Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/04

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н

    Улсын яллагч С.Б

    Насанд хүрээгүй хохирогч Г.Н

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Д

    Шүүгдэгч Ш.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125003620365 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ш.Б

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ш.С нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 32-29 ОРО улсын дугаартай Тоёото Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.3 заалтуудыг зөрчиж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3-16 дугаар байрын хойд талын авто замын явган хүний гарч дээр явган зорчигч Г.Н-ийг тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.С-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Смэдүүлэхдээ: “гэм буруугаа ойлгож байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Г.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Насанд хүрээгүй хохирогч Г.Н-ийн “Гэрээсээ гараад ангийнхаа У, Ч нартай Уртцагааны урд уулзах гээд төв зам хөндлөн гарахаар 3-16 дугаар байрын хойд талын явган гарцаар зам хөндлөн гарсан. Намайг явган гарц руу орох үед зам дээр эхний эгнээнд явж байсан жижиг хар өнгийн машин зогсоод намайг явж өнгөрөхийг хүлээсэн. Тэр машиныг өнгөрч байхдаа хоёрдугаар эгнээнд машин байна уу гэж харахад ямар нэгэн машин харагдаагүй. Тэгээд эхний машиныг бүрэн өнгөрөөд цаашаа явж байхад гэнэт миний зүүн гар талаас 32-29 ОРО улсын дугаартай хар өнгийн Тоёота Приус-20 маркийн машин ирээд миний зүүн талаас мөргөөд, замын эсрэг урсгал руу жолоогоо эргүүлж мурийгаад зогссон. Би тэр машинд мөргүүлээд шууд газарт унасан. Энэ үед миний хойно явж байхад хоёр эгч над дээр ирсэн. Мөн нөгөө машины жолооч эмэгтэй ирээд намайг эмнэлэг авч явахаар машиндаа суулгасан. Энэ үед би нөгөө хоёр эгчийн нэгэнд нь ээжийнхээ ажлын газрыг зааж өгөөд дуудаад өгөөч гээд явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 17-22/

 

2. Гэрч Т.Д-н “Энэ хэрэг болсон өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад дүү О-н хамт Уурхайчин багийн 3-16 дугаар байрын хойд талын авто замын ертөнцийн зүгээр урд талаас нь хойшоо гарахаар явган хүний гарцаар гарсан. Дүү бид хоёр урд арван жилийн сургуульд сурдаг болов уу гэмээр эмэгтэй хүүхэд ганцаараа явж байсан. Тэр хүүхэд дүү бид хоёр 3-4 орчим алхмын өмнө явж байсан. Бид нарыг явган хүний гарц руу орох үед замын нэгдүгээр эгнээн дээр нэг суудлын машин бид нарт зам тавьж өгөөд зогссон. Тэр машины цаад талаар буюу баруун талаас хар өнгийн Тоёото Приус- 20 загварын машин ирж байгаа харагдсан. Би бодохдоо тэр машиныг ойртож ирээд зогсож байх гэж бодсон. Тэгсэн чинь гэнэт дүү бид хоёрын урд явж байсан хүүхдийг нөгөө Тоёото Приус-20 загварын машин мөргөөд нөгөө хүүхэд хойшоо газарт зам дээр унасан. Нөгөө Тоёото Приус-20 загварын машин замын эсрэг тал руу дарж зогсоод жолооч нь болох эмэгтэй хүн бууж ирсэн. Дүү бид хоёр машинд мөргүүлсэн хүүхэд дээр очоод юу болсон бэ гэхэд хөл өвдөөд байна. Намайг машинд дайруулсан гээд манай ээжид хэлээд өгөөч гээд ээжийнхээ ажлын газрын хаягийг зааж өгсөн. Нөгөө машины жолооч эмэгтэйн хамт машиныхан арын суудал дээр суулгаж өгөөд дайруулсан хүүхдийн ээжийнхэн ажил руу орж хүүхэд чинь машинд мөргүүлчихлээ гэдгийг хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28-р тал/

 

