| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0276/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/301 |
| Огноо | 2021-12-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/301
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н
улсын яллагч Л.Э
шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,
хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2125003490383 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, М.М
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч М.М нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-17в-91 тоотод С.З-гийн нүүр, биен тус газарт нь цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
шүүхийн хэлэлцүүлэгт
шүүгдэгч М.М мэдүүлэхдээ; “...мэдүүлэг өгөхгүй, үнэн зөв мэдүүлсэн.” гэв.
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч С.З-гийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нөхрийнхөө найз Ундрахсайханы гэрт нөхөр хүүхдүүдтэйгээ очиж бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд нөхөр хүүхдүүдтэйгээ гэртээ ирээд байж байтал гаднаас нөхрийн найз Ундрахсайхан эхнэртэйгээ пиво бариад манай гэрт орж ирсэн. ...хамтдаа бага зэрэг пиво уугаад байж байтал миний бага хүүхэд уйлаад байсан, миний нөхөр тоохгүй унтаад байсан. Би тэгэхээр нь найзуудыг нь гаргаж явуулчихаад нөхөр дээрээ ирээд “чи босч бай, би ороо засаадахъя, хүүхэд уйлаад байхад босоод ирэхэд яадаг юм” гэж уурлахад нөхөр уурлаж босч ирээд надтай хэрэлдэж байснаа хаалга руу нэг оччихоод буцаж ирж...намайг түлхэж унагаад миний дээр гарч хоолойг багалзуурдан нүүр лүү хоёр удаа цохиж авсан. Тэгээд өөрөө гэрээс гараад зугтаачихсан, би хоёр бага хүүхдээ дагуулан хойд талын байранд танил ах, эгч хоёр дээрээ орж цагдаагийн байгууллагад дуудлага өгүүлсэн. ...манай нөхөр надаас уучлалт гуйж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй гэж амласан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-32/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 611 дугаартай, “...1.С.З-гийн биед баруун нүдний алимны салст, баруун нүдний зовхи, баруун хацар, эрүү, хоёр гарын бугалга, баруун шуу, өгзөг, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо, олон удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Баруун нүдний алимны салст, баруун нүдний зовхи, баруун хацар, эрүү, хоёр гарын бугалга, баруун шуу, өгзөг, гуя, шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөгүй. 6.Шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хх-25-26/,
М.М-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Бид дөрөв манайд 22 цаг хүртэл юм ярьж пиво ууж суусан, би дундуур нь дэлгүүр явж хүүхдэдээ живх авч ирчихээд унтаад өгсөн байсан. ...би нойроо харамлаж, дээрээс нь согтуу байсан болохоор эхнэртэйгээ маргалдаж байсан, юу болсныг сайн мэдэхгүй байна, нэг мэдсэн чинь би эхнэрийнхээ дээр гараад суучихсан түүний нүүр лүү цохиж байсан, миний эхнэрийн хамраас цус гарсан байдалтай уйлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-38, 45-46/,
хохирогч С.З-гийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-5/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8/,
аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-20-22/,
М.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-73/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-60/,
гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-64-68/
яллагдагч М.М-ын “...2021 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ эхнэр С.Зг зодож түүний биед хөнгөн гэмтэл учруулсан. Миний бие үйлдсэн гэм буруугаа хүлээн гэмшиж байна. Мөн миний эхнэрийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-76/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс болон хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч М.М нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны шөнө Орхон аймаг н Баян-Өндөр сум Согоот баг 6-17в-91 тоотод С.З-гийн нүүр, биен тус газарт нь цохиж зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.З-гийн “...бага хүүхэд уйлаад байсан, миний нөхөр тоохгүй унтаад байсан. Би тэгэхээр нь найзуудыг нь гаргаж явуулчихаад нөхөр дээрээ ирээд “чи босч бай, би ороо засаадахъя, хүүхэд уйлаад байхад босоод ирэхэд яадаг юм” гэж уурлахад нөхөр уурлаж босч ирээд надтай хэрэлдэж байснаа хаалга руу нэг оччихоод буцаж ирж...намайг түлхэж унагаад миний дээр гарч хоолойг багалзуурдан нүүр лүү хоёр удаа цохиж авсан.” гэх,
М.М-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...би нойроо харамлаж, дээрээс нь согтуу байсан болохоор эхнэртэйгээ маргалдаж байсан, юу болсныг сайн мэдэхгүй байна, нэг мэдсэн чинь би эхнэрийнхээ дээр гараад суучихсан түүний нүүр лүү цохиж байсан, миний эхнэрийн хамраас цус гарсан байдалтай уйлж байсан.” гэх мэдүүлгээр,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 611 дугаартай дүгнэлт, хохирогч С.З-гийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,
яллагдагч М.М-ын “...2021 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ эхнэр С.Зг зодож түүний биед хөнгөн гэмтэл учруулсан. Миний бие үйлдсэн гэм буруугаа хүлээн гэмшиж байна. Мөн миний эхнэрийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч С.З-гийн “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,
шүүгдэгч М.М-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүх шүүгдэгч М.М-ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;
Шүүх шүүгдэгч М.М-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухай зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.М шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