Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2016/0166

 

"Ж Ж М" ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Д.О, хариуцагч Х.Н, Б.Э, Х.Н, А.М, Б.Т хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 830 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу "Ж Ж М" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч А.М, Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Х.Н, Б.Э, Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.Т, Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Н, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Б нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Татварын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 360004014 дүгээр актаар тогтоосон нийт төлбөрөөс манай хүлээн зөвшөөрч байгаа 408,350,500 төгрөгийг хасч үлдэх 115,528,134,378 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Татварын улсын байцаагчид нь Татварын ерөнхий газрын Татварын хяналт, шалгалт, арга зүйн газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр батлагдсан 36140400084 дугаартай Хяналт, шалгалт хийх ажлын томилолт-ын дагуу хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэн 116.381.715.073,9 төгрөг төлүүлэхээр акт, 687.655.058.979,1 төгрөгийн зөрчлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар дүгнэлт гаргасан. Бид дээрх зөрчлийг Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд Татвар, ногдуулах, төлөх, тайлагнах журам, 43.1-д Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө, 43.2-т Энэ хуулийн 43.1-д зааснаас өөр хэлбэрээр татвар ногдуулж төлөх журмыг тухайн төрлийн татварын хуулиар тогтоож болно, 43.5-д Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна гэж заасан заалтуудыг үндэслэн шалгаж хариуцлага ногдуулсан болно. Нэхэмжлэгч нь нягтлан бодох бүртгэлд алдаа гаргасныгаа хүлээн зөвшөөрч дараагийн сард уг алдаагаа залруулсан байхад зөрчил гэж тооцсон нь Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 25.1, 46.5.1-д заасныг тус тус зөрчсөн. Хяналт шалгалтын явцад тус компанийн нягтлан бодогч 2010 онд тоног төхөөрөмжийн түрээсийн зардлын данс, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлсний зардлын дансуудад 204.015.135,2 төгрөгийн НӨАТ өглөгийг тусгаж, татвар ногдуулах орлогоос хасч тооцсон зөрчилд нь хуулийн хариуцлага ногдуулсан. 204.015.135,2 төгрөгийн зардлыг тус компани 2010 оны жилийн эцсээр татварын тайлангийн зардалд оруулан тооцож тайлагнасан ба Татварын маргаан таслах зөвлөлийн магадлагч байцаагчид энэ асуудлыг шалгаж үзээд залруулсан гэх нотолгоог гаргаж чадаагүй учир маргаантай асуудлыг хэвээр баталсан тогтоол гаргасан. Харин залруулсан гэх тайлбарыг нэхэмжлэгч тал маргаанд гаргасан нь нотлогдоогүй. гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 830 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.4.9, 10 дугаар зүйлийн 10.2, 10.2.1, 10.2.2, 10.2.3, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасныг тус тус баримтлан татварын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 360004014 дүгээр актын 115,528,134,378 төгрөгт холбогдох хэсгийг буюу тус актын тогтоох хэсгийн 1.5, 1.12, 1.15, 2.3 дахь заалтуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч "Ж Ж М" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй талаар.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 12-р хуудсан дээрх үндэслэх хэсэгт "...оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдэд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, оршин суугч бус этгээдээр татвар төлүүлэх гэсэн нь Монгол Улсын Их хурлаас 2006 оны 6-р сарын 29-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (цаашид "НӨАТ-ын хууль" гэх)-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Иргэн, хуулийн этгээдийн импортолсон буюу экспортолсон бараа, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ" 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "хуулийн этгээд" гэж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлж, мөн хуулийн 17.4-т зааснаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан этгээдийг" гэж заасныг тус тус зөрчсөн байна.

 

Монгол Улсад байрладаггүй оршин суугч бус этгээд нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгүүлээгүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй тул НӨАТ-н хуулийн 3.1 болон 4.1.7-д заасны дагуу Монгол Улсын НӨАТ-н хуулийн үйлчлэх хүрээнд хамрагдаагүй буюу Монгол Улсаас олсон орлогодоо НӨАТ ногдуулах, НӨАТ төлөх үүрэг хүлээдэггүй.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр нь оршин суугч бус этгээдээр татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын НӨАТ-н хуулиас гадуур үйлдэл болжээ. Түүнчлэн энэ шийдвэр нь нэмэгдсэн өртгийн албан татварын талаархи олон улсын зарчим, хэм хэмжээнд нийцэхгүй байна.

