| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0263/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/258 |
| Огноо | 2021-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б
Улсын яллагч Г.Э
Хохирогч Д.Л
Хохирогчийн өмгөөлөгч Д.Т
Гэрч Д.Х
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М, Х.О
Шүүгдэгч Ц.Г
Иргэний хариуцагч Ч.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г, Ж.Г нарт холбогдох эрүүгийн 1925000000271 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ц.Г, Ж.Г нарыг бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-10 дугаар байрны гадаа иргэн Д.Лийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт -шүүгдэгч Ц.Гын мэдүүлсэн: Лувсандорж намайг цохисон гэдэг, би цохиогүй. Би байцаалтад цохисон байх гээд л хэлчихсэн юм. Шүд хуга цохиогүй. Тэр саравчинд зодоон болох зай байгаагүй гэх мэдүүлэг, - хохирогч Д.Лийн мэдүүлсэн: 2019 оны 7 дугаар сарын 03-нд бүжигнээс гарч ирэхэд эд нар саравчинд архи ууж байсан. Намайг очиж суухад Ц.Г намайг цохисон. Ж.Г нь бас хамар руу цохисон. Тэгээд намайг орхиж явсан. Миний хувцас цус болсон. Эд нар 2 эмэгтэйтэй 4-үүлээ байсан. Бас Х гэдэг хүн байсан. 120,000 төгрөгөөр хамраа тэгшлүүлсэн. 1,500,000 төгрөгөөр шүд хийнэ гэсэн. Одоо бол түр шүд хийлгэсэн байгаа. Эдгээрийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг,
- гэрч Д.Хын мэдүүлсэн: 2019 оны 7 сарын 03-нд бүжгэнд ороод дараа нь 6-уулаа архи уусан. Ц.Г, Д.Г 2 танихгүй эмэгтэй, тэгээд Л, би байсан. Зодоон болоогүй 2 шил архи уугаад тарсан. Би үргэлжлүүлээд 19 цагийн бүжгэнд орсон. Маргааш өглөө нь Л 6-1-р байрны үүдэнд таарахад уруул нь хавдсан байсан. Ж.Г зодсон гэсэн гэх мэдүүлэг, -иргэний хариуцагч Ч.Дийн мэдүүлсэн: Би Ж.Гын асран хамгаалагчаар тогтоогдоогүй байгаа. Гэрлэлтийн баталгаатай. Хохиролыг шүүх тогтооно байх гэх мэдүүлэг, Хавтаст хэргээс:
-Хохирогч Д.Лйн мэдүүлсэн …Би 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хулс төвд бүжгэнд орчихоод гарч ирсэн юм. Тэгээд 6-10 дугаар байрны сүүдрэвчний хажуугаар явж байсан чинь миний зүс таних өндөр хочит Ц.Г, Жони хочит Ж.Г нар 2 эмэгтэй хүний хамт архи ууж байсан. Тэгээд байж байтал нөгөө хоёр чинь хоёр эмэгтэйтэйгээ хардаад намайг яв гэж хөөсөн. Тэгээд би жаахан амарч байгаад явъя гэж хэлтэл Ц.Г миний ам руу гараа атгаж байгаад цохиж авахад би газар унасан. Тэгсэн Ж.Г миний нүүр, хөл, гар руу өшиглөж зодсон. Тэгээд би “намайг аллаа шүү дээ” гэж хашгиртал нөгөө хоёр эмэгтэй нь болиулсан. Тэгээд би тэр хэдээс салаад арай гэж гэртээ ирсэн... гэх мэдүүлэг.../ хх-ийн 8-9-р хуудас/
-Гэрч Д.Х мэдүүлсэн ...2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би Хулс төвийн 13 цагийн бүжгэнд орсон юм. Бүжгээс тараад Ц.Г, Ж.Г, Д.Л бүжгэнд байсан 2 эмэгтэйн хамт 6 дугаар микрийн 9 дүгээр байрны хүүхдийн саравчин дотор архи хувааж уусан. Тэгсэн нөгөө 3 хоорондоо маргалдаж эхэлсэн.Би юунаас болж маргалдсныг ойлгоогүй. Д.Л чанга чанга хашгираад байсан.Ж.Г Д.Л чимээгүй байгаач гэсэн чинь үгэнд нь орохгүй байсан.Тэгсэн Ж.Г Д.Л амных нь хавьд нь нэг удаа цохьсон. Ц.Г тэр хоёрыг салгахаар очоод юу болсон юм мэдэхгүй мөн уруул хавьд нь нэг удаа цохьсон. Тэгээд тэр хоёр эмэгтэй тэр хэдийг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 238-р хуудас/
- Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 08- ны өдрийн 461 дугаартай “...Д.Лийн биед хамрын ясны хугарал, 1 шүд унасан, баруун хацар, баруун гуянд зулгаралт, зүүн шанаа, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт, баруун чихний ард шалбархай бүхий гэмтэл тогтоогдлоо. Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын ясны хугарал, нэг шүд унасан нь тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14-р хуудас/,
-Шүүгдэгч Ц.Г яллагдагчаар мэдүүлсэн ...2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хулс төвийн нийтийн бүжигнээс тараад Ж.Г, Д.Х, Д.Л, Булганаас ирж бүжгэнд орсон 2 эмэгтэй бид нар 6-10 дугаар байрны урд саравчинд архи уусан. Би согтсон байсан. Тэгээд гэнэт Д.Л муухай хашгираад босч ирээд намайг бариад авахаар нь би Д.Лувсандоржийг нэг удаа уруул руу нь цохьсон. Тэгж байтал Ж.Г бид хоёрыг салгах шиг болсон. Удалгүй Ж.Г Д.Л нүүр орчимд гараараа 2-3 удаа цохиод зодолдоод байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 10, 47-48-р хуудас/
- Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай....Ж.Г сэтгэцийн хувьд DS F07,8 тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн органик эмгэг,зан төрхийн өөрчлөлт,,хоёрдогч ухаан сулрал өвчтэй....Хэрэг хариуцах чадваргүй...”гэх дүгнэлт/1-р хх-ийн 154/
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 11 сарын 08-ны өдрийн 1308 дугаартай....Шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 09- ний өдрийн 63 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...Ж.Г нь 2019-7-03-ны өдөр тархины өвчин гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг ухаан сулрал,шинж тэмдгийн уналт таталт сэтгэцийн эмгэгтэй байсан байна...Ж.Г нь хэрэг хариуцах чадваргүй...гэх дүгнэлт/1-р хх-ийн 207-210/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.
Үйл баримт: Шүүгдэгч Ц.Г нь сэтгэцийн өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй Ж.Г бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт 6-10 дугаар байрны урд саравчинд архи ууж согтуурсан үедээ хамт байсан Д.Лийн нүүрэн тус газар нь цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Г нь хэрэг хариуцах чадваргүй Ж.Гтой бүлэглэж 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт 6-10 дугаар байрны урд саравчинд архи ууж согтуурсан үедээ хамт байсан Д.Лувсандоржийн нүүрэн тус газар нь цохиж зодон хамрын ясны хугарал, 1 шүд унасан, баруун хацар, баруун гуянд зулгаралт, зүүн шанаа, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт, баруун чихний ард шалбархай бүхий гэмтэл учруулсан үйл баримт болон шүүгдэгч нарын үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байдал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ. Хохирогч Д.Лийн ...өндөр хочит Ц.Галмандах, Жони хочит Ганболд нар 2 эмэгтэй хүний хамт архи ууж байсан. Тэгээд байж байтал нөгөө хоёр чинь хоёр эмэгтэйтэйгээ хардаад намайг яв гэж хөөсөн ...Тэгсэн Ж.Ганболд миний нүүр, хөл, гар руу өшиглөж зодсон. Тэгээд би намайг аллаа шүү дээ гэж хашгиртал нөгөө хоёр эмэгтэй нь болиулсан...” гэх мэдүүлэг нь гэрч Д.Хүрэлбаатарын ...2019 оны 07 дугаар сарын 03- ны өдөр бүжгээс тараад Ц.Галмандах, Ж.Ганболд, Д.Лувсандорж, бүжгэнд байсан 2 эмэгтэйн хамт 6 дугаар микрийн 9 дүгээр байрны хүүхдийн саравчин дотор архи хувааж уусан. Тэгсэн нөгөө 3 хоорондоо маргалдаж эхэлсэн. Би юунаас болж маргалдсныг ойлгоогүй. Д.Лувсандорж чанга чанга хашгираад байсан. Ж.Ганболд Д.Лувсандоржийг чимээгүй байгаач гэсэн чинь үгэнд нь орохгүй байсан. Тэгсэн Ж.Ганболд Д.Лувсандоржийг амных нь хавьд нь нэг удаа цохьсон. Ц.