3. Ш.С-н “Би 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад би өөрийн төрсөн дүү Ш.Х эзэмшлийн 32-29 ОРО улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн машиныг жолоодоод гэрээсээ Оюут багт үйл ажиллагаа явуулдаг “Есөн-Эрдэнэ” хүнсний зах орохоор явсан. Хотын төв рүү орж ирээд төв замаар явж байгаад Уурхайчин багийн 3-16 дугаар байрын хойд талаар хурдаа хасаад явж байсан чинь явган хүний гарц дээр гэнэт ертөнцийн зүгээр урд талаасаа хүний сүүдэр гараад ирсэн. Тэгэхээр нь би машиныхаа тормоз дээр гишгээд зогссон. Тэр үед нэг эмэгтэй хүүхэд арагшаа саваад газарт унасан. Тэгэхээр нь машинаасаа буугаад газар унасан охин дээр очоод тэвэрч аваад машиндаа суулгаад замаа чөлөөлөх гээд цаашаа явж 3-17 дугаар байрын хойд талын зогсоол дээр очиж зогссон. Тэр үед нөгөө хүүхдийн ээж нь ирсэн. Тэгэхээр нь ээжтэй нь хамт шууд эмнэлэг рүү явж нөгөө охиноо үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд хөлийн яс нь хугарсан байна гэхээр нь гэмтлийн эмчид үзүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36-р тал/,

            4. Насанд хүрээгүй хохирогч Г.Н-ийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 648 дугаартай “Г.Н-ийн биед баруун хөлийн тавхайн өлмий ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар байна. Баруун хөлийн тавхайн өлмий ясны далд хугарал эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хх-ийн 39-40-р тал/

5. Мөрдөгчийн 22 дугаартай “Ш.С нь: МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. 16.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна / гэсэн магадалгаа /хх-н 44-45-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б дүгнэлтдээ “Ш.С нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 32-29 ОРО улсын дугаартай Тоёото Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.3 заалтуудыг зөрчиж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3-16 дугаар байрын хойд талын авто замын явган хүний гарч дээр явган зорчигч Г.Н-ийг тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримаар тогтоогдож байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байна. Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Үйл баримтын талаар:

 

Шүүх насанд хүрээгүй хохирогч Г.Н-ийн “Эхний машиныг бүрэн өнгөрөөд цаашаа явж байхад гэнэт миний зүүн гар талаас 32-29 ОРО улсын дугаартай хар өнгийн Тоёота Приус-20 маркийн машин ирээд миний зүүн талаас мөргөөд, замын эсрэг урсгал руу жолоогоо эргүүлж мурийгаад зогссон. Би тэр машинд мөргүүлээд шууд газарт унасан. Энэ үед миний хойно явж байхад хоёр эгч над дээр ирсэн” гэх мэдүүлэг, гэрч Т.Д- н “Бид нарыг явган хүний гарц руу орох үед замын нэгдүгээр эгнээн дээр нэг суудлын машин бид нарт зам тавьж өгөөд зогссон. Тэр машины цаад талаар буюу баруун талаас хар өнгийн Тоёото Приус- 20 загварын машин ирж байгаа харагдсан. Би бодохдоо тэр машиныг ойртож ирээд зогсож байх гэж бодсон. Тэгсэн чинь гэнэт дүү бид хоёрын урд явж байсан хүүхдийг нөгөө Тоёото Приус-20 загварын машин мөргөөд нөгөө хүүхэд хойшоо газарт зам дээр унасан. Нөгөө Тоёото Приус-20 загварын машин замын эсрэг тал руу дарж зогсоод жолооч нь болох эмэгтэй хүн бууж ирсэн. Дүү бид хоёр машинд мөргүүлсэн хүүхэд дээр очоод юу болсон бэ гэхэд хөл өвдөөд байна” гэх мэдүүлэг, Ш.С-н сэжигтнээр өгсөн “Уурхайчин багийн 3-16 дугаар байрын хойд талаар хурдаа хасаад явж байсан чинь явган хүний гарц дээр гэнэт ертөнцийн зүгээр урд талаасаа хүний сүүдэр гараад ирсэн. Тэгэхээр нь би машиныхаа тормоз дээр гишгээд зогссон. Тэр үед нэг эмэгтэй хүүхэд арагшаа саваад газарт унасан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 648 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 22 дугаартай магадалгаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.С нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 32-29 ОРО улсын дугаартай Тоёото Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-16 дугаар байрын хойд талын авто замын явган хүний гарцан дээр явган зорчигч Г.Н-ийг тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Ш.С нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 32-29 ОРО улсын дугаартай Тоёото Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.3 заалтуудыг зөрчиж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-16 дугаар байрын хойд талын авто замын явган хүний гарцан дээр явган зорчигч Г.Н-ийг тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.С яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж үзэв.

 

  1. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч Ш.С-н үйлдлийн улмаас Г.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардлыг төлсөн, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

  1. Хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч Ш.С-н жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг хураагдан ирсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хэрэгт хураагдан ирүүлсэн жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ш.С-т буцаан олгож, энэ хэрэгт эд битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.А