Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/269

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч Л.О

Хохирогч Л.Х

Шүүгдэгч О.Б, өмгөөлөгч Д.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бд холбогдох эрүүгийн 2125000000296 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Бг 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваат багийн Ундаргын 15-05 тоотод гэртээ согтуурсан үедээ эхнэр Л.Хгийн толгойн тус газарт түмпэнгээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч О.Бгийн мэдүүлсэн:...согтуу байж байгаад маргаад толгой руу нь цохисон. Маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

-хохирогч Л.Хгийн мэдүүлсэн: надад өвдөж зовох зүйл алга, гомдолгүй  гэх мэдүүлэг,

  Хавтаст хэргээс:

-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 5-7-р хуудас/

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9-10-р хуудас/

-Хохирогч Л.Хгийн мэдүүлсэн...2021 оны 8 сарын 14-ний өдөр шиг санагдаж байна үдээс өмнө манай гэрт нөхрийн ажлын газрын хүмүүс болох Оргил, Гомбо нар ирсэн юм. Тэр хоёр ирэхдээ 0,5 литрийн нэг шил архитай ирсэн бөгөөд түүнийг манай нөхөр тэр хоёртой хувааж уусан юм. Тэр архи дуусаад манай нөхөр дэлгүүр явж 0,5 литрийн ерөөл архи авчирч тэр гурав уусан. Үүний дараа би дэлгүүр явж 2,5 литрийн нэг пиво авчирч тэр гуравт өгсөн. Үдээс хойш Оргил, Гомбо нар манайхаас явсан бөгөөд нөхөр бид хоёр үлдсэн. Ингээд би хоол хийх гээд гурил зуурч байтал нөхөр маань унтахгүй хажууд суучхаад янз янзын юм яриад байхаар нь би өөдөөс нь ярзганасан юм. Тэгтэл нөхөр маань зуурсан гурил дээр хөмрөөд тавьчихсан байсан хөнгөн цагаан төмпөнг авч миний толгой руу нэг удаа цохичихсон юм. Тэгээд л тухайн үедээ өнгөрсөн юм. Тэгтэл маргаашаас нь миний толгой өвдөөд байхаар нь би нөхөртөө хэлж бид хоёр бариач дээр очиж бариулсан юм. Тэгээд бариач миний толгойг хөдөлсөн байна гэж барьсан. Ингээд нөхөр маань Ингэт сум руу Тариа бригадын комбайн барих гээд явсан бөгөөд би Хялганат руу мойлонд явсан юм. Энэ хугацаанд толгой өвдөх нь гайгүй байж байгаад 2021 оны 08 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд их өвдөж эхлэхээр нь би Хялганатаас Орхон аймаг руу явж 2021 оны 08 сарын 24-нд эмнэлэгт үзүүлсэн юм. Тэгтэл миний толгойнд цус хурсан байна гээд намайг эмнэлэгт шууд хэвтүүлсэн бөгөөд маргааш нь хагалгаанд орсон юм... Би дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан гэмтлийг манай нөхөр хөнгөн цагаан төмпөнгөөр миний толгой руу 1 удаа цохиж учруулсан юм...Одоо бид хоёрын харилцаа хэвийн зүгээр байгаа, надад цаашид гаргах санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг / хх-ийн 14-20-р хуудас/,

-гэрч Э.Б мэдүүлсэн ...Л.Х нь гаднаас орж ирэхдээ толгой өвдөж, хүзүү хөшөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь толгойн оройн хэсэг дээр дарахад бамбайж хавдсан байдалтай байсан. Гэмтлийн эмчид үзүүлж томографикийн зураг авхуулахад гэмтлийн тасагт хэвтэхээр болсон. Хишигмаагийн толгойд цусан хураа үүссэн байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

-гэрч Л.Хишигбуянгийн ...Манай эгч Хишигмаа нь надад хэлэхдээ 7-10 хоногийн өмнө нөхөр Бд зодуулсан гэсэн. Б нь миний эгч Хишигмааг зодохдоо гэрийнхээ хаалгыг түгжиж байгаад зодож, толгой руу төмөр хувингаар цохисон гэсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 26-29-р хуудас/,

 

-гэрч Б.О “...Аав чинь хоол хийх гэж байхад цагаан өнгийн гурил зуурдаг төмөр төмпөнгөөр миний толгой руу цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №491 дугаартай ...Л.Хгийн биед гавал тархины битүү гэмтэл, хатуу хальсан доорх цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/,

 

