Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/248

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

улсын яллагч Г.Э

хохирогч Б /цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2025001630152 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, 

Шүүгдэгч Батбилэгийн Б нь 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн газрын 2 дугаар байранд Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт :

-шүүгдэгчийн мэдүүлсэн: Тэр үед Эрдэнэболдыг нэг цохисондоо харамсаж байна. Миний буруу. Олон шөнө амралтын цагаар ирж дарамтлаад байсан. Араас цохихоор нь хутгалчихлаа гэж бодоод эргэж хараад нүүр рүү нь нэг цохисон юм. Миний уруул завьж руу цохисон гэх мэдүүлэг,

-хохирогчийн мэдүүлсэн: надад гомдол саналгүй. Би эхлээд түлхсэн нь үнэн. Гэтэл нүүрний зүүн шанаа руу цохисон. Миний тэр шүд өвчтэй байсан, гэтэл Б цохиод бүр унасан. Гомдолгүй. Мөнгө төгрөгийн асуудлыг би хаясан. Буруу мессеж бичиж байсандаа уучлал гуйж байна гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс :

-хохирогч Бын мэдүүлсэн  ...Би 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагийн үед жолооны үнэмлэхээ гарсан эсэхийг асуух гээд Цагдаагийн газарт ирсэн чинь Орхон аймгийн Цагдаагийн газрын 2 дугаар байрны гадаа манай эхнэрийн дүү Б болон түүний эхнэр Оюун-Эрдэнэ нартай тааралдсан. Б бид хоёрын дунд өмнө нь би мөнгө төгрөг машин тэрэг авах асуудал байсан ба тэр асуудлаар хоорондоо ярилцаж байтал Б миний урд талд тээглээд зогсоод байхаар нь би Быг холд гээд хажуу тийш нь түлхчихээд цаашаа буух гээд явж байтал Бын эхнэр намайг зогсож бай ярилцая гэхээр нь 2 давхарын шат дээр зогсож байтал Б араас ирээд мөнгөний асуудлаар ярилцаж байтал миний зүүн тал руу 2 удаа цохисон. Тэгээд Б гарч гүйгээд 102 дээр очоод өргөдөл өгсөн.Энэ үед Бын эхнэр байсан, мөн замын цагдаа нар байж таараад бид хоёрыг болиулсан. Миний зүүн талын шанаа руу 2 удаа цохисон.Би 7-8 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлтэл үүдний 4-р шүд хугарсан байсан. Надад гаргах санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /1-р хх 9-р хуудас/,

      -гэрч Г.Т-ийн мэдүүлсэн...2020 оны 2 дугаар сарын 20-ны жижүүрийн шуурхай албанд мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэж байхад цагдаагийн газрын 102 дээр өндөр нуруутай залуу орж ирээд надад өртэй байсан хүн намайг зодчихлоо уг хүн маань Онцгой байдлын газрын урд талд машинтайгаа байна гэхээр нь би уг иргэнтэй хамт яваад зодсон гэх залууг аваад цагдаагийн газарт очоод юу болсон талаар асуухад гомдол гаргасан өндөр залуу нь энэ залуу намайг нуруу болон шанаа руу цохисон. Би өргөдөл гаргаж өгнө гэж байсан. Гэтэл нөгөө зодсон гэх залуу нь би ч гэсэн нэг удаа цохиулсан миний шүд хөдөлчихсөн гэлүү хугарчихсан гэлүү сайн санахгүй байна надад шүдээ харуулсан. Тэгэхээр нь би наад шүдийг чинь хараад яахав дээ чи шүүх эмнэлэгтээ үзүүл гэж хэлсэн...' гэсэн мэдүүлэг /1-р хх-н 11-р хуудас/

       -гэрч Д.О мэдүүлсэн...2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр би цагдаагийн газар ажилтай байсан болохоор нөхөр маань намайг хүргэж ирсэн. Цагдаагийн 2-р байрны гадаа ирэхэд нөхрийн төрсөн эгч Батчимэгийн хамтран амьдрагч Эрдэнболдтой таарсан. Эрдэнэболд манай нөхөрт 20 сая төгрөгийн өртэй мөнгөө өгөхгүй зугатаагаад яваад байсан. Эрдэнэболдтой нөхөр маань уулзаад мөнгөө өгөөчээ гэж хэлсэн. Мөн Эрдэнэболд өмнө бид нараас зугтаасан байнга утсаар дарамталж сүрдүүлдэг байсан болохоор нөхөр маань уурлаж Эрдэнэболдтой маргалдсан. Цагдаад өргөдөл өгөхөөр болоход Эрдэнэболдыг дагуулаад Цагдаагийн 2-р байр луу ороход Эрдэнэболд манай нөхөр Бын ар нурууны хэсэгт  удаа гараараа цохисон. Тэр үед Б эргэж хараад зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон....” гэсэн мэдүүлэг /1-р хх-12-р хуудас/

-шинжээч Ч.Буянзаяагийн мэдүүлсэн...Бын дээд зүүн 4-р шүд нь хөндлөн хугарсан байсан ба гол хэсэг нь харалсан, хонхойсон байсан. Хугарлын зах ирмэг нь хурц цагаан өнгөтэй байжээ. Хэрэв хуучин гэмтэл байсан бол хугарлын ирмэг мохоо шарласан байдаг. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байсан тул 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр буюу тухайн цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Дээд 4-р шүдний гол хэсэг нь харлаж хонхойсон байгаа нь уг шүд дотор талаасаа өвчилсөн байсан. Дотор тал нь хохойж харлаж өвчилсөн байсан шүд хугарчээ. Иймд гадна хэсэг нь бүтэн байсан шүд хугарч унасан байх тул хугарсан хэсэгт нь гэмтлийн зэрэг тогтоож байгаа юм... гэсэн мэдүүлэг /1-р хх-19-21-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 230 дугаартай ...Бын биед зүүн дээд 4-р шүдний хугарал үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байхаар байна...” гэсэн дүгнэлт \1-р хх-ийн 23-24-р хуудас\

