| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0215/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/242 |
| Огноо | 2021-10-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А
Улсын яллагч С.Б
Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Мд холбогдох эрүүгийн 2125001990245 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Л.М 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн З.Уийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Л.М мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна.Хохиролд 400,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
-Хохирогч З.Ут учирсан гэмтлийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12-р хуудас/
-Хохирогч З.Уийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 00 цагийн орчим найз И хамт 17 дугаар сургуулийн урд дуу тавиад алхаад явж байхад манай үеийн 3 охин сургуулийн урд сууж байсан. Тэгэхээр нь бид хоёр цаана нь суусан чинь бид хоёр дээр тэр гурван охин ирээд наад дуугаа багасга гэхээр нь за гээд бид хоёр сургуулийн жижүүр дээр очоод уучлалт гуйя гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр гурван охины нэг нь “яг одоо оч бид нарыг загнаад байна” гэж хэлсэн. Тэгж байтал таксины жолооч над руу залгаад 17 дугаар сургуулийн урд ирчихлээ гэхээр нь босоод явах гэтэл нэг эмэгтэй намайг түлхэж унагаасан. Тэгснээ намайг “чи Городод амьдардаг биз дээ яасан Городын соёлоо хороололд гайхуулаад байна уу” гэж хэлсэн тэгээд нэг хүн бичлэг хийгээд байх шиг дуугарахаар нь би бичлэг хийгээд байгаа юм гэж асуусан. Тэгсэн чинь нэг охин намайг шууд үсдэж дараад миний гэдэс рүү олон удаа өшиглөсөн. Зүүн гарын булчин хэсэг рүү, бас зүүн талын хавирга хэсэг рүү, мөн зүүн шанаа хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд манай найз болон тэдний хоёр найз салгасан. тэгэхээр нь би цагдаа дуудна гэтэл миний утсыг булааж авчхаад өгөхгүй байсан. Манай найз бид хоёр гуйж байгаад гар утсаа авсан. Би цагдаа дуудаад цагдаа ирэхэд тэр гурван охин зугтаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/
-Гэрч У.И-ийн мэдүүлсэн...Манай найз У яагаад зураг дараад байгаа юм бэ гээд гар утсыг нь авах гэтэл М шууд үснээс нь зулгаагаад доош нь дарсан тэгэхээр нь би Мөнгөнсэлэнгийн гарыг бариад цааш нь түлхсэн.М манай найзыг нэлээд олон удаа өшиглөөд байсан. Би Мөнгөнсэлэнгийг цааш нь түлхсэн чинь манай найз хэвлийгээ бариад өвдөөд байна гээд суусан. Тэгээд цагдаа дуудах гэсэн чинь М утсыг нь булааж аваад чи цагдаа дуудахгүй гээд байсан. Тэгээд М цагдаа дуудсан. Тэгээд би найзынхаа гар утсыг аваад өгсөн. Бид хоёр цагдаа ирэхийг хүлээж байтал тэд нар зугтаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/
-Гэрч Л.Ө-ын мэдүүлсэн...Тэгэхээр нь бид гурав нөгөө хоёр охин дээр очоод хөгжмөө больчих, орилж хашгирхаа боль гэж хэлсэн чинь бор цув өмссөн охин М рүү “чамд хамаагүй” гэж хэлсэн.Тэгэхээр нь М хүн амьтан унтаж байна гэсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад байж байтал бор цувтай охин Мөнгөнсэлэнгийг “чи миний зургийг дарлаа” гээд шууд алгадаад авахаар нь М утсаа гаргаж ирээд зургаа үзүүлсэн. Тэгсэн бор цувтай охин “чи дарсан” гээд Мөнгөнсэлэнгийг өшиглөсөн. М чи яагаад байгаа юм гэж хэлсэн. Тэрнээс М тэр бор цувтай охиныг зодоогүй харин түлхсэн байх зориудаар цохисон юм байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
-Насанд хүрээгүй гэрч Л.А-ны мэдүүлсэн...Тэгэхээр нь бид гурав тэр хоёр охин дээр очоод наад дуугаа болио гэж хэлсэн. Тэгсэн М эгчийн гар утас дугарсан чинь У гэх охин шууд өшиглөөд унасан. Тэгэхээр нь яаж байгаа юм бэ гэтэл “чи миний зургийг дарлаа” гэсэн. Тэгээд тэр 2 үсдэлцээд унасан. М нэг удаа Уийг алгадсан. Тэгсэн Утэй хамт явж байсан охин манай найзыг орхичих согтуу байгаа юм гэж хэлсэн. Тэгээд бид нар салаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/
- Шүүхийн шинжилгээний албаны №400 дугаартай ....Уийн биед тархи доргилт, зүүн хацар, цээж, зүүн бугалгад 2 тооны зулгаралт, зөөлөн эдэд 6 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дүгээр хуудас/
-Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 07-р хуу/
“Шүүгдэгч Л.М-гийн яллагдагчаар мэдүүлсэн... У нь миний гар утсыг авах гэж байгаад миний зүүн талын хацар луу алгадсан юм. Тэгэхээр нь би үсдэж дараад өшиглөөд цохисон юм. Би ганцаараа зодсон надтай хамт явж байсан хоёр маань дундуур орж салгасан. Эхлээд үснээс нь зулгааж байгаад татсан, нүүр лүү нь баруун гараараа нэг удаа цохиж хоёр удаа өшиглөсөн. Бороотой байсан болохоор зузаан ултай гутал өмсчихсөн байсан. Зодолдож дуусаад салсны дараа нь дахин очин нэг удаа хөл хэсэг рүү нь өшиглөсөн юм. Би шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн гаргасан 400 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдож байна.
Үйл баримт: Шүүгдэгч Л.М нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Шанд багийн 17 дугаар сургуулийн урд иргэн З.Утэй үл ойлголцон маргалдаж улмаар өшиглөж гараараа цохиж зодож биед нь тархи доргилт, зүүн хацар, цээж, зүүн бугалгад 2 тооны зулгаралт, зөөлөн эдэд 6 тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Л.М 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Шанд багийн 17 дугаар сургуулийн урд иргэн З.Утэй маргалдаж улмаар зодсоны улмаас З.Уийн биед хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь шинжилгээний албаны шинжээчийн №400 дугаартай ...Уийн биед тархи доргилт, зүүн хацар, цээж, зүүн бугалгад 2 тооны зулгаралт, зөөлөн эдэд 6 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт, гэрч У.Ичинхорлоогийн...Манай найз У яагаад зураг дараад байгаа юм бэ гээд гар утсыг нь авах гэтэл М шууд үснээс нь зулгаагаад доош нь дарсан тэгэхээр нь би Мөнгөнсэлэнгийн гарыг бариад цааш нь түлхсэн.М манай найзыг нэлээд олон удаа өшиглөөд байсан. Би Мөнгөнсэлэнгийг цааш нь түлхсэн чинь манай найз хэвлийгээ бариад өвдөөд байна гээд суусан ...” гэх мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Шүүгдэгч Л.М-гийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Л.М нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн З.Уийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутай байх тул 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,
- шүүгдэгч “гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа.Торгуулийн ялыг хэсэгчлэн тогтоож өгнө үү гэж дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгч нь хохирогч З.Уийн биед санаатай халдаж гэмтэл хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй, шүүгдэгч гэм буруугаа анхнаас нь хүлээсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.М-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,хохирол нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан, улсын яллагчийн саналын хүрээнд торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн тухайд,хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй,төлбөр төлөгдсөн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Л.М-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