НӨАТ-н хуулийн зүйл заалтыг хэрэглэх, хэрэгжүүлэхдээ хуулийн хамрах хүрээний дотор Монгол Улсын хуулийн этгээд, нэмэгдсэн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн орлого болон зарлагын тухайд асуудлыг авч үзэх ёстой ба НӨАТ-н хуулинд хамрагдаагүй, гадаадын байгууллага аж ахуйн нэгжид татвар ногдуулах буюу тэдгээр аж ахуйн нэгж Монгол Улсад татвар төлөх ёстой гэдэг үндэслэлээр авч үзэх нь буруу, НӨАТ-н хуулийг зөрчсөн хэрэг болно.

Нэхэмжлэгч нь 4.1.7-д заасан хуулийн этгээдийнхээ хувьд НӨАТ төлөгчөөр бүртгүүлж, борлуулалтандаа буюу орлогодоо НӨАТ ногдуулсан ба хариуцагч нь Нэхэмжлэгчийн худалдан авалтын НӨАТ-г ялангуяа оршин суугч бус этгээдээс хийсэн худалдан авалтын НӨАТ-г хасахгүй гэдэг Татварын акт тавьсан нь НӨАТ-н хуулийн 14 дүгээр зүйл. 14.1-д "Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурьдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.2. худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортлосон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн" гэж заасантай зөрчилдөж байна гэж нэхэмжлэл гаргасан.

Гэтэл Анхан шатны шүүхийн шийдвэрийн 11-р хуудсан дээрх үндэслэх хэсэгт "төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасч тооцох ёстой гэж нэхэмжлэгч маргаж байгаа нь үндэслэлгүй байна" гэж үзсэн.

Нэхэмжлэгч нь өөрийн худалдан авалтын НӨАТ-н талаар маргаж, худалдан авалтын НӨАТ-г НӨАТ-н тухай хуулийн 14.1 заалтын дагуу төсөвт төлөх татвараас хасах ёстой гэдэг нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх нь нэгдүгээрт, Нэхэмжлэгч тал нь бараа, ажил, үйлчилгээ импортоор болон дотоодоос худалдан авсан бөгөөд энэхүү харилцаанд Нэхэмжлэгч нь худалдан авагч буюу импортлогч тал мөн гэдгийг тогтоогоогүй. Хоёрдугаарт, Нэхэмжлэгч тал нь импортлогч тал мөн бөгөөд импортолсон бараа, ажил үйлчилгээний НӨАТ-г НӨАТ-н хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу хасах эрхтэй гэдгийг тогтоогоогүй.

Хариуцагч тал нь импортоор худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд НӨАТ ногдуулах боловч уг НӨАТ-г 14 дүгээр зүйлийн дагуу хасна гэдгийг зөрчиж Нэхэмжлэгчийн төсөвт төлсөн нийт 71.3 тэрбум төгрөгийн татвар дээр нэмж 97 тэрбум төгрөгийн НӨАТ төлүүлэхээр дааж давшгүй их төлбөрийн акт гаргасан.

Нэхэмжлэгч нь оршин суугч бус аж ахуйн нэгжид борлуулалт хийгээгүй, түүнээс орлого олоогүй харин бараа, ажил үйлчилгээ худалдан авсан буюу зардал гаргасан.

НӨАТ-н тухай хуулийн 10.1-д "Албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж эхлэх хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно" гэж заасны дагуу Нэхэмжлэгч нь борлуулалтандаа буюу олсон орлогодоо татвар ногдуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь орлогодоо НӨАТ ногдуулахдаа НӨАТ-н тухай хуулийн 8 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах тухай, 9 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээний заалтын дагуу татварын хяналт шалгалт хийсэн хугацаанд олсон 861.2 тэрбум төгрөгийн нийт орлогод 10%-иар тооцож нийт 86.1 тэрбум төгрөгийн НӨАТ ногдуулсан нь НӨАТ-н тайлангаар нотлогдож байгаа болно.

