| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2019/0468/З |
| Дугаар | 767 |
| Огноо | 2019-11-04 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 767
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Батгуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х нарыг оролцуулан,
Нэхэмжлэгч: “А М” ХХК,
Хариуцач: УБЕГ ХЭБГ
Нэхэмжлэлийн шаардлага: “...“А М” ХХК-ийн шинээр гаргасан хувьцааны бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын Улсын бүртгэгчийн шийдвэрийг хүчингүй болгож, улмаар холбогдох бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгах тухай” захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
“А М” ХХК-ийн төлөөлөгч З.Н болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
““А М” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд 51 хувийг гадаадын хөрөнгө оруулагч буюу Япон Улсын иргэн, нэг /1/ хувийг БНХАУ-ын Засаг захиргааны тусгай нутаг дэвсгэр болох Хонгконгийн хуулийн этгээд, 49 хувийг Монголын хөрөнгө оруулагч эзэмшдэг.
Сүүлийн 3 жил гаруй хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч нар компанийн үйл ажиллагаанд оролцохгүй байгаагаас компанийн үйл ажиллагаа илт доголдож, ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй хэмжээнд хүрч, ихэнх ажилтнуудаа цомхтгохын зэрэгцээ хуульд тавигдсан шаардлагын хүрээнд төрийн захиргааны байгууллагатай харилцах ажиллагаанд зарим нэг хүндрэл учирч байна.
Япон болон Монголын хувьцаа эзэмшигч нар нь хамтран амьдарч дундаасаа 2 хүүхэд төрүүлсэн бөгөөд хүүхдүүд нь япон эцгээрээ овоглодог. Хэдийгээр тус компанийн дүрэмд төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар заасан боловч хувьцаа эзэмшигч нар анхнаас нь төлөөлөн удирдах зөвлөл байгуулаагүй тул гагцхүү гүйцэтгэх удирдлага компанийн үйл ажиллагааг удирдан явуулж байна.
Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “дараах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна”, 61 дүгээр зүйлийн 61.1.4-д “компанийн өр нь хоёр жил дараалан өөрийн хөрөнгөөс илүү болж, хасах утгатай болсон” гэж заасан байдаг.
Дээрх хуулийн заалтын дагуу компанийн гүйцэтгэх удирдлага хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаар 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шийдвэрлэж, Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.9-д “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь ... хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэр гаргасан тохиолдолд ... 45 хоногийн дотор тухайн хурлыг хуралдуулна” гэсний дагуу хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэл хүргүүлж, ээлжит бус хурлыг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хуралдуулахаар товлосон.
Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т “...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэх журам, хугацааг компанийн дүрмээр тогтоож болно” гэсэн хэдий ч “А М” ХХК-ийн дүрмээр энэ талаар тусгайлсан зохицуулалт байхгүй тул хуулийн хугацааг баримталсан.
Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-д “Хувьцаа эзэмшигчдийн хурлын зард компанийн оноосон нэр, байршил, хурал хийх өдөр, цаг, газар, хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр, хурлаар хэлэлцэх асуудал болон гаргах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам зэрэг энэ хуульд болон компанийн дүрмээр тогтоосон бусад мэдээллийг тусгасан байна” гэсний дагуу гадаад хувьцаа эзэмшигчдийн компанид тэмдэглүүлсэн хамгийн сүүлийн хаягаар мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн.
Хувьцаа эзэмшигчдийн хуралд Монголын талын хувьцаа эзэмшигчээс өөр хувьцаа эзэмшигч хүрэлцэн ирээгүй тул Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-д заасан “...энэ хуулийн 69.1-д заасан хувьд хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тухайн хурлыг хойшлуулж, дахин хуралдах өдрийг төлөөлөн удирдах зөвлөл товлох бөгөөд энэ тохиолдолд хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчлөхийг хориглоно” гэсний дагуу дахин товлож, хэлэлцэх асуудлыг өөрчлөөгүй.
Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.6-д “энэ хуулийн 69.3-д заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурлыг ажлын 20 өдрийн дотор хуралдуулах бөгөөд уг хурал хуралдахаас ажлын долоогоос доошгүй өдрийн өмнө хувьцаа эзэмшигчдийн хурал болох газар, өдөр, цагийг дахин мэдээлнэ” гэж заасны дагуу хойшлогдсон хурлыг ажлын 20 хоногийн дотор буюу 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хуралдуулахаар товлон хуульд заасны дагуу хурлын зар хүргэх журмаар мэдэгдэл хүргүүлснийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шуудангаар илгээсэн.
Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д “Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол энэ хуулийн 62.1.1-62.1.6-д заасан асуудлыг хэлэлцэх хойшлогдсон хурал нь саналын эрхийн гуравны нэгээс доошгүй хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид оролцсоноор хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу гадаадын хувьцаа эзэмшигч нар хоёулаа хуралд хүрэлцэн ирээгүй тул Монголын талын 49 хувийн хувьцаа эзэмшигч оролцсоноор хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурал хүчин төгөлдөр болсон.
Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5-д “Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, компани хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хуульд заасан хугацаанд шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлснээр зар хүргэхтэй холбоотой үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Түүнчлэн, Компанийн дүрмийн 4.5 /в/-д “хувьцаа эзэмшигч нь ...оршин суух хаягт өөрчлөлт гарсан нөхцөлд... Компанид тухай бүрт нь мэдэгдэнэ” гэсэн үүрэг хүлээдэг бөгөөд хаяг өөрчлөгдсөн талаар ямар нэг мэдэгдэл ирүүлээгүй.
Компанийн дүрмийн 15.4-д “Хэрэв энэхүү шинэчилсэн дүрэм нь хүчинтэй байгаа холбогдох хууль тогтоомжтой зөрчилдвөл тэрхүү хууль тогтоомжууд давуу эрхтэй үйлчилнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, Компанийн дүрэмд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хойшлуулах талаар тусгайлан зохицуулаагүй нөхцөлд Компанийн хуулийн холбогдох заалтыг шууд баримтлах боломжтой байна. Хойшлогдсон хурлаар хувьцаа шинээр гаргах болон дүрмийн өөрчлөлтийг баталсан тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гаргасан тул Компанийн тухай хуулийн 38.2-т заасан “Энэ хуулийн 62.1.3-т заасны дагуу хувьцааг нэмж гаргах шийдвэр гаргах үед нэмж гаргаж байгаа хувьцааны тоо, үнэ, хувьцаа эзэмшигч бүрийн худалдан авч болох хувьцааны тоо, төлбөр хийх хугацаа, журам зэргийг заасан мэдэгдлийг энгийн хувьцаа эзэмшигч бүрд хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэдэг журмаар хүргүүлнэ” гэж заасны дагуу шуудангаар 2018 оны 9 дүгээр сард хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэл хүргүүлсэн. Хэдийгээр хувьцаа шинээр гаргах болон дүрмийн өөрчлөлтийг баталсан талаар хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хойшлогдсон хурлаар шийдвэр гаргасан боловч, Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчдийн хувьцаа худалдан авах давуу эрх, өмчлөх эрхийг хангахтай холбоотой зохицуулалтыг хангах хэрэгцээ шаардлагын үүднээс бүртгэлийн байгууллагад хандах хууль зүйн боломжгүй юм. Учир нь Компанийн тухай хуулийн 38.3-д “Хувьцаа эзэмшигч тэргүүн ээлжид худалдан авах эрхээр хувьцааг худалдан авах тухай саналаа хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 30 өдрийн дотор ирүүлнэ” гэж заасны дагуу ажлын 30 хоногийг тоолбол 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хүртэл шийдвэрийг бүртгүүлэх боломжгүй байсныг Улсын бүртгэлийн байгууллага үл ойшоож байна.
