Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2018/ДШМ/68

 

Х.Болормаад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                      Даргалагч ерөнхий шүүгч         Б.Батзориг

                           Шүүгчид                                   Г.Давааренчин                                       

                                                                          Д.Буянжаргал

                      

                      Оролцогчид:

                        Шүүгдэгч                                      Х.Болормаа

                           Шүүгдэгчийн өмгөөлөгч           Э.Ганбат /цахимаар/

                           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галба овогт Халтарын Болормаад холбогдох эрүүгийн 201618010064  дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт төрсөн, 37 настай, эмэгтэй, Халх, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, Хөтөл сум дундын эмнэлэгт эмч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1-р баг, 11-09 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Галба овогт Халтарын Болормаа /Регистрийн дугаар: МЭ81050607/.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Болормаа нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдсэн эмнэлэгт ирсэн өвчтөн Ц.Болормаад эмнэлгийн тусламж үзүүлэх үүргийг зохих ёсоор биелүүлээгүй шинжилгээ оношлогоо тогтоолголгүй блокад гэх тариаг тарьсан ба улмаар өвчтөн Ц.Болормаа нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Х.Болормаад холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Х.Болормааг Эрүүгийн хуулийн /2002 оны/ 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 15.1 дүгээр зүйлийн 3 болгон өөрчилж, шүүгдэгч Галба овогт Халтарын Болормааг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Х.Болормаагийн эмчлэх эрхийг 01/нэг/ жилийн хугацаагаар хасч, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Болормаа нь торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Болормаад мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2018/44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үндэслэл нь:

1. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй. Өөрөөр хэлбэл нотлох баримтыг үнэлэхдээ цагаатгах талын нотлох баримтыг няцаасан үндэслэлийг тогтоолд тайлбарлаж дурдаагүй

2. ЭХТА-ийн 15.1 дүгээр зуйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, үхлийн шалтгаан хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг. Гэтэл хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон ШШҮХ-ийн 169 дугаартай дүгнэлт нь ЭМЯ-ны нарийн мэргэжлийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт болон бусад дүгнэлтүүдэд хохирогч Ц.Болормаа нь сээр нурууны ясны болон бусад эрхтэнд цусаар тархсан сүрьеэ өвчинтэй байсан, сээр нурууны яс хэлбэр дүрс алдагдсан эвдрэлд орсон байсан нь нугас дарах, нугаснаас салаалж гардаг ёзоорын мэдрэлийг дарах зэрэг өвдөлт үүсгэх, сээр нуруу орчмын идээт буглаа нь өвдөлт өгөх бүрэн үндэслэлтэй болох нь тогтоогдсон. Гэтэл сээр нуруунаас хол доор байрлах бүсэлхий нугалам орчимд блокад /тариа/ хийхэд тэр тусмаа өвдөлт намдаах үйлчилгээтэй эм, тариа хийхэд өвдөлтийн шок үүсгэх ямар ч шинжлэх ухааны үндэслэл байхгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн

3. Сумын эмнэлгийн хувьд сээр нурууны сүрьеэ өвчин түүний улмаас үүссэн ясны өөрчлөлтийг оношлох боломжгүй бөгөөд хохирогч Ц.Болормаа нь 2015.12.30, 2016.03.03-нд УБ хотод УКТЭ/1р эмнэлэг/, Сонгдо эмнэлэгт үзүүлж байсан боловч сээр нурууны сүрьеэ, ясны эвдрэл эмгэгийг оношлоогүй байсан. Блокад нь өвдөлт намдаах зорилготой өвдөлт намдаах эмийг нугаснаас гарсан мэдрэлийн ширхэг /судал/ орчимд тарьж хийдэг шинж тэмдгийн эмчилгээний нэг төрөл болохоос үндсэн өвчнийг эмчлэх зорилгогүй бөгөөд нуруу, цээжний хэсгийн өвдөлт их өгч буй ямарч эмгэг өвчний үед хийгддэг. Гэтэл шүүх эмнэлгийн тусламжийг зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна. Блокад хийх стандарт техникийг зөрчсөн нь тогтоогдоогүй бөгөөд хийх ёсгүй байсан гэж ямарч дүгнэлт гараагүй. “Зохих ёсоор биелүүлээгүй” гэх ойлголт нь оношлогоо эмчилгээний стандарт, технологи удирдамж зөрчсан байх тэр зөрчсөн үйлдэл нь үхлийн шалтгаантай шалтгаант холбоотой байх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Х.Болормаа нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдсэн эмнэлэгт ирсэн өвчтөн Ц.Болормаад эмнэлгийн тусламж үзүүлэх үүргийг зохих ёсоор биелүүлээгүй шинжилгээ оношлогоо тогтоолголгүй блокад гэх тариаг тарьсан ба улмаар өвчтөн Ц.Болормаа нас барсан гэх үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн /2002 оны/ 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 15.1 дүгээр зүйлийн 3 болгон өөрчилж, дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүний эмчлэх эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын давж заалдах гомдлын дагуу Х.Болормаад холбогдох эрүүгийн 201618010064 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Х.Болормаад холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Болормаагийн нас барсан шалтгааныг тогтоохоор нийт 6 удаагийн шинжээчийн болон бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт гаргасан байна. Үүнд:  

1. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №30 дугаартай “...Талийгаач нь сээр нуруу ясны архаг сүрьеэ өвчтэй байсан, уг өвчний хүндрэл нь үхэлд нөлөөлсөн байх боломжтой. ...Талийгаач нь эмнэлгийн яаралтай тусламж авсан боловч амь насыг аврах боломж үгүй байжээ. Талийгаач нь зүрхний цус хомсрох өвчин, титэм судасны нарийсалт, хатуурлын улмаас зүрхний гэнэтийн үхлээр нас баржээ.” гэх дүгнэлт  /1-р хх-ийн 33-35-р ху/,

2. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 3 Шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №1100 дугаартай “...Талийгаач нь цусаар тархсан сүрьеэ /уушиг, элэг, дэлүү, сээрний 8-10-р нугаламын сүрьеэ/ өвчтэй байсан байх ба энэ нь үхлийн шалтгаан болоогүй байна. ...Урьд гаргасан Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн акт №30 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Талийгаачийн тархи нугасанд цефазолин, В12, прозерин, новокайн, дексаматазон, лидокайн гэсэн тариануудыг хийснээс дээрх эмүүдийн шууд нөлөөлөл болох цусны даралт бууруулах, зүрх-амьсгал зогсоох үйлчилгээний улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 67-70-р ху/,

 3. Амь тэнссэн үеийн анагаахын салбар зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “...Блокад хийсний дараагаар өвдөлтийн шинж дарагдахгүй байх талтай бөгөөд шинээр хурц өвдөлт үүсэх нь цөөн тохиолдолд байж болно. Энэ нь мэдрэлийн ширхэг гэмтсэнээс үүсэх боломжтой ба амь насанд хүрэх аюул бус юм. Х.Болормаа эмчийн хийсэн блокад нь бүсэлхийн нугалмын булчин мэдрэлийн багцын орчимд хийсэн хэсэг газрын хориг бөгөөд түгээмэл үйлдлийн стандартад хэрэглэгдэх эмчилгээ юм. Архаг хууч өвчний хувьд нурууны ясны сүрьеэ архаг удаан явцтай байсан ба үхэлд хүргэх үндсэн шалтгаан болохгүй, эмчлэгч эмч оношлох боломжгүй. Харин явцын тэмдэглэлээс үндсэн үхлийн шалтгаан тодорхойгүй байна. Сэхээн амьдруулалтын динамик тэмдэглэгээ тодорхой бус байгаа тул явцын үнэлгээ учир шалтгааны холбоог нэгтгэн дүгнэх боломжгүй байна. Хэзээ ухаангүй болсон, эхлээд амьсгал зогссон уу? Зүрх хэзээ зогссон, яаж зогссон? Цаг хугацааны тэмдэглэлгүй. Амьсгал цөөрч 5-6 болсон аманд нь хэл өргөгч хийж хамрын гуурсаар хүчилтөрөгч өгсөн, сатурация 45 байсан, даралт 60/30, пульс 142 байсан гэсэн бичиглэлээс хойш динамик бичиглэл байхгүй байна. Зохиомол амьсгалыг удирдаж чадаагүй байх. Өвдөлтийн шокоос амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан гэж үзэхээр байна. Гэхдээ сумын эмнэлгийн түвшинд евдөлтийн шокоос амьсгал зүрх судасны хурц дутагдапд ороход амь насыг нь бүрэн аврах техник хзнгамж боломж нөхцөл нь хязгаарлагдмал болохыг дурьдан хэлмээр байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 163-164-р ху/, 

4. Эрүүл  мэндийн яам, мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №1/17 дугаартай “Талийгаач 1 жил 8 сарын өмнөөс (2014 оны 10,11 сар) эхлэн нурууны өвдөлтийн улмаас эмчид хандаж, эмнэлэгт эмчлүүлж байсан байна. ...УБ хотод ирж, УНТЭ-ийн мэдрэлийн ба бөөрний эмчид үзүүлэн, эхо шинжилгээ хийлгэж, 2016 оны 03 сарын 03-нд сээр ба бүсэлхий нурууны рентген зураг авахуулсан боловч илт эмгэг өөрчлөлт илрээгүй хэмээн буруу дүгнэжээ. Эрүүл мэндийн картанд хавсаргасан рентген зургуудад харагдах сээр нурууны доод хэсгийн ясны эвдрэлийг харамсалтай нь олж харсангүй (зурагт тодруулж заав). Нэмэлт нарийвчилсан шинжилгээ хийгдээгүй, өвчтөн янз бүрийн эмнэлгийн эмч нарт үзүүлж, тодорхой оношгүй, нурууны өвдөлт намдаах шинж тэмдгийн эмчилгээ хийлгүүлсэн байна. Картнаас үзэхэд, өвчин даамжирч, дордож байхад учрыг нь олж, зохих арга хэмжээ авч чадаагүй байна. 2010 онд батласан “Нурууны спондилезын шалтгаант өвдөлтийн хам шинжийн оношлогоо, эмчилгээ” стандартанд (MNS 6207:2010) нурууны архаг өвдөлтийн үед нурууны ясанд бүтцийн өөрчлөлт үүсгэдэг спондилоартрит, сүръеэгийн спондилит хэмээх өвчнүүдээс ялгах зорилгоор нугасны шингэн, нуруу-нугасны компьютерт томографи, магнет резонанст томографийн шинжилгээ хийж, оношийг батална гэдгийг заасан. Талийгаачийн материал дунд эдгээр нэмэлт шинжилгээнүүд алга байна. ...Талийгаачийн нурууны өвдөлт даамжирч, дордоход нэмэлт шинжилгээ хийгдээгүй, талийгаач хэд хэдэн удаа акт авсан боловч ажлаа үргэлжлүүлэн эрхэлж байсан бололтой. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн актнаас үзэхэд гол эмгэг өөрчлөлт нь сээр нурууны 8-аас 10-р нугалам хооронд байрлах том хэмжээний, шар-ногоон идээ агуулсан буглаа байна. ...Энэ буглаа нь талийгаачийн нурууны архаг өвдөлтийн шалтгаан байсан нь тодорхой. Харин нугасны сувагт идээ тархсан эсэх, сээр нуруунаас салаалах мэдрэлийн ёзоор судсууд, симпатик мэдрэлийн багана хэсэгт идээт үрэвсэл нэвчсэн эсэхийг нарийвчлан дурдаагүй байна. Нас барахаас 3 хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын Нэгдсэн эмнэлэгт хандахдаа 1 жилийн өмнөөс нуруу даамжран өвдөхийн зэрэгцээ баруун хөл рүү дагаж бадайрч өвдөж эхэлснийг дурдсан байна. 3 өдөр дараалан нуруу руу “блокад” гэгч олон бэлдмэлийн холимогийг тариулж, сүүлийн өдрийн тарилгаас 30 минутын дараа нурууны өвдөлт улам ширүүсч, түлж төөнөж, 2 хөл, бөгсөн бие, дараа нь 2 гар суларч, 4 мөчийг дагасан хүчтэй өвдөлт мэдэрч, богино хугацаанд гүн шокийн байдалд орсон байна. Эдгээр шинж тэмдгээс харахад 2 таамаг дэвшүүлж болохоор байна. 1) холимог тариа нь буглааг онож, буглаа задарч, нугасны сувгаар тархсан байх, 2) “блокад” тарианаас үл хамааран, цаг хугацаа нь энэ үед таарч, архагшиж хүндэрсэн буглаа задарч нугасны сувгаар тархаж, хүчтэй өвдөлтийг үүсгэсэн байх. ...Талийгаачийн нөхрийн авсан видео бичлэгээс, мөн олон гэрчийн мэдүүлгээс харахад өвдөлтийн хүч тэсэшгүй их, маш хүчтэй байсан бөгөөд өвдөлт 4 мөч рүү цацарч дамжиж, 4 мөч суларч, бадайрч байсан байна. Энэ байдал цаг гаруй үргэлжилсний дараа (тодорхой хугацаа заагаагүй) талийгаач гүн шокын байдалд орж, ухаан алдсан. Ямартай ч, ийнхүү хүчтэй, “шатаах” мэт, 4 мөч рүү цацарсан өвдөлт нь мэдрэлийн гаралтай байсан бөгөөд нугаснаас салаалах мэдрэлийн олон ёзоорууд гэнэтийн байдлаар цочирсныг илтгэнэ. Сээр нуруунаас салаалах мэдрэлийн ёзоорууд хавирга завсрын амьсгалын булчинг мэдрэлжүүлнэ, мөн зүрх судас, дотор эрхтэний үйлийг хянадаг симпатик мэдрэлийн багана сээр нурууны урд 2 талаар байрладаг. Эдгээр бүтцүүд цочмог байдлаар гэмтэхэд амьсгал давчдаж, хүчилтөрөгчийн ханамж буурч, зүрхний цохилт олширч (дараа нь огцом буурч), дотор эрхтэнүүдийн үйл ажиллагаа саатаж, судсууд тэлэгдэнэ, цусны эзэлхүүний дутагдал үүснэ (гиповолэми). Энэ байдлыг мэдрэлийн шок (нейроген шок) хэмээн нэрлэх бөгөөд энэ нь цочмог нугасны гэмтэл, тархи нугасны бүрхүүлийн үрэвсэл, цус харвалт, маш түргэн өгсөх ёзоорын үйлийн алдагдал (Гийян-Барре хам шинж), маш хүчтэй өвдөлтийн үед үүсч болдог. Маш хүчтэй өвдөлтийн механизмтай холбоотой мэдрэлийн шокийн зэрэгцээ “зүрх эмтрэх хамшинж” (Такоtsubo“ хам шинж) давхцаж болдог. Үүнд, хүчтэй өвдөлт, эсвэл сэтгэл санааны хүчтэй хямралын улмаас их хэмжээний стрессийн уургууд ялгарч, зүрхний булчингийн агчил суларч, зүрх зогсох аюулд хүрдэг.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 171-178-р ху/,

5. Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 5 Шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №169 дугаартай “...Блокад хийсний дараагаар өвдөлтийн шинж дарагдахгүй байх талтай бөгөөд шинээр хурц өвдөлт үүсэх нь цөөн тохиолдолд байж болно. Энэ нь мэдрэлийн ширхэг гэмтсэнээс буюу тариаг мэдрэлийн судсыг онож хийх /тариа хийх үед хүчтэй өвдөлт мэдрэгдэнэ/, мөн тарьсан хэсэгт цус хурах тохиолдолд өвдөлт илэрнэ. ...Эмч Х.Болормаагийн хийсэн блокад тарианы найрлага нь дээрх стандарт удирдамжинд дурдсан найрлагатай тохирохгүй, илүү олон, шаардлагагүй бэлдмэл агуулсан байна. Талийгаач нь цусаар тархсан сүрьеэ, уушги, элэг, дэлүү, сээрний 8-10-р нугалмын сүрьеэ өвчтэй байсан ба сээрний 8-10-р нугалмын сүрьеэгийн буглаа нь нугасны сувагт нэвчиж мэдрэлийн судсыг дарж, цочроосноос хүчтэй өвдөлт бүхий хүндрэл үүсч, мэдрэлийн тогтолцоо, өвдөлтийн шоконд орж нас барсан байх боломжтой байна. Сумын эмнэлгийн түвшинд уг сүрьеэ өвчнийг шууд оношлох боломжгүй. ...Дээрх тохиолдолд талийгаач Ц.Болормаагийн нуруу нугас дагуу өвдөлт хурдан тархаж, мэдрэлийн шокийн байдалд хүргэж, амьсгалын булчингууд саажиж, амьсгал давхцсан байх магадлалтай байх ба димедрол ба седуксен тарианы булчин сулруулах, амьсгал дарангуйлах үйлдэл нь давхцаж, сөргөөр нөлөөлсөн байх магадлалтай. Мөн хүчтэй өвдөлт намдаах зорилгоор хийсэн морфин нь седуксин димедролтой хавсрахад амьсгал дарангуйлагдах нөлөө улам ихэсдэг.  Урьд гаргасан шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 30 тоот дүгнэлтийн 1, 2, 3, 4, 6-р хэсэг үндэслэлтэй, 5-р хэсэг үндэслэлгүй байна. Хэргийн материалаар  хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1100 тоот дүгнэлтийн 1,3,5,7,8,9,11-р хэсэг үндэслэлтэй, 2,4,6,10-р хэсэг үндэслэлгүй байна. Талийгаач сээрний 8-10-р нугалмын сүрьеэгийн буглаа нь нугасны сувагт нэвчиж мэдрэлийн судсыг дарж, цочроосноос хүчтэй өвдөлт бүхий хүндрэл мэдрэлийн тогтолцоо, өвдөлтийн шоконд орж нас барсан байх боломжтой байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 179-187-р ху/,  

6. Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8 Шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн №239 дугаартай “Цусаар тархсан сүрьеэ гэдэг нь сүрьеэгийн нян цус, тунгалаг, гуурсан хоолойн замаар тархаж, уушиг болон бусад эд эрхтэнүүдийг гэмтээсэн өвөрмөц үрэвслийг хэлнэ. Талийгаачийн сээрний 8-10 дугаар нугаламд байрласан идээт буглаа дарагдсаны улмаас нугасанд нэвчих боломжгүй. Блокад тавих үед зүүний үзүүрээр хатгагдаж нэвчих боломжгүй, учир нь блокадыг бүсэлхий нурууны 3-4 дүгээр нугалмын түвшинд хийсэн, идээт буглаа сээр нурууны 8-10 дугаар нугаламд байрласан ба шинжээч эмч С.Бүрэнжаргалын задлан шинжилгээний дүгнэлт болон задлан шинжилгээ хийгдэх явцад авагдсан фото зургаас харахад уг буглаа бүтэн байсан нь тодорхой байна. Бүсэлхий нурууны 3-4 дүгээр нугалмын түвшинд хийсэн хатгалтын үед мэдрэлийн ёзоорууд гэмтсэнээс хүчтэй өвдөлт үүсч болох ба өвдөлтийн хүчээс хамаарч амьсгал зүрх судас зогсох аюулд хүргэх боломжтой. Идээт буглаа нугас дарсанаас үүсэх өвдөлт нь амь насанд хүрэх хүртэл хэмжээний өвдөлтийн шокийг үүсгэхгүй. ...Хэргийн материалаас үзэхэд 2016.09.12-ны Б.Ариунзул, Ц.Бадрал, Б.Энхжин нарын 1100 тоот дүгнэлттэй санал нэг байна.” гэх дээрхи дүгнэлтүүд  нь хоорондоо илт зөрүүтэй, талийгаачийн үхлийн шалтгааныг нэгдсэн байдлаар тогтоож чадаагүй, нэг дүгнэлтийг нөгөө дүгнэлт нь үгүйсгэсэн шинжтэй байхад анхан шатны шүүх зөвхөн Эрүүл мэндийн яам, мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №1/17 дугаартай “...талийгаачийн үхлийн шалтгаан нь шүүгдэгч Х.Болормаагийн хайхрамжгүй үйлдлээс болсон болох нь тогтоогдож байна. Дээрх дүгнэлтээс харахад шүүгдэгч Х.Болормаа 1. Хохирогчийн өвчнийг оношлуулах байсан. 2. Блокад тариа ямарч эмчилгээний стандартад нийцэх эмчилгээ биш байсан. 3. Хохирогчийн эрүүл мэндийг эмчлэх ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй болохыг тогтоосон гэж үзсэн учир энэ дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно”  дүгнэлтийг үндэслэн бусад дүгнэлтүүдийг хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлээ заалгүй орхигдуулсан нь Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт …дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол… гэсэн заалтыг зөрчиж, тогтоолд дурьдсан шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ  байдалтай нийцээгүй байх ба талийгаачийн үхлийн шалтгааныг дахин нарийвчлан тогтоох шаардлагатай байна.

Түүнчлэн шүүгдэгч Х.Болормаад  прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн /2002 оны/ 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “эмнэлэгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэх үндэслэлээр үйлдэж, улмаар шүүх шийдвэрлэхдээ зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн /2015 оны/ 15.1 дүгээр зүйлийн 3-д заасан “эмнэлэгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйээс хохирогч нас барсан”  үндэслэлээр буруутган ял оногдуулсан байх ба яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд заасан “эмнэлэгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэх үндэслэлийг тайлбарлаагүй, чухам тусламж үзүүлэх ямар үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан дээрх шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудад тусгагдаагүй, энэ талаар ямар нэгэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад шүүгдэгчийг дээр дурьдсан үндэслэлээр буруутгасан нь үндэслэлгүй болжээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ШЦТ/44 шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Х.Болормаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