Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2016/0163

 

Р.Мийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.С нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Р.Мийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хя  нан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Орхон аймгийн Засаг даргын 2001 оны 317 дугаар захирамжаар амины орон сууц барихаар газар эзэмшиж, өөрийн хөрөнгөөр инженерийн шугам сүлжээ татан 2009 онд барилга барин амьдарч байна. Гэтэл Б.И миний газрын хэсэг дээр газар давхардуулан олгосон. Иймд Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 470 дугаар захирамжийн Б.И холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2003 онд аймгийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Төлөвлөгөөнд 11 дүгээр хорооллын газрыг иргэдэд олгоё гэсэн. 2012 онд дахин газар олгохдоо нэмж хүмүүст газар олгохоор аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 470 дугаар захирамжаар Ж.Идэрзуу, Р.Мид газар олгосон. Р.М газрын хэмжээг 1250 м.кв гэж зөвшөөч гэрээ хийчихээд 2230 м.кв газрыг хашаалсан. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрын байршил давхацсан зүйлгүй бөгөөд Р.М урагш хэтрүүлэн хашаа барьсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...2003 оны ерөнхий төлөвлөгөөгөөр 11 дүгээр хороололд газар олгохоор болж, өргөдөл гаргаж амины орон сууцны газар 11б-гийн 17 тоот газрыг надад олгосон. 2005 онд улаан шугамаа тавиулах гэтэл инженерийн шугам сүлжээ баригдсаны дараа орон сууц барих газар олгоно гээд тухайн үед газар олголтыг хойшлуулсан. Бидэнд хуваарьлагдсан газарт хашаа барьсан байсан ба Р.М нь банзаар түр хашаа барьсан байсан, тэр нь одоогийн тоосгоор барьсан хашаанаас жижиг байсан учир урд хэсгээр нь бид нарт газар гарах юм байх гэж бодож байсан. 2013 онд Газрын албатай гэрээ хийхэд 11Б-17 тоот газар маань хүчинтэй хэвээрээ хуучин газраас жоохон урд маягтай болсон байсан. Газрын албанд газраа авна улаан шугамаа тавиулах хүсэлт гаргаснаар цэгээ авах үед Р.Мийн хашаанд миний болон манай хөрш болох Ц.Энхболдын 18 дугаартай газрын тал нь орсныг мэдсэн. Р.Мийн хашаанд 2 айлын газар орсон. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Мийн "Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 470 дугаартай захирамжийн Ж.Идэрзууд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Миний бие Равжир овогтой Мягмардорж нь Орхон аймгийн засаг даргын 2001 оны 10-р сарын 02 ны өдрийн 317 тоот захирамжаар 11-р хороололд амины орон сууц барих зөвшөөрөл олгогдсон билээ. Уг захирамжийн дагуу орон сууцаа барих гээд Газрын албанд хандаж бичиг баримтаа бүрдүүлж орон сууцныхаа барилгын ажлыг эхлэх гэтэл та нар хүлээж бай гэж хүлээлгэсэн. Учир нь:

Тус газарт инженерийн шугам сүлжээ, цахилгааны асуудлыг шийдэж өгнө гэсэн.

Ерөнхий төлөвлөгөө батлуулж тус төлөвлөгөөний дагуу нэгдсэн журмаар барилга барина гэсээр 8-н жил буюу 2008 он хүртэл хүлээлгэсэн. Энэ хугацаанд дээрх асуудлыг шийдэж өгөөгүй,

2003 онд батлагдсан Хотын ерөнхий төлөвлөгөөгөөр /21/ номерын байшин танайх болох юм гэж хуваарьлаж номер олгосон. Гэтэл аймгийн засаг даргын 2008 оны 6-н сарын 9-ны өдрийн 224-р захирамж гарч 2003 онд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу биш, мөн 2001 оны 317-р захирамжийг хүчингүй болгоогүй байж манай барилгыг барих ёстой газарт өөрчлөлт оруулан шинээр айлуудад өгсөн. Ингээд эргэн тойрон барилгууд баригдаж 2003 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу миний барих ёстой газар байхгүй болсон.

Гэвч би 2001 онд гарсан 317-р захирамжаа үндэслэн, 2008 оноос эхлэн өөрийн барилгаа барьж эхэлсэн. Уг барилгаа 2009 он дуусахад иж бүрнээр нь барьж дуусгасан. Энэ хугацаанд Аймгийн мэргэжлийн хяналтын алба, Газрын албанаас хүмүүс ирж уулзаж байсан. Тухайн үед ямар нэг тайлбар, арга хэмжээ аваагүй бөгөөд уг газар нь өөр хүний эзэмших газартай давхцсан буюу түүнтэй холбоотой ямар нэг маргаантай асуудал байгаагүй хоосон газар байсан. Би 2010 оноос зохих бичиг баримтаа бүрдүүлж кадастрын зураг хийлгэн эзэмшил газрынхаа хүсэлтийг газрын албанд албан ёсоор гаргаж өгсөн боловч одоог хүртэл ямар нэгэн хариу тайлбар өгөхгүй, асуудлыг шийдэж өгөөгүй өнөөдрийг хүрч байна.