Нэхэмжлэгч нь оршин суугч бус этгээдээс орлого олоогүй харин 861.2 тэрбум төгрөгийн орлого олохын тулд зардал гаргасан буюу бараа, ажил үйлчилгээ худалдан авсан, цалин хөлс төлсөн, гадаад улсаас тоног төхөөрөмж түрээсээр оруулж ирэн ашигласан. НӨАТ худалдан авалт хийсэн бол НӨАТ-н тухай хуулийн дагуу НӨАТ-г тухай бүр төлсөн. Худалдан авалтанд буюу зардал талд төлсөн НӨАТ нь НӨАТ-н падаан, НӨАТ-н тайлангаар нотлогдож байгаа. Татварын хяналт шалгалт хийсэн хугацаанд Нэхэмжлэгч нь нийт 145.9 тэрбум төгрөгийн НӨАТ-тэй худалдан авалт хийж НӨАТ-д 14.5 тэрбум төгрөгийг төлсөн байна. НӨАТ-н тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-д "Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурьдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.1.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн; 14.1.2. үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортлосон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн" гэж заасны дагуу орлогодоо ногдуулж төсөвт төлөх 86.1 тэрбум төгрөгийн НӨАТ-өөс НӨАТ-тэй худалдан авалтад төлсөн 14.5 тэрбум төгрөгийг хасч 71.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт бүрэн төлж барагдуулсан нь НӨАТ-н тайлан болон төлбөрийн баримтуудаар нотлогдож байна.

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой. үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ гүйцэд хэрэгжүүлж чадсангүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "эцсийн борлуулалтандаа ногдуулж төлөх ёстой байсан НӨАТ-ыг хугацаанаас нь өмнө Нийслэлийн татварын албанаас заасан хуваарийн дагуу төлсөн" гэж бичсэн бөгөөд НӨАТ-ыг хугацаанаас нь өмнө төлснийг нотлох баримтыг Анхан шатны шүүхэд гаргаж өгсөн байхад Анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдвэрийн 13-р хуудсан дээрх үндэслэх хэсэгт "эцсийн борлуулалтад буюу барилгыг улсын комисс ашиглалтад албан ёсоор хүлээн авсан өдрөөс эхлэн татвар төлөх хугацааг тооцох ёстой гэж маргаж буй нь үндэслэлгүй байна" гэж үзээд НӨАТ-н тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хугацааг дор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно" гэсэн заалтаар татвар ногдуулах нь зүйтэй гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч нь барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлсэн бөгөөд НӨАТ-н тухай хуулинд барилга угсралтын компаниуд борлуулалтандаа НӨАТ-г хэрхэн ногдуулах вэ гэдгийг НӨАТ-н тухай хуулийн 8 дугаар зүйл. 8.1. "Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна", 8.1.1."бараа, ажил, үйлчилгээг импортолсон буюу экспортолсон, түүнчлэн борлуулсан бол тухай бүрт"; 8.1.2. "барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад" гэж нарийвчлан зохицуулсан. Анхан шатны шүүхийн хэрэглэсэн 10.2 заалт нь 8.1.1 дэх "бараа, ажил, үйлчилгээг импортолсон буюу экспортолсон, түүнчлэн борлуулсан бол тухай бүрт" гэдэг заалтын нарийвчилсан зохицуулалт байна. Харин барилга угсралтын ажил гүйцэтгэсэн Нэхэмжлэгчийн тухайд илүү нарийвчилсан 8.1.2 заалтыг хэрэглэж НӨАТ ногдуулах ёстой.

Монгол Улсын Иргэний хуулийн 349-р зүйлийн 349.1-д "Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно", 350.1.6-т "захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх", 351.1.2-т "гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах" гэж тус тус заасан байна. Үүний цаана барилгыг ашиглалтад хүлээн авснаар эцсийн борлуулалт хийгдсэн гэдэг санаа агуулагдаж байна. Барилгын ажил дуусаагүй байхад чанарын талаар ямарваа шаардлага гаргах эрх үүсэхгүй буюу барилгын ажил бүрэн дуусч, өмчлөлд нь шилжсэн нөхцөлд өмчлөх эрх үүсч, шаардлага гаргахаар зохицуулсан байна.