Өөрөөр хэлбэл, энэ өдрийг хүртэл компани нь хувьцаа эзэмшигчдийн худалдан авах саналыг хүлээх үүргийг хуулиар хүлээсэн бөгөөд шийдвэр гарснаар хувь эзэмшил өөрчлөгдөх бус хувьцаа эзэмшигч нар давуу эрхээ хэрэгжүүлж хувьцааг худалдан авч мөнгийг төлснөөр шийдвэр бүрэн хэрэгжсэн гэж тооцно.
Гэтэл улсын бүртгэлийн байгууллага Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.З-д заасан “энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 10.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт оруулах, тухай шийдвэр, бусад баримт бичгийг тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ” гэсэн бүртгэлийн журмын зохицуулалтыг өмчлөгчийн өмчийн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой буюу материаллаг хэм хэмжээний заалтаас дээгүүр үзэж байгаа нь хууль зөрчигдөх нэг шалтгаан болжээ.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан мэдээлэлд оруулах тухай шийдвэр гэдэгт хувьцаа эзэмшигч шинээр гаргасан хувьцааг худалдах авах тухай гэрээний саналыг хүлээн авч, хувьцааны төлбөрийг төлсөн шийдвэрийг ойлгох бөгөөд компаниас хувьцаа гаргах шийдвэрийг ойлгож болохгүй.
Энэ талаар, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д “дараах үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно. Иргэний хуулийн 196.1.1-д “...эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл, Компани хувьцаа шинээр гаргах, түүнийг хувьцаа эзэмшигч худалдан авч, хувьцааны үнийг төлөх асуудал нь худалдах, худалдах авах гэрээний харилцаа тул дээрх гэрээ байгуулах Иргэний хуулийн зохицуулалт үйлчилнэ. Хувьцаа шинээр гаргах шийдвэрээ компани хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэж, хуульд заасан хугацааны дотор ирүүлэхийг мэдэгдсэн хугацаанд гэрээ байгуулагдаагүйд гэрээний санал /офер/-ыг хүргүүлсэнд тооцогдоно. Харин тухайн мэдэгдэлд заасан хугацааны дотор хувьцаа эзэмшигч мэдэгдэл-саналаа хүргүүлж, өөрт санал /офер/ болгосон хувьцааны үнийг төлсөн баримт /аксептанс/-ыг компанид ирүүлснээр сая хувьцаа худалдан авах гэрээ байгуулагдсанд тооцогдох бөгөөд энэ тохиолдолд “хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах шийдвэр гарсан” гэж үзэж, бүртгүүлэх хугацаа тоологдож эхэлнэ. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага компаниас хувьцаа гаргах тухай шийдвэр гарсан 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг компанийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан өдөр хэмээн ойлгож, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.3, Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг зөрчсөн хэмээн бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль бус байна. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигч хувьцааны үнийг төлсөн шийдвэр нь дүрэмд орох өөрчлөлтийг баталгаажуулсан шийдвэр гэж тооцогдох бөгөөд хувьцааны үнийг төлөөгүй байхад дүрэмд хичнээн өөрчлөлт оруулсан ч шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжих боломжгүй юм.
Иргэний хуулийн 3.3-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэсэн байдаг.
Учир нь, бүртгэлийн асуудлыг зохицуулсан нарийвчилсан хуулийн заалтыг бүртгэлийн байгууллага баримтлах ёстой хэдий ч компанийн хувьцааг шинээр гаргах, худалдах, худалдан авах ажиллагааг Иргэний хуулийн, түүнчлэн Компанийн тухай хуулийн буюу өмчийн эрхийн материаллаг хэм хэмжээг үл харгалзах, эсхүл түүнийг давж үйлчилж болохгүй юм.
Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр тус компанийн шинээр гаргасан хувьцааны бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан УБЕГ ХЭБГ-ын Улсын бүртгэгчийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1101 дугаартай шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул хүчингүй болгож, холбогдох улсын бүртгэлд бүртгэхийг УБЕГ ХЭБГ т даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Компаний үйл ажиллагаа доголдолтой байгаа. Японы хөрөнгө оруулалттай гэдэг боловч Японоос ямар ч хөрөнгө оруулалт байхгүй. Э.Номундарь нь өөрийнхөө хувийн зардлаар компаний үйл ажиллагааг явуулж байсан бөгөөд одоо санхүүгийн хүнд байдалд орж байгаа. 2015 оноос хойш төсөл хэрэгжүүлэх боломжгүй гацалтын байдалтай байгаа. Төслүүд хэрэгжиж байж компаний ирээдүй шийдэгдэх болохоор тухайн төслийг хэрэгжүүлэх боломжийг олгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Тухайн компани нь 3 хувьцаа эзэмшигчтэй гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд 1 хувийн хувьцаа эзэмшигч болох Хонгконг улсын "М Р И Л” ХХК болон 50 хувийн хувьцаа эзэмшигч Япон улсын иргэн нар компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон хойшлогдсон хуралд оролцож гарын үсэг зураагүй зөвхөн 49 хувийн хувьцаа эзэмшигч З.Номундарийн шийдвэрээр нэмж хувьцаа гаргах болон, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх материал бүрдүүлж ирүүлсэн байсан. Гадаадын хөрөнгө оруулагчдын оршин суугаа хаяг, утас тодорхойгүй, хурлын зар гардаж авч гарын үсэг зураагүй байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гадаадын хөрөнгө оруулагчдад сонсох ажиллагаа явуулж оролцогчдоос тайлбар, санал авах ямар ч боломжгүй байсан тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 заасны дагуу улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлттэй байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Үүсгэн байгуулсан баримт бичигт өөрчлөлт оруулсан талаар материалыг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн. Материалын судалж үзэхэд 49 хувийг Монгол талын хувьцаа эзэмшигч дангаар шийдвэр гаргаж компаний хувьцааг нэмж гаргах шийдвэр гаргасан. Компаний тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2, 65.4, 69.6-д тус тус заасан заалтыг хангасан байсан. Компаний ээлжит хурал болон хойшлогдсон хурлаас гарсан шийдвэр тогтоол нь Компаний тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн байсан. Бүртгэхгүй байх эхний шалтгаан нь өөрчлөлт оруулах тухай шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор бүртгүүлэх ёстой байдаг ба уг шаардлагыг хангаагүй байсан.
Дараагийн шалтгаан нь татгалзал мэдэгдэлд дурдсан эрх ашиг хөндөгдөж байгаа Япон Улсын иргэн, нэг хувийн Хонгконг Улсын хуулийн этгээд нар нь хуралд оролцоогүй. Хуралд орсныг тогтоох холбогдох материал манайд ирээгүй. Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийлгэх шаардлага үүссэн. Компаниас сүүлийн байдлаар бүртгэлтэй Япон Улсын иргэн, Хонгконгийн Улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээдийн хамгийн сүүлд байдаг хаягт хурлын тов хүлээж авсан гарын үсэг бүхий зүйл нотлогдоогүй. Тухайн хүмүүстэй холбоо барих боломж байгаагүй. “А М” ХХК-иас хамгийн сүүлд амьдарч байсан 2 хаягийг гаргаж өгсөн ч холбогдож чадаагүй. Тэдгээр хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж сонсох ажиллагаа хийгээгүй. Танай компаний зүгээс тодруулга гэхээс илүү Захиргааны ерөнхий хуулийн дагуу эрх ашиг нь хөндөгдөж байгаа хувьцаа эзэмшигчдэд зайлшгүй сонсох ажиллагаа хийгдэж мэдэгдэх хуулийн зохицуулалт байгаа. Үүнээс өмнө Захиргааны ерөнхий хуулиар сонсох ажиллагаа заавал хийлгэх шаардлагагүй байхад Улсын бүртгэлийн бүртгэлийг хийдэг байсан.