Галмандах тэр хоёрыг салгахаар очоод юу болсон юм мэдэхгүй мөн уруул хавьд нь нэг удаа цохьсон. Тэгээд тэр хоёр эмэгтэй тэр хэдийг салгасан гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 461 дугаартай шинжээчийн ...Д.Лувсандоржийн биед хамрын ясны хугарал, 1 шүд унасан, баруун хацар, баруун гуянд зулгаралт, зүүн шанаа, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт, баруун чихний ард шалбархай бүхий гэмтэл тогтоогдлоо. Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын ясны хугарал, нэг шүд унасан нь тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт, шүүгдэгч Ц.Галмандахын яллагдагчаар мэдүүлсэн... 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хулс төвийн нийтийн бүжигнээс тараад Ж.Ганболд, Д.Хүрэлбаатар, Д.Лувсандорж, Булганаас ирж бүжгэнд орсон 2 эмэгтэй бид нар 6-10 дугаар байрны урд саравчинд архи уусан. Би согтсон байсан. Тэгээд гэнэт Д.Лувсандорж муухай хашгираад босч ирээд намайг бариад авахаар нь би Д.Лувсандоржийг нэг удаа уруул руу нь цохисон. Тэгж байтал Ж.Ганболд бид хоёрыг салгах шиг болсон. Удалгүй Ж.Ганболд Д.Лувсандоржийн нүүр орчимд гараараа 2-3 удаа цохиод зодолдоод байсан...гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч, гэрчийн өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт 6-10 дугаар байрны урд саравчинд Ц.Галмандах, Ж.Ганболд, Д.Хүрэлбаатар, Д.Лувсандорж нар болон 2 эмэгтэй архи уусан болох нь мэдүүлгийн зөрүүгүй нотлогдож байна. Мөн тухайн үед Ц.Галмандах, Ж.Ганболд нар нь Д.Лувсандоржийг цохиж зодсон тухай хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч Д.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтын үед мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Галмандахын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг няцаах үндэслэл бүхий баримт мэдээлэл хэрэгт авагдаагүй бөгөөд дээрхи нотлох баримтууд нь хоорондоо зөрүүгүй байна. Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Ц.Галмандах, Ж.Ганболд нар нь бүлэглэн хохирогч Д.Лувсандоржийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон гэж, -шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат: Хэргийн үйл баримт эргэлзээтэй, тогтоогдоогүй, мэдүүлгүүд зөрүүтэй байна. Хохирогч Ц.Галмандах, н.Галбадрах гэж, мөн Ж.Ганболд хөлөөр цохисон гараар цохиогүй гэх мэтээр маш зөрүүтэй мэдүүлж байна. Нотолгоо хангалтгүй байна. Ц.Галмандахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэж, -шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр: Хэргийн үйл баримт эргэлзээтэй үгүйсгэгдэж байна. Гэрчийн мэдүүлэг зөрүүтэй. Мөн Ж.Ганболдыг өмгөөлөгчгүй байцаасан. Гэмтлийн шинэ хуучныг тогтоогоогүй, эргэлзээтэй байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэж мэтгэлцсэн. Гэрч Д.Хүрэлбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр тухайн өдөр саравчинд байсан хүмүүс эргэлзээгүй тогтоогдсон тул нэрийг зөрүүтэй мэдүүлсэн, үйл баримт эргэлзээтэй гэх, түүнчлэн шүүгдэгч Ж.Ганболдыг хэрэг хариуцах чадваргүй болохыг тогтоосны дараа өмгөөлөгч оролцуулан мэдүүлэг авсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт үндэслэл муутай байна. Шүүгдэгч Ц.Галмандахын Ж.Ганболдтой бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Галмандахыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Харин шүүгдэгч Ж.Ганболдын сэтгэцийн эрүүл мэндийн байдлын талаар хэрэгт “Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай....Ж.Ганболд сэтгэцийн хувьд DS F07,8 тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн органик эмгэг, зан төрхийн өөрчлөлт, хоёрдогч ухаан сулрал өвчтэй....Хэрэг хариуцах чадваргүй...” гэх дүгнэлт, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 11 сарын 08-ны өдрийн 1308 дугаартай....Шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...Ж.Ганболд нь 2019-7 дугаар сарын 03-ны өдөр тархины өвчин гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг ухаан сулрал, шинж тэмдгийн уналт таталт сэтгэцийн эмгэгтэй байсан байна...Ж.Ганболд нь хэрэг хариуцах чадваргүй...гэх дүгнэлтүүд гарсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар Ж.Ганболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Галмандахад оногдуулах эрүүгийн хариуцлагын тухайд, улсын яллагч, гэм буруугаа хүлээгээгүй, хохирол төлбөр төлөөгүй тул ял оногдуулах үндэслэлтэй, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналтай гэж, -шүүгдэгчийн өмгөөлөгч, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгоно уу гэж тус тус мэтгэлцсэн байна. Шүүх, шүүгдэгч Ц.Галмандахад холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Хэрэг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр буюу Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиас өмнө үйлдэгдсэн ба өөрчлөлт оруулахаас өмнөх хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэсэн заалтыг хэрэглэх нь Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан ...эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн зарчимд,1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэх заалт, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцнэ. Түүнчлэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсныг тэмдэглэх нь зүйтэй. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Д.Лувсандоржийн эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөр 2,275,000 төгрөг нэхэмжилснээс имплант шүд хийлгэх төлбөр 1,500,000 төгрөг, хамарт хийсэн эмчилгээний төлбөр 120,000 төгрөгийг хангах үндэслэлтэй бөгөөд, харин үндэслэлгүй илүү нэхэмжилсэн 655,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Гэм буруутай шүүгдэгч Ц.Г, иргэний хариуцагч Ч.Д нараас төлбөрийг хувааж тус бүр 810,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ж.Г хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон тул түүний эхнэр иргэний хариуцагч Ч.Даваахүү нь Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.3-д “Сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэний бусдад учруулсан гэм хорыг түүний асран хамгаалагч буюу түүнд байнгын хяналт тавих үүрэг бүхий этгээд хариуцан арилгана” гэж заасны дагуу хариуцах үндэслэлтэй. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.7, 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.3 хэсэгт зааснаар шүүгдэгч Г холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 3. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн /2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх/ 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. 4. Шүүгдэгч Ц.Г, Ж.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г, иргэний хариуцагч Ч. нараас тус бүр 810,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Лу /Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 32-14 тоот, ФМ68041591, утас:94620072/ олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 655,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 6. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай. 7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар,иргэний хариуцагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