Эцсийн борлуулалтыг нотлохын тулд Нэхэмжлэгч нь барилгын улсын комиссын актуудыг Анхан шатны шүүхэд гаргаж өгсөн боловч нотлох баримтыг судалж, үнэлээгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 11-р хуудсан дээрх үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгч нь оршин суугч бус этгээдээс буюу БНХАУ-ын Жиансу Жианду констракшн групп компаниас ажил, үйлчилгээ худалдан авсан байна" гэсэн нь нотлох баримтыг дутуу үнэлсэн байна. Учир нь БНХАУ-ын арбитр нь Нэхэмжлэгч, Жиансу Жианду констракшн групп компани нар туслан гүйцэтгэх гэрээ байгуулж байгаагүй болохыг болон тэдгээрийн хооронд байгуулсан гэх гэрээ нь хуурамчаар үйлдэгдсэнийг тогтоож, тийм гэрээ байхгүй болохыг тогтоосон. Арбитрын шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч түүнийг судалж, үнэлээгүй байна.

Хариуцагчийн "зөвхөн ирүүлсэн нэхэмжлэхээр зардалд тооцсон" гэдэг шаардлагын дагуу уг нэхэмжлэхүүдээр нэхэмжилсэн ажил гүйлгээнүүдийн цаана ажилтнуудын цалин хөлс, барилга угсралтанд ашигласан олон зуун тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөр болон бусад зардлууд байсан гэдгийг тайлбарлаж, түрээсийн гэрээ, түрээсийн нэхэмжлэх болон ажилчдын цалингийн дэлгэрэнгүй мэдээлэл, гадаад ажилчдын Монгол Улсад ирж ажилласан хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг гаргаж өгсөн боловч Анхан шатны шүүх нь тэдгээр нотлох баримтуудыг судалж, үнэлээгүй байна.

Гадаад ажилчдын цалин хөлсийг Жиансу Жианду констракшн групп компани нь Нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн бөгөөд түүнийг дараа тооцоогоор төлж барагдуулсаныг нотлох баримтаар тогтоосон бол "оршин суугч бус этгээдэд ногдуулах татвар" дотор нь Нэхэмжлэгчийн ажилчдын цалин хөлсний төлбөрт НӨАТ-н хуулийн 5.3-т "Хөдөлмөрийн гэрээгээр байнга болон түр хугацаагаар ажиллаж байгаа иргэнийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид тооцохгүй бөгөөд түүнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, тэтгэвэр тэтгэмж, шагнал урамшилд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй" хэмээх заалтын дагуу НӨАТ ногдуулахгүй гэдгийг тогтоогоогүй. Түрээсэлсэн тоног төхөөрөмж, түрээсийн гэрээг судалж нотлох баримтаар үнэлээгүй ба Анхан шатны шүүхийн шийдвэрийн 7-8 дугаар хуудсанд Хариуцагч татварын улсын байцаагч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Энэ ажлыг гүйцэтгэхдээ тоног төхөөрөмж болон ажиллах хүчин оруулж ирсэн байгаа. Энэ тоног төхөөрөмж Гаалиар түр горимоор орж ирсэн" гэж мэдүүлснийг нотлох баримтаар татаж үнэлээгүй. Гаалиар түр горимоор оруулж ирсэн тоног төхөөрөмжийн төлбөрийг Нэхэмжлэгч нь төлж барагдуулсан ба үүнд "оршин суугч бус этгээдээр татвар төлүүлэх" хэмээн НӨАТ ногдуулахаар Татварын Акт тавьсан нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу импортын түр горимоор орж ирсэн тоног төхөөрөмжинд ногдох гаалийн татвар болон НӨАТ-ийг тусгай дансанд байршуулж, тогтоосон хугацаанд тоног төхөөрөмжийг буцаан гаргасан тохиолдолд гаалийн татвар болон бусад татварыг буцаан олгохоор зохицуулдаг 36.2 Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар нэвтрүүлсэн барааны гаалийн болон бусад татварыг төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлнэ", 39.3. Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг хугацаанд нь буцаан гаргаагүй бол түүнийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах үед ногдуулсан гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлнэ", 43.1. Гаалийн байгууллага нь гаалийн болон бусад татварыг дараахь тохиолдолд буцаан олгоно: 43.1.1. "гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг хугацаанд нь буцаан гаргасан" гэж заасныг тус тус зөрчсөн. Нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн ба анхан шатны шүүх нь уг гэрээг судалж, нотлох баримтаар үнэлээгүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 12-р хуудсан дээрх үндэслэх хэсэгт "шалгалтаар илэрсэн зөрчил хэсгийн 4-ийн б-д "баримтаар нотлогдоогүй буюу баримтгүй зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцож, татвар ногдох орлогын хэмжээг бууруулсан зөрчил гаргасан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасныг зөрчсөн" гэж үзэж акт тогтоосон нь үндэслэлтэй байна" гэжээ. Нэхэмжлэгч тал нь ТМТЗ болон Анхан шатны шүүхэд холбогдох нотлох баримтуудыг хүргүүлсэн боловч эдгээр нотлох баримтуудыг Анхан шатны шүүх хуралдааны нотлох баримт шинжлэх үед огт шинжилж судлаагүй.

