Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/300

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н,   

улсын яллагч С.Батмөнх-Очир,

хохирогч Д.Т,

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтуудад заасан гэмт хэрэгт Б.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн, эрүүгийн 2125002920315 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Б.С-г

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Б.С нь 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 38-2б тоотод ээж Д.Т-гаа зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн урьд нь 62 настай өөрийн ээж Д.Т-г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ “...Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, би ээж Туяаг буйдан руу түлхсэн, согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна, гарыг нь хугалаагүй.” гэв.

хохирогч Д.Т мэдүүлэхдээ “...С намайг буйдан руу түлхсэн, би архины шилээр Сүхбаатарын толгой руу нь цохисон, харин би өөрөө байшингийн хундаамаас хий гишгэж унаад гараа гэмтээсэн юм. Би өөрийгөө “хүүгээ буруу хүмүүжүүлсэн” гэж боддог, намайг хоёр л удаа зодсон, өдөр болгон зодоод байдаггүй, маргааш нь надаас уучлалт гуйсан, согтуу ирэхээрээ хүүгийн ааш нь муухай болчихдог, би цагдаа дуудаагүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, миний хүүд хөнгөн ял өгнө үү.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн;

хохирогч Д.Т-гийн “...мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр манай хүү Сүхбаатар нь гаднаас архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд “та яахаараа манай найз Булгаад мөнгө зээлдэггүй юм” гэж хэлсэн...үснээс зулгааж, гараа цамцаар ороож байгаад нүүр рүү цохиод, миний баруун гар дээр хөлөөрөө цохисон /өшиглөсөн/, ...Баруун гарандаа хагалгаа хийлгэж, гуурс суулгасан...урьд өмнө нь зодож байсан, энэ зодсон үйлдэлтэй гурав дахь нь болж байна. С нь архи уучихаад ирээд мөнгө нэхнэ, тэгэхээр нь “байхгүй” гэж хэлэхээр л зоддог. ...надад ерөөсөө гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хх-9-10, 12/,

гэрч Ц.Б-н “...Д.Т-гийн биеийн байдал дунд, орчиндоо харьцаатай, байрлал идэвхтэй, баруун гарын шуу хэсэг хавдсан, баруун талын нүд хавдсан, хөхөрсөн, ...баруун гарын шуу хэсэг зөрүүтэй хугаралтай, баруун нүд зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. Д.Тг гэмтлийн эмчид үзүүлж, хэвтүүлэхээр болсон.” гэсэн мэдүүлэг /хх-14/,

сэжигтэн Б.С-ын “...2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр...танил ахтайгаа 0.75л “Хараа” архийг тал хүртэл нь уусан...гэртээ иртэл ээж Туяа архи уусан согтуу байсан. ...ээж Туяа нь миний ууж байсан архины шилээр миний толгой, нүд рүү цохиод “би чамайг өсгөсөн юм байгаа биз дээ, надаас архи харамлалаа” гэхээр нь би дух руу нь нэг цохиод, цааш нь түлхсэн чинь орныхоо ирмэгийг нүүрээрээ мөргөөд унасан. Би өөрөө нэлээн согтуу байсан, тэгээд унтаж байгаад сэрсэн чинь ээж Туяа байхгүй байсан, тэгэхээр нь “хажуу талын эмээгийнд орсон юм болов уу” гээд ортол байхгүй байхаар нь хүлээж байгаад гараад явтал урдаас цагдаа дагуулаад ирсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ээж Туяа тухайн өдөр “надад архи өгсөнгүй” гэж хэлээд архины шилээр миний толгой руу хоёр цохисон, би зөрүүлээд дух руу нь гараараа цохиод “цаашаа унтаач” гээд түлхсэн чинь орны толгой мөргөөд унасан.” гэсэн мэдүүлэг /хх-16/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 498 дугаартай;

“...1.Д.Т-гийн биед гавал тархины битүү гэмтэл: тархины эдийн 1-р зэргийн няцрал, баруун гарын шуу ясны гадна хэсгийн дунд 1/3-ээр далд зөрөөтэй хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4.Шууны ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, тархины эдийн 1-р зэргийн няцрал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, зөөлөн эдийн цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 6.Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно.” гэсэн дүгнэлт /хх-24-25/,

гэрч Г.Б-н “...2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн үед Туяа манай гэрт баруун нүд нь хөхөрсөн, зүүн гараа барьсан орж ирээд “Сүхбаатар зодсон” гэж хэлсэн. Тэгээд миний утсаар цагдаад дуудлага өгсөн, удалгүй цагдаа нар ирж Сүхбаатар, Туяа хоёрыг аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-42/,

Д.Т-гийн гаргасан “Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 38-2б тоотод Б.С нь өөрийн ээж Д.Тг зодож, гэмтээсэн” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-5-6/,

Б.С эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 85/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-87/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-96-100/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-101-105/,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаартай магадлал,

