Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/318

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,

улсын яллагч С.Б,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батмөнх-Очироос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000000327 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, М.Б

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч М.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн За-06 тоот дахь гэртээ сэтгэцэд нөлөөт ургамлын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин хэрэглэхгүй, хөнгөн ял өгнө үү.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн;

гэрч Э.Б-н “...манай нөхөр хэргийн газрын үзлэгийн явцад илэрсэн ууттай ургамал мэт зүйлийн талаар надад юу ч яриагүй. Өнөөдөр цагдаа дээр хамт ирэхэд “ямар учир шалтгааны улмаас цагдаа дээр ирж байгаа юм бэ” гэж асуухад “гудамжинд явж байгаад цэнхэр өнгийн ууттай зүйл олоод гэртээ хадгалж байсан чинь асуудалд орчихлоо” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-23/,

сэжигтэн, яллагдагч М.Б-гийн “...Би 2021 оны 8 дугаар сарын эхээр ажлаа тараад 18 цагийн үед харих гээд явж байхад Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 3 дугаар гудамжны хойд талын үзүүрт байх жалга дотор цэнхэр өнгийн ууттай өвс байхаар нь гэртээ авч харьсан. Уг ууттай өвсийг би анх хараад мансууруулах төрлийн ургамал байна гэж бодоод цаасанд ороон тамхи шиг татаж хэрэглэж үзэх зорилгоор өөрт авсан, олсон үеэсээ хойш арав хоногийн дараа нэг удаа цаасанд ороон галаар асааж, тамхи шиг татан хэрэглэж үзэхэд тамхинаас арай өөр мэдрэмж өгсөн, мөн юм сонсогдож байгаа байдал хүртэл өөр болдог юм байна лээ. ...Ууттай өвсийг хатаах зорилгоор тусад нь тасалж цагаан өнгийн хуванцар саванд хийсэн байсан бөгөөд үлдэгдэл өвсөө цаасан хайрцаг дотор хийж гэртээ хадгалж, өөрөө татах зорилгоор хатааж байсан...уг өвсийг мансууруулах төрлийн ургамал гэж мэдсэн. ...Хэрэглэж үзвэл ямар мэдрэмж өгдөг юм бол гэж бодоод сонирхол төрөөд хэрэглэх болсон, интернэтээс харж байсан болохоор хатаадаг гэдгийг мэдэж байсан. ...Гэртээ хадгалж байсан учир нь хааяадаа хэрэглэх зорилготой байсан.” гэсэн мэдүүлэг /хх-46, 50/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч Б.Цогбаярын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4467 дугаартай;

“...1.Шинжилгээнд ирүүлсэн “М.Б ФБ00302110 2021.09.23” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн “М.Б ФБ00302110 2021.09.23” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна.

3.Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно.” гэсэн дүгнэлт /хх-31-32/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-33/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч Б.Цогбаярын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4466 дугаартай;

“ ...Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд 1 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно.” гэсэн дүгнэлт /хх-39/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-40-41/,

2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөгч М.Ганчагтаас гаргасан “Эрдэнэ баг 3а-6 тоотод хүн мансууруулах төрлийн ургамал мэт зүйл хадгалж байна.” гэсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, 

Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг За-06 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8, 9-10/,

1 гэж дугаарласан хуванцар өнгийн тагтай саван дотор байсан 13.2гр ургамал мэт зүйлийг битүүмжтэй гялгар уутанд хийж битүүмжлэн, 2 гэж дугаарласан цэнхэр, эрээн өнгийн ууттай 104.3гр ургамал мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-13/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-15, 16-17/,

М.Б-д мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-19/,

М.Б-гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-55/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/, ам бүлийн тодорхойлолт /хх-73/,  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-61-63/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, гэрчээс болон М.Б-гаас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч М.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймаг  Баян-Өндөр сум Эрдэнэ багийн За-06 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэм буруутай болох нь:

 

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч М.Б-гийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Э.Баярмаагийн “...Өнөөдөр цагдаа дээр хамт ирэхэд “ямар учир шалтгааны улмаас цагдаа дээр ирж байгаа юм бэ” гэж асуухад “гудамжинд явж байгаад цэнхэр өнгийн ууттай зүйл олоод гэртээ хадгалж байсан чинь асуудалд орчихлоо” гэж хэлсэн.” гэх,

сэжигтэн, яллагдагч М.Б-гийн “...ууттай өвсийг би анх хараад мансууруулах төрлийн ургамал байна гэж бодоод цаасанд ороон тамхи шиг татаж хэрэглэж үзэх зорилгоор өөрт авсан, олсон үеэсээ хойш арав хоногийн дараа нэг удаа цаасанд ороон галаар асааж, тамхи шиг татан хэрэглэж үзэхэд тамхинаас арай өөр мэдрэмж өгсөн, ...өвсийг хатаах зорилгоор тусад нь тасалж цагаан өнгийн хуванцар саванд хийсэн байсан бөгөөд үлдэгдэл өвсөө цаасан хайрцаг дотор хийж гэртээ хадгалж, өөрөө татах зорилгоор хатааж байсан...уг өвсийг мансууруулах төрлийн ургамал гэж мэдсэн. ...хааяадаа хэрэглэх зорилготой байсан.” гэх мэдүүлгүүдээр,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч Б.Цогбаярын 2021 оны 4467, 4466 дугаартай дүгнэлтүүд,  мөрдөгч М.Ганчагтаас гаргасан “Эрдэнэ баг 3а-6 тоотод хүн мансууруулах төрлийн ургамал мэт зүйл хадгалж байна.” гэсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,

Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг За-06 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 13.2гр ургамал мэт зүйлийг, 104.3гр ургамал мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол,  

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, М.Б мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсад хуулиар хориглосон буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах зорилгын үүднээс эргэлтэд нь хуулиар хяналт тогтоосон,

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан тодорхой тохиолдолд эргэлтэд оруулахыг зөвшөөрсөн буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч М.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авснаар” хэргийн бүрдэл хангагдана.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хохирол төлбөрийн тухайд;

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй хэдий ч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурьдах нь зүйтэй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

Шүүх шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед;

улсын яллагчаас “...шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч М.Б өөрөө өөрийгөө өмгөөлөх шүүх хуралдаанд оролцож “хөнгөн ял өгнө үү, дахин энэ бодисыг хэрэглэхгүй.” гэсэн саналыг гаргав.

Шүүхээс шүүгдэгч М.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг бэлтгэсэн, хадгалсан, уг бодисыг хэрэглэснийг, мөн энэ гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, цаашлаад Үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн эрх ашигт учрах хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлүүдэд заасныг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Бусад асуудлын талаар;

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүх хуралдаанд шинжлэн судалсан, гялгар уутанд хийж битүүмжилсэн 13.2гр, мөн цэнхэр, эрээн өнгийн ууттай 104.3гр ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Боржигон овогт Мөнхтулгын Батдамбийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүх хуралдаанд шинжлэн судалсан, гялгар уутанд хийж битүүмжилсэн 13.2гр, мөн цэнхэр, эрээн өнгийн ууттай 104.3гр ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХТУНГАЛАГ