Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/31

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Н.Энхтулга,

Иргэний нэхэмжлэгч Ж.Д,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бын Бд холбогдох эрүүгийн 2138000000542 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 18-09 тоотоос 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр М.Бийн эзэмшлийн “Арвай-хурд” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2138000000542 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Хэргийн үйл баримтын талаар: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 18-09 тоотоос 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр М.Бийн эзэмшлийн “Арвай-хурд” маркийн  80.,000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль алдагдсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, 

Иргэний нэхэмжлэгч Ж.Дийн өгсөн: Миний мотоциклийг авсан. Одоо надад хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. Би мөнгөө авсан гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: Уг хэрэг болсон гэх газар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 18-09 тоот... хашаа байв.... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15 тал/,

Хохирогч  М.Бий өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай сумын хэсгийн төлөөлөгч намайг аймгийн төв орж ир гэж дуудсаны дагуу хөдөө гэрээсээ аймгийн төв орж ирээд аймгийн төв байдаг хашаандаа өөрийнхөө унаж орж ирсэн мотоциклио байшингийн урд талд түшүүлж тавиад цагдаагийн газарт ирж хэсгийн төлөөлөгчид мэдүүлэг өгч цагдаа дээр байж байгаад орой 19 цагийн үед гэртээ харихад байшингийн урд талд тавьсан миний мотоцикль байхгүй болсон байхаар цагдаагийн газарт мотоциклио хулгайд алдлаа гэж дуудлага мэдээлэл өгсөн юм... Миний хулгайд мотоцикль улаан өнгөтэй, Арвай-Хурд маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, харин гаалийн бичиг нь бол байгаа... Содон шинж тэмдэг нь кундактор дотроо түлхүүр хугарсан, баруун талын гарын хамгаалалтын никель цагаан өнгийн төмөр нь нугарч тахийсан байгаа өөрөөр бол энэ тэндээ хонхойж эвдэрсэн зүйл байхгүй гэрэл, дохио бүрэн, хоёр гарын гарын голын хөндлөн төмөр дээр бор шаргал өнгийн хөгжимтэй мотоцикль байгаа. Нэг жилийн өмнө манай хадам дүү Б гээд залуу шинэ мотоциклио барьцаанд тавьсан байсан. Тэгээд Б би мотоциклио авч чадахаа байлаа та мөнгөний боломжтой бол миний мотоциклийг барьцаалсан газраас ав надад зөрүү мөнгийг өгчих гэхээр нь болж байгаа юм уу гэсэн болно гэхээр нь би барьцаанд тавьсан газарт нь 500.000 мянган төгрөг, Бд нэг сая төгрөгийг нь өгч наймаа хийж худалдаж авч байсан юм... Би анх худалдаж авсан 1.500.000 төгрөгөөр үнэлнэ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Дийн өгсөн: “...Би   Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт Хурд авто засварт ажилладаг юм. 2021 оны 10 дугаар сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Зүс таних Б гэх залуу над дээр нэг үл таних залуутай хамт Арвай хурд гэсэн нэртэй мотоцикль уначихсан ирсэн юм. Б надад хэлэхдээ “миний мотоцикль юм аа ах, та энэ мотоциклийг 450.000 төгрөгөөр худалдаад авчих” гэж хэлсэн, надад боломжийн хямдхан санагдаж, би Бд 450.000 төгрөг өгөөд шууд худалдаж авсан. Тэгтэл тухайн өдрийн маргааш нь Б, мотоциклоо алдсан гэх үл таних хүнтэй хамт ирээд надад Б 50.000 төгрөг өгснөө үлдсэнийг нь танд би тун удахгүй өгнө гэж хэлээд тухайн мотоциклийг эзэнд нь өгөөд явсан юм. Түүнээс хойш Б надад огт мөнгө өгөөгүй байгаа. Тийм учраас би Б гэх залуугаас үлдэгдэл 400.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн орчимд гэртээ харьтал манай хашаанд хүргэн ах М.Бий “Арвай хурд” нэртэй мотоцикль байсан. Надад тухайн үед мөнгөний хэрэг гарсан тул би тэр мотоциклийг маргааш өглөө болтол барьцаанд тавиад мөнгөтэй болчихъё гэсэн санаа төрөөд М.Бэ ахад хэлэлгүйгээр нууцаар, хулгайлаад аваад явчихсан юм. Мотоциклийг унаад хашаанаасаа гараад явж байтал зүс таних П таараад би түүнийг мотоциклийнхоо араар суулгаад хамт явсан. Тэгээд захын урд байдаг Хурд авто засвар дээр аваачиж зүс таних өвгөнд 450.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би П болон Хурд авто засварын өвгөнд хулгайн мотоцикль гэж огт хэлээгүй, өөрийнхөө мотоцикль гэж хэлсэн. Би тухайн өдрийн маргааш нь хүргэн ах М.Бий хамт Хурд авто засварын өвгөн дээр очиж мотоциклийг нь М.Бэд бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-43 тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №ТХҮ-821/2088 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-28 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.Бэ, иргэний нэхэмжлэгч Ж.Д, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №ТХҮ-821/2088 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Б.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 18-09 тоотоос 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр М.Бийн эзэмшлийн “Арвай-хурд” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.  

Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Б.Бийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.

Шүүгдэгч Б.Бийн үйлдэл идэвхтэй, мотоциклийг бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нууц далд аргаар өөрийн эзэмшилд авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

 Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 18-09 тоотоос М.Бийн эзэмшлийн “Арвай-хурд” маркийн мотоциклийг хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас 800.000 төгрөгийн хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №ТХҮ-821/2088 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон байх бөгөөд хохирогч М.Бэ, иргэний нэхэмжлэгч Ж.Д нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Бийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Б.Бийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,  хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх- 46, 53-54 тал/ зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлыг арилгасан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Бын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар хийлгүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Б.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ДӨЛГӨӨН