Компаний тухай хуулинд компанид хувьцаагаа буцааж өгөх зохицуулалт байгаа. Заавал бүртгэлийн байгууллагатай маргах шаардлага байхгүй” гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн зүгээс компанийн хувьцааг шинээр гаргах талаарх Иргэний хууль болон Компаний тухай хуулийн зохицуулалтын дагуу хийсэн үйл ажиллагааг захиргааны байгууллага зохих ёсоор бүртгэхгүй байгаа нь өөрийнх нь компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, компани хэвийн ажиллах эдийн засгийн орчин алдагдсан зэргээр маргаж, ийнхүү гаргасан хувьцааны бүртгэлийг хийхийг захиргааны байгууллагад даалгуулахыг хүсч маргааны зүйлээ тодорхойлж байна.
Хариуцагчийн зүгээс компаний 50 хувийн хувьцаа эзэмшигч Япон улсын иргэн мөн нэг хувийн хувьцаа эзэмшигч гадаадын хуулийн этгээд нарт буюу гадаадын хөрөнгө оруулагчдад Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулж, оролцогчдоос тайлбар авах боломжгүй байсан тул улсын бүртгэл хийхээс татгалзсан хэмээн тайлбарлаж, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Үйл баримтын хувьд,
“А М” ХХК-ийн нэг бүрийн үнэ 10 ам.доллар бүхий 50000 хувьцааны хөрөнгөний үүсгэн байгуулагч З.Н 49% буюу 24500 ширхэг, Япон Улсын иргэн Ю К 50% буюу 25000 ширхэг, “М Р И Л” ХХК 1% буюу 500 ширхэг хувьцааг тус тус эзэмшдэг байна.
Нэхэмжлэгч “А М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын зүгээс Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.9-т: “Төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлага нь... хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэр гаргасан тохиолдолд санал, шаардлага хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор тухайн хурлыг хуралдуулна” гэснээр 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаар шийдвэрлэж, үүний дагуу хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэл хүргүүлж, ээлжит бус хурлыг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хуралдуулахаар товлосон байна.
Компаний тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т: “энэ хуулийн 60.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг мэдээлэх үүрэг хүлээнэ”, 65.2-т: “хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэх журам, хугацааг компанийн дүрмээр тогтоож болно”, 65.4-т: “Хувьцаа эзэмшигчдийн хурлын зард компанийн оноосон нэр, байршил, хурал хийх өдөр, цаг, газар, хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр, хурлаар хэлэлцэх асуудал болон гаргах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам зэрэг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад мэдээллийг тусгасан байна” гэж тус тус зохицуулсны дагуу гадаадад буй хувьцаа эзэмшигчдийн компанид тэмдэглүүлсэн хамгийн сүүлийн хаягаар зар мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн байна.
Ийнхүү зарлагдсан хувьцаа эзэмшигчдийн хуралд 49 хувийн хувьцаа эзэмшигчээс өөр хувьцаа эзэмшигч хүрэлцэн ирээгүйгээс Компаний тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-т: “энэ хуулийн 69.1-д заасан хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хучин төгөлдөр бус гэж үзэн тухайн хурлыг хойшлуулж, дахин хуралдах өдрийг төлөөлөн удирдах зөвлөл товлох бөгөөд энэ тохиолдолд хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчлөхийг хориглоно”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.6-т. “энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурлыг ажлын 20 өдрийн дотор хуралдуулах бөгөөд уг хурал хуралдахаас ажлын долоогоос доошгүй өдрийн өмнө хувьцаа эзэмшигчдийн хурал болох газар, өдөр, цагийг дахин мэдээлнэ” гэж зааснаар хойшлогдсон хурлыг ажлын 20 хоногийн дотор буюу 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хуралдуулахаар товлож, хуульд заасны дагуу хурлын зар мэдэгдлийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шуудангаар илгээж хүргүүлсэн байна.
Улмаар Компаний тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д: “Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол энэ хуулийн 62.1.1-62.1.6-д заасан асуудлыг хэлэлцэх хойшлогдсон хурал нь саналын эрхийн гуравны нэгээс доошгүй хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид оролцсоноор хүчин төгөлдөр болно” гэж зааснаар гадаадын хувьцаа эзэмшигч нар хоёулаа хуралд хүрэлцэн ирээгүйг харгалзан Монголд байгаа 49 хувийн хувьцаа эзэмшигч оролцсоноор хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлаар “хувьцаа шинээр гаргах болон дүрмийн өөрчлөлтийг баталсан тухай” шийдвэр гаргаж, энэ талаар Компаний тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т: “энэ хуулийн 62.1.3-т заасны дагуу хувьцааг нэмж гаргах шийдвэр гаргах үед нэмж гаргаж байгаа хувьцааны тоо, үнэ, хувьцаа эзэмшигч бүрийн худалдан авч болох хувьцааны тоо, төлбөр хийх хугацаа, журам зэргийг заасан мэдэгдлийг энгийн хувьцаа эзэмшигч бүрд хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэдэг журмаар хүргүүлнэ” гэж зохицуулснаар бусад хувьцаа эзэмшигч нарт шуудангаар мэдэгдэл хүргүүлжээ.
Энэ талаар, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлэх тухай мэдэгдэл, шуудан хүргүүлсэн тухай баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараар нотлогдож, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс хувьцаа нэмж гаргасан шийдвэр Компаний тухай хуулийн холбогдох заалтад нийцсэн байсан хэмээн шүүх хуралдаан дээр маргахгүй байна.
Харин маргаан бүхий актыг гаргахдаа, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл зөрчигдөж байгааг дурдаад холбогдох бичиг баримтыг хуульд нийцүүлэн ирүүлсэн тохиолдолд дахин бүртгэл хийх боломжтойг мэдэгдэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар татгалзжээ.
Шүүх үзэхдээ, нэгдүгээрт, хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хойшлогдсон хурлаар “хувьцаа шинээр гаргах болон дүрмийн өөрчлөлтийг баталсан тухай” шийдвэр гаргасан, ингэснээр Компанийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т: “Хувьцаа эзэмшигч тэргүүн ээлжид худалдан авах эрхээр хувьцааг худалдан авах тухай саналаа хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 30 өдрийн дотор ирүүлнэ” гэж зааснаар бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцаа худалдан авах давуу эрхийг хангах, өмчлөх эрхийг хангахтай холбоотойгоор ажлын 30 хоногийг тооцож, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл гаргасан шийдвэрийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад хандах хууль зүйн боломжгүй байсан байна, хоёрдугаарт, нэхэмжлэгч “А М” гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан нэмэлт өөрчлөлтийг хариуцагч захиргааны байгууллагын мэдэгдэх сонсох ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй байсан гэх үндэслэлээр татгалзсан нь бодит байдалт нийцээгүй, компаний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлсөн, маргаан бүхий бүртгэлийн нэмэлт өөрчлөлтийг хийлгэснээр ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг нэхэмжлэгч компаний болон уг компанид ажиллаж байгаа нийт ажилтнуудад эерэг нөлөө үзүүлэх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэхээр байна хэмээн дүгнэж, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт[1] нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, зорилгодоо нийцэж гараагүй байх тул хүчингүй болгож, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д зааснаар шийдвэрлэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2: “хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх, арбитрын шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийг хийнэ” гэж зааснаар холбогдох бүртгэл хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.
Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдэг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилаж, хэнд хариуцуулахыг зохицуулдаг болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 22 дугаар зүйлийн 22.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын Улсын бүртгэгч В.Х 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, “А М” ХХК-ийн шинээр гаргасан хувьцааны бүртгэлийн талаар холбогдох бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН
[1] Хавтаст хэргийн 44-р хуудас