Улсын дээд шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 334 дугаартай тогтоол зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Б.Саас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Б.С нь 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 38-2б тоотод ээж Д.Т-гаа зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, 62 настай өөрийн ээж Д.Т-г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай болох нь;

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Т-гийн “...2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүү Сүхбаатар ...үснээс зулгааж, гараа цамцаар ороож байгаад нүүр рүү цохиод, миний баруун гар дээр хөлөөрөө цохисон /өшиглөсөн/, ...Баруун гарандаа хагалгаа хийлгэж, гуурс суулгасан.” гэх,

гэрч Ц.Б-н “...Д.Тгийн биеийн байдал дунд, орчиндоо харьцаатай, байрлал идэвхтэй, баруун гарын шуу хэсэг хавдсан, баруун талын нүд хавдсан, хөхөрсөн, ...баруун гарын шуу хэсэг зөрүүтэй хугаралтай, баруун нүд зөөлөн эдийн гэмтэлтэй байсан.” гэх,

сэжигтэн Б.С-ын “...2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр...ээж Туяа “надад архи өгсөнгүй” гэж хэлээд архины шилээр миний толгой руу хоёр цохисон, би зөрүүлээд дух руу нь гараараа цохиод “цаашаа унтаач” гээд түлхсэн чинь орны толгой мөргөөд унасан.” гэх,

гэрч Г.Б-н “...2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн үед Туяа нь “Сүхбаатар зодсон” гэж хэлсэн. Тэгээд миний утсаар цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 498 дугаартай дүгнэлт, Д.Тгийн гаргасан “Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 38-2б тоотод Б.С нь өөрийн ээж Д.Тг зодож, гэмтээсэн” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзнэ.

 

          Шүүгдэгч Б.С нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл гаргасан бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогчийн хувьд шүүгдэгч Б.С-ыг анх төрөнгүүт үрчлэн авсан эх нь бөгөөд тэдгээр нь Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 38-2б тоотод хамт амьдардаг, шүүгдэгчийн эх Д.Тгийнхаа эсрэг гурав буюу түүнээс дээш удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн байнга зодож, айлган сүрдүүлж, агсам согтуу тавьж сэтгэл санааны дарамтад оруулах зэргээр амгалан тайван амьдрах нөхцөлийг алдагдуулдаг, улмаар хохирогчийн биед гарын шууны ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, энэ гэмт хэргийг ахмад настай хүний эсрэг үйлдсэн” гэмт хэргийн,

мөн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг хангасан, шүүгдэгчийг холбогдуулж Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон тул шүүгдэгч Б.С-ыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч Д.Т “...Б.С миний гарыг хугалаагүй, би өөрөө байшингийн хундаамаас хий гишгэж унаад гараа гэмтээсэн... би цагдаа дуудаагүй.” гэж мэдүүлж, 

шүүгдэгч Б.С нь “...би гарыг нь хугалаагүй.” гэж маргасан боловч энэ нь хавтаст хэргийн 9-10 дугаар талд авагдсан, хохирогч Д.Т-гийн “...миний үснээс зулгааж, гараа цамцаар ороож байгаад нүүр рүү цохиод, миний баруун гар дээр хөлөөрөө цохисон /өшиглөсөн/, тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...Баруун гарандаа хагалгаа хийлгэж, гуурс суулгасан.” гэх,

хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан, гэрч Г.Б-н “...2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн үед Туяа манай гэрт...орж ирээд “Сүхбаатар зодсон” гэж хэлсэн. Тэгээд миний утсаар цагдаад дуудлага өгсөн.” гэх,

хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан, Д.Т-гийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 38-2б тоотод Б.С нь өөрийн ээж Д.Тг зодож, гэмтээсэн” гэх гомдол, мэдээлэл,  

хавтаст хэргийн 24-25 дугаар талд авагдсан, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 498 дугаартай дүгнэлт зэргээр тус тус няцаагдаж байна.   

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хохирогч Д.Т гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, энэ талаар нотлох баримт гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

Шүүх шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”,

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу ахмад настай ээжийгээ байнга зодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд тухайн зүйл, хэсэг, заалтуудад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нийт ялын хэмжээг 2 жилийн хугацаагаар тогтоон, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн,

шүүгдэгч Б.С өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцон “...би гарыг нь хугалаагүй, хөнгөн ял өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”,

         7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчилсан хэдий ч энэ шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргах тул түүнд дээрх хуулийг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзээд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахаар шийдвэрлэв.

         Шүүх шүүгдэгч Б.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 498 дугаартай дүгнэлт, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж хоёр удаа ял шийтгүүлсэн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял, 

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож,

шүүгдэгчийн цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.С-т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар;

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

шүүгдэгчид урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

          мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу ахмад настай ээжийгээ байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар, 

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 сарын  хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг 20 /хорь/ сар буюу 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.С-ын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т урьд авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