Уг хүсэлт газрын албанд байгаа байх гэж бодож байна. Бид уг барилгыг барихад их хэмжээний хөрөнгө зарцуулж инженерийн шугам сүлжээгээ өөрсдөө, өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан. Тухайн үед тус газар нь ямар нэг эзэмшилтэй давхцсан буюу маргаантай асуудал байгаагүй болохоор би өөр хүний эзэмшлийн газрыг аваагүй.

1. Миний бие Орхон аймгийн Засаг даргын 2001-10-02-ны өдрийн "Хот байгуулалт барилга байгууламжийн талаар авах зарим арга хэмжээний тухай "317 дугаар захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг буюу 4-р хорооллын нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар газар эзэмшиж энэхүү газар дээрээ барилга барин амьдарч байна. Энэхүү захирамж өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд 2003 онд хотын ерөнхий төлөвлөгөө батлагдаж миний 21 тоот байшингийн газрыг давхар баталгаажуулж өгсөн.

2. Орхон аймгийн Засаг даргын 2008-06-09-ний "Газар эзэмшүүлэх тухай" 224 дүгээр захирамжаар надад дээрх газрыг албан ёсоор дахин хуваарилан өгч эзэмшүүлсэн билээ. Ийнхүү газар эзэмшүүлэх тухай дээрх 2 хүчин төгөлдөр захирамжийн үндсэн дээр 2008 оноос би өөрийн барилгаа барьж эхлэн 2009 онд иж бүрэн дуусгасан. Үүний дараа Засаг даргын 2012-11-16-ны өдрийн захирамжаар Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалтуудыг баримтлан миний эзэмшил газрыг дахин баталгаажуулсан бөгөөд газар эзэмших гэрээ байгуулахыг Газрын албанд даалгасны дагуу би Газар эзэмших гэрээ байгуулсан.

Би эзэмшиж байгаа газартаа өөрийн хөрөнгөөр инженерийн шугам сүлжээ барьж байгуулсан. Аймгийн зүгээс 11-р хороололд баригдах хувийн орон сууцнуудад зориулж өнөөдрийг хүртэл ямар ч инженерийн шугам сүлжээ барьж байгуулж өгөөгүй юм.

Уг газрын доогуур байгуулсан бидний барьж байгуулсан инженерийн шугам сүлжээ байдаг бөгөөд миний хөрөнгөөр босгосон инженерийн шугам сүлжээ бүхий газарт Ж.Идэрзууд газар олгосон байх учиргүй. Энэ нь би Идэрзуугийн эрхийг зөрчих биш тэрээр харин миний эрхийг ноцтой зөрчсөн асуудал юм.

Эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу хууль ёсоор 15 жил эзэмшиж улмаар түүн дээрээ барьсан барилга байгууламжийн газрыг Идэрзууд давхардуулан олгох ямар ч үндэслэл байхгүй.

Орхон аймгийн засаг даргын 2008 оны 06 сарын 09-ны өдрийн 224 тоот захирамжаар Р.М миний газар дээр Б.Идэрзуу гэх иргэнд газар давхардуулан олгосон. Гэсэн ч Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 02 сарын 23-ны өдрийн 11 тоот шийдвэрээр 224 тоот захирамжийн 1-р хавсралтын 4 дэх заалтыг аймгийн засаг даргаас дахин шинэ захиргааны акт гартал түдгэлзүүлсэн. Үүний дараагаар 2012 оны 11 сарын 16-ны өдрийн 470 тоот захирамжаар иргэн Б.И миний газрын хэсэг дээр газар давхардуулан олгосон юм. Гэтэл Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм. Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан захирамжийг хэрэгсэхгүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Орхон аймгийн Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-нд 11 дүгээр хороололд амины орон сууцны хороолол баригдахаар тусгагдсаны дагуу тус аймгийн Засаг дарга 2001 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хот байгуулалт, барилга, байгууламжийн талаар авах зарим арга хэмжээний тухай 317 дугаартай захирамжийг гаргасан байна. Дээрх захирамжийн 1 дүгээр хавсралтын 9 дүгээрт Хүрэнбулаг багт 11 дүгээр хороололд амины орон сууц барих зориулалтаар 35 иргэнд нийтдээ 2.1 га /иргэн бүрт 30х20м буюу 600 м.кв/ газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба иргэн Р.Мийн нэр орсон болох нь тогтоогджээ.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1994 оны Газрын тухай хуулиар иргэний зөвхөн гэр бүлийн хэрэгцээнд эзэмших газрын хэмжээ нь 0.05 га-гаас илүүгүй байхаар хуульд заасан бөгөөд харин аж ахуйн нэгжид дээрхээс их хэмжээний газрыг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зориулан эзэмшүүлж болохоор /энэ хэмжээг Засгийн газар тогтоохоор/ хуульчилсан байна. Дээрх 2001 оны 317 дугаар захирамжаар Р.Мид хуульд зааснаас илүү хэмжээний газрыг эзэмшүүлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Орхон аймгийн Засаг дарга амины орон сууцны 11 дүгээр хорооллыг нэгдсэн журмаар, төлөвлөгөөтэйгээр бариулах зорилгоор төсөл сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэхээр 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 224 дугаартай захирамж /ХХ-74/ гаргаж байсан боловч дээрх захирамж биелэгдээгүй байна.

