Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 890

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Над холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Х.Еркебулан,

шүүгдэгч Г.Нын өмгөөлөгч Д.Бурмаа,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэнгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 1200 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Насанжаргалын бичсэн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай эсэргүүцлээр Г.Над холбогдох эрүүгийн 1709013760316 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Г.Н, 1991 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..... тоотод оршин суух, /РД:..../,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 164 дүгээр шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 178 дугаартай шүүгчийн захирамжаар 3 сар 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

Шүүгдэгч Г.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Сувдын гүүрний орчим, хохирогч Н.Мтэй эр, эмийн хардалтын улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

2017 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00 цагаас 04 цаг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцэст эхнэртэйгээ хардсаны улмаас хохирогч А.Өт архи шахаж уулгах, түүний нүүр, толгой тус газар нь гараараа алгадах, цохих, гар, хөл, цээжин тус газар нь өшиглөх, хоолойг боох зэргээр бие махбодийн болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн зодож, эрүүл мэндэд нь “баруун гайморовын хөндийн урд ханын хугарал, баруун нүдний алим, зовхи, хүзүү, зүүн чих, баруун, зүүн чихний дэлбэн, нуруу, баруун мөр, зүүн бугалганд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, зулайн хуйх, дух, хамрын нуруу, баруун, зүүн хацар, зүүн бугалга, зүүн шуу, зүүн алга, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Нын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 22-23 цагийн орчим эхнэр Н.Мийг эр, эмийн хардалтын улмаас биед нь хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 2017 оны 9 дүгээр сарын 19-нд шилжих шөнө 00 цагийн орчим А.Өийг эхнэр Н.Мтэй хардан, хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бий болжээ.

Дээрхээс үзэхэд, шүүгдэгч Г.Нын үйлдэл хохирогч нарыг “хардалтын улмаас” буюу нэгдмэл нэг санаа зорилгоор богино хугацааны дотор хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байж болох нөхцөл байдал үүссэн байгаад прокуророос үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаад анхаарч, зохих арга хэмжээ авах нь зүйтэй байна.

2. Прокурорын яллах дүгнэлтэд, шүүгдэгч Г.Н хохирогч А.Өийг зодож хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бие махбодийн, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн байх ба хэргийн нөхцөл байдлаас үзэхэд бие махбодийн, сэтгэл санааны шаналал, зовиур ямар байдлаар үүссэн, тийнхүү зовж зүдэрхээр нөхцөл байдал байсан эсэх нь эргэлзээтэй байна.

Иймд хохирогч А.Өийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгчийн зүгээс зодсон үйлдлийн улмаас эрүүл мэндэд хохирол учирсан байх ба сэтгэл санааны шаналал зовиур үүсгэсэн хоруу чанартай /тэвчихийн аргагүй/ үйлдэл хийсэн нөхцөл байдал байгаа эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй.

Дээрхээс үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т зааснаар “гэмт хэрэг гарсан байдал” /Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.3-т зааснаар “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэргийг бүрэн гүйцэт тогтоогоогүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шүүх шийдвэрлэжээ.

 Прокурор Ш.Насанжаргалын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай эсэргүүцэлд: “...Шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 1200 дугаартай захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөний дээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хүлээн аваад яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргах, эсхүл талуудын гаргасан хүсэлт гомдлоор болон шүүгч өөрийн санаачилгаар асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах заалттай байхад шүүгч урьдчилсан хэлэлцүүлгээр өмгөөлөгчийн “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” тухай хүсэлтийг хэлэлцэж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа хэргийг анхан шатны журмаар, гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, гэм буруугийн хурлаас хэргийг прокурорт буцаасан.

Өөрөөр хэлбэл, Г.Над холбогдох хэргийг өмгөөлөгч Д.Бурмаагийн мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг удирдлага болгосон зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

2. Г.Над холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бие махбодийн болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн үйлдсэн” болох нь хохирогч А.Өийн 2 удаагийн мэдүүлэг /хх-12-13/, гэрч Э.Э “...Н ах тэр залууг машин дотор оруулаад 2-3 удаа нүүрэн тус газар нь цохьсон. Тэр хоёр машин дотор юм ярилцаад байсан. Г.Н ах намайг машинаас бууж бай, ах нь энэ залуутай ярилцаадхая гэхээр нь би машинаас буусан. Хэсэг хугацааны дараа явъя гээд намайг дуудсан. ...Тэр хоёрыг гарч ирэх хооронд нөгөө залуу миний машинаас буугаад зугтсан. Г.Н ах араас нь буугаад нөгөө залууг хайгаад байх шиг байсан. Тэгээд буцаж ирэхдээ олдсонгүй зугтаачихлаа гээд ирсэн. Тэгээд хөдлөөд явж байхад Шинэ замын орчимд нөгөө машинаас бууж зугтаасан залуу доошоо тонгойгоод бөөлжөөд сууж байсан. Түүнийг Н ах оруулж ирээд нөгөө эмэгтэйтэй нүүрэлдүүлсэн. Нөгөө эмэгтэй тэр залуутай бид зүгээр найзууд байгаа юм аа гэсэн. Тэр эмэгтэй машинаас буугаад гэр лүүгээ явсан. Бид 4 хойшоо яваад Дамбадаржаагийн орчимд ирсэн. ...Нөгөө залуу машинаас буугаад зугтаасан. Г.Н ах тэр залуугийн хойноос хөөгөөд явсан. Би Г.Н ах нөгөө залуу хоёрын гүйсэн зүгт араас нь очиход гудамжин дунд Г.Н ах нөгөө залууг газар унагаачихсан дээр нь заамдаад сууж байсан. Би очоод Г.Н ахыг араас нь тэврээд нөгөө залуугаас салгаад машиндаа суулгасан. ...Ө машинд суугаад 4-5 цаг орчим хугацаа болсон байх. Эхлээд Тоосгоны эцэс орсон. Дараа нь 7 буудал орсон. Дараа нь Хангай хотхон руу очсон. Тэгээд Дамбадаржаа орчим ирсэн.” гэх мэдүүлэг /хх-22-23/, шинжээчийн “...А.Өийн биед баруун гайморовын хөндийн урд ханын хугарал, баруун нүдний алим, зовхи, хүзүү, зүүн чих, баруун, зүүн чихний дэлбэн, нуруу, баруун мөр, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, зулайн хуйх, дух, хамрын нуруу, баруун, зүүн хацар, зүүн бугалга, зүүн шуу, зүүн алга, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл Г.Н нь хохирогч А.Өийг удаан хугацаагаар буюу шөнийн 00 цагаас өглөөний 04 цаг хүртэл хугацаанд гэрч Э.Энхболдын машинд хүчээр авч явж биед нь олон тооны шарх гэмтэл учруулан зодож, хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Гэхдээ “...хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг шүүх хэрэглэхэд эргэлзээ гарвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байхад дээрх байдал бий болсон эсэхийг шалгаж тогтоох гэж хэргийг буцаасан нь үндэслэлгүй, дээрх хэрэг гарах үед хохирогч А.Ө, гэрч Э.Энхболд, шүүгдэгч Г.Н нараас өөр хүн байгаагүй, гэрч, хохирогч нараас энэ талаар хангалттай мэдүүлэг авсан, цаашид мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй юм.

3. Шүүх “Шүүгдэгч Г.Нын үйлдэл нь хохирогч нарыг хардалтын улмаас буюу нэгдмэл нэг санаа зорилгоор богино хугацааны дотор хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байж болох нөхцөл байдал үүссэн байгаад прокуророос үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаад анхаарч, зохих арга хэмжээ авах нь зүйтэй” гээд прокурор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн байх тул прокуророос Г.Нын үйлдсэн хэргийг зүйлчилсэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсгээр буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг бие махбодь, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэн, 2 хүний биед, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

4. Шүүгч нь гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг бүрэн гүйцэт тогтоогоогүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Учир нь, хэрэгт авагдсан хохирогч нар, гэрчүүд, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэрэг гарах болсон буюу хохирогчдыг Г.Н зодох болсон шалтгаан нөхцөл, хэрэг хаана, хэзээ үйлдэгдсэн, зодуулсны улмаас хохирогч нарт ямар гэмтэл учирсан зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тогтоосон бөгөөд Г.Н нь эхнэр Н.Мийг А.Өтай хардсаны улмаас Н.М, А.Ө нарыг зодсон гэм буруугийн санаатай үйлдэл бүрэн тогтоогдсон болно. Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, хангалттай нотлох баримт цугларсан болно.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 1200 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Х.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нотолбол зохих байдал тогтоогдоогүй гэж шүүхээс үзсэн. Шүүгч гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн гүйцэт тогтоогоогүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь, хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад баримтаар хохирогчийг Н зодох болсон шалтгаан нөхцөл, хаана, хэзээ гэмт хэрэг үйлдэгдсэн, зодуулсны улмаас хохирогч нарт ямар гэмтэл учирсан зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоосон гэж үзэж байна. Зодсон гэм буруутай, санаатай үйлдэл нь тогтоогдсон, хийвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Нын өмгөөлөгч Бурмаагийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан. Тэр үед шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг  хүлээн авахаас татгалзаад шүүгчийн захирамж гарсан. Энэ нь процессийн хуулийг зөрчсөн гэж прокурорын зүгээс үзэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Өмгөөлөгчийн хувьд, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцсон. Өийг зодохдоо зовиур шаналал үүсгэн зодсон гэж прокуророос хүндрүүлэн зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн болон эхнэртээ хүчирхийлэл үйлдэж зодсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ хууль хэрэглээний тал дээр эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэх боломж байсан. Миний хувьд энэ гэмт хэргийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэж байгаа. Учир нь, нэг цаг хугацаанд, нэг санаа зорилготой хоёр хүнийг зодсон” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд нотлох баримтыг үнэлж, шийдвэрлэх боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн явагдана.” гэж заасан зохицуулах хүрээнд хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иймд прокурор Ш.Насанжаргалын бичсэн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Г.Над холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 1200 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Над холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Г.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                          ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