Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

 

 

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр,

шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх Боржигин овогт Доржзодовын Г, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуутраг овогт Пүрвээгийн А нарт холбогдох эрүүгийн 2111 00000 1156 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, хувиараа ахуйн тосолын худалдаа эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуут 3 дугаар гудамж, 21 тоотод оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Халх Боржигин овогт Доржзодовын Г /Регистрийн дугаар:УП/,

Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Увс аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хаад хурд” компанид мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 115 байрны 59 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Зуутраг овогт Пүрвээгийн А /Регистрийн дугаар:ОЮ/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзварт иргэн П.Атэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, П.Анар-Эрдэнийг нүд орчим хэсэгт нь цохилоо гэж түүний зүүн нүд, баруун шанаа орчим гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын долоовор хуруунд шарх, зүүн дээд, доод зовхи, баруун чихэнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч П.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзварт иргэн П.Пүрэвжаргалыг цохилоо гэх шалтгаанаар хохирогч Д.Гийн нүүр хэсэгт гараараа цохиж унаган, эрүүл мэндэд нь баруун дээд зовхи, хацар шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр хацар, духанд цус хуралт баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 684 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч  Д.Г, П.А нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзварт иргэн П.Атэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, П.Анар-Эрдэнийг нүд орчим хэсэгт нь цохилоо гэж түүний зүүн нүд, баруун шанаа орчим гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын долоовор хуруунд шарх, зүүн дээд, доод зовхи, баруун чихэнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч П.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн уулзварт иргэн П.Пүрэвжаргалыг цохилоо гэх шалтгаанаар хохирогч Д.Гийн нүүр хэсэгт гараараа цохиж унаган, эрүүл мэндэд нь баруун дээд зовхи, хацар шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр хацар, духанд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч П.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай эхнэр Янжинлхамын үеэл эгч Бямбаагийн хүүхдийн үсний найр болсон юм. ...22 цаг өнгөрч байхад караоке оръё гэж ярилцаад гарах болсон. Бүгд нэг машинд суух гэхээр багтаагүй. Тэнд Тони хочтой Пүрэвжаргал, намайг зодсон Г гэдэг залуу бид гурав үлдсэн. Такси барих гэхээр олдохгүй байсан. Тони ах зам руу орж гараад гуйваад алхаад яваад байсан бөгөөд би болон нөгөө залуу аль аль нь болиоч зүгээр яваач гэж хэлсэн. Ерөөсөө такси зогсохгүй байсан бөгөөд замын эсрэг талаас баръя гээд Г хэлсэн. Би бас тэгье гэсэн чинь Тони ах тэр хоёр маргалдаад эхэлсэн. Нэг их маргалдах шалтгаан гээд байх зүйл болоогүй ерөөсөө л такси зогсохгүй байсан. Мөн замын цаанаас такси баръя гэсэн ярианаас болж л маргаан гарсан. Тэгснээ Г Тони ахыг гараараа цохихоор нь би өмөөрөөд гараараа нүд орчим хэсэгт 2 удаа цохисон чинь зөрүүлээд миний зүүн нүд рүү цохисон. Тони ах дундуур ороод салгасан. Нөгөө хамт явж байсан хүмүүс буцаж ирээд яасан юу болсон бэ гээд асуугаад би Хангал ахтай уулзаж байтал Г гэдэг залуу хүрч ирээд миний баруун шанаа орчим гараараа хэд хэдэн удаа цохисон. Хамт явж байсан хүмүүс салгасан ба тэр дор нь миний эрүү хавдаад юм ярьж чадахаа больчихсон. Гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлтэл баруун талын эрүүний яс хугарсан байна гэж хэлээд эмнэлэгт хэвтээд бүтэн норкозтой хагалгаанд ороод 10 хоног эмчлүүлж байгаад гарч ирсэн. ...Би эрүү хугарсны улмаас одоогийн байдлаар эмчилгээ хийлгэхэд 4,190,950 төгрөг гарсан. Мөн 3 сарын турш ажилгүй байсан, сард 1,000,000 төгрөгийн цалинтай, нийт 7,190,950 төгрөг нэхэмжилж байна...” гэх /хавтаст хэргийн 6-8 дугаар тал/,

Хохирогч П.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гаргасан зардал болох 4,160,000 төгрөгөө нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх,

Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Зам дээр такси барихаар зогсож байхад А миний нүүр лүү ойролцоогоор 10 орчим удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

Хохирогч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ...Өмгөөлөгчийнхөө гаргаж өгсөн баримтыг нэхэмжилж байна. Ийм байдал үүснэ гэж бодоогүй тул зарим баримт байхгүй байна...” гэх,

Гэрч П.Пүрэвжаргал буюу /Тони/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай үеэл охины хүүхдийн үсний найр нь болсон. Найранд оролцоод 16 цагийн орчим гараад манай эхнэр Дэлгэржаргал, зодоон хийсэн Г гэдэг залуу, эхнэртэйгээ, А, эхнэр Янжинлхам, Гийн найз гэх Бадрах нартай хамт Бөмбөгөрийн тэнд байдаг “Парагон” нэртэй паб-д очиж суусан. ...Тэндээс 22 цаг өнгөрч байх үед гарсан ба сүүлд хаах үед нь үсний найр хийсэн Хангал, Бямбаа хоёр ирсэн. Тэгээд караоке хаахаас өмнө очиж дуулъя гээд гарцгаасан. Гараад Хангалын машинд суухад А, Г бид гурав машинд багтаагүй бөгөөд бусдыг нь суулгаж явуулаад, такси барих гээд “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар хүртэл алхаад явсан. Ертөнцийн зүгээр баруун тийш явах ёстой байсан. Тэгсэн бид нар хойд зүг рүү явах зам дээр зогсоод байсан. Азка хочтой Г болохоор бид нар буруу зам дээр зогсоод байна, замынхаа эсрэг талд гараад такси баръя гэхээр нь үгүй эндээс барина, мөнгийг нь өгөөд эргүүлчихье гэж хэлсэн. Ер нь үүнээс л болж бид хоёрын хооронд маргаан гарсан. Тэгсэн чинь чи яагаад томроод байгаа юм бэ гэж хэлээд миний эрүү хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь би газар уначихсан. Гэхдээ надад ямар нэгэн гэмтэл учраагүй, би гомдолгүй. Тэгсэн чинь А намайг өмөөрч орж ирээд нөгөө залууг хэд хэдэн удаа цохисон. Би дундуур нь ороод салгасан чинь Г утсаа гаргаж ирээд видео бичлэг хийгээд намайг зодчихлоо гээд хөмсөгнөөс нь гарсан цусыг харуулаад байсан. Эхэлж хөдөлсөн машин нэг их холдоогүй байсан ба буцаад хүрээд ирсэн. Тэр хооронд Г нь Анар-Эрдэнийг зодчихсон байна лээ. Би тэрийг нь харж чадаагүй бөгөөд харин манай эхнэр Дэлгэржаргал харсан гэсэн...” гэх / хавтаст хэргийн 18 дугаар тал/,

Гэрч Н.Дэлгэржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай нөхрийн үеэлийн хүүхдийн үсний найр нь болсон. Найранд оролцоод 16 цагийн орчим гараад “Бөмбөгөр” худалдааны төв орчим байдаг паб-д орсон. Тэндээс 22 цаг өнгөрч байхад гараад бүгд Хангалын машинд суугаад Азка гээд байгаа Г, А, манай нөхөр Пүрэвжаргал нар машинд багтаагүй тул такси бариад очъё гээд үлдсэн. Тэгээд удалгүй араас Г гэх залуу манай машинд суугаад явж байсан эхнэр рүүгээ залгаад зодуулчихлаа гэхээр нь эргээд очсон. Тэгсэн чинь “Бөмбөгөр” худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талд зам дагуу хоорондоо учраа олох гээд зогсож байгаа юм шиг зогсож байсан. Очоод юу болсон бэ гэсэн чинь Г нь гүйж ирээд Анар-Эрдэнийн нүүр лүү нь цохиж унагаасан. Тэгснээ гараараа нүүр лүү нь дахиад хоёр гурван удаа цохиод бие рүү нь өшиглөсөн. Бид нар салгаад Анар-Эрдэнийг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Дараа нь цагдаа дээр ирж гомдол гаргасан. Анх очиход Гийн хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан. Тэрийгээ Атэй зодолдсон чинь ингэчихлээ гэж ярьж байсан...” гэх / хавтаст  хэргийн 20 дугаар тал/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9986 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

П.Анар-Эрдэнийн биед эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын долоовор хуруунд шарх, зүүн дээд, доод зовхи, баруун чихэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх / хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9988 дугаартай дүгнэлтэд:

Д.Гийн биед баруун дээд зовхи, хацар шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр хацар, духанд цус хуралт баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,

Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...би гараа саваад цохисон чинь Анар-Эрдэнийн зүүн нүдний орчим оногдсон, жоохон тайвшраад харсан чинь нүд нь улайчихсан байсан. ...найзууд маань ирэх шиг болохоор нь би Анар-Эрдэнийн баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохитол унаад өгсөн, тэгээд дээрээс нь дахиад цохитол хоёр удаа гарыг нь оносон. Сүүлд шанаа руу нь цохиход эрүү нь хугарсан байхаа. Анар-Эрдэнийг хагалгаанд орсон гэж сонссон, энэ асуудалд маш их гэмшиж байна...” гэх / хавтаст хэргийн 42 дугаар тал/,

Шүүгдэгч П.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би Гийг гараараа цохиж гэмтэл учруулсан нь үнэн, тэр асуудлаар ямар нэгэн маргаан байхгүй. Иймд надад хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 50 дугаар тал/,  

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт, тухайн өдөр үсний найранд яваад бид караоке орсон. Тэнд байсан хүмүүсээс би өөрийгөө хамгийн бага хэмжээний согтолттой байсан гэж бодож байна. Маргаан болох эхний шалтгаан нь Тони согтуугаар тээврийн хэрэгсэл барина гэсэн. Би Тони замын голоор согтуу явж байхад нь би очиж аваад зам гараад “Бөмбөр” худалдааны төвийн хойно очиход П.А байсан. Би П.Атэй маргалдах шалтгаан байгаагүй. Бид такси барих гэж байхдаа маргаан үүсгэсэн. П.А намайг зодно гэж бодоогүй. Миний хөмсөгнөөс их хэмжээний цус асгарсан. Нүд нээх боломжгүй байсан. Би гараараа савах үед П.Анар-Эрдэнийг цохисон юм шиг байна лээ. Зам дээр байсан цагдаа ирээд цагдаа дууд гэсэн. Тони цагдаад юу ч болоогүй бид нар найзууд гэж хэлэхэд цагдаа явсан. Би эхнэр рүүгээ видео бичлэг хийсэн. Эхнэр маань 4 замаас ирсэн. Эхнэр маань миний байгаа байдлыг хараад их гайхсан. Тони намайг “еээ чи энд зодуулчхаж байгаа юм уу...” гээд үгээр идсэн. Би нүдээ нээх боломжгүй байсан учраас би маш их цочирдсон. Тони надад дүүгээ өмөөрөөд чамтай зодолдъё гэсэн. Тэгэхдээ мөн Тони дүүгээ цохисон. Хангалын машин ирэхэд бид 2 зэрэгцээд зогсож байгаад би П.Анар-Эрдэнийн баруун шанаа руу нь цохисон гэх,

Шүүгдэгч П.А шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Шүүгдэгч Д.Г, П.А нарын хохирогчоор тус тус өгсөн мэдүүлэг мөн дээр дурдсан гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн 9986, 9988 дугаар дүгнэлтүүдтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нар гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас шүүгдэгч Д.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн уулзварт иргэн П.Атэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, П.Анар-Эрдэнийг нүд орчим хэсэгт нь цохилоо гэж түүний зүүн нүд, баруун шанаа орчим гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын долоовор хуруунд шарх, зүүн дээд, доод зовхи, баруун чихэнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч П.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн уулзварт иргэн П.Пүрэвжаргалыг цохилоо гэх шалтгаанаар хохирогч Д.Гийн нүүр хэсэгт гараараа цохиж унаган, эрүүл мэндэд нь баруун дээд зовхи, хацар шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр хацар, духанд цус хуралт баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан болох нь тогтоогдсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Гийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн уулзварт иргэн П.Атэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, П.Анар-Эрдэнийг нүд орчим хэсэгт нь цохилоо гэж түүний зүүн нүд, баруун шанаа орчим гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын долоовор хуруунд шарх, зүүн дээд, доод зовхи, баруун чихэнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч П.Анар-Эрдэнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн уулзварт иргэн П.Пүрэвжаргалыг цохилоо гэх шалтгаанаар хохирогч Д.Гийн нүүр хэсэгт гараараа цохиж унаган, эрүүл мэндэд нь баруун дээд зовхи, хацар шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр хацар, духанд цус хуралт баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгч Д.Г нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлсэн, өндөр настай өвөө, эмээгээ асардаг, хувиараа ахуйн худалдаа эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч П.А нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал болон эрүүл мэндийн байдал, “Хаад хурд” компанид мужаан ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн,

Шүүгдэгч Д.Г, П.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж,

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч П.Аэс хохирогч Сүхбаатар дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуут 3 дугаар гудамж, 21 тоотод оршин суудаг, Халх Боржигин овогт Доржзодовын Г /РД:УП93011814/-ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирлын баримт нийт 85,000 төгрөгийг,  

Шүүгдэгч Д.Гээс хохирогч Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 115 байрны 59 тоотод оршин суудаг, Зуутраг овогт Пүрвээгийн Аээс баримтаар гарган өгсөн /РД:ОЮ93081333/-д 4,198,950 төгрөгийг тус тус гаргуулж,

Шүүгдэгч Д.Гэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Хохирогч Д.Г, П.А нар цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч П.Анар-Эрдэнийн хэрэгт гаргаж өгсөн рентген зургийн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халх Боржигин овогт Доржзодовын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Зуутраг овогт Пүрвээгийн Анар-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч П.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Аэс хохирогч Сүхбаатар дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуут 3 дугаар гудамж, 21 тоотод оршин суудаг, Халх Боржигин овогт Доржзодовын Г /РД:УП93011814/-д нийт 85,000 төгрөгийг, 

Шүүгдэгч Д.Гээс хохирогч Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 115 байрны 59 тоотод оршин суудаг, Зуутраг овогт Пүрвээгийн А /РД:ОЮ93081333/-д 4,198,950 төгрөгийг тус тус олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Гэд 3 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардал бол гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

8. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   П.АРИУНБОЛД