Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/06

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мижиддорж,

хохирогч П.Б-,

шүүгдэгч Э.Б-өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б- овогт Э-н Б-д холбогдох эрүүгийн 21100214800000000 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Б-д ХХК-ийн захирал, ам бүл 6 эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 940-0000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б- овогт Э-н Б-

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Б-нь 2021 оны 11 дүгээр сарын 4-ний шөнө 04 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 94а-0000 тоот өөрийн гэртээ иргэн П.Б-ыг “гэр оронд хүүхдүүдийн хажууд нүцгэн шалдан унтлаа” гэсэн шалтгаанаар түүний толгой руу гараараа цохих, өшиглөх зэргээр биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б-шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.  

Хохирогч П.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр барилгын ажил дээрээ халаалт тавих үед очиж уулзаад барилгын дулаан тавьж байгаа учраас нэг шил архи задалдаг ёс тогтсон. Баярыг чинь хамт хуваалцъя гэсэн. Хадам ээж чинь танайд ирсэн учраас би танайд хонож чадахгүй хүргээд өгөөрэй гэдгээ хэлсэн. Үүний дараа 4-5-лаа суусан. Ингээд 2 дахь удаагаа гэрт хүргэж өгөөч гэж гуйсан. Батхүлэгээр дамжуулан гэртээ оруулаад унтаж байхад зодоод ингэж ярьж байгаад нь гайхаж байна. Шаардлагатай гэвэл би тухайн үед өмсөж байсан хувцсаа авчирч болно. Б- унтаж байхад дээрээс дэвсээд зодсон. Б-ын гэрээс алуулах нь гээд гутлаа өмсөхгүй гүйгээд гарсан. Сүүлд нь мөрдөгчөөр дамжуулан гутал шилээ авсан. Ийм зүйл ярьж байгаад гайхаж байна. Шаардлагатай гэвэл нэмж хэлэх зүйлээ хэлнэ гэв.

Эрүүгийн 211002148000000 дугаартай хэргээс:

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-9-р хуудас/

Хохирогч П.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 11029 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/,

Шүүгдэгч Э.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 45-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 46-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 47-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Б-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Э.Б-нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 4-ний шөнө 04 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 94а-0000 тоот өөрийн гэртээ хохирогч П.Б-ын толгой руу гараараа цохих, өшиглөх зэргээр зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-9-р хуудас/

Хохирогч П.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Танил Б- нь надтай холбогдоод бараа материалтай ажил хийх гэж байгаа юм, надад тооцоо гаргахад туслаач гэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 01-нд уулзаад маргааш нь Б-ын Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 94а байранд гэрт нь хамт хоночхоод 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр гэр рүүгээ харихаар болоход намайг хүргэж өгнө гэж байгаад 94 байранд халаалт тавьж байгаа орчхоод гаръя гэсэн. Ороод хамт 1 шил архи уучхаад ажил төрлөө ярилцаж байгаад Б-ын танил хүмүүс болон эхнэртэй хамт орцных нь хажуу талын дэлгүүрт мөн 1 шил архи уусан. Оройтоод шөнө 00 цаг өнгөрч байсан байхаа Б-ыг намайг гэрт хүргээд өгчхөөрэй гэхэд “чи манайд хоночих, маргааш хамт ажил төрөл хөөцөлдөх юм чинь” гэсэн. Тэгсэн Б- дүү Божурыг дуудаад намайг гэр рүүгээ оруулахаар нь би унтаж амарсан. Шөнө унтаж байхад толгой руу нэг юм хөшиглөөд байхаар нь сэрхэд нүүр нүдгүй цохиод байхаар нь шууд босоод хувцсаа хальт мулт хамж аваад хөл нүцгэн гараад зугтахад Б- араас хөөгөөд байсан. Ямар шалтгааны улмаас унтаж байхад цохиж зодсон талаар нь мэдэхгүй байна. Би Б-тай маргалдаж муудалцсан зүйл огт байхгүй. Намайг унтаж байхад Б- нүүр үү хөшиглөөд, гараараа цохиод байхаар нүүрээ дараад шууд гараад зугтаад гэмтлийн эмнэлэг орж дээд уруул дотор талдаа язарч сэтэрсэн байсан тул 2 оёдол, баруун хөмсөг сэтэрч гэмтсэн учраас 3 оёдол тавьсан, хамар эрүү болон толгой их өвдөж байна. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би төрсөн эгч Б-ийн гэрт Хан-Уул дүүргийн 20-р хороо 94а-144 тоотод шөнө унтах гээд байж байсан чинь манай хүргэн ах Б-ын найз Баатараа гээд ах хүү хаалга тогшсон. Очоод онгойлгоод гэрт оруулсан чинь, нэлээн согтуу хөл гараа хаана гишгэж байгаагаа ч мэдэхгүй, тэлээ бүс энэ тэр сул задгай байсан. Тэгэхээр нь би оруулж ирээд гайгүй юу ахаа гээд асуусан чинь миний өөдөөс ах нь унтмаар байна л гэж ганц үг хэлсэн. Тэгэхээр жижиг өрөө рүү ороод 7 настай дүү Ц-ийг орноос нь аваад өөрийн унтаж байсан орон дээр тавиад, нөгөө ахыг жижиг өрөөнд оруулаад хэвтүүлчихсэн. Удалгүй би унтаад өгсөн. Тэгсэн чинь шөнө хаалга үүд савагдаад чанга дуу чимээ гараад гайхаад сэрсэн чинь Б- ах Баатараа гэх ахыг чи арай ч дээ нээрээ одоо гар зайл энэ тэр орилоод байсан, тэгэхээр нь босоод яваад очсон чинь Б- ахыг Баянмөнх дагуулаад орж ирж байсан. Тэгэхээр нь би яасан бэ гээд Б- ахаас асуусан чинь Баатараа муу новш миний хүүхдийн орон дээр дотуур ч хувцасгүй нүцгэн шалдан хэвтэж байхаар нь босгосон чинь инээгээд зогсоод байхаар нь уур хүрээд хөөгөөд гаргачихлаа, ах нь хүүхдүүдээсээ ичиж санаа зовж байна гэх мэтийн зүйл ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 11029 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1.П.Б-ын биед баруун хөмсөг, дээд уруулд шарх, эрүүнд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/,

