлэх хагалгаанд мөн орсон байгаа...” гэх мэдүүлэг / хх-ийн 16-18 тал/,

Хохирогч Б.Мн өгсөн: “...Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг Нгийн гэрт байхдаа буюу 2021 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнийн 02 цагаас 03 цагийн орчимд түүнд зодуулахдаа авсан. Нтай эгчийнхээ хүүхдийн хурим найрны асуудлын талаар ярилцаж байгаад маргалдсан. Н тухайн үед өөрийнхөө өмнө хэлж ярьж байсан үгийг хэлж яриагүй гээд байхаар нь би “хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав болоорой муу гөлөг минь” гэж хэлсэн. Тэгэхэд л Н босож ирэнгүүтээ намайг цохиж зодсон. Би тухайн үед намхандуу сандал баруун хөлөө жийх маягтай сууж байхад Н гэнэт уурлаж босож ирснээ миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгснээ дахиад зүүн талын хөмсөг, хамар руу маань гараараа 2-оос 3 удаа цохисон. Намайг заамдаж аваад түлхээд ор руу унагаагаад дээш нь харуулаад дарсан. Энэ үед миний эхнэр О миний өрөөсөн талын гарнаас барьсан байсан. Эхнэр маань миний гарыг барьсан байсан учир би Нг цохиж чадаагүй. Н намайг орон дээр дарж унагаасан байхад би босох гэж түүнтэй ноцолдсон. Тэгэхэд Н миний гарын хурууг хойш нь нугалж дарсан, энэ үед хуруу маань гэмтсэн. Н надтай ноцолдож байх үедээ миний төмсөгөн дээр хөлөөрөө дарчихсан юм шиг байна лээ, Нгийн доороос босож ирэхэд л төмсөг хүндүүрлэж зовиурлаж байсан. Энэ асуудал болох үед миний эхнэр О, Нгийн эхнэр Т нар байсан...” гэх  мэдүүлэг /хх-ийн 99-100 тал/,

Гэрч П.Оийн өгсөн: “...2021 оны 10 сарын 18-ны орой малаа бөөгнүүлээд бүрэн хаан баг орж бензин аваад Дынд орход Н эхнэр Т, Д эхнэр Цд Э эгч тэр 5 байсан. Тэгээд цай уугаад тэднийх архи гаргаж ирээд Н, М, Д нар хувааж уусан. .. Тэгсэн Н ах гэр рүүгээ түрүүлж хөдөлж нэлээн явж байгаад эргэж Дын гадаа ирээд та 5 манайхаар яваад оч гэсэн. Тэгэхээр нь бид нар Н ахынд очсон. Тэгээд тэнд хоол цай идэж уугаад суугаад архи гаргаж ирэхээр нь тэнд байсан эмэгтэйчүүд нээх угаагүй эрчүүд нь уусан. Н ах өөрөө их уугаад байсан. Тэгээд ууж байгаад Н ах манай нөхөр Мтай яриж байхыг нь хөндлөнгөөс сонсож байхад хүн чанараа хаяваа гэж яриж байсан.. ...Манай нөхөр Н ах 2 хоорондоо хамаатан садан хүмүүс болохоор дүү охины талаар ярилцаж үлдсэн. Н ахын эхнэр хүн амьтанаас хоцорч хүүхдүүдийнхээ талаар ярилцах нь зөв гээд бид нар хоорондоо ярилцаж сууж байгаад Н ах манай нөхөр М нар ялихгүй үл ойлгоцлоос болж маргалдаж Н ах ширээний нөгөө талаас босч ирээд ширээн дээр байсан идээ цагаагаа буулгаад манай нөхөр Мг хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь манай нөхөр биеэ хамгаалах гээд сууж байсан газраасаа босоод ирэхэд нь түлхээд орон дээр унагаасан. Н ах дээр гарсан. Манай нөхөр М доор нь орсон биеэ биенийгээ заамдасан байдалтай байсан. Би очоод салгах гээд Мг Н ахыг цохиж магадгүй гэж бодоод нэг гарнаас нь зууралдаад байж байтал Н ахын эхнэр Т 10 литрийн савтай ус болон төмөр савтай ус авчираад тэр 2 дээрээс асгасан. Би нөхрийгөө татаад авсан. .... Би нөхөр Мг дагуулаад гэрийн хоймороор нь тойроод нөгөө талд нь гараад эргээд Н ахыг харсан чинь нүүрэн хэсгээс нь цус гарсан байсан. .... Тухайн үед манай нөхөр М, Н ах хоорондоо маргалдаж барицалдаж байхдаа Н ах та 3 нийлж намайг зодсон гэж хашгираад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/,

Гэрч Г.Тгийн өгсөн: “...М эхнэртэйгээ манайд үлдсэн. Үлдээд бид нар худ ураг болох хүмүүс байгаа юм. Тэрнийхээ талаар ярилцахад М манай аавыг хүндэтгэж хурмын тов аваагүй гэж эхлээд дараа нь танайх охиндоо машин авч өгсөн юм уу гэж асуухаар нь бид хоёр машин авч өгөөгүй учир өгөөгүй гэж хэлсэн. Тэгсэн М манай нөхөр болох Н руу хэл үгээр дайрч гүтгэж эхэлсэн. Манай хүн сандал дээр сууж байснаа Мгаас холдоод суухад нь М манай нөхөр рүү яасан том гөлөг вэ гэж хэд хэдэн удаа хашгирсан. Тэгтэл манай нөхөр ухас хийж босч ирээд Мг толгой хэсэгт нэг удаа цохиод авсан чинь тэр хоёр хоорондоо барилцаж аваад гэрийн хойморь байсан эд зүйлийг унагааж, нураагаад М манай нөхрийг гэрийн зүүн талын орон дээр дарж унагаагаад дээр нь мордож суугаад толгой руу нь ална буудаж ална та гурвыг алсан байхад та нар юу ч олж долоохгүй гээд байсан. Мн эхнэр бид хоёр салгах гээд хүч хүрэхгүй байсан. Тэгж байгаад манай нөхөр ариа гэж доошоо харахад нь М цамцаар нь хоолойг нь боож байгаад хоёр удаа нүүр хэсгээр нь модон орны урд талын нүүр хэсэг рүү мөргүүлсэн. Тэгсэн манай нөхрийн ам хамар болон хөмсөгнөөс нь цус гараад тэр хоёр барилцаж авахаа больж хоёр тийшээ болцгоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/,

Хохирогч Б.Нгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 479 дугаартай: “...Б.Нгийн биед ухархайн ханын хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсгөнд шарх, дух, хүзүүнд зулгаралт, хоёр нүдний зовхи, баруун нүдний алим, хамарт цус хуралт, уруулд язрал, баруун дээд нэгдүгээр шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь иртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Б.Нгийн биед үүссэн ухархайн ханын хугарал, таславчийн муруйлт, шарх, хоёр нүдний зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад хэсгийн цус хуралт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд хэрэг гарсан гэх үед үүссэн гэмтэл байх боломжтой...” гэх дүгнэлт  /хх-ийн 38 тал/,

      Хохирогч Б.Мгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаартай: “...Б.Мн биед тухайн үед баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хөмсгөнд шарх, баруун зүүн сарвууны эрхий хуруу, төмсгөнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байжээ. Б.Мгийн биед учирсан гэмтэл нь тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 104 тал/,

Шинжээч М.Батмөнхийн өгсөн: “...Б.Мгийн биед учирсан гэмтэл нь нүдний хараанд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй... Шинжээч томилсон прокурорын тогтоолтой бүрэн гүйцэт уншилгүйгээр дүгнэлтийг гаргасан байна. Б.Мн биед үүссэн гэмтэл нь нүдний хараанд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй учраас шинжээчийн дүгнэлтэд нүдний харааны талаар тусгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 111-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Мн яллагдагчаар өгсөн: “...Миний төрсөн эгч Сарангэрэлийн хүү Н нь Нгын хүргэн болсон юм. Н бид хоёр худ ургын холбоотой. Мөн нэг нутаг усанд ойролцоо амьдардаг учраас бие биенийгээ сайн мэднэ... Н бид хоёрын дунд өр авлага, өс хонзон гэх зүйл байхгүй... Нтай Нгийн гэрт байхдаа буюу 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнийн 02 цагаас 03 цагийн орчимд маргалдсан. Нтай эгчийнхээ хүүхдийн хурим найрны асуудлын талаар ярилцаж байгаад маргалдсан. Н тухайн үед өөрийнхөө хэлж ярьж байсан үгийг хэлж яриагүй гээд байхаар нь би “хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав болоорой муу гөлөг минь” гэж хэлсэн. Тэгэхэд л Н босож ирэнгүүтээ намайг цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Нгийн яллагдагчаар өгсөн: “...Би Мн нүүр рүү гараараа цохисон нь үнэн. Тэрнээс биш төмсөг, өвдгөнд үүссэн гэмтлийг учруулаагүй. Миний хувьд урьд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа. Тийм болохоор урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж болон залруулж ярих зүйл алга байна... Би энэ хэрэгт мөн хохирогчоор оролцож байгаа. М миний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйвал, түүнтэй эвлэрэхэд татгалзах зүйл алга байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 122 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч  нар  нь гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Мн мэдүүлэг, гэрч П.О, Г.Т нарын мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Нгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Нгийн мэдүүлэг, гэрч П.О, Г.Т нарын мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 479 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Н нь 2021 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Мтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хөмсгөнд шарх, баруун зүүн сарвууны эрхий хуруу, төмсгөнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Нтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь ухархайн ханын хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсгөнд шарх, дух, хүзүүнд зулгаралт, хоёр нүдний зовхи, баруун нүдний алим, хамарт цус хуралт, ураалд язрал, баруун дээд нэгдүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тус тус нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Мн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Нгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.  Мөн Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Нгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Мн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч Б.М, Б.Н нарын харилцан үйлдэл идэвхтэй, хохирогч Б.М, Б.Н нарын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.М, Б.Н  нарын  гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Н, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус  тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч Б.Нгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Мн биед хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Б.Мн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Нгийн биед хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Б.Н, Б.М нар нь 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх эвлэрлийн гэрээ /хх 114-115 тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.М, Б.Н нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  Б.М, Б.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М, Б.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М, Б.Н нарыг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.М, Б.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг нөхөн төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 58-65, дугаар талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Засаг даргын тодорхойлолт,гэрлэсний бүртгэлийн лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого гэх баримт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.М нь ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 126-140 дугаар талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Засаг даргын тодорхойлолт, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого гэх баримт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Н нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багт   амьдардаг, урьд ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.М, Б.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.М, Б.Н нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирол, санал,  гомдолгүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Б.М, Б.Н нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.М, Б.Н нар нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

               1. Шүүгдэгч Х овогт Бгийн М, Н овогт Бийн Н нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М, Б.Н нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.Н нарт оногдуулсан бүр 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

              5.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.М, Б.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН