Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 171/2021/0225/Э |
Дугаар | 2021/ШЦТ/243 |
Огноо | 2021-10-01 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2021 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А
Улсын яллагч Л.Э
Хохирогч У.Н
Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Нт холбогдох эрүүгийн 2125000000293 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч С.Ныг согтуурсан үедээ 2021 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Манханы 15-01 тоотод хамтран амьдрагч У.Нын толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч С.Нын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-Хохирогч У.Нын мэдүүлсэн: Тэр өдөр Н хөдөө яваад юм уучихсан ирсэн. Маргалдаад би нэг маажсан. Гэтэл толгой руу цохисон. Тэгэхээр нь би цагдаад хандсан. Би согтуу байсан. Залуу хүн дахин битгий алдаасай гэж бодож байна. Гомдолгүй гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
-Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 9-10 дугаар хуудас/
-Хохирогч У.Нын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “ Би 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Н бид 2 орондоо ороод унтах гэж байтал Н намайг “Лхагва чамайг Доржоо гэх хүнтэй унтсан гэж байна” гэх мэтээр хардаж хэрүүл өдөж эхэлсэн. Би тэгэхээр нь гараад явчихъя гэж бодоод босоод сандал дээр сууж байтал Н босож ирэн гараараа миний толгой руу 2 удаа, ус буцалгагчаар 1 удаа цохиж авсан. Би энэ үед Наас их айсандаа дотор байсан хүмүүс рүү цагдаа дуудаарай гэж орилж дуудсан. Гэтэл Н ширээний хөл барьчхаад намайг цагдаа дуудвал ална шүү гэж айлгаад байсан. Би С.Нтай 2021 оны 04 дүгээр сараас хойш хамтран амьдарч байна...” гэх мэдүүлэг /хх-н 15, 17-р хуудас/
-Гэрч А.Наранбаатарын мэдүүлсэн... Маргааш өглөө нь сэрээд байж байхад У.Н эгч хамтран амьдрагч С.Н, мөн 2 танихгүй залуугийн хамт орж ирээд тэд нар өдөржингөө У.Н эгчийн гэрт архи ууцгаасан... Бид нар унтах гээд байж байхад гэнэт У.Н эгч Наранбаатараа цагдаа дуудаарай гэж орилоход нь би хаалга онгойлгож харалгүйгээр айсандаа ээж рүүгээ утсаар залгахад манай ээж цагдаа дуудсан байсан. Би надтай хамт жижиг өрөөнд хэвтэж байсан 2 залуугийн хамт өрөөнөөс гарахад С.Н том мод барьчихсан цагдаа дуудвал ална шүү гээд У.Н эгч рүү дайрсан байдалтай зогсож байсан. Тэгээд С.Н хэсэг над руу болон Наранмандах эгч рүү орилж, хашхирч байснаа тайвшраад байж байтал цагдаа нар ирж С.Ныг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/
-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 470 дугаартай ...У.Нын биед духны зүүн хэсэг, хуйхны заагт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Духны зүүн хэсэг, хуйхны хэсэгт зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/
Шүүгдэгч С.Нын яллагдагчаар мэдүүлсэн... Би 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хамтран амьдарч байгаа У.Н гэх эмэгтэй болон бид 2-той хамт Хөвсгөл аймгаас ирсэн 2 найзын хамт манай гэрт 4 үүлээ 2 шил архи хувааж уучихаад унтаж амарцгаахаар болсон. У.Н манай 2 найзад жижиг өрөөндөө ор засаж өгсөн бөгөөд би У.Нын хамт том өрөөндөө унтахаар хэвтсэн. Бид 2 орондоо ороод юм ярьж байхад У.Н намайг Лхагваа гэх эмэгтэйтэй хардаж бид 2 хоорондоо маргалдаж хэрэлдэж эхэлсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор У.Нын миний гуянаас чимхэж, нуруу руу алгадаж гэрээсээ хөөгөөд байгаа үйлдлийг тэсэлгүй түүний толгой руу 1 удаа гараараа цохиод авсан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/ зэргийг нотлох баримтаар судалхад дараахь үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч С.Н нь согтуурсан үедээ 2021 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө архидан согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Манханы 15-01 тоотод хамтран амьдрагч У.Нын толгойн тус газарт гараараа цохиж биед нь духны зүүн хэсэг, хуйхны заагт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч С.Нын дээрхи үйлдлийн улмаас хамтран амьдрагч У.Нын биед нь хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 470 дугаартай ...У.Нын толгойн тус газарт цохиж биед духны зүүн хэсэг, хуйхны заагт зөөлөн эдийн няцрал бүхий шарх тогтоогдлоо.Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, гэрч А.Наранбаатарын ...Бид нар унтах гээд байж байхад гэнэт У.Н эгч Наранбаатараа цагдаа дуудаарай гэж орилоход нь би хаалга онгойлгож харалгүйгээр айсандаа ээж рүүгээ утсаар залгахад манай ээж цагдаа дуудсан байсан. Би надтай хамт жижиг өрөөнд хэвтэж байсан 2 залуугийн хамт өрөөнөөс гарахад С.Н том мод барьчихсан цагдаа дуудвал ална шүү гээд У.Н эгч рүү дайрсан байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, хохирогчийн мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Шүүгдэгч С.Нын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. С.Н нь гэрийн бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч У.Нын биед халдсан үйлдлийн шинж, үйл баримт болох үеийн нөхцөл байдал зэргээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч С.Н нь согтуурсан үедээ 2021 оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Манханы 15-01 тоотод хамтран амьдрагч У.Нын толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутай байх тул 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай гэж,
- шүүгдэгч С.Н: гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлт санал гаргасан.
Шүүгдэгч нь гэр бүлийн орчинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчийнхаа биед санаатай халдаж хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй, шүүгдэгч гэм буруугаа анхнаас нь хүлээж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Ныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал болон хувийн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан, улсын яллагчийн саналын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч У.Н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 73-р хуудас/-т авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С овогт С.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ныг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нт оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар ажиллуулахаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