Улмаар Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолоор 11 дүгээр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дагуу Орхон аймгийн Засаг дарга 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 470 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж /ХХ-142/ гаргаж, мөн захирамжийн хавсралтаар иргэдийн нэрсийг баталжээ. Өөрөөр хэлбэл, шинэ захиргааны акт гаргасан байна.

Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 470 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтаар амины орон сууцны зориулалтаар газар хуваарилан авсан иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргасан байна. Энэхүү захирамжийн 2 дугаар хавсралтын Б хэсэгт иргэн Ж.Идэрзуу 17 дугаарт, Р.М 21 дугаарт тус тус бүртгэгдсэн, уг захирамжийг үндэслэн Р.Мид 1250 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 330 дугаартай гэрээ байгуулсан, гуравдагч этгээд Ж.Идэрзууд уг захирамжийг үндэслэн 270 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 042 дугаартай гэрээ байгуулж, 000556624 дугаартай газар эзэмших гэрчилгээг тус тус олгосон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбараар нотлогдсон байна.

2002 оны Газрын тухай хууль 2003 оны 01-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон бөгөөд уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, мөн зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заажээ. Иймд иргэн, хуулийн этгээд нь зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон тохиолдолд газар эзэмших эрх үүсэхээр байна. Уг хуулийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний төрөл гэсэн 28 дугаар зүйлийн 28.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дор дурдсан төрөлтэй байна:

28.1.1. гэр бүлийн хамтын хэрэгцээний;

28.1.2. төрийн байгууллагын;

28.1.3. аж ахуйн нэгж, байгууллагын гэж заажээ.

Иргэн Р.Мид тухайд хуулийн 28.1.1-д заасан гэр бүлийн хамтын хэрэгцээний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байх бөгөөд хуульд иргэний эзэмших газрын хэмжээг 0.07 га-гаас илүүгүй байхаар заасан байхад аймгийн Засаг даргын 2012 оны 470 дугаар захирамжаар хуульд заасан хэмжээг хэтрүүлж 1250 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч иргэн Р.М аймгийн Засаг даргын 2012 оны 470 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээний дагуу эзэмшиж байгаа газар эзэмших эрхийг нь иргэн Ж.Идэрзуу ямар нэгэн хэлбэрээр зөрчөөгүй, түүний эзэмшиж буй газартай Ж.Идэрзуугийн эзэмшиж буй 270 м.кв газар давхцаагүй байна.

Харин нэхэмжлэгч өөрийн эзэмших ёстой 1250 м.кв газраас илүү буюу 2330 м.кв газар дур мэдэн хашаалсан үйлдлээс болж маргаан гарсан байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд иргэн Ж.Идэрзуугийн эзэмшил газар нь Р.Мийн газартай давхцаагүй, харин нэхэмжлэгч Р.М хашаагаа сунган барьсан нь иргэн Ж.Идэрзуугийн газар дээр давхцуулан байрлаж байгаа болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч өөрийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт Ж.Идэрзууд газар эзэмшүүлсэн гэж маргадаг боловч тэрээр Барилгын тухай хуулийн зохих заалтууд болон Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм батлах тухай Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоол, орон сууцны 11 дүгээр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зургийн дагуу газраа заалгаж хүлээж авсан акт, кадастрын зураггүйгээр хашаа байшин барьсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн адил ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр, хууль зөрчиж өөрийн хөрөнгөөр инженерийн шугам сүлжээ барьсан нь нотлогдсон байна.

Иймд Р.Мийн нэхэмжлэлээр аймгийн Засаг даргын 2012 оны 470 дугаар захирамжийн Ж.Идэрзууд холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР