| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2022/0030/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/29 |
| Огноо | 2022-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дгийн Гид холбогдох эрүүгийн 2238000000008 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс” нэртэй бааранд хохирогч А.Атай маргалдаж улмаар нүүрэн тус газарт цохиж бие, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь баруун завжинд шарх, зүүн чамархайн хуйханд, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000008 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс” нэртэй бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эмэгтэй хүний толгой руу цохилоо гэх шалтгаанаар А.Аны нүүрэн тус газар цохиж, бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь баруун завжинд шарх, зүүн чамархайн хуйханд, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гийн өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Аны өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр би оройны 22 цагийн үед Эрдэнэс баар руу үйлчлүүлэхээр найз Отой ороод бааран дотроос 100 грамм, 100 грамм цагаан архи, хоёр ундаатай захиалаад ширээн дээрээ суугаад хэсэг бүжгийн талбайд бүжиглэж байсан чинь миний таньдаг ах Сүхээ таараад мэндлээд байж байтал Ц гэдэг залуу бүжгийн талбай дээр бүжиглэж байснаа намайг хараад Баганаа бацаан байна шдээ гэхээр нь би чиний базаан явснаа санахгүй байна гэсэн чинь Ц намайг шууд цохисон. Би ч Цийн урдаас барилцаж аваад цохилцсон. Нэг мэдсэн би доор нь орчихсон байсан. Тэр үед баарны хамгаалагч Бт салгаж байгаа гээд намайг гаваар гавалж баарнаас чирч гаргасан... Ц бааран дотор таарчхаад бацаан гээд хэл амаар доромжлохоор нь би чиний бацаан явснаа мэдэхгүй юм байна гэж хэлсэн чинь цохичихсон. Өөр сүртэй зүйл болоогүй. Ер нь бол үл ойлголцлоос л болсон...” гэх мэдүүлэг /хх 7-8, 10-р тал/,
Гэрч Б.Аийн өгсөн: “...Би өөрийн эхнэр Б, найз Г, түүний эхнэр А нарын хамт Эрдэнэс бааранд орж үйлчлүүсэн. Тэгээд бид нар караокед ороод хоёр шил 0.5 литрийн архи аваад тэрийгээ хувааж уусан. Бид нар караокены цаг дуусаад баарны бүжгийн заал руу ороод бүжиглэж байхад нэг залуу манай эхнэрийн толгой руу нь цохиод авсан гэсэн би хараагүй. Тэгтэл нөгөө залуутай нь манай найз Г барилцаж аваад ганц хоёр цохилцож зодоон болсон. ... Тэр үед манай эхнэр миний толгой руу саяны залуу цохисон. Тэгээд намайг Г өмөөрч зодолдлоо гэж ярьж байсан.Ийм л зүйл болсон....Тэр хоёр барилцаж авч байхыг харсан. Би тухайн үед архи уучихсан согтуу байсан учраас яг нарийвчлан харж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
Гэрч С.Бтийн өгсөн: “...Би Эрдэнэс бааранд хамгаалагч хийдэг юм. Тухайн өдөр баарны үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Тухайн өдөр манай баарны караокед Г гэх залуу эхнэртэйгээ, А гэх залуу бас эхнэртэйгээ дуулж байгаад цаг нь дуусаад бүжгийн талбайд бүжиглэж байсан. Би ажлын байран дээрээ баарны дотор заал, гадна хэсэг, караоке зэргийг бүгдийг хянадаг учраас байнга тойрж явж байдаг юм. Нэг тойрч явж байгаад заалны хэсэгт иртэл А гэх залуу, Г гэх залуу хоёр барилцаад авсан дээр доороо орчихсон байсан. Би очиж салгаад Аныг аваад өөр ширээн дээр суулгасан. Нөгөө Гийг болохоор эхнэр нь аваад явсан. Ийм л зүйл болсон... Миний харснаар аль аль нь л бие биенээ цохисон харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
Гэрч А.Бгийн өгсөн: “...Би тухайн өдөр нөхөр А, түүний найз Г, эхнэр А нарын хамт Эрдэнэс бааранд орж дуулж бүжиглэсэн юм. Тэгтэл А гэх залуу миний толгой руу цохисон. Тэгтэл манай найз Г Аныг барьж аваад чи эмэгтэй хүн цохичихлоо гээд тэр хоёр барилцаж аваад бие биенийхээ дээр унасан. Тухайн үед бааран дотор харанхуй байсан учраас би сайн хараагүй. Тэгтэл баарны хамгаалагч тэр хоёрыг салгаад аваад гарсан. Би тэгээд баарнаас гараад байж байтал А намайг ахиад нэг удаа түлхэж унагаасан. ... Яг хэн нь хэнийгээ цохисон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 554 дугаартай: “А.Анын биед баруун завжинд шарх, зүүн чамархайн хуйханд, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. А.Анийн биед үүссэн шарх, цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 26 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Гийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би эхнэр А, найз А, түүний эхнэр Б нарын хамт Эрдэнэс бааранд үйлчлүүлж байгаад бүжгийн талбай дээр бүжиглэж байхад манай найз Бгийн толгой руу А гараараа нэг удаа цохисон. Би эмэгтэй найзаа өмөөрч Атай бүжгийн талбай дээр маргалдсан. Тэрнээс хойш би юу болсноо би санахгүй байгаа. Намайг манай эхнэр баарнаас авч гарсан байсан. Хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч А.Аны мэдүүлэг, гэрч Б.А, С.Бт, А.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 554 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс” нэртэй бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эмэгтэй хүний толгой руу цохилоо гэх шалтгаанаар А.Аны нүүрэн тус газар цохиж, бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь баруун завжинд шарх, зүүн чамархайн хуйханд, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Аны биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.Гийн үйлдэл идэвхтэй, хохирогч А.Аны бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Д.Гийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч Д.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч А.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Д.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр А.Аны 5065144689 дугаартай данс руу 200.000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны шилжлүүлгийн мэдээлэл /хх-ийн 50 тал/ ирүүлсэн байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Гид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 47-49 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Г нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 20-08 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Д.Гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хувийн болон хөрөнгө, орлогын байдал, шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 75.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 6 сарын хугацаагаар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт хураан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Дгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г овогт Дгийн Гийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гид оногдуулсан бүр 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 75.000 /далан таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 6 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН