Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 366

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Олзодын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/01382 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Олзодын нэхэмжлэлтэй

Үндэслэлгүйгээр цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохиролд төрөөс 36 804 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлыг үндэслэн, Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Боржигон овгийн Нацагдоржийн Олзодыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэнтэй хамтран 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө ачааны 18 вагонд онц их хэмжээний хуш модны цайруулсан самрыг бэлтгэн хийж, Монгол Улсын хилээр хууль бусаар гаргасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт үүсгэж шалгажээ.

Ингэхдээ 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сэжигтнээр тооцох тогтоол үйлдэж, мөн өдрөө Баривчлах тогтоол болон Сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, 03 дугаар сарын 29-ний өдөр 141 тоот Шүүгчийн захирамжаар сэжигтнээр цагдан хоригдсон байдаг.

2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоолыг мөрдөн байцаагч Т.Даваасүрэн, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх тухай 141А шүүгчийн захирамжийг шүүгч тус тус гаргасан.

Хэргийг шалгах явцад буюу 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Н.Олзод цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад өгөхөөр шийдвэрлэсэн байна.

Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны чиглэлийн ахлах мөрдөн байцаагч М.Бямбадорж 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Эд хөрөнгө барьцаалж таслан сэргийлэх арга хэмжээг авах тогтоолыг гарган Н.Олзодоос 3 000 000 төгрөгийг барьцаалан тоо бүртгэгч Г.Должинсүрэнг шилжүүлэн хадгалуулахаар шийджээ.

Н.Олзод холбогдох хэрэгт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч тухайн хэрэгт хамтран оролцсон нь тогтоогдоогүй тул 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор П.Халиуны 515 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Энэ нь хэрэгт Н.Олзод нь шалгагдаж байх хугацаандаа хууль бусаар хоригдсон 35 хоногийн хохирол 3 780 000 төгрөг, Н.Олзодоос барьцаалан авсан 3 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5 000 000 төгрөг, эрүүгийн хэргийн төв архиваас нотлох баримт хуулбарлан авсны төлбөр 24 000 төгрөг, хоригдож байх хугацаандаа олох ёстой байсан орлого 25 000 000 төгрөг нийт 36 804 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

Прокурор П.Бямбасүрэн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхмаагийн шүүхэд гаргасан хүсэлт болон иргэний хэргийн хавтас хэрэгтэй танилцсан Н.Олзодыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хуш модны самрыг онц их хэмжээтэйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар дэмжлэг үзүүлж хамтран оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахв хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар тооцож шалгасан.

Н.Олзодын Хаан банкны дансанд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Cao Yusheng гэх хүнээс 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 20 000 000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын  22-ны өдөр Г.Эрдэнэсантаас 91 000 000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 15-н ы өдөр Б.Мөнхцэцэгээс 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдож прокуророос хэргийг мөрдөн байцаалтын нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагаа хийсэн боловч тэрээр хэрэгт хамтран оролцсон болох нь хангалттай нотлогдоогүй тул Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “хүнд онц хүнд гэмт хэргийн сэжигтэн яллагдагчийг хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор ямар нэгэн нөхцөл заалгүйгээр цагдан хорьж болно” гэсэн хуулийн заалттай, үүний дагуу цагдан хорих санал гаргаж шүүгчийн захирамжаар цагдан хорьсон.

Цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж барьцаат таслан сэргийлэх арга хэмжээ авсан 3 000 000 төгрөгийг тухайн байгууллагаас авах боломжтой гэж үзэж байна.

Яллагдагч Н.Олзодын холбогдсон хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болон гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгоогүй, харин нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагаа хийсэн боловч тэрээр хэрэгт хамтран оролцсон болох нь хангалттай нотлогдоогүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр зарим сэжигтэнд холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь хууль бусаар 35 хоног цагдан хоригдсон гэдэг нь үндэслэлгүй байх тул хохиролд нэхэмжилсэн 3 780 000 төгрөг, мөн хоригдож байх хугацаанд олох ёстой байсан орлого гэх 25 000 000 төгрөг нэхэмжилсэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай ангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын нөөц сангаас 3 343 998 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Боржигон овгийн Нацагдоржийн Олзод /ЦГ61012910/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33 460 002 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар энэ нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/01382 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Н.Олзодын 35 хоног үндэсгүйгээр хоригдсон гэм хорын хохирлыг гаргахдаа нэг өдөрт ногдох орлого гэх тооцооллыг гаргаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ. Үндэслэлгүй хоригдсон хугацааны хохирол болох 3 780 000 төгрөгийг нэхэмжилсэн байхад олох байсан орлого гэж шийдвэрлэсэн нь буруу юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-д “хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс”-ийг нөхөн төлнө гэж заасан байхад сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулсан гэж дүгнээд шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь хуулиа зөрчсөн байна гэж үзэх үндэслэл болно. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Н.Олзод нь төрийн байгууллага, албан тушаалтны буруугаас үндэслэлгүйгээр цагдан хоригдсоны улмаас учирсан хохиролд 3 780 000 төгрөг, эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 3 000 000 төгрөг, цагдан хоригдож байх хугацаанд олох байсан орлого 25 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5 000 000 төгрөг, нийт 36 804 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

              Н.Олзодыг 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 04-ний өдрийн хооронд ачааны 18 вагонд онц их хэмжээний хуш модны цайруулсан самрыг бэлтгэж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт оролцсон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр тооцож, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 141 дугаартай шүүгчийн захирамжаар сэжигтнээр, мөн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 141А дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчаар тус тус цагдан хорьж, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг өөрчлөн эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авч, барьцааны мөнгө болох 3 000 000 төгрөгийг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны тоо бүртгэлийн ажилтан Д.Должинсүрэнд хүлээлгэн өгсөн үйл баримт нь хэрэгт авагдсан сэжигтнээр тооцох, сэжигтнийг баривчлах тухай мөрдөн байцаагчийн тогтоол, сэжигтэн, яллагдагчаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүгчийн захирамж, эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөн байцаагчийн тогтоол, барьцааны мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх 7, 10, 13, 17-19/

 

            Нийслэлийн Прокурорын газрын 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 515 тоот тогтоолоор Н.Олзодод холбогдох 201201000061 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон байх тул шүүх Н.Олзодыг үндэслэлгүйгээр 35 хоног баривчлагдаж, цагдан хоригдсоны улмаас өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй байна.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Н.Олзодыг 35 хоног үндэслэлгүйгээр цагдан хоригдсон гэм хорын хохиролд 319 998 төгрөг, Эрүүгийн хэргийн төв архиваас нотлох баримт хуулбарлан авсаны төлбөрт 24 000 төгрөгийг гаргуулж, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсаны хөлс 5 000 000 төгрөг, хоригдож байх хугацаанд олох байсан орлого 25 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

            Харин Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагчийн 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор Н.Олзодод 3 000 000 төгрөг барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, тус алба нь Авилгатай тэмцэх газрын бүтцэд нэгдэж, өөрчлөгдсөн байх тул нэхэмжлэгч нь эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээнд хүлээлгэн өгсөн мөнгийг гаргуулах шаардлагаа уг байгууллагад холбогдуулан гаргах боломжтой байхад шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн авч, 3 000 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

 

            Нэхэмжлэгч Н.Олзод нь өмгөөлөгч Ц.Дарьжавтай  2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 5 000 000 төгрөг нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-д заасан “Хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс”-д цаг хугацааны хувьд хамаарахгүй тул уг шаардлагыг хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/01382 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар үндэслэлгүйгээр цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохиролд 319 998 төгрөг, Эрүүгийн төв архиваас нотлох баримт хуулбарлан авахад гарсан зардал 24 000 төгрөгийг тус тус Засгийн газрын нөөц сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36 460 002 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Н.БАТЗОРИГ

 

                            ШҮҮГЧИД                                                  Т.ТУЯА

 

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН