| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0252/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/286 |
| Огноо | 2021-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ч,
улсын яллагч Ц.Л,
хохирогч Н.А,
шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.И-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125002020257 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Б.И
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч Б.И нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн 40-51 тоотод хамтран амьдрагч Н.А-ыг “найз нарыг маань хөөлөө” гэж шалтаглан баруун талын нүд рүү цохих, цээж, хэвлий рүү цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт
шүүгдэгч Б.И мэдүүлэхдээ; “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, нэмж мэдүүлэх зүйлгүй. Миний буруу, надад торгох шийтгэл оногдуулж, Улаанбаатар хотод очиж ажиллах, мөн бид хоёрыг хамт амьдрах боломж олгож өгнө үү.” гэв.
хохирогч Н.А мэдүүлэхдээ; “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн
хохирогч Н.А-ын “...2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр...Говил багийн 40-51 тоотод байж байхад Итгэлтөгсийн гурван найз нь гаднаас ирсэн. Найз нар нь ирчихээд гал тогооны өрөөнд суугаад байсан, би Итгэлтөгсөд “манайх ямар дэн буудал уу, хоноцын газар биш шүү, найз нарыгаа явуул” гэсэн. Найз нарыгаа явсны дараа Итгэлтөгс над руу уурлаад “чи найз нарыг хөөдөг хэн бэ, гараад миний найз нарыг олоод ир п***а минь, чам шиг гичийтэй ингэж харьцана” гээд баруун гараараа миний баруун талын нүд рүү нэлээн олон удаа цохисон, миний үснээс зулгаагаад байсан. Би боль гэж олон удаа гуйж байж болиулсан. Итгэлтөгс одоо битгий уйлаад бай, маргааш ээжтэйгээ уулзана биз дээ нүднийхээ хавдар болон хөхөрснийг арилга гэж хэлсэн. Ингээд би тайвшраад тэр өдрөө тэндээ хоноод, ...маргааш нь Итгэлтөгсөд “эгчийндээ оччихоод ирье” гэж хэлээд эгч Б.Азжаргал дээр очоод зодуулсан талаараа хэлсэн, тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.”,
“...2021 оны 4 дүгээр сард Шанд багт нийтийн байр түрээслэн амьдарч байхдаа шөнө Итгэлтөгс гар утсаа оролдоод унтахгүй байхаар нь би түүнд “гар утсаа болиод унтаач” гэхэд “чамд ямар хамаатай юм, өөрөө унтаач” гэсэн, намайг нэг удаа алгадсан, тэгэхээр би босоход намайг үсдээд орны толгой руу хавсарч унагаасан, орны толгой хэсэгт ар дагз хэсгээрээ унасан.”,
“...2021 оны 6 дугаар сард унтах гээд хэвтэж байгаад хуучин нөхөр Дашдондогийн фейсбүүк рүү ороод байж байхад “чи шоронд байгаа нөхрөө санаад байгаа юм уу” гээд хэвтэж байснаа босож ирээд гараараа алгадаад, хэрүүл маргаан хийж байгаад унтсан.”,
“...2021 оны 4 билүү 5 дугаар сард /сараа сайн санахгүй байна/ Шанд багт нийтийн байранд байхдаа бид хоёр маргалдаад бие биенийгээ алгадсан. Миний хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн, үсдээд цохиж байснаа “гараа өргөөд зогс” гэсэн, “гараа өргөхгүй бол охины чинь гарыг өргүүлнэ” гээд охины гарыг өргүүлсэн, би гуйсаар байгаад тайвшруулсан.”,
“...2021 оны 6 дугаар сарын дундуур Оюут багийн 2-1-р байранд байр түрээсэлж байхдаа Итгэлтөгс намайг “ээжтэйгээ гар утсаар ярилаа, ээждээ ховлолоо” гээд намайг үсдээд, хана руу дух хэсгээр мөргүүлээд, гараа зангидаж байгаад толгой руу 3-4 удаа цохсон.”,
“...Б.И манай охиныг “орондоо шээлээ” гээд бөгсөн дээр нь нэг удаа алгадаж байсан, надтай хэрэлдээд, муудалцаж байхдаа гарыг нь өргүүлж байсан, “үгэнд орохгүй, намайг тоохгүй байна” гээд харанхуй өрөөнд хийж байсан.