Дээрхи үндэслэлийг харгалзан үзсэний үндсэн дээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №830 дугаар шийдвэрийг хучингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар магадлан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Жиансу жианду ХХК нь татварын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №360004014 тоот актын татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил хэсгийн 4-ийн б, 7, 12, 15 дахь зөрчлүүдэд холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй байгаа буюу тус актын Тогтоох хэсгийн 1.5, 1.12, 1.15, 2.3 дахь заалтуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн байна.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар татварын улсын байцаагчийн 2014 оны №360004014 тоот актын Тогтоох хэсгийн 1.5, 1.12, 1.15, 2.3 дахь заалтуудад холбогдох маргааныг шүүн хэлэлцээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч нь №360004014 тоот актын Тогтоох хэсгийн 1.5 болон 1.12 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно гэж заасан тул энэ заалтын дагуу манай төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас, мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасч тооцох ёстой гэж, мөн хэсгийн 2.3 дахь заалтыг гадаад улсад байрлах хуулийн этгээд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ гэж заасны дагуу хуулийн үйлчлэх хүрээнд хамрагдахгүй гэж, актын Тогтоох хэсгийн 1.15 дахь заалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна, 8.1.2-д барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад гэж заасан тул манайх барилгын ажил хийж гүйцэтгэсэн тул эцсийн борлуулалтад буюу барилгыг улсын комисс ашиглалтад албан ёсоор хүлээн авсан өдрөөс эхлэн татвар төлөх хугацааг тооцох ёстой гэж тус тус маргаж байна. Өөрөөр хэлбэл №360004014 тоот актын холбогдох хэсгийн талаар нэхэмжлэгч маргахдаа дээрх актын хэлбэрийн талаар болон процессын талаар маргаагүй, түүнчлэн актанд дурьдагдсан дүн болон тооцооллын талаар маргаагүй, гагцхүү хууль хэрэглээ-ний талаар маргасан байна.

Анхан шатны шүүх татварын хууль тогтоомжийг агуулга, зорилго, зорилтын дагуу, хамрах хүрээг зөв тодорхойлж, зөв тайлбарлан хэрэглэж хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч нь бараа, ажил үйлчилгээ импортолсон гэх боловч энэ тухайгаа гаалийн байгууллагад мэдүүлээгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй атлаа төлсөн мэтээр татвар ногдох орлогоос хасч тооцож, татвар ногдох орлогоо бууруулж, хууль зөрчсөн нь тогтоогдсон байна. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан ногдох ажил, үйлчилгээ болохыг хуульчилсан, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т дор дурдсан үйл ажиллагааг "үйлчилгээ үзүүлсэн"-д хамааруулна, 7.4.9-т Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх гэж заасныг баримтлах үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь оршин суугч бус этгээдээс буюу БНХАУ-ын Жиансу Жианду констракшн групп компаниас ажил, үйлчилгээ худалдан авсан байгаа тул импортолсон бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах нь хуульд нийцнэ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухайд уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй, 15.1.2-т албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал гэж хуульчилсан байна. Татварын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 360004014 тоот актын татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил хэсгийн 4-ийн б-д баримтаар нотлогдоогүй буюу баримтгүй зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцож, татвар ногдох орлогын хэмжээг бууруулсан зөрчил гаргасан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэж акт тогтоосон үндэслэлтэй. Учир нь баримтаар нотлогдоогүй буюу баримтгүй зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсон нь буруу гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг үндэслэн татварын улсын байцаагчийн №360004014 тоот актын Тогтоох хэсгийн 2.3 дахь заалтыг үндэслэлгүй гэж маргаж байгаа нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдэд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, оршин суугч бус этгээдээр татвар төлүүлэх журмыг тусгайлан, нарийвчлан зохицуулсан байна. Тодруулбал зүйлд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, төсөвт төлөх, тайлагнах журмыг хуульчилсан ба 16 дугаар зүйлийн 16.1.2-т Монгол улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх гэж зохицуулсан байна.