-шинжээч Ж.Гэрэлмаагийн “...Л.Х нь 2021 оны 08 сарын 25-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байгаа. Тухайн өдөр нь гавлын ясанд цоорхой гаргаж хатуу хальсан доорх цусан хурааг авах хагалгаа хийсэн байна. Тэгэхээр 2021 оны 08 сарын 25-ны өдрөөс өмнө уг гэмтэл үүссэн байна. 2021 оны 08 сарын 14-ний өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй, учир нь гавал тархины битүү гэмтлийн үед саруул үе гэж байдаг. Энэ саруул үеийн үед гавал тархины битүү гэмтэл авчихаад эрүүл хүн шиг ямар ч шинж тэмдэг илрэхгүй байх үеийг хэлж байгаа юм. Уг саруул үед хоёр хоногоос хорин хэдэн хоног ч үргэлжилж болдог. Цусан хурааны хэмжээ нэмэгдэж тархи дарагдлын шинж илэрч биеийн байдал хүндрэхээр эмнэлэгт ханддаг...гэсэн мэдүүлэг/хх-ийн 51-52-р хуудас/,

 

-шүүгдэгч О.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн...хоолноос болон  маргалдаж байгаад би эхнэрийн гурил зуураад гурил дээрээ хөмөрсөн цайвар өнгийн хөнгөн цагаан материалтай түмпэнг аван Л.Хгийн толгойн тус газарт нь 1 удаа цохисон. Өөр ямар нэгэн асуудал болоогүй бид хоёр хоолоо хийж идсэн. Маргааш нь толгой өвдөөд байх гэхээр нь бариач дээр очиж толгойг нь бариулсан. 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр над руу эхнэр яриад толгой өвдөөд байна гэхээр нь эмнэлэгт очоод үзүүл гэхэд эмнэлэгт очиж үзүүлэхэд тархинд цус хурчихсан байна, яаралтай хагалгаанд орно гэхээр нь би Эрдэнэт хотын бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ирсэн. Тэгээд манай эхнэр хагалгаанд орсон одоо биеийн байдал хэвийн байгаа. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэх мэдүүлэг /хх-ийн 50-60-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: Шүүгдэгч О.Б нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Ундаргын 15-05 тоотод гэртээ архидан согтуурсан үедээ эхнэр Л.Хтай үл ялих зүйлээр шалтаглан маргаж гурилын хөнгөн цагаан түмпэнг авч толгойн тус газарт нь нэг удаа цохиж гавал тархины битүү гэмтэл, хатуу хальсан доорх цусан хураа бүхий хүнд гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

О.Б нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сумын Даваат багийн Ундаргын 15-05 тоотод гэртээ согтуурсан үедээ эхнэр Л.Хгийн биед халдаж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Л.Хгийн...Тэгтэл нөхөр маань зуурсан гурил дээр хөмрөөд тавьчихсан байсан хөнгөн цагаан түмпэнг авч миний толгой руу нэг удаа цохичихсон юм....” гэх мэдүүлэг, гэрч Э.Батбаярын  ...Тэгэхээр нь толгойн оройн хэсэг дээр дарахад бамбайж хавдсан байдалтай байсан. Гэмтлийн эмчид үзүүлж томографикийн зураг авхуулахад гэмтлийн тасагт хэвтэхээр болсон. Хишигмаагийн толгойд цусан хураа үүссэн байсан... гэх мэдүүлэг,гэрч Б.Оюундарийн ...Аав чинь хоол хийх гэж байхад цагаан өнгийн гурил зуурдаг төмөр төмпөнгөөр миний толгой руу цохисон гэж хэлсэн..” гэх мэдүүлэг, шинжээчийн 491 дугаартай . .. Л.Хгийн биед гавал тархины битүү гэмтэл, хатуу хальсан доорх цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна“ гэсэн дүгнэлт, шүүгдэгч О.Бгийн ... Маргааш нь толгой өвдөөд байх гэхээр нь бариач дээр очиж толгойг нь бариулсан. 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр над руу эхнэр яриад толгой өвдөөд байна гэхээр нь эмнэлэгт очоод үзүүл гэхэд эмнэлэгт очиж үзүүлэхэд тархинд цус хурчихсан байна, яаралтай хагалгаанд орно гэхээр нь...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй бүрэн тогтоогдсон ба хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

 

 Шүүгдэгч О.Бгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч О.Б нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваат багийн Ундаргын 15-05 тоотод гэртээ согтуурсан үедээ эхнэр Л.Хгийн толгойн тус газарт түмпэнгээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай гэж,

 

-шүүгдэгчйин өмгөөлөгч: Шалтгаан нөхцөлийн хувьд архинаас шалтгаантай. Гэм буруугаа хүлээж байгаа. Шүүгдэгч өндөр насны тэтгэвэрт байгаа, гагнуурчны мэргэжилтэй, янз бүрийн хөлсний ажил хийдэг. Улирлын чанартай газар тариалангийн ажилд явдаг. Орлого байнгын байдаг тул торгох ял оногдуулна уу гэж дүгнэлт санал гаргасан.                                                                        

Шүүгдэгч О.Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл болон хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Л.Х шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цайвар өнгийн хөнгөн цагаан материалтай түмпэнг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэг Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000/ арван сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй,

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн цайвар өнгийн хөнгөн цагаан түмпэнг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдьсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