“...2021 оны 6 дугаар сард Оюут багийн 2-1 дүгээр байранд байр түрээсэлж байхдаа манай охиныг “намайг хүн гэж бодохгүй, тоохгүй байна” гээд нүүр лүү нь гараараа нэг удаа алгадаж байсан, тухайн үед манай охины шанаа нь алгадуулсны улмаас хөхөрч байсан...надад Итгэлтөгсөөс нэхэмжлэх зүйл байхгүй, энэ хэргийг хурдан шийдүүлээд Улаанбаатар хот руу явмаар байна.” гэсэн мэдүүлэг /хх-10-12/,
гэрч О.Н-н “...Манай охин Ариунжаргал Итгэлтөгс гэх залуутай танилцаад 5-6 сар болж байна. ...2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Ариунжаргал Азжаргал гэх хуурай эгчийнхээ гар утаснаас над руу залгаад “ээж би хүнд зодуулчихлаа” гэхээр нь би “таксидаад хүрээд ирээрэй” гэсэн. Ариунжаргал “миний нүүр, нүд эвгүй болчихсон, гадуур явахаас санаа зовоод байна” гэхээр нь би тосгонд байх Азжаргалын гэрт очоод охиноо харахад зүүн бил үү, баруун нүд нь хөхөрчихсөн, эрүү нь бас хөхөрчихсөн байсан. Ариунжаргалаас “Итгэлтөгс яагаад зодсон бэ” гэхэд “би найз нарыг нь гэртээ оруулахгүй, гэрт архи уулгахгүй гэхэд уурлаад найзуудыгаа өмөөрөөд зодсон.” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-18-19, 21-22/,
гэрч П.Х-н “...Б.И-ийг танина, манай ач байгаа юм. ...Н.А гээд охиныг сайн таньж мэдэхгүй. 2021 оны 6 дугаар сард бил үү манай гэрт Итгэлтөгс дагуулж ирсэн, Ариунжаргал нэг хүүхэдтэй юм байна лээ. Итгэлтөгс илүү байшингийн түлхүүр аваад нэг хэсэг тэр охинтой хамт амьдраад байсан, манай илүү байшинд байж байхдаа хоёулаа нийлээд пиво уугаад байдаг байсан, Ариунжаргал, Итгэлтөгс хоёр хамт амьдарч байхад нь би нэг удаа ороход аяга, таваг тогоо, шанага нь бохир заваан, гэр доторх нь эмх цэгцгүй заваан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-27/,
Б.И-ийн яллагдагчаар өгсөн “...Бид хоёр хэд хэдэн удаа хэрэлдэж, муудалцсан, би түүнд “гэртээ харьчихаад ирье” гэхээр намайг “явуулахгүй” гэж уурлаад үүнээс болж хэрэлддэг, хэрэлдэж маргалдаж байгаад түүнийг 4-5 удаа зодож байсан. Эхлээд 2021 оны 4 дүгээр сард Шанд багийн нутаг дэвсгэрт байх нийтийн байранд, Н.А “унтаач” гээд уурлаад байхаар нь орноосоо босоод алгадсан, тухайн үед муудалцаж байгаад унтаад өгсөн. Дараа нь мөн Шанд багийн нийтийн байранд байхдаа алгадсан, хэвлий хэсэг рүү өшиглөсөн, намайг Н.А бас алгадаад, үсдэж байсан, тухайн үед яг ямар шалтгааны улмаас зодсон цохисон гэдгээ санахгүй байна, үүний дараа 2021 оны 6 дугаар сард Оюут баг 2-1 дүгээр байранд байхдаа өмнө нь Н.А надад худлаа яриад салсан нөхрийн шүүх хуралд явсан байсан, үүнийг тэр үед Н.А-аас өөрөөс нь мэдээд, уур хүрээд, бухимдаад түүн рүү уурлаад өнгөрсөн, цохиж, зодоогүй. Түүний дараа Оюут багийн 2-1 дүгээр байранд Н.А хамт байж байхдаа ээжтэйгээ яриад “би харьмаар байна” гэж ярихыг сонсоод уурлаад “надтай хамт байх тийм хэцүү байна уу” гэж хэлсэн, гараараа хацар руу нь алгадсан, толгой руу нь гараараа хоёр удаа цохисон. Хамгийн сүүлд 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Н.А бид хоёр гэр лүүгээ харих гээд явж байтал манай найз нар тааралдсан, тэгээд “ганц пиво уух уу” гэхээр нь Н.А бид хоёр зөвшөөрөөд гэр лүү орсон, ороод бид нар гал тогооны өрөөнд суусан, Н.Аыг пиво уух гэхээр нь би түүнийг “битгий уу” гэхэд босоод том өрөө рүү ороод дуугаа хураагаад хэвтчихсэн, би Н.А-ыг уурлачихлаа гэж бодоод түүнийг аргадах гээд түүн дээр чихэр, ундаа бариад, “манай найз нар нээх удахгүй гарчихна” гээд гуйчихаад хажууд нь ундаа чихрээ тавиад гал тогоо руу очиж найз нартайгаа сууж байхад араас Н.А 2-3 удаа сэрээ, хүүхдийн тоглоом шидээд байсан...тэгээд би уурлаад Н.Аыг баруун талын гараараа зүүн талын хацар руу нь алгадах үед Н.А хувцасны шүүгээний булан мөргөсөн, хэвлий хэсэг рүү гараараа цохисон ингээд би хэсэг тайвширсан.” гэсэн мэдүүлэг /хх-62-64/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 405 дугаартай “...1.Н.Аын биед баруун шанаа, баруун нүдний зовхи, эрүүний доор, зүүн хацар, баруун ташааны хэсэгт цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Уг цус хуралтууд нь нэг цаг хугацаанд үүсчээ. 4.Баруун шанаа, баруун нүдний зовхи, эрүүний доор, зүүн хацар, баруун ташааны хэсэгт цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6.Шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хх-44-45/,
иргэн Н.А-аас гаргасан “...2021 оны 3 дугаар сараас хойш хамтран амьдарч байгаа Б.И нь хамт амьдарч байх хугацаандаа удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
хохирогчийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-4/,
аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-5-7/,
Б.И-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-71/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-69/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Б.И-өөс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Б.И нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг 40-51 тоотод хамтран амьдрагч Н.А-ыг “найз нарыг маань хөөлөө” гэх шалтгаанаар шалтаглан баруун талын нүд, цээж, хэвлий рүү нь цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.И-ийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Н.А-ын “...2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр найз нарыгаа явсны дараа Итгэлтөгс над руу уурлаад...миний баруун талын нүд рүү олон удаа цохисон, үснээс зулгаагаад байсан.” гэх,
гэрч О.Н-н “...2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Ариунжаргал Азжаргал гэх хуурай эгчийнхээ гар утаснаас над руу залгаад “ээж би хүнд зодуулчихлаа” гэхээр нь би “таксидаад хүрээд ирээрэй” гэсэн. Ариунжаргал “миний нүүр, нүд эвгүй болчихсон, гадуур явахаас санаа зовоод байна гэхээр нь би тосгонд байх Азжаргалын гэрт очоод охиноо харахад зүүн бил үү, баруун нүд нь хөхөрчихсөн, эрүү нь бас хөхөрчихсөн байсан.” гэх,
Б.И-ийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр би уурлаад Н.А-ыг баруун талын гараараа зүүн талын хацар руу нь алгадсан, алгадах үед Н.А хувцасны шүүгээний булан мөргөсөн, хэвлий хэсэг рүү гараараа цохисон.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 405 дугаартай дүгнэлт, хохирогч Н.Аын Цагдаагийн газарт хандан гаргасан гомдол, аюулын зэргийн үнэлгээний зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.И шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.И-ийн 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн 40-51 тоотод хамтран амьдрагч Н.А-ыг “найз нарыг маань хөөлөө” гэж шалтаглан баруун талын нүд рүү цохих, цээж, хэвлий рүү цохих, үснээс нь зулгаах зэргээр зодсон энэ үйлдэл нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, тохирсон байна.
Шүүгдэгч Б.И шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний хохирогч Н.А-ын эсрэг биемахбодын хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Хохирогч Н.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Б.И-ийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед;
улсын яллагчаас “...шүүгдэгч Б.И-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах.” дүгнэлтийг,
шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...миний буруу, надад торгох шийтгэл оногдуулж, бид хоёрыг Улаанбаатар хотод ажиллах, мөн хамт амьдрах боломж олгож өгнө үү.” гэсэн саналыг гаргав.
Шүүх шүүгдэгч Б.И-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн гомдол, саналгүй гэсэн хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.И-өд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.И шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