-Эд зүйл , баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл \1-р хх-ийн 62-88-р хуудас\

-Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 6 дугаартай...Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээч эмчийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 230 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Бын зүүн дээд 4-р шүдний титэмийн хугарал тогтоогдлоо. Бын биед учирсан гэмтэл нь хуучин гэмтэл.Гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй.Хөдөлмөрийн ерөнхий чадварын алдалтанд нөлөөлөхгүй. Магадлуулагчийн голоороо хонхойж харлаж өвчилсөн зүүн дээд 4-р шүд хугарсан нь хөнгөн гэмтэл гэж үзнэ” гэх дүгнэлт \1-р хх-ийн 213-214-р хуудас\

-Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хуулбар \1-р хх-ийн 236-249-р хуудас \зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдож байна.

Үйл баримт: Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт Цагдаагийн газрын 2 дугаар байрны гадаа Бтой таарч урьдын таарамжгүй хувийн асуудлыг сөхөж маргалдан улмаар харилцан цохилцох үедээ Бын биед зүүн дээд 4-р шүдний титэмийн хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан, хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 230 дугаартай ... Бын биед зүүн дээд 4-р шүдний хугарал үүсчээ...Шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 6 дугаартай...Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээч эмчийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 230 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Бын зүүн дээд 4-р шүдний титэмийн хугарал тогтоогдлоо... Магадлуулагчийн голоороо хонхойж харлаж өвчилсөн зүүн дээд 4-р шүд хугарсан нь хөнгөн гэмтэл гэж үзнэ...” гэх дүгнэлт, гэрч Г.Түвшинтөрийн...2020 оны 2 дугаар сарын 20-ны жижүүрийн шуурхай албанд мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэж байхад цагдаагийн газрын 102 дээр өндөр нуруутай залуу орж ирээд надад өртэй байсан хүн намайг зодчихлоо уг хүн маань Онцгой байдлын газрын урд талд машинтайгаа байна гэхээр нь би уг иргэнтэй хамт яваад зодсон гэх залууг аваад цагдаагийн газарт очоод юу болсон талаар асуухад, гомдол гаргасан өндөр залуу нь энэ залуу намайг нуруу болон шанаа руу цохисон. Би өргөдөл гаргаж өгнө гэж байсан. Гэтэл нөгөө зодсон гэх залуу нь би ч гэсэн нэг удаа цохиулсан миний шүд хөдөлчихсөн гэлүү хугарчихсан гэлүү сайн санахгүй байна, надад шүдээ харуулсан. Тэгэхээр нь би наад шүдийг чинь хараад яахав дээ чи шүүх эмнэлэгтээ үзүүл гэж хэлсэн...' гэсэн мэдүүлэг ,хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт Цагдаагийн газрын 2 дугаар байрны гадаа Б,Б.Б нарын хооронд болсон үйл баримт болон шүүгдэгч Б.Бын үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан нэг шүдний хугарал бүхий гэмтлийн шууд шалтгаант холбоотой байдал эргэлзээгүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Бын зүүн дээд 4-р шүдний титэмийн хугарал тогтоогдсон ба энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан” гэж заасны дагуу хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэж шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоосон тул яллах дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Б.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжтэй байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж  заасны дагуу шүүгдэгч Д.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч: Шүүгдэгч гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүд унасан тухай гэрчийн мэдүүлэг бий. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч: Шинжээчийн дүгнэлт, эмчийн мэдүүлэг зөрүүтэй. Хохирогчийн зүүн дээд 4-р шүд өвчилсөн байсан эсэхийг нарийн мэргэжлийн шүдний эмч тогтооно. Гэтэл үүнийг тогтоогоогүй. 8 хоногийн дараа шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ 4-р шүд хугарсан нь эрүүл мэндийг ямар хугацаагаар алдагдуулсан нь тогтоогдоогүй гэж мэтгэлцсэн.

Хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл болохыг шинжээчийн дүгнэлтүүд тогтоосон ба шинжээч Ч.Буянзаяагийн мэдүүлсэн... Бын дээд зүүн 4-р шүд нь хөндлөн хугарсан байсан ба гол хэсэг нь харласан, хонхойсон байсан. Хугарлын зах ирмэг нь хурц цагаан өнгөтэй байжээ. Хэрэв хуучин гэмтэл байсан бол хугарлын ирмэг мохоо шарласан байдаг. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байсан тул 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр буюу тухайн цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Дээд 4-р шүдний гол хэсэг нь харлаж хонхойсон байгаа нь уг шүд дотор талаасаа өвчилсөн байсан. Дотор тал нь хонхойж харлаж өвчилсөн байсан шүд хугарчээ. Иймд гадна хэсэг нь бүтэн байсан шүд хугарч унасан байх тул хугарсан хэсэгт нь гэмтлийн зэрэг тогтоож байгаа юм... гэсэн мэдүүлгээс зөрүүгүй, эргэлзээгүй байна. Хохирогчийн нэг шүдний титмийн хугарал үүссэн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм.

Эрүүгийн хариуцлагын тухайд: Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй ба үйлдсэн гэмт хэрэг нь хэргийн зүйлчлэл болоод үйл баримт болсон цаг хугацааны хувьд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1,4.2 дахь хэсэгт хамрагдаж байх тул уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.     

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх

 

тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