Шүүгдэгч Э.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 11 дүгээр сарын 04-ний шөнө 03 цагийн үед гэртээ орсон. Тэгсэн чинь буйдан дээр манай хадам ээж манай бага хүүг тэврээд сууж байхаар нь би шууд очоод хүүхдээ авсан. Ээж цаашаа жижиг өрөө рүү ороод гарж ирээд юу болж байгаа нь энэ вэ гэж надад хэлэхээр нь би гайхаад ээжийн араас нь яваад очсон чинь манай охидын өрөөнд Б- шалдан ямар ч хувцасгүй хэвтэж байсан. Тэгэхээр нь би сэрээгээд хувцсыг нь өмсүүлээд гар яв гээд хэлээд өөрөө том өрөөнд очоод суусан чинь Б- гарахгүй удаад байхаар нь ахиад би очоод Б-ыг гарахыг шаардаад гадаа орцонд хүчээр түлхэж гаргасан. Орцонд Б- намайг цохих гэж оролдсон хариуд нь би зөрүүлээд цохисон. Уур хүрчихсэн байсан болохоор яаж цохисноо ч санахгүй байгаа. Манай дүү Баянмөнх гарч ирээд намайг аваад гэр рүү орсон. Би өөрөө 2-9 насны 2 жоохон охинтой болохоор айсан хэрэг л дээ, гадуур чинь аймшигтай зөндөө хэрэг гарч байгаа шүүдээ гэтэл Б- эхнэр хүүхэдгүй гэр орондоо яаж шуухан амьдардаг юм мэдэхгүй манай охины өрөөнд нүцгэн хэвтэж байхыг хараад л шууд миний уур хүрсэн хэрэг” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б-нь хохирогч П.Б-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримтын талаар маргаагүй боловч  “П.Б-ыг нүцгэн, хувцасгүйгээр хүүхдүүдийнх нь орон дээр унтаж байсан” гэх шалтгаанаар зодсон гэсэн тайлбар мэдүүлэг гаргасан ба хохирогч П.Б- нь “Э.Б-нь хийж гүйцэтгэх ажилтай холбоотойгоор надад атаархсаны улмаас намайг зодсон” гэсэн зөрүүтэй мэдүүлэг гаргав.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э.Б-, хохирогч П.Б- нарын хэн аль нь “дулааны шугам сүлжээ, сантехникийн ажил” эрхэлдэг ба тухайн гэмт хэрэг гарахын өмнө 2021 оны 11 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд хамтарч ажилласан ба ажлаа дууссаны дараа нийлж архидан согтуурсан байх хохирогч П.Б- нь шүүгдэгч Э.Б-ын гэрт унтаж байх үед энэ гэмт хэрэг гарчээ. 

Шүүгдэгч Э.Б-нь хохирогч П.Б-ыг цохиж, зодсоны улмаас биед нь “баруун хөмсөг, дээд уруулд шарх, эрүүнд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Б-гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Б-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч П.Б- нь хавтаст хэрэгт гэм хорын зардалтай холбоотой баримтаар 345.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Э.Б-төлж барагдуулсан нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар /хх-ийн 57-р хуудас/ нотлогдож байна.  Иймд шүүгдэгч Э.Б-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хохирогч П.Б- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Э.Б-аас нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Б-нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 239 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад Э.Б-нь зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч Э.Б-нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөр нөхөн төлсөн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Э.Б-д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Б-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Б-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Э-н Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Б-д мэдэгдсүгэй.

4.  Шүүгдэгч  Э.Б-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-нь хохирогч П.Б-од 345.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

6. Хохирогч П.Б- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны журмын дагуу шүүгдэгч Э.Б-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Х.ОДБАЯР