Хуулийн дээрх заалтын дагуу оршин суугч бус этгээд нь Монгол Улсад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхгүй, тайлан гаргах боломжгүй ба Монгол Улсад байрладаггүй хуулийн этгээдэд татварын байгууллага хяналт тавих боломжгүй тул орлого шилжүүлж буй Монгол улсын иргэн, хуулийн этгээдээр дамжуулан оршин суугч бус этгээдээр төлүүлэхээр хууль тогтоогч хуульчилсан байна.

Иймд энэ талаар анхан шатны шүүх ...оршин суугч бус этгээдээс бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх гэж Монгол улсын иргэн, хуулийн этгээдийг үүрэгжүүлж хуульчилсан байна. Иймд тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан заалтыг буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэж акт тогтоосон хариуцагч татварын улсын байцаагчдын үйлдэл хуульд нийцсэн байна гэж үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Татварын улсын байцаагчийн №360004014 тоот актын Тогтоох хэсгийн 15 дахь заалтын хууль зүйн үндэслэлийн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байна. Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг ... дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, ... тайлангаа харъяалах татварын албанд тушаана гэж заажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна, 8.1.2-д барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад гэж заасан тул манайх барилгын ажил хийж гүйцэтгэсэн тул эцсийн борлуултад буюу барилгыг улсын комисс ашиглалтад албан ёсоор хүлээн авсан өдрөөс эхлэн татвар төлөх хугацааг тооцох ёстой гэж маргаж буй нь үндэслэлгүй. Харин ч нэхэмжлэгч компанийн хийж гүйцэтгэсэн Оюу толгойн барилгын ажил нь томоохон иж бүрэн, цогцолбор ажил бөгөөд барилгын тодорхой үе шатны буюу хэсэгчилсэн, салгаж гүйцэтгэх боломжтой ажлыг нэхэмжлэгч гэрээгээр гүйцэтгэсэн тул тухайн хэсэгчилсэн ажлыг хийж гүйцэтгэж дуусгаад тухайн үедээ санхүүжилтээ авч байсан тул барилгыг улсын комисс хүлээн авсан өдрөөс эхлэн татвар төлөх хугацааг тооцох ёсгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчдын тайлбар үндэслэлтэй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хугацааг дор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно, 10.2.1-т борлуулагч энэ хуулийн 4.1.3-т заасан падаан үйлдсэн өдөр, 10.2.2-т борлуулагч худалдсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг хүлээн авсан өдөр, 10.2.3-т бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан өдөр гэж тус тус заасан байх тул барилгыг улсын комисс ашиглалтад хүлээн авсан өдрөөс эхлэн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хугацааг тоолно гэж маргаж буй нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.

Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан байх тул татварын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 360004014 дугаартай актын төлбөрөөс Тогтоох хэсгийн 1.5 дахь заалтын 2.016.229.562,6 төгрөгийн торгууль, 2.172.543.892,7 төгрөгийн алданги, 1.12 дахь заалтын 3.960.000.000 төгрөгийн торгууль, 2.414.640.000 төгрөгийн алданги, 1.15 дахь заалтын 5.052.164.991,6 төгрөгийн торгууль, 2.374.517.546,1 төгрөгийн алданги, 2.3 дахь заалтын 25.812.816.290,3 төгрөгийн торгууль, 154.876.897,7 төгрөгийн хүү, нийтдээ 43.957.789.181 төгрөгийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 830 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Татварын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 360004014 дүгээр актаар ногдуулсан 36.841.210.844,5 төгрөгийн торгууль, 6.961.701.438,8 төгрөгийн алданги, 154.876.897,7 төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлж, нийт төлбөрийн хэмжээг 43.957.789.181 төгрөгөөр багасгасугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР