Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 54

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч С.Нямбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал хохирогч Б.Ганхуяг нарыг оролцуулан Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч Сутай овогт Солонгын Нямбаярт  холбогдох эрүүгийн 201621000144 дугаартай, 153/2016/0057/Э индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 21-ний өдөр  Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй,  ард халх,  дээд боловсролтой, уулын инжөнер мэргэжилтэй, Хөшөөтийн уурхайд нүүрсний чанар шалгагч ажилтай,  ам бүл 2, эмэг эхийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 2-18 тоотод оршин суух, сард 1000000 төгрөгний орлоготой,  ял шийтгэлгүй,  ПЭ90102118  дугаарын регистртэй Сутай овогт Солонгын Нямбаяр

Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч С.Нямбаяр нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.Ганхуягын эзэмшлийн 45-72 УНО улсын дугаартай Аванти маркын автомашины эд зүйлсийг санаатайгаар устгаж, гэмтээн хохирогчид  190000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

      Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ганхуягийн  өгсөн"....2016 оны 06 сарын 22-ны 00 цаг өнгөрч байхад би машинаа унаад П.Батгэрэлтэй хамт явж байгаад Ү.Бат-Ерөөлт, Батбаяр, С.Нямбаяр. Б.Галбаяр  нар дээр тоглоомтой гудамжны ард талын гудамжинд байхад нь очсон.  Тэгээд тэд нар архи пиво хувааж ууцгаасан.  Би уугаагүй. Тэгээд байж байтал Ж.Азжаргал ирсэн. Тэгсэн С.Нямбаяр тэд нарт “тамхи тат” гээд тамхи өгч байснаа “намайг тамхи тат”  гэхээр нь би татахгүй гэсэн. Пиво уу гэхээр нь уухгүй гэхэд С.Нямбаяр пиво асгачихаад намайг тамхи тат гэхээр татахгүй пиво уу гэхээр уухгүй гээд харин би уухгүй гэгчлэн маргалдаж байгаад С.Нямбаяр хоёулаа уулзая гэж хэлээд бид 2 хоорондоо маргалдсан.   Тэгээд эвлэрч нэг нэгнээсээ уучлап гуйгаад салсан. Тэгээд дахиад надтай маргалдаад П.Батгэрэл “боль” гэж хэлээд болиулахад больчихоод дахиад маргалдаж байгаад машины зүүн баруун талын толийг баруун хөлөөрөө өшиглөж хугалаад газар унагаагаад жолооч талын хаалганы шил гараараа татаж хагалаад хаалга өшиглөж хонхойлгоод борооны хаалт ховхлоод хаячихсан…Надад ямар нэг нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй 190000 төгрөгийн хохирлыг  бүрэн барагдуулж машины эвдэж гэмтээсэн эд зүйлүүдийг шинээр худалдан авч өгч засварлаж янзалж өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

      Мөрдөн байцаалтад гэрч Ү.Бат-Ерөөлтийн өгсөн  “....2016 оны 06 сарын 22-ны 18 цагийн үед С.Нямбаяр, Гандаа, Ж.Азжаргал бид нар найзуудаараа уулзаж короун караокед ороод 1 шил 0.75 архи 4 пиво хувааж ууцгаасан. Ж.Азжаргал архи пиво уугаагүй ба нэг харахад Ж.Азжаргал байхгүй бид хэд такси бариад тоглоомтой гудамжны ар талын гудамжинд С.Нямбаяр, Гандаа, Батбаяр бид нар юм яриад байж байтал Б.Ганхуяг машинтайгаа ирээд пиво ууцгаасан. Тэгсэн С.Нямбаяр бид нартай хамт “тамхи тат”  гээд тамхи өгөхөд Б.Ганхуяг тамхи татахгүй, пиво уухгүй гэсэн. С.Нямбаяр тэр “хоёулаа уулзая” гэж хэлээд тэр 2 хоорондоо маргалдаж байгаад С.Нямбаяр Б.Ганхуягын хашааны хажууд байсан АВАНТЕ Экс ди маркийн цагаан өнгийн 45-72 УНО дугаартай машины жолооч талын толь намайг машины хойд талд зогсож байхад хажуухан талд унахаар нь мэдсэн яг хэн гэдгийг нь мэдээгүй хажууд С.Нямбаяр, Б.Ганхуяг 2 зогсож байсан Би С.Нямбаярыг жолооч талын хаалгыг баруун хөлөөрөө 1 удаа өшиглөж байхыг харсан. Тухайн үед их согтоод зарим юмыг анзаарч хараагүй, болсон зүйлийг нарийн сайн санахгүй байна. Тэгээд С.Нямбаярыг Ж.Азжаргал хориглож болиулсан.  Тэгтэл Бат-Ерөөлт, Батбаяр 2 маргалдаж байгаад Батбаяр нь салаад явчихсан. Машины толь хугалж унагаад хаалганы шилийг хагалж борооны хашлага ховхолсныг машиныг  нь сүүлд хараад мэдсэн. Тийм их согтоогүй гайгүй байсан. Тэр 2 юунаас болж маргалдсаныг мэдээгүй хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад машины эд зүйлийг хагалж гэмтээсэн. Үг цөөнтэй, найрсаг, даруухан зантай. Миний мэдэхээр тэр 2 урьд нь хэрэлдэж маргалдаж байсан болон өс хонзон байхгүй " гэх мэдүүлэг / хх-ийн 19-р хуудас/

      Мөрдөн байцаалтад гэрч П.Батгэрэлийнийн өгсөн...  Тэгсэн С.Нямбаяр бид нартай “тамхи тат”  гээд тамхи өгөөд С.Ганхуяг тамхи татахгүй, пиво уухгүй гэхэд С.Нямбаяр пиво асгачихаад, С.Нямбаяр Ганхуягыг “тамхи тат гэхээр татахгүй. пиво уу гэхээр уухгүй”  гэгчлэн маргалдаж байгаад С.Нямбаяр 2 уулаа уулзая гэж хэлээд тэр 2 хоорондоо маргалдаад байхаар нь би боль гэж хэлэхэд больчихоод дахиад хэрэлдээд байсан. С.Нямбаяр машины зүүн талын толийг баруун хөлөөрөө өшиглөөд хугалаад, газар унагаагаад дахиад хоорондоо маргалдаад байхаар нь би гудамжны адаг руу яваад хүнтэй утсаар ярьчихаад ирэхэд жолооч талын толь хугарч, хаалганы шил хагарч хаалга хонхойсон байсан ба цагдаа нар ирчихсэн байсан. Тухайн үед Б.Ганхуяг, Гандаа, Ж.Азжаргал, С.Нямбаяр, Бат-Ерөөлт бид нараас өөр хүн байгаагүй. Тийм их согтоогүй гайгүй байсан. Тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад машины эд зүйлийг хагалж гэмтээсэн. Миний мэдэхээр тэр 2 урьд нь хэрэлдэж маргалдаж байсан болон өс хонзон байхгүй... гэх мэдүүлэг  /хх-ийн 20 хуудас/

 Мөрдөн байцаалтад гэрч Ж.Азжаргалын  өгсөн "...Тэгсэн С.Нямбаяр бид нартай тамхи тат гээд тамхи өгч байтал Б.Ганхуяг тамхи татахгүй гэж хэлсэн. Тэгээд пиво тойроод Б.Ганхуяг дээр очиход “уухгүй”  гэж хэлэхээр нь С.Нямбаяр өгч байсан пиво асгачихаад С.Нямбаяр Б.Ганхуягт хандаж “чи тамхи тат гэхээр татахгүй, пиво уу гэхээр уухгүй банди зан гаргалаа” гэхэд Б.Ганхуяг юм хэлээгүй.  Тэгсэн С.Нямбаяр “2 уулаа уулзая” гэж хэлээд тэр 2 бид нараас холдоод уулзаад юм яриад маргалдаад байх шиг байсан. Би нэг их ач холбогдол өгч анзаараагүй тэгтэл С.Нямбаяр Б.Ганхуягтай юм яриад маргалдаж байснаа Б.Ганхуягын хашааны хажууд байсан Авантэ эк ди маркийн 45-72 УНО маркийн машин дээр очоод жолооч талын толийг эхэлж баруун хөлөөрөө өшиглөж хугалж унагаагаад. дараа нь баруун талын хөлөөрөө нөгөө зүүн талынх нь толийг өшиглөж хугалж унагаагаад. жолооч талын хаалганы шил хагас онгорхой байхад нь 2 гараараа татаад хагалчихаад, баруун талын хөлөөрөө 1 удаа өшиглөж хаалгыг хонхойлгоод. Борооны хаялгыг ховхолж хаясан. Би С.Нямбаярыг болиулах гээд эхлээд хүч хүрэхгүй байж байгаад сүүлдээ аргалж байгаад хориглож болиулсан. Тийм их согтоогүй дунд зэргийн согтолттой байсан.  Архи, пиво уугаад найзууд хоорондоо хэрэлдэж  маргалдаж байгаад шилийг хагалж, хоёр толийг нь хугалж, хаалгыг нь хонхойлгож, борооны хаялагыг нь ховхолж хаясан. Даруу төлөв, тэр болгон хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, хүнд тусархуу зантай ... гэх мэдүүлэг  " /хх-ийн 21-р хуудас/

  Мөрдөн байцаалтад  С.Нямбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн...”Би тэд нартай “тамхи тат”  гээд тамхи өгч байтал Б.Ганхуяг “тамхи татахгүй “ гэж хэлсэн. Тэгээд пиво тойроод Б.Ганхуяг дээр очиход “уухгүй” гэж хэлэхээр нь өгч байсан пиво асгачихаад би Б.Ганхуягтай яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Бид 2 машины хажууд юм яриад маргалдаад байх шиг байсан, нэг мэдэхэд Б.Ганхуягын цагаан өнгийн АВАНТЕ Экс ди 45-72 УНО маркийн машины 2 талын толийг баруун талын хөлөөрөө өшиглөж хугалж газар унагаагаад, жолооч талын хаалганы шилийг 2 гараараа татаж хагалаад, хаалгыг нь өшиглөж хонхойлгоод. борооных нь хаалтыг авч шидсэн байсан. Би их согтсон байсан учир зарим нэг хэлсэн ярисан хийсэн үйлдлээ санахгүй байгаа. Надтай хамт байсан Ж.Азжаргал эрүүл байсан болохоор сайн мэднэ. Би хааяа нэг уухаар хурдан согтчихоод байдаг. Тухайн үед Бат-Ерөөлт, Ж.Азжаргал, Б.Ганхуяг, П.Батгэрэл бид хэд байсан. Харин Гандаа, Батбаяр 2 асуудал болж байхад байгаагүй хэзээ хаашаа явсан юм мэдэхгүй байхгүй байсан.  Их согтоод зарим нэг хэлсэн, ярьсан, хийсэн үйлдлээ санахгүй байна. Согтоод найзууд хоорондоо хэрэлдэж, маргалдаж байгаад шилийг хагалж, хоёр толийг нь хугалж, хаалгыг нь хонхойлгож, борооны хаялагыг нь ховхолж гэмтээсэн. Өөр ямар  нэгэн  шалтаг шалтгаан байхгүй. Миний буруу буруугаа гэмшиж байна…гэх мэдүүлэг ” /хх-ийн 30-31, 33 дугаар  хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,фото зургийн үзүүлэлт/ хх-ийн 45-47 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээний баримтаар зүүн талын хаалга нэг ширхэг- 120000 төгрөг, зүүн талын хаалганы шил- 20000 төгрөг, зүүн талын толь-50000 төгрөг  нийт 190000 төгрөг  /хх-ийн 25 дугаар хуудас /  

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Нямбаярын өгсөн  ...  Тухайн өдөр архи ууснаас найз Б.Ганхуягтай маргалдаж машиных нь цонх зэргийг хагалсан байсан. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү?  ... гэх мэдүүлэг

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 9-18 тоотод оршин суух / Алаг адуу овогт Бямбадоржийн Ганхуягийн өгсөн... С.Нямбаяртай багаасаа найзалж байгаа. Зан харьцааны хувьд олонтой нийтэч. Тухайн өдөр архи ууснаасаа болоод цагдаа дээр очоод болсон зүйлийг хэлсэн. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Энэ хэргийг хүндэрнэ  гэж бодоогүй. Надад учирсан 190000 төгрөгийн хохиролыг тухайн үед төлж өгсөн. Хамт байсан найз нар маань цагдаа дуудсан байсан.  С.Нямбаярт холбогдох хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү ... гэх мэдүүлэг зэрэг  болно. 

Хэрэгт авагдсан  дээрхи  нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогчийн өгсөн мэдүүлэг зэргийг  хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь  тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэг авагдсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Сутай овогт Солонгын Нямбаяр нь 2016 оны 06 дугаар сарын  22- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Ганхуягтай “ архи ууж тамхи татсангүй” гэж маргалдаж улмаар түүний эзэмшлийн УНО 45-72 дугаартай Аванти маркын  авто машины жолооч талын толийг хөлөөрөө өшиглөж хугалж, мөн цонхны шил онгорхой байх үед нь гараараа  татаж хагалж устган, борооны хаялагыг нь ховхлож,  бусдын  хөрөнгийг санаатайгаар устгаж , гэмтээж бусдад 190000 төгрөгний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч нарын өгсөн мэдүүлэг,  мөрдөн байцаалтад гэрч Ж.Азжаргал, Ү.Бат- Ерөөлт, П.Батгэрэл нарын өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Нямбаярын үйлдсэн дээрхи гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.Нямбаярыг бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар  ял  оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Нямбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 34 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” аар тогтоогдсон болон  шүүгдэгч С.Нямбаяр нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ганхуягийн өгсөн... Надад нэхэмжлэх зүйл байхгүй, түүнд холбогдох хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, мөн шүүгдэгч С.Нямбаярын ... Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэм буруугаа ойлгон гэмшиж байна ... гэх мэдүүлэг зэрэг болон Ховд аймгийн Жаргалант  сумын Алагтолгой багийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 395 дугаартай ... Солонго овогт Нямбаяр нь эмэг эхийн хамт тус багийн 2 дугаар гудамж 18 тоотод оршин суудаг нь үнэн... гэх тодорхойлолт, МоЭнКо ХХК-ний ... Солонго овогтой Нямбаяр нь тус компаний Хөшөөтийн уурхайд 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нүүрсний чанарын хянагчаар ажиллаж байгаа нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан  ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Нямбаяр нь бусдад учруулсан хохирлоо төлсөн байх тул түүний эзэмшлийн LCD –маркын 32 инчийн 550000 төгрөгний үнэ бүхий зурагт, DELL маркийн  900000 төгрөгний үнэ бүхий  зөөврийн компьютер зэргийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “-ыг  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хүчингүй болгов.

  Эрүүгийн 201621000144 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан  зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй , бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

              Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

                                      ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Сутай овогт Солонгын Нямбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн  гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд   тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч Сутай овогт Солонгын Нямбаярт 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ял   шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Сутай овогт Солонгын Нямбаярт ононгдуулсан 1/ нэг/  жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн 201621000144 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус  дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Сутай овогт Солонгын Нямбаярт оногдуулсан  1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1/нэг/  жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Сутай овогт Солонгын Нямбаярын  эзэмшлийн LCD –маркын 32 инчийн 550000 төгрөгний үнэ бүхий зурагт, DELL маркийн  900000 төгрөгний үнэ бүхий  зөөврийн компьютер зэргийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 22- ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “-ыг хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч  Сутай овогт Солонгын Нямбаярт өмнө батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  түүнийг  гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан , хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар нь  Ховд аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА